Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-т холбогдох 17160011600055 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт Н-ийн А  гэв.

Шүүгдэгч Н.А 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвийн хойд талын мөрөг дээр иргэн Х-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар зүүн гуян тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвийн хойд талын мөрөг дээр иргэн Х-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар зүүн гуян тус газарт хутгалж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь:

Шүүгдэгч Н.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн өдөр би адуугаа хайх гээд сумын төвийн шатахуун түгээх газраас бензин авчихаад явж байгаад гудамжинд таарсан. Тэгээд Т-ийнд очоод архи уусан. Дараа нь Б бид хоёр адуу малнаас болж маргалдсан. Тэгтэл Л.Х намайг цохисон тэрнээс болоод ийм зүйл болсон ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Х-ын “...Сумын арын мөрөг дээр гараад Б-ын авч ирсэн архийг ууж байтал Б, А хоёр зодолдоод эхлэхээр нь машинаас буугаад А-ын шанаанд цохисон тэгээд А миний дээрээс дараад унасан дараа нь  юу болсныг санахгүй байна ... Би нилээн согтуу байсан ... Миний зүүн гуяны дээд хэсэгт хутга орсон байсан... ” гэх мэдүүлэг /ХХ12-13/,

Гэрч Д.Т-ийн “...гадаа А, Б-ыг унагааж байгаад хоёр удаа цохисон гэтэл Х машинаас буугаад А-ыг нэг удаа цохиод тэр хоёр дээр доороо ороод ноцолдсон би гэнэт А-ын түрүүнд хутга байсныг санаад машинаас бууж ирээд А-ыг хутгаа өг гэхэд надад хутгаа өгсөн би Х-ын өмдийг нь тайлаад үзэхэд Х-ын гуя нь цустай байсан. Бө-д ирээд нэг даавуу аваад Х-ын хөлийг нь боогоод Бө бид 2 цагдаад ирж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ14-15/,

Гэрч С.Бө-ийн “... би бие засаад хажуу талын жалганд орж хүндэрчихээд гараад ирэхэд А, Х-ын зүүн гуянд хутгалчихсан байхаар нь би цагдаа дуудсан юм... Адуу мал алдсан гэснээс болоод Б, А хоёр хоорондоо маргалдаад байсан юм. Түүнээс болсон байх, хутгалах үед нь би байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ17/

Гэрч Т.Г-ийн “... 2017 оны 11 дүгээр сарын 01-ний орой 17 цагийн орчимд Х гэдэг залуу зүүн гуяндаа хутгалуулсан байдалтай манай эмнэлэгт ирэхэд би цусыг цэвэрлээд натри хлор дуслаар хийж өгсөн. Э эмч хутга орсон хэсэгт нь боолт хийж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ18/

 

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 345 дугаартай “...1. Иргэн Х-ын биед гэмтэл учирсан байна.

2. Иргэн Х-ын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт  /хх30-31/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ5/, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тодорхойлолт /ХХ32/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.

 

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Шүүгдэгч Н.А-т холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн /ХХ2-3/ бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 Шүүгдэгч Н.Ань гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн боловч согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс Эрүүгийн хуулийн 6.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзэн прокурорын гаргасан санал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй  байна гэж үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан бор иштэй хар өнгийн гэртэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Н-ийн А-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Н-ийн А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Н.А-т сануулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн модон иштэй,  хар өнгийн гэртэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.  

6. Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА