Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Л.Н-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           С.Б

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  В.У, Ц.Б

                        Шүүгдэгч                                                          Л.Н

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Нд холбогдох 1812001710027 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эмэгтэй, 47 настай, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн Мод толгой хорооллын 5-617 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л.Н

 

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль, журмыг зөрчин нягтлан бодогчийн мэргэжилгүй Э.Гг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны нягтлан бодогчоор томилж, түүнд давуу байдал олгосны улмаас төрд 7.697.543 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Л.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Л.Н-г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нийг нийтийн албанд томилогдох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгчийн хамт энэхүү гомдлоо гаргаж байна. Л.Нийг 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль, журмыг зөрчин нягтлан бодогчийн мэргэжилгүй Э.Гг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны нягтлан бодогчоор томилж, түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Л.Нд холбогдох хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн.

2. Хэргийн оролцогч Л.Нийн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй өөрөөр хэлбэл хэргийн материал танилцуулаагүй.

3. Анхан шатны шүүх хэт нэг талыг буюу яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

4. Хэрэгт Л.Нийг яллах хангалттай нотлох баримт байхгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэлээ.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Нд холбогдох эрүүгийн 1812001710027 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд бид биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар гаргана. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс холбогдох хэсгийг шинжлэн судлуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Нд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: В.У өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Прокурорын зүгээс шүүх хуралдаан дээр тайлбар хэлэхдээ хоёр зүйлийг хүлээн зөвшөөрч байна гэж миний зүгээс ойлголоо. Нэгдүгээрт: Яллагдагчид хэргийн материал танилцуулаагүй үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаарт: Хохирогчийг буруу тогтоосон үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрыг тогтоосон  бөгөөд тус газрын зүгээс хууль ёсны төлөөлөгчөө тогтоогоогүй байхад мөрдөгч дур мэдэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.М гэдэг хүнийг тогтоосон үйл явдал тогтоогдож байна. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хийх ажиллагаанууд зөндөө байна. Мөн сүүлд нь гарч ирсэн ажлын байрны тодорхойлолтоор өмнө нь томилогдсон хүнийг буруутгаж байгаа зүйл харагдаж байна. Өмгөөлөгч миний хувьд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ер нь тус хэргийн хувьд нягтлан бодогчоор Э.Гг томилж байгаа асуудал байгаа юм. Энэ нягтлан бодогч томилж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Улсын яллагчийн зүгээс яриад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Өнөөдөр Монгол Улсын Сангийн сайдын тушаалд заасан ерөнхий болон ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлагын талаар ярьж байна. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалд зааснаар “мэргэжлээрээ 2 доошгүй жил ажилласан хүнийг ахлан нягтлан бодогчоор сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно” гэснийг зөрчсөн байна гэж үздэг. Гэтэл өнөөдөр Төсвийн тухай хуульд Сангийн яаманд ямар эрх олгосон юм бэ гэдгийг үзэх хэрэгтэй. Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “Төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.”  гэж заасан байдаг. Түүнээс биш ахлан нягтлан бодогч гэж юуг хэлэх юм, мөн ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлагыг Сангийн яамнаас тогтоох эрхийг хууль тогтоогчийн зүгээс олгоогүй. Гэтэл хуулиар олгогдсон эрхээсээ хэтэрч гаргасан журмыг үндэслэн Л.Нийг буруутгаж байна. Хавтаст хэрэгт Л.Нийг буруутгах хангалттай нотлох баримт цугларсан гэдгийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын хэд хэдэн ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Хийгдэх ажиллагаануудад нь Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь санхүүгийн хувьд ямар тогтолцоотой юм, тухайн газрын албан хаагчдын чиг үүрэг нь ямар юм, уг газрын санхүүгийн албанд ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчийн бүтэц бүрэлдэхүүн байдаг эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлууд харагдаж байна. Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрийн төсөвт харьяалагдах нягтлан бодогчийг томилоод байгаа асуудал юм уу, эсхүл өөр төсөвт харьяалагдах нягтлан бодогчийг томилоод байгаа асуудал юм уу гэдгийг нарийвчлан шалгуулах зайлшгүй шаардлагатай байна. Яагаад гэхээр сумын цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагыг хариуцаж байгаа нягтлан бодогчийн хувьд төсөв хариуцаж байдаг. Санхүүтэй холбоотой асуудал хариуцаж байгаа албан хаагч нарт тавигдах шаардлагын хувьд сүүлийн үед маш их өөрчлөгдсөн байдаг. Энэ өөрчлөлт, солигдож байгаа асуудал дээр томилгоо хийж байгаа Л.Нийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй юм уу, эсхүл үгүй юм уу гэдгийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Н нь 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль, журмыг зөрчин нягтлан бодогчийн мэргэжилгүй Э.Гг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны нягтлан бодогчоор томилж, түүнд давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Н нь ажлын байрны шаардлагад нийцсэн хүнийг сонгон шалгаруулалтад бүртгэж, сонгон шалгаруулалтад оролцуулах үүрэгтэй атлаа албан тушаалын байдлаа ашиглан нягтлан бодох мэргэжилгүй Э.Гг бүртгэж, нягтлан бодох мэргэжилгүй хүнийг бүртгэснийг мэдсээр байж, түүнийг сонгон шалгаруулалтад оруулсан үеэс түүнд давуу байдал олгожээ.

 

Улмаар Э.Гд давуу байдал олгох ажиллагааг үргэлжлүүлэн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан...төсвийн  шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө... гэснийг зөрчиж, Э.Гг нягтлан бодогчоор томилсны дараа зөвшилцөх эрх бүхий этгээдэд утсаар мэдэгдсэн  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ын... Засаг дарга нь над руу утсаар  ярьсан. Ванданжамц гэх нягтлан бодогч ажлаас чөлөөлөгдөөд оронд нь Э.Г гэх хүнийг томилсон. Гэхдээ Э.Г нь нягтлан бодох мэргэжилгүй, нягтлан бодох бүртгэлийн ангид эчнээгээр сурч байгаа юм  байна. Тантай зөвшилцөх ёстой юм байна гэж ярьсан. Надтай зөвшилцөх гэж байгаа бол нягтлан бодогчоор ажиллах гэж байгаа хүнийг тодорхойлох материалуудыг бичгээр ирүүлж, бичгээр хариу авдаг. Сангийн сайдын 294 дүгээр тушаалаар зөвшилцөх гэж байгаа хүнд тодорхой шалгуур байдаг. Их, дээд сургуулийг санхүү, нягтлан бодох мэргэжлээр төгссөн хүн байх ёстой. Албан ёсоор бичгээр зөвшилцөх юм бол шаардлага хангахгүй байгаа учраас боломжгүй гэсэн хариу өгнө гэж хэлсэн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Л.Нийн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол, санал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцсан болох нь 5 дугаар хавтаст хэргийн 181 дугаарт авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримтаар тогтоогдож байна.

 

Харин нэмэлт ажиллагаа болох гэрч Ш.Г-ийн мэдүүлгийг танилцуулахаар  мөрдөгч нь шүүгдэгч Л.Нд мэдэгдсэн боловч мөрдөн байцаалтын шатанд танилцах боломжгүй прокурорын шатанд танилцах талаар хэлсэн болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт... яллагдагч мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй гэж хуульчилжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар хэргийн материалтай танилцах нь яллагдагчийн эрх бөгөөд яллагдагчийн эрхийг албадаж, хүчээр эдлүүлэх боломжгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт...Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна... гэж заасан.

 

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн тогтоолоор гэрч Э.Ггаас гарган өгсөн 44 хуудас баримтыг тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэж үзэх үндэслэл биш бөгөөд дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв байна.

 

Уг хэрэгт хохирол шаардахгүй, Э.Гд олгосон цалинг хохирол гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд прокурорын...шүүгдэгч нь Жаргалант сумын засаг даргын тамгын газрын дарга учраас тус сумаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилох нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан тул Архангай аймгийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон гэж тайлбарлаж байгааг буруутгах аргагүй юм.

 

Аливаа этгээдийг ажилд сонгон шалгаруулж томилохдоо ямар шаардлагыг хангасан этгээдийг томилох талаар урьдчилаад хууль, журамд нийцүүлсэн ажлын байрны тодорхойлолт гарсан байдаг.

 

Өөрөөр хэлбэл Э.Гг томилохын тулд түүнд зөвхөн үйлчлэхээр ажлын байрны тодорхойлолт зохиодоггүй тул 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтыг яг тухайн цаг хугацаанд боловсруулж, гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч С.Х-ийн...Сангийн яамнаас гаргасан зөвлөмжөөр ТҮ-7 зэрэглэл, шатлал нь ахлах нягтлан бодогчийн ангилалд хамаарна. Төсвийн байгууллагын бүх нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх, тавигдах шаардлага шалгуурыг  “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох чөлөөлөх асуудлыг сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар” батлагдсан журмыг дагаж мөрдөнө. Сумын эрүүл мэндийн төв, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцан тус байгууллагуудын тайлан, зарлагын гүйлгээг гаргах баримтад 2 дугаар гарын үсэг зурж байвал ахлах нягтлан бодогч юм. Санхүүгийн баримт дээр 2 дугаар гарын үсэг зурж байгаа бол ахлах нягтлан бодогчийн эрх, үүргийг бүрэн хүлээнэ гэсэн үг...гэж, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт...хоёрдугаар гарын үсэг зурж байгаа учраас ахлах нягтлан бодогч юм...гэж тус тус мэдүүлжээ.

 

              2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр Э.Ггийн үндсэн цалинг ТҮ-7.1 шатлалаар олгохоор байгуулсан бөгөөд дээрх шатлалаар ахлах нягтлан бодогч цалинждаг, хариуцсан байгууллагынхаа тайлан, зарлагын гүйлгээ гаргах баримтад Э.Г нь 2 дугаар гарын үсэг зурсан зэрэг нь түүнийг ахлах нягтлан бодогч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

               Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Нд холбогдох хэрэг нотлогдсон, анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт...талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй...гэж хуульчилжээ.

 

               Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх хуулийн зохицуулалтад заасан шатанд санал, хүсэлтээ гаргалгүй, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтаа шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ба нотлох баримтыг үнэлж, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв  байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                 

                     

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц