Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0372

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Ө.Б*******, Б.Г******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Г*******ын итгэмжлэгдэн төлөөлөгч Ө.Б******* 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2021/6799 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Ө.Б******* нараас гаргасан Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан билээ.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2021/10157 дугаар захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх боломжгүй болж явсаар хамгийн сүүлийн буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/43 тоот дүгнэлтээр зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн барилга нь консоль хэсгээрээ хэд хэдэн газарт бидний өмчлөлийн газартай тодорхой хэмжээгээр давхцалтай байна гэсэн дүгнэлт гарсан ч 2024 онтой золгосон бидний 2021 оны нэхэмжлэлийн шаардлага болох 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах асуудал эрх зүйн ач холбогдолгүй болж, улмаар уг зөвшөөрлөөр баригдсан орон сууц ашиглалтад орж, захиалагч иргэд нь орон сууцандаа амьдарч байгаа нь ёстой л нөгөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэхь хэсэгт заасан ...эд хөрөнгөд ноцтой,... ...эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэсэн үр дагавар учруулах хэмжээнд хүрч бидний эрх хууль ёсны ашиг сонирхлоос давсан хэрэг боллоо.

Энэ бүхэн нь өнөөдөр биднийг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаас өөр боломжгүй болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Б******* миний бичгээр гаргаж байгаа энэхүү татгалзлыг хүлээн авч, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасан Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах... хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаагаа үүгээр уламжилъя гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б*******, Б.Г******* нар нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандаж ...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан.

Шүүхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Г*******ын итгэмжлэгдэн төлөөлөгч Ө.Б******* 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж зааснаас үзвэл Ө.Б*******ас ирүүлсэн уг хүсэлт нь хуульд нийцсэн, мөн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Ө.Баттулагад нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Г*******ын итгэмжлэгдэн төлөөлөгч Ө.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Г*******ын итгэмжлэгдэн төлөөлөгч Ө.Б*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Б*******, Б.Г******* нараас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан ...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2021/0572/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Н*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН