Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Д.Б-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Б, хохирогчийн өмгөөлөгч Г.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э, шүүгдэгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Бт холбогдох эрүүгийн 2012000000385 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Заан хошуу хорооллын 05-705 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.Б

 

            Д.Б нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд төрсөн охин арван зургаан насанд хүрээгүй Б.Ж-ийг Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа хүчиндсэн, өөрийг нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх шалтгааны улмаас 2020 оны 11 дүгээр сарын 23-24-ний үед гэртээ хохирогч Б.Ж-ийн зүүн шилбэний гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 15 жил 5 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 /нэг/ ширхгийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо: “Д.Б миний бие Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч чадахгүй хүнд байдалтай байна. Учир нь миний амьдрал маш хэцүү байдаг. Манайх амьдралын түвшин доогуур, цөөхөн хэдэн малтай, сургуулийн гурван хүүхэдтэй, мөн хэвтэрт байгаа ээжээ асардаг. Одоо эхнэр минь маш хүнд ачаа үүрч байгаа. Би ийм муухай ёс бус үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Миний буруутай үйлдлээс болж гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэж, хүүхдүүд минь амьдын хагацалд орж, эхнэр минь өрх толгойлсон эхчүүдийн эгнээнд орох болчихлоо. Энэ бүгдийг бодохоос сэтгэл үймэрч их хэцүү байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, буруу үйлдэл хийсэндээ маш их харамсаж байгаа. Би ийм буруу үйлдэл хийж, өөрийн үр хүүхдээ хохироож, хань ижил, үр хүүхдүүдээ цаашид амьдрахад хүнд байдалд оруулчихлаа. Миний гэр бүлд миний туслалцаа маш их байгаа. Ийм учир миний ялыг багасгаж өгөх боломж байвал багасгаж өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.

 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Б нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий гишүүн буюу өөрийн төрсөн охин Б.Ж-ийг 16 насанд хүрээгүй байхад нь болон 16 нас хүрснээс хойш удаа дараа хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан Архангай аймгийн Ихтамир сумын нутагт хүчиндсэн гэмт хэрэгт холбогдсон. Мөн охиноо өөрийг нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх шалтгааны улмаас зодож, охиныхоо биед хөнгөн гэмтэл бүхий хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Д.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд төрсөн охин арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Ж-ийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа хүчиндсэн, өөрийг нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх шалтгааны улмаас 2020 оны 11 дүгээр сарын 23-24-ний үед хохирогч Б.Ж-ийн зүүн шилбэний гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоожээ.

 

Энэ гэмт хэргийн хохирогч Б.Ж нь шүүгдэгчийн төрсөн охиноос гадна гэмт хэрэг үйлдэгдэх үед арван зургаан насанд хүрээгүй байсан тул эдгээр шинжээр нь анхан шатны шүүх шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, төрсөн охин Б.Ж-ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан тул энэ шинжээр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэсэн хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж уг хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг шүүгдэгчид оногдуулснаас гадна түүний ялуудыг нэгтгэхдээ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах тухай дээрх хуулийн 6.8 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр түүний ялыг багасгах, өөрчлөх боломжгүй байх тул шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон                                 

                                   

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     В.Ц