Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 109/ШШ2024/0011

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: С.Д  

           Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох “15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын ********** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох,  газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг дарга; даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д  (цахим), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н (цахим), хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн С.Д , Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хооронд  “15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын ********** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох,  газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч С.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Газар эзэмших гэрчилгээний 15 жилийн хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тасалдаад, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сэргэсэн, өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгосноос хойш 13 жил 11 сарын дараа эрхийг хүчингүй болгоод, эргээд сэргээсэн ба мөн үеэс хугацааг тоолоход 5 сар нэмэгдэж байсан тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсгийг үндэслэн “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” тухай хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Цэнхэр сумын Засаг даргад гаргасан. Хариу өгөхгүй буюу хугацаа сунгахаас хууль бусаар татгалзаж, эс үйлдэхүй гаргаад байсан тул аймгийн Засаг даргад хандан 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 912 дугаар албан бичигт  “...сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээд судалж хариу өгнө үү” гэсэн байх бөгөөд ямар ч ажиллагааг сумын Засаг дарга хийгээгүй бөгөөД-дээд шатны захиргааны байгууллагын хариу бичгийг 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гардан авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон, нэгж талбарын ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлт гаргасан. Энэ газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө буюу 15 жилийн хугацаа дуусахад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчилгээг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох баримтын хамт гаргасан. Сумын Засаг дарга хүсэлтийг шийдвэрлэсэн хариу өгөөгүй, газар эзэмших эрхийг сунгаагүй. Ингээд хуульд заасан хугацаа дууссан учраас аймгийн Засаг даргад хандаж 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг сумын Засаг даргад даалгаагүй. Яагаад даалгаагүй талаар гомдол гаргахад аймгийн Газар зохион байгуулалтын газраас сунгах асуудал нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Тэгэхлээр түүгээрээ асуудлыг шийдвэрлэж хариу өгнө үү гэсэн хариу өгсөн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хариуг зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд хандсан.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзаж байгаа бол ямар үндэслэлээр татгалзаж байгааг хууль зүйн хувьд тайлбарлах ёстой. Ийм ийм баримтыг үндэслэж уг нөхцөлөөр сунгах боломжгүй гэж хариу өгөх ёстой. Гэтэл ямар нэгэн хариу өгөөгүй учраас газар эзэмших эрхийг эзэмших эрхийг сунгахаас татгалзаж байгаа юм байна гэж ойлгосон. Гэхдээ татгалзаж байгаа нь Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж буй учраас тус шүүхэд хандсан. Иймд энэ газар эзэмших эрхийг сунгахыг Цэнхэр  сумын Засаг даргад даалгаж  өгнө үү гэв.

4. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: С.Д-д 2007 онд эзэмшүүлэх эрх олгосон гэх газар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах Цэнхэрийн рашааны орчимд байрладаг бөгөөд Архангай аймгийн үе үеийн удирдлагууд нь тус нутгийг хайрлан хамгаалах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Сүүлийн жилүүдэд тус газрыг хамгаалах хөдөлгөөн иргэдийн дунд ихээхэн хүчтэй өрнөх болсон бөгөөд тухайн газарт аймгийн удирдлагуудаас хэд хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийж байсан. Сүүлд аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 305 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан бичгээр 13 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхтэй холбоотой зөрчлийг арилгуулах, газрын эрхийг цуцлах тухай мэдэгдээд байгаа бөгөөд мөн газрын зөрчилтэй холбоотой Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 06/5811 дүгээр “хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдэл ирсэн болно. Газрын тухай хуульд заасан журмын дагуу иргэний эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын газартай давхцалгүй байж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлан сумын Засаг даргын захирамжаар олгодог. Иргэн С.Д-д газар эзэмшүүлсэн гэх үйлдэл нь Газрын тухай хуулийг зөрчиж байх тул цаашид сунгах үндэслэлгүй байна. Тодруулбал, тус газар нь 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа явагдаагүй, газрын даамал нь 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.Д-д 10000 мкв газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамжгүйгээр гэрчилгээ бичиж олгосон, үндэслэн гэрчилгээ бичиж өгсөн 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/80 дугаартай захирамж нь Эцгийн нэр өөрчлөх тухай гэсэн захирамж байдаг. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш өмнөх албан тушаалтнуудын хууль зөрчсөн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх бус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.-т 3ахиргааны үйл ажиллагаанД-дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.4.-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмуудыг баримтлан хуулийн дагуу зохих шийдвэрүүдийг гаргаж байгаа болно. Тус сумын газрын даамлын хууль бус үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч ажлаа хүлээлгэн өгсөн хэдий ч, түүний хууль бус үйл ажиллагааны үр дагавартай холбоотой шийдвэрлэх нэлээдгүй зөрчилтэй асуудлууд байгаа бөгөөд цаашид Цэнхэрийн халуун рашаан орчмын газар олголтын асуудлыг Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэх шат дараатай үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа болно. Иймээс С.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу С.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Д  нь анх газар авахдаа хууль дүрмийн дагуу аваагүй. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2006 онд батлагдахад тухайн халуун ус гэх газар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар ороогүй 2007 онд авахдаа газрын дуудлага худалдаа явагдаагүй, дээр нь захирамж гараагүй гэж үзэж байгаа. Яагаад захирамж гараагүй гэж үзэж байгаа вэ гэхээр захирамжийн нэг хувь сумын архив аймгийн архивт хадгалан үлддэг. Тэгээд манай суманд хадгалагдан үлдэж байгаа тэр 80 тоот захирамж нь овог нэр өөрчлөлтийн билүү, үрчлэлтийн ч билүү тийм утга бүхий захирамж байгаа юм. Тэгээд энэ захирамж гарч газрын гэрчилгээ бичиж өгсөн. Үүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Тийм учраас энэ газрыг сунгах, цааш нь үйл ажиллагаа явуулахаД-дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой бичсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд

1.1. Иргэн С.Д  нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай асуудлаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад хүсэлт гаргажээ. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаас дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй байна. Улмаар иргэн С.Д  нь дээрх асуудлаар 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 912 дугаар албан бичгээр “ ... газар эзэмших эрхийг сунгуулах талаар судлан үзэж сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хариу өгөх ...”-ийг Цэнхэр сумын Засаг даргад мэдэгдэж, хувийг иргэн С.Д-д хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 1-2, 4-6, 67-70 дахь тал)

1.2. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 912 дугаар албан бичиг хүлээн авснаас хойш иргэн С.Д гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байх бөгөөд улмаар С.Д  нь 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1.3. Иргэн С.Д гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

2. Маргааны үйл баримтын тухайд

2.1. Анх иргэн С.Д  нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжаар тус сумын Алтан овоо баг, Халуун усанд Шивээт манхан жуулчны баазаас дээш 20 метрийн зайд 1 га газыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр *******дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 41, 94 дэх тал)

2.2. Хариуцагчаас “ ... газрын даамал нь 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.Д-д 10000 мкв газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамжгүйгээр гэрчилгээ бичиж олгосон ...” гэх боловч шүүхийн үзлэгийн явцад газрын цахим системээс иргэн С.Д-д газар эзэмших эрх олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай захирамжийн хуулбар гарсан, тус оны архивын баримтад байхгүй, 80 дугаарт өөр агуулга бүхий захирамж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах шууд үндэслэл болохгүй бөгөөд иргэн С.Д-д газар эзэмших эрх олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжийг хуурамч буюу хууль бусаар үйлдсэн талаар эрх бүхий байгууллага шалгаж, шийдвэр гаргаагүй байх тул хариуцагчаас гаргасан энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй. (1 дүгээр хавтаст хэргийн 41, 91, 131-138 дахь тал)

2.3. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжаар С.Д гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг захирамжтай холбоотой маргааныг тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 109/ШШ2022/0023 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2022/0622 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 36, 117-125, 139-193)

2.4. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/82 дугаар захирамжаар иргэн С.Д тай холбоотой “Иргэн аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 36-40 дэх тал )

2.5. Ийнхүү иргэн С.Д  нь газар эзэмших эрх сэргэсэн гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цэнхэр сумын Засаг даргад хүргүүлж, тус сумын Засаг даргаас энэхүү хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй ажээ. Улмаар иргэн С.Д гаас дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.  

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

 

3.2. Ийнхүү шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “С.Д гийн 15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын ********** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох,  газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргаД-даалгах” шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид 15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын ********** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.3. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох хүрээнд тодорхойлсон. Шүүх дараах үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3.4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тухайлан хуульчлан зохицуулсан байх бөгөөд 35.1.5 дахь заалтад “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;”. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөД-дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гээд, мөн зүйлийн 37.1.1 дэх заалтад “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2 дахь заалтад “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3 дахь заалтад “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”-ыг тус тус хавсаргахаар, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

3.5. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай захирамжийг үндэслэн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 жилийн хугацаатайгаар олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 41, 94 дэх тал)

3.6. Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацааг  гэрчилгээ олгосон өдрөөс тооцож (15 жил) үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусахаар байжээ. Хэдий тийм боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал)

3.7. Улмаар иргэн С.Д  дээрх А/180 дугаартай захирамжид холбогдуулан тус шүүхэд маргаан үүсгэсэн байх бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 109/ШШ2022/0023 дугаар шийдвэрээр маргаан бүхий акт болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2022/ 0622 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 117-125, 139-193 дахь тал)

3.8. Нөгөөтээгүүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” Энэ дагуу хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/82 дугаартай захирамжаар С.Д гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2021 оны А/180 дугаартай захирамжаа хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал)

3.9. Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж иргэн С.Д гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ хариуцагч хүчингүй болгосноор иргэн С.Д гийн газар эзэмших эрх эл үеэс сэргэсэн гэж үзэх үндэстэй.

3.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 15 жилийн хугацаа дуусахаас 1 жил 24 хоногийн өмнө Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 3-ны  өдрийн 09 дугаартай тогтоол гарч анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

3.11. Нөгөөтээгүүр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/82 дугаартай захирамжаар өмнө гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаартай С.Д гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа хүчингүй болгосон байх тул эл хугацаанд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар газар эзэмших эрхийн хугацаа тасалдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал)

3.12. ИймД-дээрх хугацаанаас хойш буюу газар эзэмших эрх сэргэсэн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш тасалдсан хугацааг (1 жил 24 хоног) тооцож үзвэл иргэн С.Д гийн газар эзэмших эрхийн /15 жил/ хугацаа 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар байжээ.

 

3.13. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” зохицуулалттай. Нэхэмжлэгч С.Д  Архангай аймгийн Цэнхэр сумын Газрын алба нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” №*****-****/***** дугаартай гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний Гурав. Газар эзэмшигчийн эрх 3.6-д “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах /Эрхийн гэрчилгээний хүчинтөгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах/“ гэж тусгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал)

3.14. Дээрх хуулийн хэм хэмжээний дагуу нэхэмжлэгч С.Д  газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны ирсэн бичгийн бүртгэл № 585 дугаарт иргэн С.Д гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлт бүртгэгдэж, газрын даамал Г.Н-д цохогдсон хэсэг зэрэг баримтаар тогтоогдож байна. Мөн гэрч Г.Н шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “ ... 2023 оны 10 дугаар сард манай сум газрын даамалгүй байсан, 11 сард нь би ажилд ороод хүсэлт нь над дээр ирсэн, одоо энэ хүсэлтийг би олохгүй байгаа, уг хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй. Тухайн бичиг нь бүртгэл хяналтын карттай, цохолттой л байсан, юу гэж чиглэл өгч бичсэн байсанг нь санахгүй байна.” гэх тайлбар гаргажээ. (Хавтаст хэргийн 52-53, 127-129 дэх тал)

3.15. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөД-дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт” гэж тус тус заасан.  

3.16. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу иргэн С.Д гаас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд /2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр/ гаргаж, холбогдох баримтыг хавсарган хүргүүлсэн болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Тухайлбал, нэхэмжлэгч С.Д  нь Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багт нэгж талбарын ********** дугаар бүхий 9495м2 газрыг Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/80 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байгаа, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гараагүй бөгөөд тухайн газрын төлбөрийг 2023 онд төлсөн, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” 21 дүгээр албан бичигт “ ... байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлээ, ерөнхий үнэлгээний дүнгээр тус төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ ...” гэж, 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтэд “ ... газар эзэмшигч нь Газрын тухай хууль, бусад дүрэм, журмын дагуу зөрчилгүй байгаа хэдий ч цаашид анхаарах хэд хэдэн зөвлөмжийг өгч байна ...” гэж тус тус дурджээ. (Хавтаст хэргийн 43, 47, 220, 224 дэх тал)

 

3.17. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ сунгуулахаар буюу 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэх талаар ямар нэг хариу өгөөгүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

3.18. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.” гэж заасан.

3.19. Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргаас иргэн С.Д-д 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 01/355 дугаар албан бичгээр “ ... газар нь Эрүүгийн хэргийн шатанд шалгагдаж байгаа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх зөрчил илэрсэн тул шалгалтын хариу гартал түр үйл ажиллагаагаа зогсооно уу ...” гэх мэдэгдэл, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01/35 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах болсон талаар мэдэгдсэн байх бөгөөд уг баримт нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтэд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Цэнхэр сумын Засаг дарга хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, ямар нэгэн хариу өгөөгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан нөхцөл тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 65, 71 дэх тал)

3.20. Иймд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Газар эзэмших гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах шаардлагын тухайд

3.21. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан ... захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагаД-даалгах хүрээнд тодорхойлсон.

3.22. Шүүх дараах үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын агуулгыг тайлбарлавал, аливаа захиргааны байгууллагын хууль бус татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол нэхэмжлэгч этгээд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах талаар нэхэмжлэлээ тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Д  нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах агуулгаар бус, харин газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах агуулгаар тодорхойлсон нь дээрх хуулийн уг зохицуулалтад нийцэхээргүй байна.

3.23. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй, сунгах эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж нэхэмжлэгчид хүргүүлээгүй ажээ.  

3.24. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж заасан зохицуулалтын агуулгаас үзвэл сумын Засаг дарга нь иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй буюу энэ нь захиргааны байгууллагын сонгох боломж эрхийн хүрээнд хамаарна.

3.25. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл хариуцагч эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж зөвшөөрсөн эсхүл татгалзсан шийдвэрийн аль нэгийг хуульд заасан хугацаанд хууль зүйн үндэслэлтэйгээр хариу өгч шийдвэрлэх үүрэгтэй. Ийнхүү тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч нэхэмжлэгчийн хувьд эрх нь хөндөгдөх учиртай байна.

3.26. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “….эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Хуулийн эл зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээний нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг шалган тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хариуцагчаас тодорхой ажиллагааг хийгээгүй байх тул шүүхээс хариуцагч захиргааны байгууллага сонгох боломж, эрхийг зөв хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

3.27. Иймд газар эзэмшигч нэхэмжлэгч иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй, энэ талаар хариу өгөөгүй, сунгах эсэх нь захиргааны байгууллагын сонгох боломж эрхийн хүрээнд хамаарахаар хуульчлагдсан нөхцөлд /газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг  сунгуулах тухай хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах агуулгаар бус/ газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах агуулгаар тодорхойлсон нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал тэдгээрт дурьдсан үндэслэлийн тухайд:

3.28. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “ газар эзэмших хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, захирамжгүйгээр гэрчилгээ олгосон, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдоогүй, аймгийн Засаг даргын 2022 оны 305 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан бичиг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 06/5811 дугаартай мэдэгдэл зэрэг ирсэн ... ” гэх боловч эдгээр үндэслэлээ дурдаж, татгалзсан ямар нэгэн хариуг нэхэмжлэгчид өгөөгүй байна.

3.29. Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.

3.30. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзалдаа дурдсан дээрх үндэслэлийн тухайд,  иргэн С.Д  болон Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэр түүний үндэслэх хэсэгт тухайлбал, үндэслэх хэсгийн 6-аас 12 дахь дэс дугаартай хэсэгт нэгэнт дүгнэгдсэн байх тул эл асуудлаар шүүх дахин нотлох, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. (1 дүгээр хавтаст хэргийн  117-125 дахь  тал)

 

3.31. Мөн хариуцагчаас иргэн С.Д-гийн газар нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх боловч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06/5206 дугаар албан бичгээр Цэнхэр сумын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар тайлбар гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 191200381 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг ирүүлжээ. Улмаар уг хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 39 дүгээр тогтоолд нэхэмжлэгч С.Д , түүний газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар ямарваа дүгнэлт хийгээгүй, уг хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 142-143, 208-218 дахь тал)

            ИймД-дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.13, 106.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Д гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын ********** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, үлдсэн хэсэг болох “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ТҮВШИНТУЛГА