Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/34

 

 

 

 

 

 

2022         05             12                                         2022/ДШМ/34

 

 

 

..........д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Энхбат

                        Шүүгдэгч ..........

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдлоор гомдлыг үндэслэн ..........д холбогдох эрүүгийн 2134000000378  дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

 

.......... нь Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Эх булаг” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн үед иргэн ..........тай “миний эхнэрийг доромжилж, муухай харьцлаа” гэх шалтгаанаар маргалдан хутгалж, биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, нуруу, баруун бугалгад шарх бүхий хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..........хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар иштэй хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, ..........д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан давж заалдах гомдолдоо:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

 

Шийтгэх тогтоолд “шүүхээс дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглууж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

 

Учир нь миний үйлчлүүлэгч ..........гийн хувьд хохирогч ..........ыг хутгалсан үйлдэл дээрээ маргадаггүй ба үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Харин мөрдөн байцаалтын шатнаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 388 дугаар шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй, хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байгаа талаар тодорхой дурдаж, өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” зааснаар удаа дараа дахин шинжээч томилох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчсөн. Удаа дараагийн гаргасан гомдол хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гомдлыг хавтаст хэрэгт хавсаргах буюу хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1-д “...Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана...”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10-д “..хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана...” гэж заасныг тус тус зөрчиж хяналтын прокурор гаргасан хүсэлт гомдлыг хавтаст хэрэгт хавсаргаагүй ба дээрх нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “...Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ...” гэх заалтыг ноцтойгоор зөрчсөн байна.

 

2. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй дахин шинжээчийн дүгнэлт гаргах талаар:

 

Хэрэгт 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор ..........ын биед гэмтэл учирсан эсэх, учирсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл болох, учирсан гэмтэл бүр нь тус бүртээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дээрх асуултуудыг шинжээчид тавьсан байдаг.

 

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээч эмч И.Ганболор нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг биеийн үзлэг, хэсэг газрын үзлэг, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Медтраума эмнэлгийн цээжний КТГ, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн цээжний рентген зураг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн цээжний рентген зургийг тус тус үндэслэн ..........ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, нуруу, баруун бугалгад шарх гэмтэл тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл шинжээчийн дээрх үндэслэл болгосон биеийн үзлэг, хэсэг газрын үзлэг, цээжний рентген зургуудад цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн талаар дурьдаагүй, цээжний хөндий рүү нэвтэрсэн гэсэн үг, өгүүлбэр байхгүй байхад цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэж үзсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн зүгээс хохирогч ..........ыг 2021 оны 09 дүгээр сарны 11-ний өдрийн Медтраума эмнэлэгийн КТГ шинжилгээний хариугаар хүнд зэргийн гэмтлийг тодорхойлсон гэх боловч тус шинжилгээний хариуд Зүүн плеврийн хөндийд +11Н11-+32Н1) нягтралтай шингэнтэй гэх боловч гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар “..цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна...” гэж заасны алинд нь хамаарах нь тодорхой бус байна. Харин үндэслэл болгосон дүрс оношилгооны шинжилгээний хариуд дээр дурьдсан цус, хий, агаар хуралдах шинж байхгүй, зөвхөн шингэн илэрсэн байдаг.

 

Шинжээч И.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр шингэн байна гэдэг нь цээжний хөндий нэвтэрсэн гэсэн үг гэх мэдүүлэг байх боловч тухайн шингэн ямар шалтгааны улмаас хуримтлагдсан, хутга хэдэн см нэвтэрсэн, тухайн шингэнийг үүсгэсэн эсэх, тухайн шингэн нь цус байсан эсэх талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй цээжний хөндийд шингэн байгаа нь нэвтэрсэн гэсэн үг гэдгээр дахин шинжээч томилохгүйгээр шийдвэрлэсэн байдаг.

 

Гэтэл хохирогч .......... нь 2021 оны 07 дугаар сарын сүүлээр бие нь өвдөж 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Супернова гэх эмнэлэгт уушигний шинжилгээ өгсөн байх ба дүгнэлтэд “Баруун талын уушигны гадна дунд талбайд бага тодролт нэвчдэст өөрчлөлттэй. 2 талын уушигны зураглал дотор доод зоноор олширсон. Баруун талын уушигны уг өргөссөн. Угийн булчирхайн багц томорсон. 2 талын синус нээлттэй. Зүрхний нумуудын томролт бага зэрэг үүссэн Зүрхний бэлхүүс тэгширсэн” гэх ба дүгнэлт бичсэн эмч Б.Бүрэндэлгэр гэсэн байна.

 

Өмгөөлөгчийн зүгээс уг нотлох баримтыг шүүх хуралдааны өмнө шүүхэд гаргаж өгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судлуулж шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн байгааг тодорхой хэлсэн ба нэмэлт шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авахгүйгээр эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтээр ял халдаасан нь үндэслэлгүй байна.

 

Мөн +11Н11-+32Н11 гэх шингэн нь мэргэжлийн эмч нараас тодруулахад маш бага шингэн, хэрвээ хутга нэвтэрсэн бол яагаад ч ийм бага гарахгүй буюу +70Н11 дээш цустай байдаг талаар судалсан. Тухайн хохирогчийн дээр дурьдсан уушиг болон бусад ямар ч эмгэгээс үүсэх боломжтой байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэх үг өгүүлбэр байхаас зүүн плеврийн хөндий гэх нэр томъёо байхгүй. Тухайн нэршлийг шинжээчээс бусад хэргийн оролцогч мэдэхгүй буюу тухайн гэмтлийн хувьд мэтгэлцэх боломжгүй нөхцөлд хүргэж байна.

 

3. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч ..........гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба хавтаст хэргийн 30-32 дугаар хуудсанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Алтанхуягийн асуулт болох “...Та өөрийн гаргасан хууль бус үйлдэлдээ ямар дүгнэлт хийж байна вэ...” гэх асуултад ..........гээс “...Би их гэмшиж байна. Миний буруу, уг үйлдэлдээ их гэмшиж байна...”, Мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Алтанхуягийн асуулт болох “...Таньд өөр нэмж ярих зүйл байна уу...” гэх асуултад ..........гээс “...өөр нэмж ярих зүйл алга байна, би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна.... гэх хариултыг өгчээ.

 

Хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд өгсөн мэдүүлэгтээ “...болсон хэргийн талаар ярих зүйл байхгүй бүгд таарч байгаа, хутгалсан үйлдэл дээрээ маргахгүй, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид 2.750.000 төгрөгийн хохирол төлсөн. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийг тус тус өгдөг. Гэтэл шүүхээс шийтгэх тогтоолын 10 дугаар хуудсанд эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “...шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нар эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ...” гэх дүгнэлт хийсэн нь дээр хэрэгт авагдсан болон шийтгэх тогтоолд мэдүүлсэн мэдүүлэг дүгнэлтээс илтэд зөрүүтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, 39.6 дугаар зүйлийн 1.4-т дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шинжээч гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу эргэлзээгүйгээр дүгнэлтээ гаргасан байдаг. Мөн мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй асуудал яригддаг нь үнэн, хэрэгт авагдаагүй байгаатай санал нэг байгаа ба хэрэв давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаавал прокуророос уг материалыг нь гарган өгөх бүрэн боломжтой. Мөн шүүхэд хэргийн материалаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой.

 

Шүүгдэгч .......... нь хохирогчийг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлэн түүнд хуульд зааснаар хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Энхбаатар нь хэрэг учрал болохоос өмнө 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ 2-3 хоног халуураад эмнэлэгт уушигны шинжилгээ өгсөн байдаг. Дараа нь буюу хэрэг гарсны дараа 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дүрс оношлогооны шинжилгээ өгснийг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан нь эргэлзээтэй байгаа тул дахин шинжээч томилуулахаар хэргий нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэнтэй санал нийлэхгүй байгаа гэв.  

 

Шүүгдэгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гомдолтой байна. Хэрэгт дахин шинжээч томилуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ..........гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .......... нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн үед найзуудын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Эх булаг” гэх газарт зугаалан, амарч явахдаа ..........тай миний эхнэр Б.Дулмааг доромжилж муухай харьцлаа гэх шалтгаанаар маргалдан нурууны зүүн далны шугамаар доош 9, 10 дугаар хавирганы хавьд нь хутгалан биед нь цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, нуруу, баруун бугалгад шарх зэрэг хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ..........ын хохирогчоор мэдүүлсэн “.............ам мурийж жоохон маргалдсан тэгтэл нөхөр .......... нь гэв гэнэт хутга бариад өөдөөс дайрсан. Тэгэхээр нь би наадах чинь тоглоом биш шүү болиорой гээд хэлтэл баруун гарын дотор хэсэг рүү хутгаараа хатгаад би газар унатал нуруу хэсэг рүү хутгаараа хатгачих шиг болсон. Тэгээд би босоод иртэл нуруу хэсгээс учиргүй цус гараад..., ...Төв аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р тал/

 

Гэрч М.Гантуяагийн “...тэгээд 13 цагийн үед байх хоорондоо орилолдоод чанга дугараад машинаа тойроод л зодолдоод байх шиг байсан. Би нэг харахад Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь нөгөө машинаа орхиод түрүүлээд яваад өгсөн..., ...баахан нэг удаагийн халбага, сэрээ, архины шил, бас цустай маск байсан...” гэх, /хх-ийн 20-22-р тал/

 

Г.Амартүвшиний “...Уранчимэг намайг дуудаж сэрээгээд эмнэлэг явъя ..........ыг .......... хутгалчихлаа гэж хэлсэн, тэгээд М.Уранчимэг Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод .........., Г.Бямбацэцэг бид дөрөв Төв аймгийн эмнэлэгт ирсэн...” гэх, /хх-ийн 24-р тал/

 

Г.Бямбацэцэгийн “............., .......... хоёр муудалцаад нэг харсан .......... ..........ын цээж, булчин хэсэг рүү нь хутгалчихсан байсан...” гэх, /хх-ийн 26-р тал/

 

М.Уранчимэгийн “...тогоон дээр хорхог хийгээд байж байтал Б.Дулмаа манай нөхөр  .......... руу уурлаад тэр хоёр ам мурийж хэрэлдсэн. Тэгтэл .......... унтаж байгаад сэрээд .......... руу чи яахаараа дандаа манай эхнэртэй хэрэлдэж байдаг юм, чи дандаа дээрэлхэж байдаг биз дээ гээд .......... .......... руу хутга барьж дайраад хутгаараа хатгачих шиг болсон. Тэгээд л цус гараад эмнэлэгт хүргэж ирсэн...” гэх, /хх-ийн 28-р тал/

 

Б.Дулмаагийн “...хорхог хийж идээд жоохон ууж, идэцгээгээд байж байтал .......... ..........тэй маргалдаад хоорондоо ам мурийсан. Тэгээд нэг мэдсэн ..........ын биеэс нь цус гоожчихсон байсан. Тэгээд биеийг нь даавуугаар ороогоод ..........ын эхнэр М.Уранчимэг машиндаа суулгаад аваад явсан...” гэх, /хх-ийн 34-р тал/

 

Г.Баянбулагийн “...асуудлыг би бол хараагүй, нэг мэдэхэд Баатрааг хутгалчихлаа шдээ гээд л нэг л орилсон, тэгээд М.Уранчимэг, .........., Г.Амартүвшин, Г.Бямбацэцэг дөрөв түргэн тусламж явцгаасан...” гэх, /хх-ийн 36-р тал/

 

Д.Мөнхбатын “...би бараг согтож эхэлсэн, тэгээд нэг мэдсэн .......... .......... хоёр муудалцаад байсан. Нэг харсан ..........ын биеэс цус гараад тэгээд нэг хутга шиг юм харагдахаар нь машин давуулаад шидсэн юм...” /хх-ийн 38-р тал/ гэх мэдүүлгүүд, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 388 тоот “.............ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, нуруу, баруун бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна..., ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тус гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43-р тал/ болон шинжээч эмч И.Ганболорын “.............ын авчирч өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Мед Траума эмнэлгийн цээжний хөндийн КТГ-д зүүн плеврийн хөндийн +11-ээс +32 нягтралттай шингэнтэй /Hemothorax/ гэсэн байсан. Энэ нь цээжний хөндийд шингэн байгааг нотолж байна. Шингэн байна гэдэг нь цээжний хөндийд нэвтэрсэн гэсэн үг, энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-47-48-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11-р тал/ зэрэг хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас ..........гийн дээрх гэмт үйлдлийг “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч ..........гийн үйлдсэн гэмт хэргийн талаар хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг буюу хутга хэрэглэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй төгссөн, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэмээн дүгнэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн шүүх шүүх хуралдааны шатанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан төрөл хэмжээний хүрээнд 5 жил 1 сар хорих ял оногдуулан уг ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэгт нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн дахин шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтүүд болон уг хүсэлтүүдийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаарх эрх бүхий албан тушаалтны хариу, мэдэгдэх хуудас хэрэгт хавсаргагдаагүй, энэ нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбараар тогтоогдож байх хэдий ч хүсэлтүүдийг нь зохих журмын дагуу шийдвэрлэн хариуг өгч байсан гэдэг нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нотлох баримтыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан хэргийн оролцогч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай гомдол, хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор заавал шинжилгээ хийхийг хуульчилсан.

 

Шинжээч эмч И.Ганболороос мэдүүлэг авсан тэмдэглэл, түүний анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/215/421 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ын 3.1.11-т “...цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол...” гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шалгуур үзүүлэлт болон хохирогч ..........ын MED TRAUMA /хх-ийн 51-р тал/ эмнэлэгт үзүүлэн цээжний хөндийн Комьпютерт Томографи /тодосгогчгүй/ дүрс оношилгоо хийлгэсэн шинжилгээний хариу зэргээс үзвэл тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 388 дугаар шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасанчлан нэмэлт, эсхүл дахин шинжээч томилох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдлийн улмаас үр дагавар болж учирсан байдгаараа шалтгаант холбоо болдог.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянан үзэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах нь шүүх, шүүгчийн бүрэн эрхийн асуудал.

 

Шүүх, шүүгч ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон /императив/ хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон /диспозитив/ зарчмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний алийг нь сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал.

 

 “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд эрх олгосон заалт учир гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар тодорхойлогдоно. 

 

Иймд шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа талаар тодорхой дурдаж дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээн аваагүй, уг хүсэлт гомдлыг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 16.1 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн,

 

Мөн анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн тайлбарыг хүлээн авч нэмэлт шинжээч томилолгүйгээр эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ..........д хорих ял оногдуулсан,

 

Шүүгдэгч .......... нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байхад илтэд зөрүүтэй дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх агуулга бүхий гурван үндэслэл бүхий давж заалдсан гомдол дурдсан асуудлуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 9 дэх заалтад тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэршлийг Шүүх байгуулах тухай хуулиар олгогдсон нэршлээс өөрөөр буюу Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэж бичсэн байгааг тэмдэглэн, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг “Тогтоох нь” хэсгийн 9 дэх заалтад “...Төв аймаг дахь...” гэснийг “...Төв аймгийн...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........гийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

 

                                                                                М.МӨНХДАВАА