Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 858

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/00373 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1 254 545 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 723 969 762 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М, О.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн контор, үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, санхүүжүүлэх, борлуулах, санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлөөр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЧИ/СИ/БА-1 дугаартай төсөл хэрэгжүүлэх тухай гэрээг хариуцагч “Б” ХХК “Ч” ХХК -иудтай байгуулан хамтран ажилласан. Тус гэрээнд заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3/1 дугаар ажил гүйцэтгэх гэрээг “Б” ХХК-тай байгуулсан, гүйцэтгэгч “Б” ХХК нь гэрээний 1.1-д заасан “С” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн болно. Гэрээний хавсралт №1-ээр ажил гүйцэтгэх график болон санхүүжилтийн график, хавсралт №2-оор Бараа материалын сонголтын задаргаа-г тус тус баталсан. Улмаар нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу “Ч” ХХК -тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №ББГ-2018/ЗГ/64 дугаартай зээлийн гэрээг байгуулан 4 000 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авахаар тохирсон. Гэрээний дагуу эхний санхүүжилт 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 500 000 000 төгрөгийг гүйцэтгэгч “Б” ХХК-ийн данс руу шилжүүлж, ажил эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт буюу барилгын ажил гүйцэтгэх графикийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15 давхар барилгын карказыг бүрэн барьж дуусган, нийт 3 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан боловч тухайн өдөр 2 давхарын карказ цутгагдсан, 3 дугаар давхарын арматурчлалын ажил хийгдсэн байсан бөгөөд үүнээс цааш ажил хийгдээгүй болно. “Б” ХХК нь эхний санхүүжилтээр олгосон 1 500 000 000 төгрөгөөс 663 447 274 төгрөгийг зориулалтын бусаар буюу өөрийн компанийн хэрэгжүүлж буй өөр төсөл рүү дээрх мөнгийг оруулж, үлдсэн 836 552 725 төгрөгийг манай төсөлд оруулж ажил хийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласнаа хүлээн зөвшөөрч, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 663 447 274 төгрөгийг, хүү 40 178 553 төгрөг, нийт 704 595 328 төгрөгийг банкнаас зээл авах замаар буцаан төлж, уг мөнгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх болсон тул манай компанийн зүгээс итгэл үзүүлэн хугацаа олгосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй. Төсөл хэрэгжүүлэх гэрээний 9.2.3, 10.3, 10.4, 10.7.1, 10.7.2, 10.7.3, 10.7.4-т тус тус заасны дагуу “Б” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Талууд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр барилга угсралтын ажлын гэрээг дүгнэсэн актыг үйлдсэн бөгөөд 2018 оны барилга угсралтын ажлын өртөг нь 4 000 000 000 төгрөг байхаас гүйцэтгэл нь 26.3 хувьтай буюу 1 053 340 953 төгрөгийн ажлыг хийсэн, 2 946 659 046 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 6.3-д заасны дагуу алдангийг дараахь байдлаар тооцов. Графикийн дагуу 134 хоног ажиллавал зохих ёстойгоос 3 давхар хүртэл хийгдэх ажлын хугацаа 30 хоног гэж тооцвол алданги тооцох хугацаа 100 хоног байна. Гүйцэтгэгч нь нийт 2 946 659 046 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгээгүй тул үүнийг 0.3 хувийг 100 хоногоор тооцоход 883 996 814 төгрөгийн алданги болж байна. Мөн барилгын 1, 2 дугаар давхарын карказны ажил чанаргүй, дутуу хийгдсэн тул нэмэлт зардалд 106 551 800 төгрөгийн зардал гарахаар байгааг гэрээ дүгнэхэд гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрч актад гарын үсэг зурсан байгаа. Мөн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн гүйцэтгэлээр “Б” ХХК-д илүү 84 650 869 төгрөгийн илүү төлөлт хийгдсэнийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэл №2-оор баталгаажуулсан болно. Хариуцагч “Б” ХХК-иас  гэрээний үүрэгт зардалд 106 551 800 төгрөг, алданги 883 996 814 төгрөг, илүү төлөлтийн 84 650 869 төгрөг, нийт 1 075 199 483 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх шаардлагыг шүүхэд гаргасан. Мөн үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн. Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад тухайн барилгын хийц, чанар нь стандарт шаардлагыг бүрэн хангахгүй байсны улмаас манайх цааш нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байдалд хүрсэн. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс бетон хийцийн хүчитгэлийн ажлыг “Ц” ХХК-иар хийж гүйцэтгүүлж байгаа. Барилгын хүчитгэл засварын ажилд зарцуулсан хохиролд 179 346 422 төгрөгийг нэхэмжилж байна. “С” ХХК-ийн “Чингис хаан” ХХК-тай байгуулсан 4 000 000 000 төгрөгийн зээлээс 663 447 274 төгрөгийг хүү 40 178 553 төгрөг, нийт 704 595 328 төгрөгийг банкинд төлье гэдгийг “Б” ХХК нь хүлээн зөвшөөрч төлсөн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний үүргийг салгасан гэж байна. Салгасан зүйл байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 836 552 725 төгрөгийн ажлыг хийсэн. Үүнээс 84 650 000 төгрөгийн зардал хасагдах ёстой гэж бодохоор нийт 751 900 869 төгрөг болж байгаа. Гүйцэтгэл № 1-ээр 51 090 000 төгрөгийг “Б” ХХК нь “С” ХХК-д  төлөхөөр талууд тохиролцсон. Гүйцэтгэл № 2-оор 55 461 800 төгрөгийг “Б” ХХК нь “С” ХХК-д  төлөх талаар гэрээ дүгнэсэн акт үйлдэгдсэн. Ингээд нийт 106 551 800 төгрөг болсон. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 26,3 хувьтай буюу 1 053 940 953 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Алдангийг 2 946 659 046 төгрөгөөс тооцож байгаа. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 4 000 000 000 төгрөгийн ажлыг хийсэн байх ёстой. Гэтэл гэрээ цуцлагдах хугацаанд 1 053 940 953 төгрөгийн ажлыг хийгээд 2 946 659 046 төгрөгийн ажлыг хийгээгүй гэсэн тооцоо гарсан. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад хугацааг тодорхой заасан байдаг. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 134 хоног байна. Энэ хугацаанд 15 давхар барилгын ажлыг бэлэн болгосон байх ёстой. Гүйцэтгэгч компани нь 1 давхарын карказыг 7-оос 14 хоногт гүйцэтгэх боломжтой гэж хэлсэн тул дунджаар 10 хоногоор тооцож, 1, 2, 3 давхарын карказыг 30 хоногт хийнэ гэж тооцсон. 1-3 давхарын арматурчлалыг хийсэн гэж үзвэл 30 хоногийг хасаад 100 хоног үлдэж байгаа. Иймд үлдэглэл 100 хоногоор бодож 2 946 659 046 төгрөгийн алданги 883 996 814 төгрөг болж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.3 дэх хэсэгт заасны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,3 хувийн алданги тооцож алдангийг шаардаж байгаа. Иймд нийт 1 254 545 905 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас  гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн зүгээс гүйцэтгэгч “Б” ХХК-д өмнө нь энэ талаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан боловч барилгын ажлыг графикт заасан хугацаандаа зохих ёсоор хийж гүйцэтгээгүй байсан тул гэрээнээс татгалзсан бол байгуулсан гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Талууд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн бөгөөд 2018 оны гүйцэтгэлийн өртөг нь 4 тэрбум төгрөг байхаас байхаас барилга угсралтын ажлын гүйцэтгэл 26.3 хувьтай буюу 1 053 340 953 төгрөгийн ажлыг хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор заасан. Ажиллавал зохих 134 хоног байсан, үүнээс барилгын 3 дугаар давхар хүртэл хийгдэх ажлын хугацаа 30 хоног гэж үзвэл алданги тооцох хугацаа нийт 100 хоногоор /2 946 659 046 х 0,3/ тооцвол гэрээ цуцлах хүртэл хугацаанд 883 996 814 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ. Ажил чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд нийт 106 551 800 төгрөгийн зардал гарахаар байгаа бөгөөд уг зардлыг гэрээ дүгнэхэд гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн, 84 650 869 төгрөгийн илүү төлөлт хийгдсэнийг баталгаажуулсан гэж тус тус нэхэмжлэлд дурдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлохыг хуулиар заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний ямар үнийн дүнгээс хэдий хугацааны алданги, гэрээнээс татгалзсан, цуцлахтай холбоотой хохирол, үр дагавараас үүсэх хохирлын аль нь болохыг ялгаж, зааглаагүй, ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх бичгийн тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь алдангийг 883 996 814 төгрөгөөр тооцож байна. Ямар үнийн дүнг, хэзээнээс хэд хоногоор тооцож байгаа нь тодорхойгүй байна. 8 000 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдсан бол 4 000 000 000 төгрөгийг “С” ХХК 4 000 000 000 төгрөгийг Чингис хаан банк гаргах ёстой. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ЗГ/64 дугаартай зээлийн гэрээгээр 4 000 000 000 төгрөгийг авсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын байдлаар санжүүлжилтын 1,5 тэрбум төгрөгийг авсан. Манайхтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,5 тэрбум төгрөгийг олгохдоо 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр талууд 1,5 тэрбум төгрөгийн зээл буюу гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээг салгасан. 663 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү алданги гэсэн тооцоо хийж, нийт 704 000 000 төгрөгийн гэрээг “Б” ХХК нь Чингис хаан банктай байгуулсан. Өөрөөр хэлбэл 4 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс олгосон 1,5 тэрбум төгрөгөөс 704 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр үүрэг шилжүүлж авч, зээлийг салгасан. Тиймээс алданги тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Нэмэлт хугацаа сунгасан эсэх талаар гэвэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэсэн агуулга тайлбар бичсэн байсан. Нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0030 тоот албан бичигт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр талууд барилгын ажлыг дүгнэхэд 13,1 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж ярьдаг. Гэтэл одоо нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 26,3 хувийн гүйцэтгэлтэй гэж ярьж байна. Бодитоор нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэж байгаа бол барилга угсралтын ажлыг талууд тохиролцсон гэж үзэхээр байна. Үр дүн гараагүй гэж байна. Барилга угсралтын ажил 13,1 хувьтай байснаа 26,3 хувьтай болж үр дүн гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь төсөл хэрэгжүүлэх гэрээний үүргийн дагуу төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч нартай зөвшилцөж 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-тай 4 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Б” ХХК-тай 1,7 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 1 027 435 180 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд үйл ажиллагаа явж байхад “Б” ХХК нь олгогдсон санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс үлдэгдэл санхүүжилт болох 672 564 820 төгрөгийн зээлийг олгоогүй. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй нөхцөл байдал үүссэн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө хуулийн дагуу цуцалж, гэрээний үүрэгт 624 761 120 төгрөг, зээлийн хүү 99 208 642 төгрөг, нийт 723 969 762 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас  гаргуулж өгнө үү. Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан. Тиймээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас  гэрээний алдангид 283 997 714 төгрөг, карказын чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд 106 551 800 төгрөг, илүү төлсөн 84 650 869 төгрөг, нийт 475 200 383 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 599 999 099 төгрөгт холбогдох хэсгийг, нэмэгдүүлсэн шаардлага 179 346 422 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас  723 969 762 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ч” ХХК -д олгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ББГ/БГ/97/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний 3.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 26/9 тоотод байрлах ажялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байрны 25 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 39/1 тоот байрны зоорийн давхарын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг, Гуна, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 6 588 632 төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 777 799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,533,952 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 3 777 799 төгрөг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр илтэд үндэслэл муутай болсон. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналын улсын байцаагчийн дүгнэлтээр барилга угсралтын ажиллагаа чанарын стандарт шаардлага хангахгүй цаашид үргэлжлэх боломжгүй зогсоосон гэх дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заиалагч болон ажил гүйцэтгэгч нарын хооронд барилга угсралтын ажлын явцыг хөтөлж байсан дэвтэрт үзлэг хийн нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийн барилга угсралтын ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн 1, 2, 3 дугаар давхарын карказны нягтаршил, сийрэгжилт муу цаашид барилга угсралтын ажиллагаа үргэлжлэх боломжгүй бөгөөд эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах нөхцөл байдал үүсэн. Үүний дагуу нэхэмжлэгч “С” ХХК нь тухайн чанарын стандарт шаардлага хангахгүй 1, 2, 3 дугаар давхаруудад засан сайжруулалт болон нөхөн сэргээлт хийхийн тулд нэхэмжлэлд дурьдагдсан нийт 179 346 422 төгрөгний зардлыг гаргасан. Үүнтэй холбоотой гэрээ болон зарлагын баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч тал баримтаар нотлож чадаагүй гэх үндсэлэлээр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө учир дутагдалтай байна. Мөн хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу татгалзсан болон хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр хариу тайлбар гаргаагүй, мөн шүүх хуралдааны явцад татгалзал болон үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй зэрэг үйл баримтууд дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт харьцуулан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 179 346 422 төгрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны нгүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 179 346 422 төгрөгийг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “С” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 254 545 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Ч” ХХК  нь “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 723 969 762 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барилгын ажил гүйцэтгэх графикийн дагуу 15 давхар барилгын карказыг бүрэн барьж дуусгах ёстой байсан боловч 2 давхарын карказ цутгагдсан, 3 дугаар давхарын арматурчлалын ажил хийгдсэн байсан мөн санхүүжилтээр олгосон мөнгөн хөрөнгийг өөр төсөлд оруулан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн” гэж хариуцагч нь “...гэрээний дагуу 26.3 хувийн ажлыг хийж гүйцэтгэн ажлын үр дүн гаргасан, хэрвээ гэрээнээс татгалзсан, цуцлахтай холбоотой хохирол, үр дагавраас үүсэх хохирлын аль нь болохыг ялгаж зааглаагүй, ойлгомжгүй бөгөөд гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээгээр үүрэг шилжүүлэн авч зээлийг салгасан, иймээс алдангийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбар гаргажээ.

“Ч” ХХК , “С” ХХК “Б” ХХК-иудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “С” ХХК-ийн үйлчилгээний талбай, орон сууцны барилгын цогцолбор”-ыг барих, 4 000 000 000 төгрөгөөр санхүүжүүлэх, борлуулах, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохирсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хх12-17/

 

“С” ХХК нь “Б” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №03/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах зоорьтой 15 давхар Контор үйлчилгээтэй орон сууцны барилгын угсралт болон гадна, дотор засал, лифт угсралт, гадна дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг талууд хамтран хэрэгжүүлэн бараа материал, барилгын ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, машин механизмыг өөрсдөө гарган захиалагчийн захиалга, зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг барилгын норм дүрэм, чанар стандартын шаардлага нийцүүлэн ажлыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч “С” ХХК нь 4 000 000 000 төгрөгийг “Ч” ХХК -аас зээл авах хэлбэрээр ажлын гүйцэтгэлийг үндэслэн санхүүжилтийг олгох ба үлдэгдэл 4 000 000 000 төгрөгийг гүйцэтгэгч болох “Б” ХХК нь гаргаж барилгын ажлыг бүрэн ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх28-35/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэхийн тулд эхний хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Ч” ХХК , “С” ХХК нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4 000 000 000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сар буюу 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болох хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Б” ХХК-ийн   өмчлөлиийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/9 тоот хаягт байрлах Ү-2206021844 дугаартай, 144.73 м.кв талбай бүхий Аялал жуулчлалын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн “Э” ХХК-ийн   өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 байрны 25 тоот хаягт байрлах Ү-2204005904 дугаартай, 80 м.кв талбай бүхий Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай сууц мөн үл хөдлөх хөрөнгө, мөн Чингэлтэй дүүрэг, 12, 13, 14, 15 дугаар хороодын дунд иргэд, хүүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын гэрээний орлого, “Б” ХХК-ийн 5101001520 тоот дансны орлого зэргийг тус тус барьцаалсан 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ББГ-2018/БГ/64/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-18-21, 22-25/

 

 Уг гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Б” ХХК-ийн 5101001520 тоот дансанд 1 500 000 000 төгрөг шилжүүлсэн нь хэргийн 47 дугаар тал дах баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Хэргийн 45-46 дугаар тал дах баримтаар “С” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөөр барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хөрөнгө оруулалт хийж “Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгөнөөс 836 552 725.41 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, 663 447 274 төгрөгийг “Б” ХХК өөр зүйлд захиран зарцуулсанаас гэрээний үүргийн зөрчил бий болж талууд хоорондоо маргажээ.

Мөн талуудын тайлбар болон хэргийн 54 дүгээр тал дах 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн акт гэх баримтаар “барилгын угсралтын ажлын гүйцэтгэл 26.3 хувь буюу 1 053 340 953 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2 946 659 046 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээ нь урт хугацааны гэрээ бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр татгалзаж болох ба гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах бөгөөд үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах хүртэл хугацааны алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан шаардаж байсныг үгүйсгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсаныг нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 36 дугаар талд ажил гүйцэтгэх болон санхүүжилтийн график гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтаас үзвэл хариуцагч “Б” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 2 000 000 000 төгрөгийн санхүүжилтээр 15 давхар хүртэлх карказын ажил, 9 давхар хүртэл дүүргэгч болон дотор хана, шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн байх үүргийг хүлээсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Ийнхүү нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Б” ХХК-ийн 4 000 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх ёстой гэх тайлбар няцаагдсан тул 2 000 000 000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажил 1 053 340 953 төгрөгийг хасч 946 659 046 төгрөгийн ажил гүйцэтгээгүй гэж дүгнэж талууд гэрээгээр алданги тохирсон тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны 100 хоногийн алдангид 283 997 714 төгрөг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байна.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр барилга угсралтын ажлын 02 тоот гүйцэтгэл гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд уг баримтаар хариуцагч нь барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүй хийснээс болж барилгын 1 дүгээр давхрын карказын нэмэлт ажлын зардалд 51 090 000 төгрөг, барилгын 2 дугаар давхрын карказ, 3 дугаар давхрын арматурчлалын нэмэлт ажлын зардалд 55 461 800 төгрөг нийт 106 551 800 төгрөгний гүйцэтгэлийн тооцоог, мөн “С” ХХК-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн дүнг 836 552 725 төгрөгөөр тооцсон бөгөөд уг гүйцэтгэлийг ажлын зурагтай тулган үзснээр гүйцэтгэлээс илүү төлөгдсөн зөрүү 84 650 869 төгрөгийг хасч тооцохоор тооцоо гарган баталгаажуулж хэн аль нь гарын үсэг зуржээ. /3 дугаар хавтасны 64-65 дугаар тал/

Дээрх баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт ажлын зардал 106 551 800 төгрөг, илүү төлсөн 84 650 869 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулсан шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасантай нийцнэ.

Мөн хариуцагч барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлага хангаагүй гэж бетон хийц элементүүдэд сийрэгжилт гарснаар уг ажлыг зогсоосон болох нь 2019 оны 05 дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон уг барилгын хүчитгэл засварын ажилд 179 346 442 төгрөгний зардал гарсан болох нь хэргийн 2 дугаар хавтасны 76-78, 230-231 дүгээр тал дах баримт болон дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил чанар муу, баганын тэнхлэг алдах бетоны нягтрал муу сийрэгжилт үүссэн гэх буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэх байдлаа нотолж чадаагүй гэх үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул дараах байдлаар залруулах боломжтой.

Хэргийн 2 дугаар хавтасны 76-78, 92-138 дугаар тал дах 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барилгын хяналтын байцаагчийн дүгнэлт гарснаар барилгын хүчитгэл засварын ажилд зарцуулсан хохиролд 179 346 422 төгрөгийн зардал гарсан байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах үндэслэлтэй. /2хх-92-138/

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөж Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг нэмж баримтлахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд “Ч” ХХК -ийн бие даасан шаардлагын хувьд

“Ч” ХХК , “С” ХХК “Б” ХХК-иудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулагдсаныг салгаж, “Ч” ХХК  нь “Б” ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 700 000 000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 21 сар буюу 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Б” ХХК-ийн   өмчлөлиийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/9 тоот хаягт байрлах Ү-2206021844 дугаартай, 144.73 м.кв талбай бүхий Аялал жуулчлалын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн “Э” ХХК-ийн   өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 байрны 25 тоот хаягт байрлах Ү-2204005904 дугаартай, 80 м.кв талбай бүхий Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 39/1 тоот байрны зоорийн давхарын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг, “Гуна”, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний орлого, харилцах болон бусад дансны орлого, ирээдүйн авлага зэргийг тус тус барьцаалсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ББГ-2018/БГ/97/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /2хх-237-239, 3хх-45-47/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх зээлийн гэрээний дагуу “Б” ХХК нь бодитоор 1 027 435 180 төгрөгийг олгосон боловч өмнөх зээлээ зориулалтын бусаар ашигласан буюу тухайн барилгын ажилд зарцуулаагүй, өөр төсөлд зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн тул үлдэгдэл 672 564 820 төгрөгийн зээлийг олгоогүй зээлийн гэрээг цуцалсан хариуцагч нь нийт 464 333 330 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-аас   зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүүд нийт 723 969 762 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ч” ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл болох “Б” ХХК-ийн   өмчлөлиийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/9 тоот хаягт байрлах Ү-2206021844 дугаартай, 144.73 м.кв талбай бүхий Аялал жуулчлалын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн “Э” ХХК-ийн   өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 байрны 25 тоот хаягт байрлах Ү-2204005904 дугаартай, 80 м.кв талбай бүхий Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 39/1 тоот байрны зоорийн давхарын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг, “Гуна”, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний орлого, харилцах болон бусад дансны орлого, ирээдүйн авлага зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/00373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас  гэрээний алдангид 283 997 714.07 төгрөг, карказын чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд 106 551 800 төгрөг, илүү төлсөн 84 650 869 төгрөг, хохирол 179 346 422 төгрөг нийт 654 546 805.07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 599 999 099.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, найруулж

4 дэх заалтын “... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 533 951 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид,” гэснийг “... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 533 951 төгрөг, 1 054 682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид,” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 054 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ