Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/шш2024/0337

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц*******т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц*******ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 004******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц******* нь тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтдээ:  “...Нийслэлийн Байгаль Орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******* би. Экологийн Цагдаагийн Албанаас 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр шилжиж ирсэн иргэн С.Б******* /Б.Б*******/ -д холбогдох зөрчлийн 3-127 дугаартай гомдол мэдээллийг авч шалгасан.

Шалгалтаар: иргэн Б.Б******* нь Мэдүүлэгтээ: Миний агнасан чоно биш. 2 жилийн өмнө хөдөөний 1 хүн манайд ирэхдээ байшиндаа өлгө, нуруундаа гэмтэлтэй, нохойд боорлуулж үхсэн байсныг авсан юм гэж хэлээд өгсөн. Би зүгээр аваад яахав гээд 20000 төгрөг тухайн үед өгсөн. Чонын арьс нь зарах ямар ч боломжгүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд /гутлын дах/ ашиглах боломжтой. Тиймээс би элдүүлэх гэж унаанд дайж явуулсан гэсэн байна. Чононд үзлэг хийхэд чонын арьс нь хуучин, нуруу хэсэг нь нэлээд урагдсан үс ноос нь унасан байсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6.5 дах заалт "Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"-ыг үндэслэн торгосон нь алдаатай болсон байна.

Иймд Прокурорын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 10 тоот дүгнэлтийг хүлээн

зөвшөөрч байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц*******т холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц*******ийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 004******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай дүгнэлт гаргажээ.

Прокурорын уг дүгнэлтийг Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн  хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц*******т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц*******ийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 004******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын  хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ