Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа  даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Иргэдийн төлөөлөгч Г.Б

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч С.Ц

Шүүгдэгч Д.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т  холбогдох 17160009700051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ш овогт Д-ийн Т  гэв.

 

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 00-00 тоот гэртээ хамтран амьдрагч С.Ц-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой би хөдөөнөөс ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний орой би хүр дүү, эхнэр хоёртой архи уусан. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүр дүүгийндээ оччихоод, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөх булаг руу найзтайгаа нүүрсэнд өглөө яваад орой гэртэй ирэхэд манай эхнэр гурван найзтайгаа хамт архи ууж байсан. Архи ууснаас болж цохисон. 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой миний шээс гарахгүй байна гэж надаа хэлсэн. Тэгээд би шөнө 3 цагт түргэн дуудсан тийм зүйл болсон... Өмнө нь 2 удаа гар хүрч байсан... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Хохирогч С.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Манай нөхөр хөдөөнөөс ирээд маргааш нь хамт архи уусан. Тухайн үед би Говь-Алтай аймгийн 2-р арван жилд ажил хийж байсан бөгөөд цалингаа аваагүй байсан. Намайг чи цалингаа аваад гэр орондоо юу авсан юм гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл намайг түлхэж унагаагаад дээрээс дэвссэн. Тухайн өдөр 3 дахь өдөр байсан. Тэрнээс хойш бие өвдөөд байсан, хагас сайн өдөр дуудлага дуудаж үзүүлээд бүтэн сайн өдөр хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглээлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.А-ын “...Т, Ц нар мөнгө олохоороо л нийлээд архи уучихдаг, архи уухаараа Т Ц-ийг ер нь зоддог юм. Саяны зодохоос сарын өмнө бас нөхөртөө зодуулсан гээд манай нөхөр бид 2 гэрт нь очиж болохгүй бүтэхгүй бол 2 тийшээ сал гэдгийг нь хэлсэн... Архи уугаад яг агсарч байх үеийг нь хараагүй боловч манай дүүг удаа дараа зодоод байхыг бодоход архи уухаараа ааш зан муутай  хүн байна гэж бодож байгаа юм....” гэх мэдүүлэг /ХХ14-15/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Ц-ын “...хамт нэг хашаанд байхад Т архи уухаараа манай эгчийг зодож, цохидог байсан. Би нүдээр харж байсан. Ер нь удаа дараа үйлдэгддэг, архи уухаараа зодож цохидог... ” гэх мэдүүлэг /ХХ16-17/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.М-ийн “...Ер нь амьдрал ахуй муутай, ажилгүй, дээрээс нь архи их ууцгаана. Архи уухаараа хоорондоо маргаж, муудалцана. Т эхнэрээ зодож, цохиж, гэрийн өмч хөрөнгөө эвдэж сүйтгэдэг юм...” гэх мэдүүлэг /ХХ18-19/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 311 дугаартай “...1. 2. С.Ц-ийн биед хэвлийн хөндийд 1 литр шингэн хуралдалт,давсагны ханын урагдал, баруун дээд, доод зовхи, зүүн ташаан толгой, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /ХХ24-25/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ5/

Улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч С.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /ХХ10-11/, гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /ХХ76-77/, шинжээч эмч Т.А-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 311 дугаартай дүгнэлт /ХХ24-25/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ57-58/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирогч С.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /ХХ10-11/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /ХХ12-13/, ял шалгах хуудас /ХХ64/,  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Засаг даргын тодорхойлолт  /ХХ79/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Т нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Ц-ийг зодож амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн болох нь хохирогч С.Ц-ийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /ХХ95/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ /ХХ94/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай тогтоол /ХХ93/-оор хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлагын талаар прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд  Эрүүгийн  хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т  3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ64/-аар, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болох нь хохирогч С.Ц-ийн Прокурорын газарт гаргасан “... нөхөр болох Т-т гомдол санал байхгүй, эмчилгээний зардлыг бүрэн төлүүлсэн тул ял шийтгэлийг нь хөнгөвчилж өгнө үү...” гэх хүсэлт  /ХХ95/  зэргээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Д.Т-т тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Т-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, Д.Т-ын цахим үнэмлэх хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д-ийн Т-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Т-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, Д.Т-ын цахим үнэмлэх хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

                                     ШҮҮГЧИД                         Ч.МӨНХТУЯА

                                                                               Г.МӨНХТУЛГА