Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

2022         05             12                                         2022/ДШМ/35

 

..........ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Н.Цэнгэлбаяр

            Шүүгдэгч ..........ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч ..........ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ..........ид холбогдох эрүүгийн 2134000000459  дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

.......... нь  Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг “Хуцаагийн эх” гэх газраас 2021 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 92 ширхэг буюу 4,7377м3 Шинэс модыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж, өөрийн өмчлөлийн хүрэн зүсмийн мориор зөөж, экологи эдийн засагт 1.498.266 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..........ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..........ийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ..........оос байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол 4.494.798 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ..........ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.600 төгрөгийн үнэ бүхий гар хөрөө 1 ширхэг, 1.172.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны морийг хурааж, зарж борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар, гэмт хэрэг үйлдэж олсон 4.7377 м3 92 ширхэг Шинэс модны үнэ 4.494.798 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 4.7377 м3 92 ширхэг Шинэс модыг хурааж, зарж борлуулсан үнийг тус тус Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт 4 метрийн урттай 92 ширхэг мод, 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол, гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч .......... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч .......... гаргасан давж заалдсан гомдолдоо: .......... би Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг Гацаагийн эх гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4.737.7 м3 Шинэс мод хууль бусаар бэлтгэж өөрийн мориор зөөж экологи эдийн засагт 1.498.266 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Шүүхээс намайг гэм буруутайд тооцож нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэсэн. Малчин хүнд тохирохгүй амьдралд нийцэхгүй ял гэж үзэж байна. Өвөлжөө, хаваржаа, зусланд нүүдэллэн явахад ял зөрчигдөх аюултай байдалд хүрч байна. Иймд тухайн хуулийн зүйл ангид заасан торгуулийн ялыг оногдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэжээ.

Прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой байдаг ба мөн шүүгдэгчийн орлогоо нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.

Шүүгдэгч ..........ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: .......... нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр огт маргахгүй байгаа. Харин малчин хүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхэд хүндрэл гарахаар байгааг анхаарч үзнэ үү, үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа учир торгох ял оногдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ..........ийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .......... нь  2021 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг “Хуцаагийн эх” гэх газраас 92 ширхэг буюу 4,7377мШинэс модыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж, өөрийн өмчлөлийн хүрэн зүсмийн мориор зөөж, байгаль экологи, эдийн засагт 1.498.266 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр зохих журмын дагуу томилогдон оролцсон Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Ганбаярын “...шинжээчийн үнэлгээгээр гарсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай...” гэх, /хх-ийн 40-р тал/

Гэрч М.Баяржаргалын “............. нь хувьдаа машин байхгүй хэдэн хонь байдаг. Тэрийгээ мориор хариулаад явж байдаг юм байна лээ, тухайн саравч барьсан модоо мориор чирсэн гэж байсан..., мод бэлдэхдээ ганцаараа бэлдсэн гэж өөрөө хэлсэн, бас ойр хавийн хүмүүсээс асуухад ганцаараа бэлдээд мориор бага, багаар нь чирч малын саравч барьсан газартаа хураасан байна лээ. Тухайн модыг би очиж үзэхэд хуурай мод байсан...” гэх /хх-ийн 42-р тал/ болон ..........ийн өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар сэжигтэн, яллагдагч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн мэргэжилтэн М.Баярмагнайн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 тоот “...экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцоход 4.7377м3х168655х1.8=1.498.266 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р тал/, хэрэг учралын газарт болон шүүгдэгч ..........ийн хууль бусаар бэлтгэсэн модоороо барьсан малын саравчид үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-23-р тал/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас ..........ийн дээрх гэмт үйлдлийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэсэн...” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч ..........ийн үйлдсэн гэмт хэргийн талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн ойгоос 24 ширхэг мод хөрөөдөж авсан буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1.498.266 төгрөгийн хохирол учирсан, дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” хэмээн дүгнэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн шүүхээс шүүх хуралдааны шатанд улсын яллагчийн шүүгдэгч ..........ид оногдуулах ялын саналыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний хүрээнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгчид хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний аль нэгийг нь сонгон хэрэглэхээр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар эрх олгогдсон онцгой эрх байдаг.

 

Мөн шүүхээс Эрүүгийн хуульд заасан торгох ялыг оногдуулахдаа гэм буруутай этгээдийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үздэг ба хэрэгт шүүгдэгч ..........ийн хөрөнгө, орлогыг нотолсон баримт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгчийн гаргасан “...анхан шатны шүүхээс малчин хүнд тохирохгүй амьдралд нийцэхгүй ял оногдуулсан учир торгох ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч ..........ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах бүсийг Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр буюу хэт хумигдмал, малчин хүний ахуй амьдралд нийцэхээргүй тогтоосон байх тул энэ талаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан нь эрх бүхийн байгууллагад оршин суух газраа өөрчлөх хүсэлтээ гаргах боломжтой болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч ..........ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р багийн нутаг дэвсгэрээр явахаар тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай...” гэснийг 

 

“...шүүгдэгч ..........ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ..........ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

                                                           М.МӨНХДАВАА