Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0309

 

2024          04           08                                     128/ШШ2024/0309

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б, Ц.Б************** нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын  2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б**************, В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхж******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/2******* дугаар захирамжаар Б дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 28, 29, 30 дугаар барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Э*******” ХХК шалгарсныг батламжилж төсөл хэрэгжүүлэх эрх олгожээ.

1.2. Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны иргэн Э.Ан*******, Д.М, Ч.Э нараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа гомдол гаргаж, Нийслэлийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна.

1.3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар “...нийслэлийн засаг даргын 2022 оны А/1 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А2******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах” Б багц төслийг хэрэгжүүлэхээр ирүүлсэн саналыг дахин үнэлэх Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Үнэлгээний хорооны үйл ажиллагааны удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай” гэж шийдвэрлэжээ.

1.4. “Э*******” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын  2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

           

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Барилга хот байгуулалтын яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Барилга угсралтын БУ-1 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу барилга угсралтын үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон бөгөөд, Хот байгуулалт, хөгжлийн газраас зарласан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах” сонгон шалгаруулалтад Б багц буюу Б дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 28, 29, 30 дугаар орон сууцны барилгыг буулган шинээр барилгажуулах санал гарган оролцсон.

Манай компани нь уг сонгон шалгаруулалтад ерөнхий шаардлага болон босго оноо давж шалгарсан болохыг Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/02/358 тоот албан бичгээр мэдэгдсэн бөгөөд, үүний дагуу Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/2******* дүгээр захирамжаар манай компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий архитектор, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга нар “Б дүүрэг, 2 дугаар хороо, Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 28, 29, 30 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батламж олгосны дагуу 28, 29, 30 дугаар барилгуудын өмчлөгчидтэй дахин төлөвлөлтийн гэрээ байгуулж, барилгын зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн огноотой, 03/4563 тоот мэдэгдэл ирүүлж, уг мэдэгдэлд “... оршин суугчдаас гаргасан гомдол, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дүгээр тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу “Үнэлгээний хорооны 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох..., Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/2******* дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна..., гээд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү” гэсэн утга агуулгатай хариу тайлбар, нотлох баримт ирүүлэх 2 өдрийн хугацаатай албан бичиг ирүүлсэн.

Уг албан бичигт “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт...” гэсэн боловч “оршин суугчдаас ямар утга агуулгатай гомдол гаргасан нь тодорхойгүй, гомдол огт хавсаргаагүй, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дүгээр тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэл, утга агуулга нь тодорхойгүй, уг дүгнэлтийг хавсаргаагүйгээс гадна манай компанид хариу тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй болно.

Иймд манай компаниас 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17/23 тоот албан бичгээр “... ажлын хэсгийн дүгнэлтийн хувийг бидэнд өгөхийг хүсч, уг дүгнэлтийн үндэслэлтэй танилцсаны дараа албан ёсны тайлбар, нотлох баримтаа хүргүүлэх хангалттай хугацаа олгож өгөх”-ийг хүссэн. Гэвч манай хүсэлтийг хүлээж авалгүй, бидэнд захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг өгөлгүй, шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой хариу тайлбар нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.4.2, 27.5-д тус тус заасныг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамж гаргасан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад тэнцсэн манай компанийн эрх ашиг сонирхлыг хөндөхүйц дүгнэлт гаргасан байх боловч, уг дүгнэлт гаргах ажиллагаандаа манай компанийг огт оролцуулаагүй, мэдэгдэх сонсох ажиллагаа огт хийгээгүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт гаргасан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр А/ дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ““Нэхэмжлэгч компани нь Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн БҮ1 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болсон. Хот байгуулалт хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж шинээр барилгажуулах төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулах урилга гаргасны дагуу Б дүүрэг, 13 дугаар багц буюу Б дүүргийн 2 дугаар хороо ашиглалтын шаардлага хангахгүй болсон 28, 29, 30 дугаартай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барилгажуулах санал гаргаж оролцсон. Төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцоод ерөнхий болон босго оноог давж шалгарсны дагуу Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/02358 дугаартай албан бичгээр манай компанийг сонгон шалгаруулалтад тэнцлээ гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/2******* дүгээр захирамж гарч, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж гэрээ байгуулах эрхийг олгосон. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Нийслэлийн ерөнхий архитектур нар Б дүүргийн 2 дугаар хороо ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын 28, 29 30 дугаар байруудын барилгыг буулгаж шинээр барих төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж өгсөн. Ингээд 6 дугаар сарын 23-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу 28 29, 30 дугаар барилгын өмчлөгчидтэй уулзаж дахин төлөвлөлтийн гэрээ байгуулж, хэд хэдэн иргэдтэй орон сууцны хэмжилтийг хийгээд зураг төслийн ажлыг эхлүүлээд явж байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэнэт албан бичгээр шуудан ирснийг мэдэгдсэн. Ингээд ямар шуудан юм бол гээд гардаж аваад танилцаж үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн огноотой 3/4563 дугаартай албан мэдэгдэл байсан. Мэдэгдэлд оршин суугчдаас гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 1 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох, мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/2******* дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна гэсэн байсан. Бид 7 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан боловч энэ албан бичигтэй холбоотой хариу тайлбарыг 7 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн, өөрөөр хэлбэл 2 хоногийн хугацаа олгосон байсан. Энэ албан бичигт ямар нэгэн ажлын хэсгийн дүгнэлт саналыг хавсаргаагүй, ямар иргэдээс, ямар утга агуулгатай өргөдөл гомдол гаргасан гэдэг нь тодорхойгүй нэг хуудас А5 хэвлэмэл хуудас бүхий мэдэгдэл байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбар, холбогдох нотлох баримтаа ирүүлээрэй гэсэн боловч 2 хоногийн хугацаанд бид нар ямар ч утга агуулга нь мэдэгдэхгүй, юутай холбоотой гомдол гарсныг мэдэхгүй байж хариу тайлбар өгнө гэдэг боломжгүй. Ийм учраас бидний зүгээс “Хариу тайлбар өгөх боломж бололцоогоор хангана уу, ямар оршин суугчдаас ямар утга агуулгатай гомдол гаргасан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг нь ямар ажлын хэсэг юм, тухайн ажлын хэсгээс ямар дүгнэлт гаргасан, үүнтэй холбоотой баримтуудыг ирүүлж бид нарт хариу тайлбар өгөх боломжит хугацааг олгож өгнө үү” гэсэн хариу бүхий 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/23 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч компаниас хүргүүлсэн. Гэтэл бидний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, ямар нэгэн ажиллагаа хийх хугацаа олголгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.3.3, 27.4, 27.5-д заасныг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамж гарсан байна. Тус захирамж нь манай компанийн тендер сонгон шалгаруулалтад оролцох, барилгын угсралтын ажилтай холбоотой эрх ашиг сонирхлыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах бүх заалтуудыг зөрчсөн тул хууль бус бөгөөд манай компанид сөрөг үр дагавар бий болгочихлоо гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны”Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай” А/1 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/2******* дүгээр “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар Б дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 28, 29, 30 дугаар барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Э*******” ХХК-ийг шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон байна. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны оршин суугчдаас Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад шалгарсан “Э*******” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа дараа ирүүлсэн. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 67.5 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А дүгээр тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгээс Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад оролцсон “Э*******” ХХК, “Т” ХХК-ийн Үнэлгээний хороонд ирүүлсэн материалд үзлэг, харьцуулалт хийснээс гадна 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны оршин суугч, иргэдтэй Уулзалт зохион байгуулж, иргэдээс асуулга авч ажилласан. Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Санхүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг, хүний нөөц, удирдлага, ажлын туршлага, нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангасан байх, төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулах байсан. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.6.1-д төслийн санал ирүүлсэн хуулийн этгээдийн ерөнхий ба туршлагын чадавхын шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээ, 4.6.11-д төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээг хууль болон дүрэм журамд заасан бусад шаардлагад нийцсэн эсэхийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгох шалгаруулах шалгуур үзүүлэлтийг төсөлд хэрэгжүүлэгчид тавих байсан. Гэвч сонгон шалгаруулалтад оролцсон “Э*******” ХХК, “Т” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг үнэлэхдээ бодитой үнэлж дүгнээгүй байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.6, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1 дугаар захирамжаар баталсан удирдамж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын баталсан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийн 4-д заасныг тус тус удирдлага болгон заасан шалгуур үзүүлэлтээр үнэлж, үнэлгээний аргачлалын дагуу үнэлэх ёстой. “Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийн 4.3-д заасан үнэлгээний аргачлалаар оролцох саналын иж бүрдэл бүрэн эсэх, зааварчилгааны дагуу бэлтгэж ирүүлсэн эсэх, оролцох санал гаргагчдад тавих ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, “шаардлага хангасан/шаардлага хангаагүй” гэсэн үнэлгээ тавих ба нотлох баримтаар "Шаардлага хангаагүй” үнэлгээ авсан оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүйд тооцно. Зөвхөн “шаардлага хангасан” үнэлгээ авсан оролцох саналыг дараагийн шатанд хэлэлцүүлж тусгай шаардлага хангасан эсэхийг тогтоох ёстой байсан.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай” А/1 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт нь дээрх холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу бүрэн шалгаагүй, 2 компанийн ирүүлсэн баримт бичгийг бодитоор үнэлж дүгнээгүй, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “Нийтийн эрх ашгийг эрхэмлэх” үндсэн зарчмыг баримтлаагүй тул Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэх нөхцөл бүрдээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлаагүй бодит байдалд нийцээгүй, шударгаар үнэлж дүгнээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамж нь хуульд нийцсэн захиргааны акт болно. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/4563 дугаар албан бичгээр “Э*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ба 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох тайлбар, саналаа ирүүлэхийг дурдаж, хуульд зааснаар тайлбар ирүүлэх боломжит хугацааг өгсөн. Иймд дээрх захирамж, тушаал нь үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1 дугаар захирамжаар “Төсөл, хэлэлцүүлэг, сонгон шалгаруулах үнэлгээний хорооны мөрдөх үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай” ажлын хэсэг байгуулагдсан. Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг үндэслээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/2******* дүгээр захирамжаар Б дүүргийн 2 дугаар хорооны нэмэгдүүлсэн байршилтай, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын 28, 29, 30 дугаар барилгыг буулган дахин төлөвлөн байрлуулж, төсөл хэрэгжүүлэгч “Э*******” ХХК-ийг шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газарт Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны оршин суугч нараас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулган шинээр байгуулах төсөл хэрэгжүүлж сонгон шалгаруулалтад шалгарсан “Э*******” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа дараа ирүүлсэн. Бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 139 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон “Э*******” ХХК болон “Т” ХХК-ийн Үнэлгээний хороонд ирүүлсэн материалд үзлэг, харьцуулалт хийсэн. 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны оршин суугч иргэдтэй уулзалт зохион байгуулж, иргэдээс санал асуулга авч ажилласан. Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар санхүүгийн чадвар, түүнийг нотолсон баримт бичиг, хүний нөөц, удирдлага, ажлын туршлага, мөн нийтийн ашгийг эрхэмлэн, нийтийн оролцоог хангаж зохион байгуулсан төслийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.6.1-д “Төслийн санал ирүүлсэн хуулийн этгээдийн ерөнхий ба туршлагын чадавхын шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээ”, мөн 4.6.11-д “Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, санхүүгийн чадвар, шалгуур үзүүлэлт бүрийг үнэлгээг хуульд болон дүрэмд заасан бусад шаардлагад нийцсэн эсэхийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулах үзүүлэлтийг төсөл хэлбэрээр тавих”-аар заасан байдаг. Гэвч сонгон шалгаруулалтад оролцсон “Э*******” ХХК болон “Т” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийн бүлэгтэй бодитой үнэлж дүгнээгүй гэж үзсэн.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг болон Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй зориулалттай орон сууцын барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.6, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 1 дугаар захирамжаар баталсан удирдамж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын баталсан 2022 оны 11-ээс 28-ны өдрийн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг, дүрэмд заасныг тус тус удирдлага болгон шалгуур үзүүлэлтээр үнэлж, үнэлгээний аргачлалын дагуу үнэлэх ёстой. Төсөл хэрэгжүүлэх, сонгон шалгаруулалтын баримт бичгийн 4.3-д заасан үнэлгээний аргачлалаар оролцогчийн саналын иж бүрдэл бүрэн эсэх, зааварчилгааны дагуу бэлтгэж ирүүлсэн эсэх, оролцох санал гаргасан эсэх, ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэх талаар үнэлгээ тавих ба нотлох баримтын шаардлага хангаагүй үнэлгээ авсан, оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүйд тооцсоноор нь зөвхөн шаардлага хангасан үнэлгээ авсан бол оролцох саналыг дараагийн шатанд хэлэлцүүлж, тусгай шаардлага хангасан эсэхийг тогтоох ёстой байсан. Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай” 1 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт нь дээрх холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу бүрэн шалгаагүй. Тодруулбал, хоёр компанийн ирүүлсэн баримт бичгийг бодитоор үнэлэн дүгнээгүй, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нийтийн эрх ашгийг эрхэмлэх үндсэн зарчмыг баримтлаагүй тул Үнэлгээний хорооны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх нөхцөл бүрдээгүй гэж үзсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтад заасан зорилготой нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримтлаагүй, бодит байдалд нийцээгүй, шударгаар дүгнээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заасныг удирдлага болгон гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр захирамж хуульд нийцсэн захиргааны акт болсон гэж үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/4563 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох тайлбар, саналаа ирүүлэх талаар дурдаж, хуульд зааснаар тайлбар хэлэх боломжит хугацаа өгсөн гэж үзэж байгаа. Иймд дээрх захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эскиз зургийн дагуу мэдээ гаргахдаа компаниудыг хэр архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу явсан бэ гэдэг дээр харсан болохоос биш 2-ыг нь хооронд нь харьцуулаагүй. Мэдээж эскиз зургийн дагуу аль ч газрууд яг эскиз зургийнхаа дагуу норм дүрэм хангаж ирүүлнэ. Тэрэн дээр ямар архитектурын ур ухаанаар яаж зөв шийдэж, хэдэн тогтоол илүү хийж, ямар ногоон байгууламж ирж илүү хийх вэ, тус ур ухааныг нь л энд илүү байна гэдгийг сонгох үнэлгээний хорооны багийн хүмүүс ажиллах ёстой. Түүнээс биш 2-ыг нь харьцуулаагүй эскиз зурагтай архитектур төлөвлөлттэй даалгавартай харьцуулаад аль нь илүү байгаа вэ гэдэг дээр гаргаж байгаа гэсэн үг” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Э*******” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын  2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Ажлаа эхлүүлээд хэд хэдэн өмчлөгчтэй гэрээ байгуулсан байхад хэний ямар агуулга бүхий гомдлыг үндэслэсэн нь тодорхойгүй,

- Хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжит хугацаа олгоогүй хууль бус шийдвэр болно” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/2******* дугаар захирамжаар Б дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 28, 29, 30 дугаар барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Э*******” ХХК шалгарсныг батламжилж төсөл хэрэгжүүлэх эрх олгожээ.

4. Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны иргэн Э.Ан*******, Д.М, Ч.Э нараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 09, 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 17, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргад, 03 дугаар сарын 27, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад, 04 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэст, 05 дугаар сарын 17-ны өдөр Хотын менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад, 03 дугаар сарын 07, 04 дүгээр сарын 10, 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад, 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Г*******т, 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.И*******т, 05 дугаар сарын 03-ны өдөр Б дүүргийн Засаг даргын тамгын газарт, 03 дугаар сарын 20, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдад, 04 дүгээр сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газрын даргад, 03 дугаар сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газарт, 03 дугаар сарын 28-ны өдөр Барилга хөгжлийн төвд, 03 дугаар сарын 27-ны өдөр Хотын стандарт, хяналтын газрын даргад, 03 дугаар сарын 20-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны ерөнхий байцаагч н.Ж*******д удаа дараа гомдол гаргасны дотор нийслэлийн Засаг даргад 2023 оны 03 дугаар сарын 09, 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 17, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд нийт 5 удаа гомдол гаргасан тул нийслэлийн засаг даргын  2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А дүгээр захирамжаар “Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны оршин суугч, иргэдээс гаргасан гомдлыг хянан үзэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ.

5. Тус ажлын хэсгээс “... Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай” А/1 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.6, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын баталсан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийн 4-д заасныг тус тус зөрчиж байна” гэж дүгнэн,

- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай” А/1 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох,

- Үнэлгээний хорооны дүгнэлт хүчингүй болгосонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/2******* дүгээр захирамжийг хүчингүй болгох” санал гаргасан байна.

6. Улмаар дээрх саналыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжийн 1 дэх заалтаар “...нийслэлийн засаг даргын 2022 оны А/1 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/2******* дүгээр захирамжийг хүчингүй болгож”, 2 дахь заалтаар “...Б багц төслийг хэрэгжүүлэхээр ирүүлсэн саналыг дахин үнэлэх үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталж” шийдвэрлэжээ.

7. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо өнөөдрийг хүртэл хуралдаагүй, шийдвэр гаргаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн төслийг хүлээн зөвшөөрч 2 өмчлөгчөөс тус компанитай “Орон сууцны нөхцөл сайжруулах барилга захиалгын гэрээ” байгуулсан, үлдэх 104 өмчлөгч гэрээ байгуулаагүй байна.

8. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна 5.1.1-д “нийтийн эрх ашгийг эрхэмлэх”, 5.1.2-т “олон нийтийн оролцоог хангах” зарчмыг баримтлахаар, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах”, 4.1.3-т “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах” нь хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчим байхаар зохицуулсан байна.  

9. Хуулийн дээрх зохицуулалтаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон Б дүүргийн 2 дугаар хорооны 28, 29, 30 дугаар байрны оршин суугчид нь дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны гол оролцогчид байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтад оршин суугч иргэдийн эрх, ашгийг эрхэмлэх, оролцоог хангах шаардлагатай юм.

10. Гэтэл маргааны тохиолдолд

10.1. “Э*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцсон төслийг дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны гол оролцогчдоос зөвшөөрөхгүй гэж оршин суугчдын төлөөллөөр сонгогдсон нэр бүхий иргэдээс төрийн байгууллагуудад удаа дараа гомдол гаргасан,

 10.2. Э.Ан*******, Ч.Э, Д.М нар нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “100 гаруй айлын эрх ашиг яригдаж байна. Хогны сав ачааллаа дийлэхгүй байгаа. Машины зогсоол ч байхгүй, ...“Э*******” ХХК-ийн төсөл доороо гарааш байхгүй, хүүхдийн цэцэрлэг байхгүй, хүүхдэд эрсдэлтэй нөхцөлтэй байсан, ... хэнээр бариулахыг өөрийн эрхээр сонгох ёстой байхад бидний өмнөөс өөр хүмүүс шийдвэр гаргаад байгаа болохоор гомдож байна ... төслийг оршин суугчдад эхлээд танилцуулаагүй, үнэлгээний хорооны хуралдаанд материалыг анх нээж, шууд үнэлгээ өгч шийдвэрлэсэн..., дараа нь буюу 2023 оны 4 сарын үед айл бүрээс санал авч гомдол гаргасан” гэж мэдүүлсэн,

10.3. Сонгон шалгаруулалтын материалыг шууд нээж, үнэлгээг хийсэн, иргэдэд төслийг танилцуулж санал авалгүйгээр дүнг танилцуулсан зэргээс үзвэл, хариуцагч нь шийдвэр гаргахдаа оролцогчдын оролцоог хангалттай хангаагүй гэж үзэхээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...төсөлд 3 иргэн орж ирээд бүх юмыг нь сонсоод мэдэрчхээд гомдол гаргаад яваад байна гэж бид хараад байгаа. Үүнийг бид зөвтгөхгүй бол энэ төсөл явахгүй, иргэд орон гэртэй болохгүй. Ингэхийн тулд дахиад нэг шалгаруулчихъя, түүнд иргэдийг олноор нь оруулаад, 2 компани нь бүх төслөө танилцуулаад, тэндээс нь сонголтоо хийх нь зөв гэж бид харсан...” гэсэн тайлбарыг хүлээж авахуйц байна.

11. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... би олон төслийн гэрээн дээр ажиллаж байгаа, 1 өмчлөгч гэрээ байгуулахгүй бол төсөл цааш хэрэгжих боломжгүй болдог” гэж тайлбарласан.

12. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн төсөл нь хэдийгээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн боловч амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байх тул маргаан бүхий актуудаар “...шийдвэр үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй” гэж дүгнэснийг мөн буруутгах боломжгүй.

13. Нөгөө талаас, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж дахин барилгажуулах үйл ажиллагааны тухайд оршин суугчдад төслийг урьдчилан танилцуулж, саналыг сонсож, оршин суугчдын шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа х*******зах нь хуулийн дээрх зарчмууд хэрэгжих нөхцөл болно.

14. Өөрөөр хэлбэл, Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх” нь төрөөс орон сууцны талаарх баримтлах зарчим буюу иргэдийн өмнө хүлээсэн төрийн үүрэг байх тул тухайн ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны  оршин суугчдын гомдлыг хүлээн авч, хуулийн дээрх зарчмуудын хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр хариуцагчаас шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

15. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын “Дөрөв. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах” хэсгийн 4.5-д “Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл хэрэгжүүлэх санал тус бүрд үнэлгээ өгч, 30 хоногийн дотор дүгнэлт гаргана” гэж журамласнаас үзвэл, сонгон шалгаруулалтын төслийг хүлээж авч, материалыг нээсний дараа үнэлгээний хороо 30 хоногийн хугацаад төслийг оршин суугчдад танилцуулж, саналыг авах, материалыг үнэн зөв эсэхийг шалгах хугацаа олгосон байхад нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1 дугаар захирамжаар баталсан “...үнэлгээний хорооны үйл ажиллагааны удирдамж”-д “... тухайн өдрөө дүгнэлтээ гаргах”-аар заасан нь журмын зохицуулалтад нийцээгүй, үүний улмаас иргэдийн оролцоо хангагдаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Сангийн сайдын 2020 оны 191 дүгээр тушаалаар тогтоосон “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалт”-д орсныг шалгаагүй байна.

16. Иймд маргаан бүхий дүгнэлт болон нийслэлийн Засаг даргын А/ дүгээр захирамжаар “... төслийг дахин үнэлэх” гэж шийдвэрлэсэн нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “...санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах” гэж заасан хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэрт тооцогдоно.

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “үнэлгээний хороонд сонгогдсон иргэдийн төлөөлөл нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй” хэмээн тайлбарлаж байгаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, харин “хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжит хугацаа олгоогүй” гэх тайлбар үндэслэлтэй боловч энэ нь захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих эрхийн хүрээнд, захиргааны үйл ажиллагааг дахин хэрэгжүүлэх агуулгаар гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэх, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй.

18. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.5, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын  2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ