Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0117/З |
Дугаар | 128/ШШ2024/0288 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******,
Хариуцагч: Татварын ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******, Я.*******
2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, Э.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь Татварын Ерөнхий газарт холбогдуулан “2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах”-аар маргасан.
2.Нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 49/23 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг Татварын ерөнхий газар хянаад, хариу өгөөгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2024/087 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн зүгээс Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр доорх үндэслэлээр гомдол гаргасан.
******* ТӨҮГ-ын ил уурхайн олборлолтын явцад хөрс хуулалтын болон балансын бус хүдрийн олон жилийн овоолгууд үүссэн бөгөөд эдгээр овоолгууд нь хадгалалт, хуримтлуулалтын үед сульфидийн эрдсийн задралд орж овоолгод нэвчих хурын усаар зөөгдөн хүнд металл агуулсан хүчиллэг ус (ногоон ус) урсан гарч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд уг ногоон усыг уулын баяжуулах******* ТӨҮГ нь нэг удаагийн таталтаар тусгай хоолой татаж 500-600 сая төгрөгийн зардалтайгаар хаягдлын цэг рүү асгаж дээрх цэгт төвлөрүүлсэн их хэмжээний хүчиллэг ус нь байгаль орчин, хүн, малд маш их хортой нөлөөтэйгөөс гадна их хэмжээний үргүй зардлыг бий болгож байна.
******* ХХК нь үйлдвэрлэлийн болон ахуйн бохир усыг цэвэршүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нутагшуулах талаар туршилтын ажлыг амжилттай явуулж Эрдэнэт хотод үүсээд байгаа ус, хөрсний бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл, амьдрах орчныг сайжруулах, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх, “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд тус үйлдвэрийн ил уурхай, хүдрийн овоолгоос гарч байгаа хаягдал ус \хүчиллэг ус\-ыг цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлж ОХУ-ын ХХК-аас үйлдвэрийн хаягдал усыг иж бүрэн цэвэршүүлэх арга ба хэрэгжүүлэх технологийн ******* дугаар патентыг шилжүүлэн авч, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалаар “Үйлдвэрийн хаягдал усыг иж бүрэн цэвэршүүлэх тоног төхөөрөмж ба арга” ашигтай загварын гэрчилгээг авсан болно. Нөгөө талаар энэхүү төсөл нь УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын дараах заалтуудын хүрээнд хэрэгжиж байна. Үүнд:
Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, шинэ технологи нэвтрүүлж, нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах, хаягдлыг дахин боловсруулан ашиглах,
Хот суурин газрын агаар, ус хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх,
Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, хаягдал усыг дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын “Алсын хараа-2050”-д заасан Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.4-т заасан “Хаягдал ус дахин боловсруулах, цэвэрлэсэн усыг дахин ашиглах үйл ажиллагааг дэмжин хөгжүүлнэ”, 6.4.4-т “Бохирдол, хаягдлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, цэвэр үйлдвэрлэл, хэмнэлттэй хэрэглээг эдийн засгийн хөшүүргээр дэмжинэ” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хуралдсан Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын хамтарсан хурлаар хэлэлцэж хурлын тэмдэглэлийн 14.4 заалтад заасны дагуу дэмжигдсэн юм. 2023 оны 06 дугаар сард дээрх төслийн үйл ажиллагааны явцад буюу хүчиллэг ус, хаягдал усыг иж бүрэн технологийн дагуу цэвэрлэх явцад үүссэн “*******”-ийг /орос нэршил/ туршилт, судалгаа шинжилгээний зорилгоор тодорхой хэмжээгээр ******* ХХК-д худалдсан.
Тухайн үед “*******” буюу хаягдал хүчиллэг уснаас гарган авсан бүтээгдэхүүн нь ашигт малтмал эсэх, уул уурхайн ямар бүтээгдэхүүний ангилалд орох талаар хуулийн зохицуулалт байхгүй, бүтээгдэхүүний нэршил тодорхой бусаас шалтгаалж гэрээний дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар шаардлага төлөх шаардлага тавьж ашигт малтмалын ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжийг тухайн татвар төлөгчөөр бүртгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Манай компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хүчиллэг уснаас гарган авч буй “*******” нь ашигт малтмал, үүсмэл орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын аль ангилалд орох нь тодорхой бус эрх зүйн зохицуулалттай тул хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх үндэслэлгүй, техник, эдийн засгийн үндэслэл хийх боломжгүй, бараа тодорхойлох, код уялдуулсан системд ямар ангиллаар тодорхойлж бүртгэх нь тодорхойгүй тул гомдол гаргасан. Гомдол гаргаснаас хариу өгөхийг хуульд заасны дагуу 30 хоног хүлээсэн боловч аливаа байдлаар хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байгаа юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу хариуцагч нь ******* ХХК-аас гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
1. ******* ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсээс AM HAT төлөгчөөр бүртгэж, татварын албанаас төлбөр ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр шийдвэрийн хууль зүйн үндэслэл, зорилгодоо нийцэж буй эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газарт хандсан.
Татварын ерөнхий газраас дээрх асуудлыг хянан үзээд, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-т заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Харин ******* ХХК нь Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэлгүй, нэгэнт захиргааны урьдчилсан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэгдсэн асуудлаар дахин Татварын ерөнхий газарт гомдол гаргаж, тус гомдолд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасны дагуу гомдлыг хянан үзэхгүй байж болох зохицуулалттай.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.
Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасны дагуу ашигт малтмал экспортолсон этгээд Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч байхаар зохицуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.4, 2.7 дахь хэсэгт заасны дагуу гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлж, Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулах зохицуулалттай.
******* ХХК-ийн экспортолсон “” гэх бүтээгдэхүүнийг Гаалийн лабораторийн дугаар дүгнэлтээр “зэсийн баяжмал” гэж ( ) тодорхойлсон. Тус дүгнэлтийг нэхэмжлэгч тухайн үедээ хүлээн зөвшөөрч, бүтээгдэхүүнээ экспортолсон тул ******* ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэж, экспортолсон бүтээгдэхүүнд нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан татварын албаны үйл ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр Орхон аймгийн Татварын хэлтэст бүртгэгдсэн байна. Эндээс нэхэмжлэгчийн гомдол гаргах үйл ажиллагаа эхэлж байгаа. Орхон аймгийн Татварын хэлтсээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгэсэн үйл явдал 2023 оны 09 сард болсон. Энэ үйл ажиллагааг эс зөвшөөрөөд дээд шатны татварын алба буюу Татварын ерөнхий газарт Татварын ерөнхий хуулийн 81.1.2-т татварын албаны шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны татварын албанд гаргана гэж байгаа. Энэ гомдлын дагуу Татварын ерөнхий газарт гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байна. Татварын ерөнхий газраас 11 дүгээр сарын 01-ний өдөр албан бичгээр хариу мэдэгдсэн. Үүн дээр заавал Татварын ерөнхий газрын даргын гарын үсэгтэй хариу өгөгдөх шаардлага байхгүй.
Шийдвэрлээгүй үлдээсэн, орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлд заасан захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж үзэж болохоор байна. Яагаад гэвэл Татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны татварын албанд нь гомдол гаргадаг. Энэ утгаараа 11 дүгээр сарын 01-ний шийдвэрийг хүүлээж аваад шууд шүүх рүү нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэж байсан. Гэтэл дахиад яг адилхан агуулга бүхий гомдлыг 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Нэг зүйлийг тодорхойлж хэлэхэд Татварын ерөнхий хуулиар Татварын ерөнхий газраас дээд шатны татварын алба гэж байдаггүй. Татварын ерөнхий газрын даргаас дээд шатны татварын албаны дарга гэж байдаггүй. Тэгэхээр гомдлын харьяалал бол Татварын ерөнхий газар буюу Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу ирсэн гомдолд хариу өгөөд шийдвэрлэсэн. Сүүлийн гомдлыг шийдвэрлээгүй байгаа эс үйлдэхүй байна гэж үзээд байгаа.
Хэргийн нотлох баримтаас үзвэл Татварын ерөнхий газарт ирсэн бичгийг Татварын ерөнхий газрын даргаас Том татвар төлөгчийн газарт цохоод Том татвар төлөгчийн газраас Эрдэс баялгийн хэлтэс болон Татвар төлөгчтэй харилцах хэлтэстэй цохоод 2 байцаагчаар нь нэг нь утсаар мэдэгдсэн нэг нь ирж уулзсан гэдэг мэдээллийг авсан. ******* ХХК тухай бүр албан бичиг гарсан үе болгонд ирж уулздаг байсан.
Татварын алба иргэдээс өргөдөл, мэдээлэл хүлээж аваад энэ асуудлаар өмнө нь хандаж байсан бол дахин хянаж үзэхгүй байх үндэслэлтэй байдаг хэдий ч татварын алба уулзаж, утсаар ярьж тодорхой хэмжээний хариу мэдэгдсэн байдаг. Бичгийн цохолтоор татвар төлөгчид энэ захиргааны актыг мэдэгдэх боломжоор хангасан. Тийм болохоор эс үйлдэхүй биш захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа аль хэдийн хийгдсэн гэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт явагдаад дуусчихсан байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаад дууссаны дараа энэ асуудлаар шийдвэрлээгүй байна гэж дахин гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хамгийн гол эрх зүйн үр дагавар үүсгээд байгаа асуудал бол Орхон аймгийн Татварын хэлтсээс ашигт малтмалын төлбөр төлөгчөөр бүртгэсэн үйлдэл. Үүний үр дагавраар нэхэмжлэх, гадагш экспортолсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэхэмжлэх, нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгэж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ үр дагавар үүсгээд байгаа асуудлаар Татварын ерөнхий газарт гомдлоо гаргасан, Татварын ерөнхий газар хариу өгсөн байна. Асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй. Нэгэнт шийдсэн асуудлаар дахиж эс үйлдэхүй гэж маргаад үүнтэй холбоотой шийдвэр Татварын ерөнхий газраас байхгүй.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******аас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар албан бичгийг эс зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариу өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргасан.
2.1. үйлдвэр ТӨҮГ болон ******* ХХК-иудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Ил уурхайн гүний болон исэлдсэн хүдрийн овоолгоос тунасан хүчиллэг усыг саармагжуулан цэвэрлэх хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил” судалгааны ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, Техникийн даалгавар баталсан.
2.2.Манай компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хүчиллэг уснаас гарган авч буй “*******” нь ашигт малтмал, үүсмэл орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын аль ангилалд орох нь тодорхой бус эрх зүйн зохицуулалттай тул хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх үндэслэлтэй эсэх, бараа тодорхойлох, кодлох уялдуулсан системд ямар ангиллаар тодорхойлж бүртгэх асуудлыг Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт хандсан боловч шийдвэрлээгүй.
3.Татварын Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр “... “”-ийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр зэсийн баяжмал гэж тодорхойлсон. ...Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авч экспортолсон төлбөр төлөгч нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.19-д заасны дагуу худалдан авсан ашигт малтмалд ногдох төлбөрийг суутган авч тайлагнан төсөвт төлөх ба мөн хуулийн 47.7-д заасны дагуу тухайн ашигт малтмалыг экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэх хариу өгсөн байна. /хх 17/
4.******* ХХК-иас дээрх хариуг эс зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 49/23 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт “...манай компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хүчиллэг уснаас гарган авч буй “*******” нь ашигт малтмал, үүсмэл орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын аль ангилалд орох нь тодорхой бус эрх зүйн зохицуулалттай тул хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх үндэслэлгүй, техник, эдийн засгийн үндэслэл хийх боломжгүй, бараа тодорхойлох, код уялдуулсан системд ямар ангиллаар тодорхойлж бүртгэх нь тодорхойгүй байхад харьяа татварын байгууллага Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлүүлэхээр нэхэмжлэл үүсгэсэн нь үндэслэлгүй байх тул ... Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэх гомдлыг гаргажээ. /хх 19/
5.Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасны дагуу гомдлыг хянан үзэхгүй байж болно гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан.
6.******* ХХК-иас Татварын Ерөнхий газарт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 49/23 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг хянаж хариу өгөхийг Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчийн харилцах хэлтэс болон Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн болох нь уг гомдолд хийсэн цохолт, Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын /Тeams/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна./хх 64-66/
7.Тодруулбал, хариуцагчаас ******* ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдлыг хүлээн авч дээрх хэлтсүүдэд цохож, Явцын тэмдэглэлд гүйцэтгэлийн хувийг 100 гэж дүгнэсэн бөгөөд хэлтсийн дарга Ц., М., Газрын дарга Т., Татварын улсын байцаагч А., Э. нарын ирсэн гомдолд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар тэмдэглэгдсэн боловч гомдол гаргагчид хариу өгөөгүй байна.
8.Хариуцагчаас гомдлыг хүлээн авч хянасан боловч эцэслэн хариу өгөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”,
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”. 99 дүгээр зүйлийн 99.1.”Гомдлыг хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллага энэ тухай захиргааны акт гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргагч этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, түүнийг баримтжуулна.” гэж заасныг зөрчсөн.
9.Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газраас ******* ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй Татварын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг гомдолд хариу өгөхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Татварын ерөнхий газраас ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоосон бөгөөд ******* ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан татварын албаны үйл ажиллагааны талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдолд хариу өгөхийг Татварын ерөнхий газарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН