Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Т.Э, П.Ж нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Ц.С

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б, Г.Э

                        Шүүгдэгч                                                          Т.Э, П.Ж

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Жы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э, П.Ж нарт холбогдох 2012000000321 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Цохиот гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Т.Э

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 1, Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Цохиот гэх газар оршин суух, П.Ж

 

            Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт малын бэлчээрээс болж маргалдан, иргэн П.Ж руу чулуу шидэж, улмаар эрүүл мэндэд нь цээжний баруун талд 11, 12 дугаар хавирганы суганы арын шугамаар бага зэрэг зөрүүтэй гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч П.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт малын бэлчээрээс болж маргалдан, иргэн Т.Эыг уургаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Т.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, П.Жд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Ж нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, П.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /600.000-60.000=540.000/ тооцож торгох ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас 372.450 /гурван зуун далан хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Цохиот гэх газар оршин суух хаягтай, хохирогч П.Ж-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн алаг өнгийн чулуу 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч Т.Э нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч П.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Ж-ы гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Цохиот гэх газар оршин суух П.Ж намайг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдсэн. Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь би хэрэг болсон гэх цаг хугацаанд Т.Эын толгойн тус газар уургаар цохиогүй /модоор/ юм. Харин Т.Э намайг дандаа дээрэлхдэг. Тэр өдөр намайг дибийлээ гээд доромжлоод байхаар нь би уур хүрээд Т.Эын нуруу руу ороолгосон. Түүнээс биш модон уургаар толгой руу нь цохиогүй. Ийм байхад намайг Т.Эын толгойн тус газар цохиж гэмтээсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хянаж, намайг цагаатгаж өгнө үү. Би толгой руу нь цохиогүй байж хүний толгой руу цохиж гэмтээсэн гэж шийтгүүлмээргүй байна. Харин нуруунд гэмтэл учирсан бол би хүлээнэ. Т.Э дандаа хүнтэй зодолдож, муудалцаж байдаг. Намайг их дээрэлхдэг юм. Шүүх хуралд өмгөөлөгчөө оролцуулна. Би бичиг үсэг огт мэдэхгүй учир өмгөөлөгчөөрөө бичүүллээ гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж прокурорыг зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч П.Жы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Жы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч П.Жы хувьд Т.Эыг цохисон үйл явдлыг эргэлзээгүй байдлаар шалган тогтоогоогүй. Иймд шүүгдэгч П.Жд холбогдох үйлдлийг ашигтай байдлаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч П.Жы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт малын бэлчээрээс болж маргалдан, иргэн П.Ж руу чулуу шидэж, улмаар эрүүл мэндэд нь цээжний баруун талд 11, 12 дугаар хавирганы суганы арын шугамаар бага зэрэг зөрүүтэй гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч П.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт малын бэлчээрээс болж маргалдан, иргэн Т.Эыг уургаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Т.Эын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Жы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв байна.  

 

   Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Жы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь... би хэрэг болсон гэх цаг хугацаанд Т.Эын толгойн тус газар уургаар цохиогүй /модоор/ юм. Тэр өдөр намайг дибийлээ гээд доромжлоод байхаар нь би уур хүрээд Т.Эын нуруу руу ороолгосон. Иймд намайг цагаатгаж өгнө үү... гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Жы үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч П.Ж нь хохирогчийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, П.Ж нь Т.Эын нуруу хэсэгт цохисон талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц