Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Г.Г-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Д.Б, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                           Ц.С

                        Хохирогч                                                          Х.Н

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Г.Э

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ц.Б

                        Шүүгдэгч                                                          Г.Г

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Гт холбогдох 1912007290310 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Жаргалантын 03-325 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Г

 

Шүүгдэгч Г.Г нь Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн  Гүнгийн магнай гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Х.Нтай маргалдаж, улмаар 11-95 АРХ улсын дугаартай Истана маркийн автомашинаар дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялын 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн гаргаж өгч хэрэгт хавсаргасан сиди 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж,  шүүгдэгч нь хохирогч Х.Нт 18.200.000 /арван найман сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн байгааг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 434.186 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 8.717.300 /найман сая долоон зуун арван долоон мянга гурван зуу/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Хохирогч Х.Нын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Хашаат сумын иргэн Х.Н миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие тухайн үед маш хүнд нөхцөлтэй удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн. Би сэтгэл санаа болон бие махбодиор маш их хохирсон бөгөөд одоо хүртэл биеийн байдал сайжраагүй байна. Миний биеийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, хэргийн бодит нөхцөл байдалтай Г.Гт оногдуулсан хэргийн зүйлчлэл, ялын байдал тохирсонгүй бөгөөд ял хөнгөдсөн гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хохирогч Х.Н болон түүний өмгөөлөгчийн зүгээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Г.Гийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийг төлсөн  зэрэг нөхцөлийг харгалзан үзэж торгох ял оногдуулсан. Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар тогтоогдсон тул хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Х.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би маш их гомдолтой байна. Миний биед учирсан гэмтлийн хажууд Г.Гт оногдуулсан шүүхийн ял бага гэж үзэж байна.  Учир нь одоогийн байдлаар миний биеийн эрүүл мэндийн байдал сайжраагүй. Миний хөл өвдөж, мөн гэдэсний оёдол хатгаж өвддөг. Иймд маш их гомдолтой байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Анхан шатны шүүхээс Г.Гт  оногдуулсан ял шийтгэлийн байдал хөнгөдсөн бөгөөд хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Г нь удаа дараагийн давтамжтай хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж болохуйц үйлдлийг  давтан үйлдсэн. Мөн Г.Гийн үйлдэл нь өөр хүний оролцоотойгоор таслан зогсоогдсон байдаг. Хохирогч Х.Нын биед хүндэвтэр гэмтэл гарсан бол гэмтлийн зэргээр хэргийн зүйлчлэлийг  зүйлчлэн гэсэн зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сонгох санкц байна. Хэрэг үйлдэхдээ учруулж буй хор уршиг, хохирлыг тооцож  ялыг оногдуулах ёстой гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Г.Г хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид хэрэг гарсны дараа  18.200.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Энэ бага хэмжээний мөнгө биш юм. Г.Г нь өөрөө ажилгүй хэр нь  уг мөнгийг зээл авч төлсөн байдаг. Хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл үүссэн. Тухайн хэрэг гарах үед буюу хамт байхдаа  Г.Г машинаа бариулах гэж, харин Х.Н машин барихгүй гэснээс үүдэн хоорондоо маргалдсаны улмаас машинаар дайрагдах үед  үүссэн гэмтэл юм. Гэхдээ шүүгдэгч болон өмгөөлөгч миний хувьд хохирогчид хүндэвтэр хохирол учирсан асуудал дээр маргадаггүй. Г.Г нь хохирогчийг машинаар дайрахдаа зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. Энэ хоёр маргалдсанаас үүдэн тухайн хэрэг гарсан. Уг нь хоорондоо найз нөхдийн холбоотой бөгөөд архи ууснаас болж энэ нөхцөл байдал үүссэн.  Түүнээс биш шүүгдэгч Г.Гийн хувьд хохирогч Х.Ныг алах санаа, зорилго агуулан элдэж хөөсөн зүйл байгаагүй. Маргалдах үед хэлж байсан үг байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг оногдуулах нь шүүхэд хуулиар олгосон эрх хэмжээний зүйл юм. Шүүхээс Г.Гт оногдуулсан ялын тухайд хэлэхэд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, хийсэн хэрэгтэй гэмшиж буй нөхцөлийг харгалзан үзэж оногдуулсан ял юм. Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг оногдуулсан болохоос биш, харин түүнд ял хөнгөрүүлэн оногдуулаагүй юм. Ял хөнгөрүүлэн оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхийг хэлж байгаа юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учир хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Х.Нын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г нь Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн  Гүнгийн магнай гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Х.Нтай маргалдаж, улмаар 11-95 АРХ улсын дугаартай Истана маркийн автомашинаар дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Г.Гийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зөв байна.

 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Х.Н... Миний биеийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, хэргийн бодит нөхцөл байдалтай Г.Гт оногдуулсан хэргийн зүйлчлэл, ялын байдал тохирсонгүй бөгөөд ял хөнгөдсөн гэж үзэж байгаа...гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.Гийн үйлдэл нотлох баримтуудаар тогтоогдсон, оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г нь хохирогчийг алах санаа зорилготой байсан гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                               

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     Н.Э