Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0185

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч:  О ХХК

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А***

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н***

Гуравдагч этгээд: Г*** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У***

Газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын О ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У**** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч О ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “О ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын О ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай гэж өөрчилсөн.

          2. Хэргийн үйл баримтын талаар

          2.1. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаал /1 х.х-28/-аар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын *** амны хязгаарлалтын бүсэд Г*** ХХК-д *** м.кв газрыг ашиглах эрх олгож, тус яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр О ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна. /1 х.х-18/

          2.2. Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон тодруулсан шаардлагадаа:

          “Манай компанийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв талбайг ашиглах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан гаргасан. Ингэхдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэсэн. Гэвч хүсэлтийг шийдвэрлээгүй удсан бөгөөд биечлэн очиж хүсэлтээ хэзээ шийдвэрлэгдэх тухай лавлахад яамны мэргэжилтнүүд сайд, дарга нар солигдсон удахгүй шийдвэрлэнэ гэж хойшлуулсаар байсан.

          Улмаар 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт албан бичгээр хандаж, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр “...хүсэлт бүртгэлд бүртгэгдсэн ...иргэн ААН байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан” гэж цахим системд тэмдэглэсэн гэх хариуг өгсөн.

          Тухайн хариуг эс зөвшөөрч Байгаль орчин аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай албан бичгээр “хүсэлтэд дурдсан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчихөөр байна.” гэж мэдэгдсэн.

          Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар зүйлийн 15-ны өдрийн *** дугаар албан бичигт “ашиглахыг хүссэн газрын солбилцлыг заан тухайн талбай нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй болно” гэж тодорхой заасан. Мөн Газар ашиглах эрхтэй холбоотой өргөдлийн дотоод хяналтын хуудаст Кадастрын мэдээллийн санд давхцалыг шалгах хэсэгт “давхцалгүй” гэж тэмдэглэсэн.

          Хуулийн дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн хүсэлтээ гаргасан байхад газар ашиглуулах шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчиж байна.

          Гэтэл манай компанийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв талбайг ашиглах хүсэлтэд хууль бусаар татгалзсан шийдвэр гаргасан бөгөөд газрын давхцалтай гэсэн нь үндэслэлгүй.

          Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1. “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” /2023.01.06-ны өдрийн өөрчлөлт орохоос өмнө/ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

          Улмаар гуравдагч этгээд болох Трейт биг план ХХК-д тухайн газартай давхцуулан газар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

          Иймд О ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын О ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах.” гэв.

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

          “...О ХХК-ийн газар ашиглах хүсэлт гаргасан газрыг Г*** ХХК ашигладаг бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт” Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно;” гэж тус тус заасантай нийцэхгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичиг нь үндэслэлтэй байна. Мөн маргаан бүхий газар ашиглах эрхийг одоо Г*** ХХК ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн газар ашигласан эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах шаардлага нь гуравдагч этгээдийг эрх ашгийг хөндөхөөр байна.

          Г*** ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 1,2 га газар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан зориулалт, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл, 36 дугаар 36 дугаар зүйлийн 1-д заасан газар ашиглах эрх олгох сайдын эрх хэмжээнд /тухайн үеийн хүчин төгөлдөр хуулиар/ хамаарах хуулийн зохицуулалтад нийцсэн тушаал байна.

          Тус маргаан бүхий газрыг иргэн Ж.Э*** 2008 оноос эхлэн ашиглаж байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн *** дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

          Газар ашиглагчийн хүсэлтээр газар ашиглах эрх дуусгавар болгохоос бусад тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд захиргааны актад гомдол гаргах, маргах боломжийг олгох зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хүрээнд эрх хүссэн газрыг кадастрын мэдээллийн санд шалган үзэхэд цуцлагдсан газартай давхцалтай хэмээн абле системд хаасан тухай тэмдэглэсэн байна.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /2023 оны нэмэлт, өөрчлөлтөөс өмнө/ 11 дүгээр зүйл, 36 дугаар зүйлд тус тус зааснаар дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй бөгөөд хүн түр буудаллах отоглох зориулалтаар газар ашиглуулах боломжтой юм. О ХХК нь дархан цаазат газарт аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар газар ашиглах эрх хүссэн нь хуульд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад яг ямар үндэслэлээр О” ХХК-ийн газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг гардаж буй үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байх байна.

          Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ба ямар хуулийг зөрчиж газар ашиглах эрх олгосон гэдэг нь тодорхойгүй байна.

          Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байна.

          2023 оны 01 дүгээр сарын 31-нд хариу өгөхдөө Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөж байгаатай холбогдуулаад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа эсвэл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр тусгагдсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газруудад газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж батлах төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад шинээр ашиглуулах газруудын байршлыг тусгаж дуудлага худалдаа сонгон шалгаруулалтаар шийдвэрлэх талаар тухай бүр мэдээллийн хэрэгслээр зарлахаар төлөвлөж байна. 2023 онд нийслэлд газар олголт байхгүй байгаа учраас шинээр батлагдсан хуулийн дагуу тухайн дурдсан ажлууд байна. Газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтэд хавсаргах баримт буюу Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний байдлын тухай хууль зэрэгт заасан материал гэрээ дүгнэсэн акт газрын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тайлан кадастрын зураг гэх мэтчилэн дутуу баримт байдаг тул хамгаалалтын захиргаанаас албан бичгийг хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “...Г*** ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай албан бичгээр аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан бөгөөд хууль, журмын дагуу шаардлагатай бүхий л баримтуудыг хавсаргаж өгсөн.

          Улмаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот саналыг тус тус үндэслэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс нутаг, *** аманд байрлах *** м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон бөгөөд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн *** дугаартай гэрчилгээ авсан.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн байх боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан яг ямар үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон эсэх нь ойлгомжгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

          Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар албан бичиг нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд О ХХК-ийн ашиглах эрх хүссэн газар нь бусад иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалгүй байна гэдэг. Үүнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээ үндэслээд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр О ХХК-ийн *** дугаар албан бичгээр тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх хүссэн хүсэлт гаргасан.

          Энэхүү хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар шийдвэр О ХХК-д хүргүүлсэн. Энэ шийдвэрт танай компанийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг тус яам 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж аваад бичиг хэргийн бүртгэлд бүртгэсэн. Ингээд бүртгэснийхээ дараа 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр кадастрын хэлтсээс давхцалтай эсэхийг нь шалгуулахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан гэж цахим системд тэмдэглэсэн байна. Тэгэхээр 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар шүүлт хийгээд цуцлагдсан газартай давхцалтай гэдэг үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам хаасан юм байна. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт нь ингээд шийдэгдчихэж байгаа юм. Магадгүй цахим системд хаасан гэж тэмдэглэсэнтэй холбоотойгоор энэ шийдвэрийг авсан, аваагүй, мэдсэн, мэдээгүй гэж маргах юм бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу 30 хоног байна.

          Өргөдлийг шийдвэрлэх хугацааг магадгүй сунгасан гэж үзэх юм бол хамгийн цаад талын хугацаа нь 60 хоногийн дотор манай гаргасан хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдсэн юм уу гэдгээ өөрсдөө лавлаад, хэрвээ шийдвэрлээгүй бол шийдвэрлэж хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй 2019 онд маргах боломжтой байсан. Гэтэл ингэж маргахгүй явж байгаад одоо цахим системд хаагдсан юм байна, манай хүсэлтийг шийдвэрлээгүй хаасан юм байна гэдэг. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр О ХХК дахиад хүсэлт гаргаж байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг маань шийдвэрлэж хариу өгнө үү гээд гурван жилийн өмнө гаргасан хүсэлтийн хариуг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр асуугаад албан бичиг явуулаад байна.

          Тэгэхээр энэхүү албан бичиг нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *** дүгээр тушаалаар Г*** ХХК-д олгосон, Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт зааснаар ашиглахыг хүссэн газар нь бусад иргэн, хуулийн этгээдийн газартай давхцаагүй байх гэдэг шаардлагыг хангахгүй байгаа учраас танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гээд хариу өгсөн. Тэгэхээр энэ шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. О ХХК хоёр иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан учраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1 дэх хэсэгт зааснаар хоёр компанийг хооронд нь харьцуулаад сонголт хийх ёстой байсан гэж маргаад байгаа. Гэтэл яг иймэрхүү жишиг, ижил төстэй маргаанууд дээр явсан Улсын дээд шүүхийн тогтоолууд байгаа. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасан тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ.

          Гуравдугаарт аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзаад сонголт хийнэ гэж заасан. Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасан сонголт хийх болон харьцуулж үзэх заалт нь ямар тохиолдолд хэрэгжих вэ гэвэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хоёр аж ахуйн нэгж нэг газар дээр давхцаад хүсэлт гаргасан тохиолдолд энэ заалтыг хэрэглэх юм. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгж хүсэлт гаргалаа гэхэд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг нь 2019 оны 5 дугаар сарын 11, сунгасан талаар мэдэгдсэн албан бичиг байдаггүй. Тэгэхээр 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор О ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх байсан. 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор шийдвэрлэх 30 хоногийн дотор нь Г*** ХХК давхцаад хүсэлт гаргасан тохиолдолд харьцуулж сонголт хийх хуулийн зохицуулалт хэрэгжих ёстой.

          2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан бол тухайн үедээ хариу өгсөн эсэхээс үл хамаараад эс үйлдэхүйтэйгээ маргах хангалттай боломжтой байсан. О ХХК-ийн гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгсний дараагаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлдгээр н.Эрдэнэбулганы газар ашиглах эрхтэй холбоотой шүүхийн маргаан дууссаны дараагаар буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Г*** ХХК *** дугаар албан бичгээр хүсэлт гаргаж байгаа юм. Г*** ХХК-ийг хүсэлт гаргах үед тухайн газар дээр давхцуулан газар ашиглах эрх хүссэн хүсэлт гаргасан хуулийн этгээд байгаагүй 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар шүүлт хийгээд бусад иргэн, хуулийн этгээдийн цуцлагдсан газартай давхцалтай гэдэг үндэслэлээр хаасан.

          Хүсэлт шийдвэрлэх 30 хоногийн хугацаа хангалттай дууссаны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргаж байгаа тохиолдолд энэ хоёр хуулийн этгээд хоорондоо 60 хоногоос илүү хугацааны дараа хүсэлт гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ нь 36.2, 36.3 дахь хэсэгт заасан харьцуулж сонголт хийх асуудал үүн дээр яригдахгүй. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгоод ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах гэдэг шаардлага нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй шүүхийн шийдвэр гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл иргэдээс гаргаж байгаа өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх эрх нь төрийн байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байгаа.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байхгүй. Хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл О ХХК ямар нэгэн байдлаар газар ашиглах эрх авсан хуулийн этгээд биш. Ердөө хүсэлт гаргасан гэдэг үндэслэлээр маргаад байгаа. Гэтэл тухайн хүсэлтийг нь шийдвэрлээд хариу өгсөн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээд 30 хоногийн хугацаа 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан.

          Тухайн үед маргах эрх нь байхад маргаагүй мөртлөө одоо маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Манайх 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр сайдын тушаалаар авсан байхад нэгэнт өөр иргэн, хуулийн этгээдэд олгосон газар дээр өөрсдөө дараа нь хүсэлт гаргасан үйл баримт тодорхой харагдаж байна. Г*** ХХК-ийн зүгээс газар ашиглах эрхээ авснаас хойш тухайн газар дээрээ гурвалсан гэрээ байгуулсан. Газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахтай холбоотой бусад иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад тодорхой хэмжээний зардал, мөнгө гаргаад явсан. Энэ гаргасан зардал, мөнгөтэй холбоотой асуудал магадгүй нэхэмжлэлийг хангаж шийдлээ гэхэд гуравдагч этгээд хохирох юм уу, хууль зүйн үндэслэл бүхий ийм нөхцөл байдал байгааг харгалзаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын Г*** ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын *** ХХК-ийн газар ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсгийг О ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.       

          2. Нэхэмжлэгч О ХХК дараах үндэслэлээр маргасан.

          2.1. Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв талбайг ашиглах хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан гаргасныг ... цуцлагдсан газар дээр давхцалтай гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус.

          2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр “хүсэлтэд дурдсан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчихөөр байна.” гэж татгалзсан нь хууль бус.

          3. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгээр албан бичгээр О ХХК-ийн ...Төсөл хэрэгжүүлэх 5000 м.кв газрын кадастрын зурагт тусгагдсан солбилцлын цэг нь давхцаагүй..., О ХХК-ийн аялал жуулчлал зориулалтаар ашиглах төсөлдөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж саналыг хүргүүлэв.”, /х.х 33/

          Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар албан бичгээр “О ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахаар хүсэлт ирүүлснийг судалж үзээд ...Богдхан уулын дархан цаазат газрын *** амны хязгаарлалтын бүсэд байрлалтай.. 5000 м.кв талбай бүхий газар нь бусд газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй.” гэх саналыг тус тус хүргүүлсэн байна. /х.х 34/

          4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн *** дүгээр албан бичгээр О ХХК-д “Танай компаниас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, *** аманд аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар ашиглах талаар ирүүлсэн хүсэлт 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус яамны бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Тус хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Кадастрын хэлтсээс давхцалтай эсэхийг шалгуулахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан гэж цахим системд тэмдэглэсэн байна.” /хх 36/ гэх хариуг өгчээ.

          5.Дээрх үндэслэлийг шалган үзэхэд /1х.х-104-118/  Байгаль орчны сайдын 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар  Ж.Э***д *** аманд 3,0 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалж, мөн сайдын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр тушаалаар ашиглах эрхийг сэргээж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд уг шийдвэртэй маргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна.

          6.Түүнчлэн хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй, Г*** ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.

          7.Учир нь, О ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газар нь бүхэлдээ Г*** ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалтай бөгөөд Г*** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын *** амны хязгаарлалтын бүсэд Г*** ХХК-ийн хүсэлтийн дагуу *** м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгож, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээ олгосон байна. /х.х 41/

          8. Гэтэл О ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгээр албан бичгээр, Г*** ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг тус захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар албан бичгээр тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.

          Өөрөөр хэлбэл, О ХХК нь маргаан бүхий газрыг ашиглах хүсэлтээ Г*** ХХК-д уг газрыг ашиглуулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэхээс өмнө гаргасан байдаг.

          9.Энэхүү үйл баримт нь дээр дурдсан албан бичгүүд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгээр албан бичгээр О ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний тайлан /х.х-9, 10/,

          Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр саналыг үндэслэн гарсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас /х.х-11-15/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.         

          10.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1. “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, 36 дугаар зүйлийн 1. “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалт/ гэж заажээ.

          11.Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэвэл хариуцагчаас О ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг “иргэн, аж ахуйн нэгж байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай”,  “Г*** ХХК-ийн ашиглалтын газартай давхцалтай” гэх үндэслэлүүдээр татгалзах үндэслэл байхгүй байна.

          Иймд О ХХК-ийн газар ашиглах хүсэлт гаргасан газар нь Г*** ХХК-д ашиглуулсан газрын зарим хэсэгтэй бүхэлдээ давхацсан /1х.х-29/ байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын Г*** ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын *** ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсгийг О ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дүгээр зүйлийн 1 /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын Г*** ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын *** ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсгийг О ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас О ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын Г*** ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын *** ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын хугацаа нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.АДЪЯАСҮРЭН