Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 906

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00647 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.С гийн хариуцагч “Ф” ХХК-д  холбогдуулан захиргааны ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 49 440 960 төгрөг, 2019 оны 13 дахь сарын цалин 3 740 080 төгрөгийг нэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан “Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам” болон “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам” нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөнийг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ц.С нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Блю Скай цамхаг дахь 402 тоотод ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээд сууж байхад нь “Ф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал (Сайнхүүгийн Оргил) мөн өдрийн 16 цагт өрөөндөө шууд дуудаж сахилгын зөрчлийн улмаас ажлаас чамайг халлаа хэмээн мэдэгдэж захирлын тушаал уншуулсан буюу хууль бусаар ажлаас халсан тул Ц.С нь дээр дурьдсан өдөрт болон ажлын байрандаа байх үед ажлаас халсан тухай тушаал уншуулмагц 16 цагийн үед түүний цахим хаягийг хаасан бөгөөд нууц үгийг нь сольж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон. Ажлаа зохих хугацаанд, бүрэн хүлээлгэн өгөх боломж олгоогүй бөгөөд мөн 9-р сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллах боломжгүй болсон. Ажлаас халсан тухай гүйцэтгэх захирлын тушаалд сахилгын зөрчлийн талаар дурьдсан байгаа. Ц.С нь тэдгээр зөрчлийг үйлдээгүй, эдгээр зөрчлийг зохих байдлаар тогтоогоогүй байдаг. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахад хүргэх ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Удаа дараа буюу 3 түүнээс дээш удаа зөрчил гаргасан зүйл байхгүй, өмнө сахилгын шийтгэл тооцуулаад дахин зөрчил гаргасан зүйл байхгүй. Цагийн бүртгэлийн хувьд миний бие хуурамчаар бөглөсөн зүйл, зөрчил гаргасан зүйл байхгүй. Ажил тарах ёстой 17 цагт би ихэнх тохиолдолд тарж чаддаггүй ба харин ч илүү цагаар ажилладаг байсан. Нөгөө талаар гадуур ажил хөөцөлдөх, ажилдаа ирэх үедээ албан бичиг хүргэж өгөх, ажлын асуудлаар иргэн, аж ахуйн байгууллагатай уулзах шаардлага, гэнэтийн шаардлага ч гардаг. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах тохиолдол ч гардаг, чөлөө авсан байх үедээ ч гадуур ажил хөөцөлдөж ажлаа гүйцэтгэдэг байсан. Гадуур ажлын гүйцэтгэлийг ажлын болон ажлын бус цагаар гүйцэтгэх шаардлагатай байдаг. Учир нь ажлын байрандаа байх үедээ гадуур ажлыг гүйцэтгэх шаардлага ч гардаг юм. Өглөө ажил эхлэх үед ч яаралтай ажил амжуулах шаардлага ч гардаг. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ч өглөөний 8 цагаас хойш ирэх тохиолдол ч гардаг. Дээрхи байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйл, 131 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг зөрчиж сахилгын шийтгэл хууль бусаар үндэслэлгүйгээр ногдуулж хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.5 дахь заалтыг үндэслэн нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлов. Хөдөлмөрийн гэрээний дагуу нэг сарын цалинг 3 740 080 төгрөгөөр нэг жилээр тооцож 44 880 960 төгрөгөөр, хоол унааны төлбөрийг нэг сарын 330 000 төгрөгөөр нэг жилээр тооцож 3 960 000 төгрөгөөр, үүрэн утасны төлбөрийг нэг сарын 50 000 төгрөгөөр нэг жилээр тооцож 600 000 төгрөгөөр, ийнхүү нийт 49 440 960 төгрөгийг ажил олгогчоос дундаж цалин хөлсөөр нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзсэн. Мөн 2019 оны 13 дахь сарын цалин болох 3 740 080 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй. “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам болон ФЛСМИДТ монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8-р сарын 1-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 48.3 дах хэсэг, 70.1 дэх хэсэг, 73.1 дэх хэсэг, 130 дугаар зүйлийг тус тус зөрчсөнийг тогтоолгохоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагын гомдлын хамтаар гаргаж байгааг хангаж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй байтал Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмыг тусад нь баталсан ажил олгогч нь хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Компани нь Ц.С-г захиргааны ажилтан албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Ц.С-г компани 2 үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ц.С гийн ажилдаа удаа дараа 3 ба түүнээс дээш удаа хоцорсон гэх сахилгын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон, мөн тухайн зөрчлийг шалгаж байх явцад цаг бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн, цаг бүртгэлийн журамд заасны дагуу цаг бүртгэлээ тухай бүр бөглөөгүй, нөхөж бөглөсөн, үнэн зөв бөглөөгүй, гадуур ажлын тэмдэглэлийг баталгаажуулж урьдчилж мэдэгдээгүй зэрэг сахилгын зөрчил гаргасан болох нь өөрийнх нь тайлбар болон холбогдох бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Компанийн зүгээс Ц.С-тай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын тэмдэглэл үйлдсэн. Уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. 13 дахь сарын цалин урамшуулал нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, үнэнч шударга, гүйцэтгэлийн үнэлгээ сайн байгаа ажилтнуудад олгогддог. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/022, R19/023 тоот тушаал, түүний хавсралтуудаар хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмуудыг тус тус баталж, ажилтнуудад танилцуулж, мөрдөн ажиллаж эхэлсэн. Энэхүү журмуудыг хуульд нийцээгүй талаар өнөөдрийг хүртэл Ц.С шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Гэхдээ 3 сарын дотор л гомдол гаргах ёстой. Бүртгэлийг буруу бичсэн байгаа учраас ажлаас халсан юм. Өөрөөр хэлбэл Ц.С-г хоцорч ирсэн гэдгийг нотолсон баримт байхгүй гэж байна. Тэгвэл нэхэмжлэгч ажлаас хоцроогүй гэдгээ нотлоогүй. Цаг бүртгэлийн хуудсанд байгаа гарын үсгийг нь харна уу, гарын үсэгтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас маргаагүй. Тийм учраас Ц.С гийн гарын үсэг гээд иш татаж тайлбарлаад байгаа юм. Гарын үсэгт шинжээч томилуулах эрх нь байгаа гэтэл шинжээч томилуулаагүй. Иймд Ц.С гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ф” ХХК-д холбогдох, “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам болон “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам нь хууль зөрчсөнийг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговорт 49 440 960 төгрөг, 2019 оны 13 дах сарын цалин болох 3 740 080 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С гийн энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зөрчсөн гэж үзэж, дээр дурьдсан болон дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ц.С гийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халсан тушаалыг нь эх хувиар нь өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу 43.1, 43.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Мөн хуулийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилганд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Эдгээрийг ажил олгогч зөрчсөн гэж үзэж байна. Ажлын цаг дуусахаас өмнө буюу 17 цаг болохоос нэг цагийн өмнө ажлаас халагдсан тухай амаар мэдэгдсэн, 16 цагт цахим хаягийг нь хаасан байсан. Эргэлзээтэй байгаа асуудлыг нарийн тодруулахгүйгээр ялимгүй, алдаан дээр дөрөөлж, байхгүй байгаа зөрчлийг байгаа мэтээр зохиож шууд халах шийдвэрийг гаргасан байсан. Дээрх нөхцөлийг шүүх шударгаар, тал бүрээс нь үнэлээгүй бөгөөд хэт их нэг талыг баримталсан гэж үзэж байна. Сахилгын зөрчил гаргасан талаар тодорхой тогтоогоогүй байна. Зөвхөн уулзалтын тэмдэгдэлд үндэслэж ажлаас халсан. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12.4.7 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд 28 хэлбэрийн зөрчлийг хамааруулсан байгаа. Эдгээр хэлбэрийн ноцтой гэх зөрчил цааш 2-5 төрөлд хуваагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний 12.4.7.2-д дотоод, дүрэм, журмуудад Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэхээр зохицуулсан аливаа хэм хэмжээг зөрчсөн гэсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “...эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байна. Ноцтой зөрчилд хамааруулж байгаа үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд боломжит бүх зөрчлийг ноцтой зөрчлийг хамааруулсан байгаа. Тухайлбал 12,4.7л дахь заалтанд 2 буюу түүнээс дээш өдрөөр тасалсан бол ноцтой зөрчилд хамааруулжээ. Тэгсэн мөртлөө мөн ноцтой зөрчилд 12.4.7.V дахь заалтанд “Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилж мэдэгдэлгүйгээр нэг сард 3 эсхүл үүнээс дээш удаа хоцорч ирэх, эрт ажлын байраа орхин явах зөрчил гаргасан тогтоогдсон бол ноцтой зөрчилд хамааруулжээ. Ажлын 2 өдрийг тооцох юм бол 16 цаг буюу түүнээс дээш хугацаагаар таслах юм байна. 3 буюу түүнээс дээш удаа нэг сард ажлаас хоцроч ирэх, эрт тарах тохиолдолд энэ цагт хүрэхгүй юм байна. Ажлын цагийн хувьд баримталж буй үндэслэл нь тодорхойгүй байна. Нөгөө талаар ажлын цагаа баримтлахгүй бол “Ф” ХХК-д  ямар хэмжээний эрсдэл, хохирол, аюул учрах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ компани нь уул уурхайн баяжуулах үйлдвэр болон цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Ц.С нь захиргааны ажилтны ажлын байранд ажиллаж байсан. Цагийн бүртгэлийг хорих байгууллага шиг яг тэр чигээр бүртгэх, тоо авах нь ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутанд хийсэн уулзалтын тэмдэглэлийн эхний хэсгийг уншихад уулзалт эхлэхээс өмнө нь цаг бүртгэлийн баримтыг үнэн зөв бөглөөгүй, цагийн бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн зөрчил, түүнтэй холбогдсон асуудлаар хийсэн хуралдааны тэмдэглэл гэсэн байгаа бөгөөд уулзалтаар тодруулахаас өмнө нь зөрчил мөн гэдгийг шууд баталсан байна. Шууд батлахын тулд зөрчил хэмээх зүйлийг тулгасан, дарамталсан уулзалт байжээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйл болон Иргэний хуулийн бусад нийтлэг зарчмын дагуу тухайн иргэний бичлэг хийж байгаа тохиолдолд түүнээс зөвшөөрөл авах ёстой. Гэтэл А.Н, Ц.М нар нь Ц.С гийн бичлэг хийхдээ түүнээс зөвшөөрөл аваагүй байна. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Ц.С гаас асууж тодруулсны үндсэн дээр зөвшөөрөл аваагүйг мэдэгдэж байна. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг зөрчиж нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэж байна. Дээрх нөхцөлийг шүүхэд тайлбарласан боловч шүүх харгалзан үзээгүй болно. Уулзалтын тэмдэглэлийг уншвал Ц.М-ын “9 дүгээр сард танд хэр их хоцролт байсан бэ, хоцорсон уу” гэсэн асуултанд Ц.С нь “Мэдэхгүй, би бөглөөд л явж байсан.” гэж хариулжээ. Ц.М-ын “Хоцроогүй гэсэн үг үү” гэж тулгасан, хөтөлж асуусан асуултанд Ц.С “Хоцорсон байхаа. Хоцорсон бол хоцорсноороо бөглөөд л явж байсан.” хэмээн итгэлгүй хариулжээ. Үүнээс харахад Ц.С нь зориуд хуурамчаар бөглөсөн зүйл байхгүй, тогтоогдохгүй байна. Бичгээр үйлдсэн цагийн бүртгэлдээ өөрөө эргэлзсэн нь тодорхой байна. Харин ажлаа гүйцэтгэхийн тулд, гэнэтийн шаардлагаар гадуур ажил хөөцөлдөх шаардлага гардаг талаар тодорхой дурьджээ. Ц.М ямар тушаалын дагуу Компанийг төлөөлж оролцсон нь, төлөөлөх эрхтэй эсэх нь ойлгомжгүй, холбогдох тушаал эсхүл итгэмжлэлийг Ц.С д танилцуулаагүй болно. Ц.С үдийн хоолны цагаар ажилладаг байсан нь, тэр цагийг ажилласанд хугацаанд тооцдоггүй байсан нь, илүү цагаар ажилладаг байсан нь, тэр цагийг ажилласан хугацаанд тооцдоггүй байсан нь уулзалтын тэмдэглэлээс тодорхой байна. 2 удаагийн дүрст бичлэгийг харахад Ц.С нь ажлаас хоцорсон нь тогтоогдохгүй, Ц.С гийн нүүр царай нь харагдахгүй байгаа. Уулзалтын тэмдэглэл болон бичлэгийг харахад 09 дүгээр сарын 02, 06-ны өдрүүдийн цагийн бүртгэлийн талаар тодруулжээ. Өөрөөр хэлбэл 2 удаагийн зөрчлийн талаар ярилцсан байна. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалд яагаад ч юм 3 удаагийн зорчлийн талаар дурьджээ. Уулзалтын тэмдэглэлийн эцэст нь эргэлзээтэй байгаа, тогтоогдохгүй байгаа нөхцөлийг шууд Ц.М, А.Н нар өөрсдийн үзэмжээр “сахилгын зөрчил гаргасан болохыг тогтоов.” гэсэн байна. Уулзалтанд компанийн гүйцэтгэх захирал С.О оролцсон мөртлөө Ц.С гийн шууд удирдлагын хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй байна. “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн К.19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.8-т зааснаар байгууллагын удирдлагын шийдвэрээр ажиллах, өдөр, ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулна гэжээ. Гадуур их ажил хөөцөлддөг Ц.С гийн ажил, үүргийн онцлогийг цагийн хуваарьт нь харгалзаагүй байна. 2019 оны Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.5 дахь заалтын дагуу ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөн тухай бүрд нь өөрөөр болон зохих удирдлага, хамт олон, холбогдох хүмүүсээс тайлбар, тодорхойлолт бичүүлэн авч баримтжуулна гэжээ. Эдгээрийг баримтжуулаагүй, шууд уулзалтын тэмдэглэлээр сахилгын шийтгэл ногдуулахаар тогтсон байна. Компани 2015 оноос хойш сахилгын шийтгэл тогтоосон тухайн тэмдэглэлийг үйлдэж ирсэн байна. Уг тэмдэглэлээс харахад дээрх заалтын дагуу тогтоох ёстой нөхцөлүүд бүгд багтсан байна. Ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөн тухай бүрд нь өөрөөр болон зохих удирдлага, хамт олон, холбогдох хүмүүсээс тайлбар, тодорхойлолт бичүүлэн авч баримтжуулаагүй байна. 2019 оны Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.7-т заасны дагуу “... шийтгэлийн хөнгөнийг хүндэд багтаан шийдвэрлэнэ.” гэжээ. “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн К.19/023 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ажил цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмыг Хедөлмөрийн тухай хуулийн аль зүйл, заалтанд үндэслэж баталсан нь байхгүй байна. Уг тушаалд үндэслэсэн Компанийн тухай хуулийн 83.1 дэх хэсэгг “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.” Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэпн байдлыг хангахад Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт оршиж байгаа. Ажилтан ажил эхлэх болон дуусах цагаа баталгаажуулах хуудас дээр Ц.С гийн удирдлагын нэр С.О байна. С.О нь сахилгын зөрчлийн асуудалд ямар саналгай байсан нь, тухайн үед удирдлагын даалгавраар ажил хөөцөлдөж явж байсныг үгүйсгээгүй, гэнэт ажлын шаардлагаар гадуур ажил хөөцөлдөх шаардлага гардаг, урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсдэггийг удирдлага нь үгүйсгээгүй байна. Маршрут гэх баримт бичгийн хувьд 2 км шороон замаар явж Төв аймгийн засмал замд хүрч 38 км явдаг талаар дурьджээ. Замын ачааллаас болж 40-60 минут орчим явдаг талаар мэдээлжээ. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны талаар ажил олгогчид мэдэгдсэн байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд ажлаас сахилгын зөрчлийн улмаас ажил олгогчийн санаачилгаар Ц.С-г ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагьн ихэсгэснийг хэрэгсэхгүй болгосньгг мөн хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаж байна. Хуульд нийцэхгүй байгаа зөрчил нь, иргэний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй хэвээр тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасньг дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмыг тусд нь баталсан нь Ажил олгогч хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.3.1, 48.3.2, 48.3.3, 48.3.4, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасны дагуу ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно гэсэн. Гэтэл ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам нь ердийн журмаар үргэлжлэх ажлын цагийн нөхцөлийг дордуулж сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах үндэслэл болгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурьдсан хэсэгт заасан нөхцөлийг дордуулсан, зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд зааснаар Ажил олгогч нь ажилгны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ. Гэтэл хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудаас саналыг харгалзаагүй байна. Баталсны дараа ажилтанд танилцуулахаар Хөдөлмөрийн дотоод журмын эхний нүүрэнд тусгасан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн, хэт их нэг талыг баримталсан, нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзээгүй, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны ажилтны ажлын байранд эргүүлэн тогтоолгох, хууль бусаар халагдсан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрыг 49 440 960 төгрөгөөр тооцож гаргуулах, 2019 оны 13 дахь сарын цалин болох 3,740,080 төгрөгийг нэмж гаргуулах, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилгийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “Ф” ХХК-д  холбогдуулан захиргааны ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 49 440 960 төгрөг, 2019 оны 13 дахь сарын цалин 3 740 080 төгрөгийг нэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталгаажилт хийлгэх, “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан “Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам” болон “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам” нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөнийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Ф” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17/16 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Ц.С-г захиргааны ажилтны албан тушаалд томилсон байх ба 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр HR-HG-19/013 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан байна.

 

Ажил олгогч нь ажилтан Ц.С-г сахилгын давтан болон ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэл зааж 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн HR-RI029 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-7-19, 20-32, 33, 35-47, 48-55, 60-61/

 

Талууд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг нэрлэн зааж уг зөрчлийг гаргасан нөхцөлд ажлаас шууд чөлөөлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-54/

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 12.4.7.v-д заасан “ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилж мэдэгдэлгүйгээр 1 сард 3 эсхүл түүнээс дээш хоцорч ирэх, эрт ажлын байраа орхин явсан”, мөн гэрээний 12.4.7.w-д заасан “чөлөө авсан эсхүл хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаа мэдэгдсэн тохиолдолд ажилдаа ирмэгц нотлох баримт авчрах ба нотлох баримтгүй буюу хуурамч баримт бүрдүүлсэн цагийн бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн” гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж мэтгэлцжээ.

Хариуцагч байгуулага 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр R19/022, R19/023 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн дотоод журам болон ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам баталж, уг журмыг нэхэмжлэгчид танилцуулж ажил эхлэх болон дуусах цагаа баталгаажуулах хуудаст гарын үсэг зуруулсан байх ба Ц.С нь ажлын цагийг 08 цаг 00 минутад эхэлж 17 цаг 00 минутад дуусахаар сонгосон байна.

 

Хэргийн 124-125 дугаар талд баримтаар нэхэмжлэгч Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5 минут хоцорсон, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг 35 минут хүртэл ажиллаж ажлын байраа эрт орхин явсан, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас 10 минут хоцорсон болох нь нэхэмжлэгчийн өөрийн бөглөсөн цаг бүртгэлийн хуудас гэх баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.С гийн гаргасан зөрчлийг шалган тогтоож 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр түүнийг оролцуулан хуралдаан хийсэн болох нь хэргийн 119-122 дугаар тал дах тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь 1 сард 3 өдөр дараалж ажлаас хоцроогүй эрт яваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэж, түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 49 440 960 төгрөг, 2019 оны 13 дахь сарын цалин 3 740 080 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2019 оны 09 дүгээр сард 3 өдөр дараалж ажлаас хоцорсон болон эрт явсан зөрчил гаргасныг сахилгын давтан гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэг зөрчилд 2 өөр үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан “Ажлын цаг ашиглалт цаг бүртгэлийн журам”-ыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан “эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгуулагад гомдлоо гаргах” хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон  анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сахилгын зөрчил гаргасан талаар тодорхой тогтоогоогүй зөвхөн уулзалтын тэмдэглэлд үндэслэсэн мөн ноцтой зөрчилд хамааруулсан үндэслэл тодорхойгүй, илүү цагаар ажилладаг байсан хугацааг ажлын цагт тооцдоггүй, гадуур ажлын онцлогийг цагийн хуваарьт нь харгалзаагүй гэж гомдол гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хэргийн баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                       ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ