Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1233

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Я-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01158 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Я-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.М , Л.Д  нарт холбогдох,

 

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Г.Я  өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Булгантамир,

Хариуцагч Л.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Алтантуяа,

Хариуцагч С.М гийн өмгөөлөгч: Б.Манлайжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Д.Г  нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрыг Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/277 тоот захирамжийг үндэслэн эзэмшдэг байсан.

Д.Г  нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Түүний охин Г.Я  Солонгос улсад ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ш.Б , Б.С , 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Б , Б.Б нарт тус тус Б.Г ийн нэр дээрх газрыг өвлөн авах тухай хүсэлтийг зохих байгууллага, Нотариатын танхим, нотариатчид бүртгүүлэх, хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах, өв нээхтэй холбоотой бүхий л эрхийг 3 жилийн хугацаатай олгосон.

Итгэмжлэлийн дагуу Ш.Б , Б.Б , Б.С  нар дээрх газрыг өв хүлээн авах хүсэлтийг Сүхбаатар тойргийн нотариатч П.Г  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд Гарын үсгийн бүртгэлийн дэвтрийн 17 дугаарт бүртгэж өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Нотариатчдийн танхимд хандахад Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.М  нь нэхэмжлэгчийн эмээ Л.Д д өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олгосон байсан.

С.М  нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.2.5, 21.2.9 зөрчиж хувийн байдлыг нь тогтоолгүй, өв хүлээн авах эрхийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож хууль зөрчсөн. Нотариатч хамт амьдарч байсан гэх оршин суугаа газрын тодорхойлолтыг үндэслэсэн гэж тайлбарладаг боловч хамт амьдардаг гэдгийг тодруулахгүйгээр олгосон нь түүний тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Тэрээр Иргэний хуульд заасан өвийг хүлээн авах эрхтэй этгээдийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Мөн нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч П.Г  маргаан бүхий хоёр газрыг өвлөн авахаар хүсэлт гаргасан байхад шалгалгүй шууд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Д.Д  нь Д.Г ийн хамт амьдарч байгаагүй болох нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тодорхой болсон.

Г.Я  нь Д.Г ийн төрсөн ганц охин бөгөөд цорын ганц өвлөх эрхтэй этгээд бөгөөд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байхад Л.Д  нь хууль ёсны өвлөгч эсэх, Г.Я  өвлөх хүсэлт гаргасан, татгалзаагүй байхад өвийг хууль бусаар өөр этгээдэд олгож хууль зөрчсөн.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Я  Баянгол дүүрэг 20 дугаар хороо Төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү.

Г.Я  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу нэг жил болохоос арав хоногийн өмнө хүсэлт гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуулийн шаардлага хангахгүй гэжээ.

 

Хариуцагч Л.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Д.Г  2013 оноос эхлэн ээж Л.Д гийн хамт амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Д.Г  нас барахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 209 м.кв газрыг 2 хувааж 100 м.кв газрыг иргэн С.Т , 109 м.кв газрыг ах Д.Г  нарт шилжүүлж өгөхөөр Нийслэлийн газрын албанд өргөдөл гаргасан байсан боловч зарим нэг бичиг баримт дутуугаас бүртгэлгүй буцаасан.

Г.Я  нь түүний өмнөх эхнэрийн охин бөгөөд Д.Г  2007 онд гэрлэлтээ цуцлуулсан. Д.Г ийг нас барсан өдөр охинд нь мэдэгдэх гэхэд утас нь холбогдоогүй. Л.Д  нь Д.Г тэй хамт амьдардаг байсан тул нотариатч дээр очиж нэг жилийн дараа буюу 2019 оны 03 дугаар сард өвлөх эрхийн 06 тоот гэрчилгээ авсан. Нотариатч талийгаачийн эд хөрөнгийн талаар өв залгамжлах эрхтэй өөр этгээд байгаа талаар Нотариатчдын танхимаас лавлагаа авахад байхгүй гэсэн хариу ирүүлсэн тул эх Л.Д д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Энэ хугацаанд Г.Я  нь Л.Д  болон түүний хүүхдүүдтэй нэг ч холбогдоогүй. Г.Я  энэ хугацаанд тэндээ консул, дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яаманд өв хүлээн авах хүсэлтээ гаргах боломжтой байсан. Л.Д  нь Иргэний хуульд зааснаар хууль ёсны өвлөгч, харин Г.Я  2019 оны 03 дугаар сарын 06-нд өвлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй.

Г.Я  2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг гаргах итгэмжлэлийг олгож явуулсан байдаг. Г.Я-гийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сүхбаатар дүүргийн нотариатч П.Г  дээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргах гэж бичээд гарын үсгийн бүртгэлтэй байгаа дэвтэр дээр өвлөх эрхийн хүсэлт гаргаагүй, ганцхан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн байна. Өөрсдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэх хүсэлт гаргасан болохоос биш өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй байна. Өв нээгдсэн газар Баянгол дүүрэг байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сүхбаатар дүүргийн нотариатч дээр очиж гарын үсэг зуран түүнийгээ гэрчлүүлсэн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл дээр Г.Я аас Ш.Б , Б.Б нарт олгосон итгэмжлэл дээр гарын үсэг гэрчлүүлэх эрх олгогдоогүй. Тиймээс Сүхбаатар тойргийн нотариатч П.Г  дээр хийлгэсэн гарын үсэг гэрчлүүлэх баримтыг Г.Я-гийн  өмнөөс хийсэн гэж үзэх боломжгүй.

Г.Я  өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан гэж үзэх баримт байхгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т бусад өвлөгчид нэг жилийн дотор өв нээгдсэн газрын нотариатад гаргасан бол өв хүлээн авна гэж үзнэ гэж зааснаар өв нээгдсэн газрын нотариатад гаргаагүй тул өв хүлээн авсан гэж үзэх боломжгүй, мөн өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр түүний ээж Л.Д г тогтоож, Г.Я  өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч С.М  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: Л.Д гийн иргэний үнэмлэхээр үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож нас барагч Д.Г ийн нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэх, эзэмшилд нь байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албатай байгуулсан гэрээ, кадастрын зураг, нас барагчийг нас барах үед хамт амьдарч байсан талаарх Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагааг гаргуулж өвлөх эрхийн гэрчилгээ авах иргэн Л.Д гийн хүсэлт зэргийг нягтлан шалгаж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгч намайг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-ийг зөрчсөн гэж байгаа боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж заасны дагуу иргэн Л.Д  өөрийн цахим үнэмлэхтэй ирж нотариатч надаар үйлчлүүлсэн тул хуулийг зөрчөөгүй.

Үйлчлүүлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хорооны засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, гэрлэлтээ цуцлуулсан болох тухай лавлагаа, иргэн Л.Д г Д.Г ийн эх мөн болохыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин гэрлэлт бүртгүүлээгүй болох лавлагаа гэсэн баримтуудыг шаардан гаргуулж, уг бичиг баримтуудыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Иргэн Л.Д  нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны нэгдүгээр өвлөгч бөгөөд тус хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан хугацаагаар хамт амьдарч байсан гэдэг нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иргэн Л.Д  хүсэлтдээ бүх нөхцөл байдлыг бичсэн бөгөөд тэр нөхцөл байдлыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.М гийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Я  Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.М , Л.Д  нараас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Я д олгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Я д холбогдох Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Г.Я  өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох хариуцагч Л.Д гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Д  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуульд зааснаар нас барагчийн төрсөн ээж хууль ёсны өвлөгч Л.Д  хуульд заасан хугацаанд өвлөгдөх эрхийн гэрчилгээгээ авсан байхад өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн, хуульд заасан хугацаандаа өвлөгдөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаж байгаагүй Г.Я  хууль ёсны өвлөгчөөр тогтоон хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, Иргэиий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.2, 40.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Л.Д  нь өвлүүлэгч Д.Г тэй хамт амьдарч байсан гэж тайлбарлан энэ үйл явдлыг гэрч Д.Г , Д.Г  нараар гэрчлүүлсэн боловч түүний тайлбар мэдүүлэг нь бичгийн баримтаар нотлогдоогүй байна гэж илт буруу дүгнэсэн байна.

Гэтэл нотариатч С.М : “...нас барагчийг нас барах үед хамт амьдарч байсан талаарх Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт...” зэргийг шаардан гаргуулсан тухай тайлбар, хавтаст хэрэгт авагдсан 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт болох бичгийн баримт, засаг даргаас гэрчээр авсан мэдүүлэг байсаар байхад уг баримтыг огт байхгүй мэтээр бүруу дүгнэсэн.

Түүнчлэн хамт амьдарч байсныг нотолсон гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй. Л.Д  төлөөлөгчөөрөө дамжуулан 2018 оны 08 сард өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгтэй хүмүүс ирснээр нотариатад очиж хүсэлт гаргах гэхэд хамт амьдарч байсан бол өв нээгдсэнээс 1 жилийн дараа ир гэснээр 2019 оны 03 дугаар сарын 6-ны өдөр очсон гэх тайлбарыг зориудаар орхигдуулсан.

Өв хүлээн авах хүсэлт гаргасан гэх Г.Я  өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш авч чадаагүй шалтгааныг тодруулаагүй, учир нь Г.Я  Солонгос улсад амьдарч байсан тул элчин сайдын яаманд өөрөө хүсэлт гаргах боломжтой байсан. Элчин сайдын яамнаас хүсэлтийг хүлээн авах хуулийн зохицуулалт байхгүй байсан. Төлөөлөгч нь өвлөгдөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт хуулийн дагуу . гаргаагүй болохыг зориудаар орхигдуулсан.

Хүсэлт гаргаж байгаагүй гэх Л.Д  нотариатчийн шаардсан баримтуудыг бүрдүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ авсан бодих үйл баримтыг зориудаар орхигдуулсан. Л.Д  хуулийн дагуу шаардлагатай бүхий л баримтуудыг бүрдүүлсэн байхад шүүхээс Л.Д г өвлөгч биш, хуулийн дагуу баримтаа бүрдүүлж өгөөгүй Г.Я  өвлөгч гэж үзэж байгаа нь буруу болсон. Түүнчлэн Л.Д гийн эзэмших, өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулсан байна.

Харин Г.Я  2013 оноос Солонгос улсад амьдарч байгаа бөгөөд аав нь нас барлаа гэх мэдээг хүргүүлсэн боловч огт холбоо бариагүй, ирээгүй болно. Г.Я  2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр элчин сайдын яаманд очиход хуулиараа өв хүлээн авах хүсэлт буюу өвлөгдөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргахын тулд баримт бүрдүүлэхийг шаардсан тул өв хүлээн авах хүсэлт буюу өвлөгдөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргуулахаар итгэмжлэл төлөөлөгчид олгосон байна.

Г.Я-гийн  төлөөлөгч нар өв хүлээн авах хүсэлт буюу өвлөгдөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газар Баянгол дүүргийн нотариатад гаргах ёстой байтал Сүхбаатар дүүргийн нотариатчид очиж гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн байна. Гэтэл Г.Я-гийн  олгосон штэмжлэлд гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэх эрх олгогдоогүй байна.

Өвлөгдөх эрхийн гэрчилгээгээ авсан Л.Д г өвлех эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэжээ.

 

Хариуцагч С.М  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4 -д заасан өвлөх эрхийн гэрчилгээг нас барагч Д.Г ийн 1 дүгээр ээлжийн өв залгамжлагч төрүүлсэн эх Л.Д д нас барагчийн 1 дүгээр ээлжийн өв залгамжлагчаар хуульд заасан үндэслэлээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан ердийн журмаар өв залгамжлагчийг тогтоон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй.

Ердийн журмаар өв залгамжлагчийг тогтоон өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан нас барагч Д.Г ийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан өв залгамжлагчийг тогтоохдоо миний бие Баянгол дүүргийн 6 хорооны Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр олгосон нас барагч Д.Г  нь нас барах үедээ хууль ёсны ямар өвлөгчтэй хамт амьдарч байсан тухай албан ёсны ажил хэргийн журмаар олгосон тодорхойлолтыг үндэслэсэн бөгөөд шүүхээс тодорхойлолтын ач холбогдлыг болон өв залгамжлагч Л.Д  нь нас барагчтай хамт тухайн хаягаар амьдарч байсан талаар гэрчээр асуусан 2 гэрчийн мэдүүлгийг тус тус зохих журмын дагуу үнэлээгүй нь шүүхийн шийдвэр буруу гарах үндэслэл болсон.

Мөн түүнчлэн нас барагчийн төрсөн эх хууль ёсны өв залгамжпагч Л.Д гийн өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нотариатчид гаргасан хүсэлтдээ “миний хүү нас барагч Д.Г  нь гэрлэлтээ 2007 онд цуцлуулсан бөгөөд тэрбээр хүүхэдгүй. Өөр өвлөгч гарч ирэхгүй бөгөөд гарч ирсэн тохиолдолд түүнд оногдох хувийг мөнгөн хэлбэрээр саадгүй гаргаж өгнө” гэж бичгээр хүсэлт гаргасныг шүүхээс өв залгамжлагчдын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй болно.

Нас барагчийг нас барахад хамт амьдарч байсан нь хорооны Засаг даргын албан ёсны тодорхойлолт .холбогдох байгууллагуудын лавлагаагаар тус тус тогтоогдож байгааг шүүхээс ач холбогдол өгч анхаарч үзээгүй болно. Хуульд зааснаар иргэн Л.Д  нас барагч Д.Г ийн 1 дүгээр ээлжийн өв залгамжлагч бөгөөд шүүхээс Л.Д г Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасан нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийн үнэн зөв бүрдүүлж өгөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч иргэн Г.Я  нас барагч Д.Г ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дүгээр хэсгийг шүүхээс буруу хэрэглэж тухайн зүйлд хуульчилсан тогтоож өгсөн 1 1 дүгээр ээлжийн өв залгамжлагч нас барагчтай хамт амьдарч байсан нас барагчийн төрсөн эх Л.Д гийн өвлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шүүхээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 -д хууль тогтоогчоос хуульчлан тогтоож өгсөн 1 дүгээр ээлжийн өв залгамжлагчдад өвийг хувь тэнцүү хувиарлан олгох хуулийн логик ойлголтыг буруу хэрэглэснээр нас барагчийн 1 дүгээр ээлжийн өвлөгч төрүүлсэн эх Л.Д гийн өвлөх эрхийг шууд хязгаарласан байна.

Хэрэв иргэн Г.Я  нас барагчийн хууль ёсны өв залгамжлагчаар шүүхээс тогтоож өгч байгаа юм бол нас барагчийн хууль ёсны 1 дүгээр ээлжийн өвлөгч нарт хувь тэнцүү өвийг хувиарлан олгох даалгаврыг нотариатчид өгч шийдвэрлэх ёстой байсан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Шүүхээс тухайн хорооны Засаг даргаас олгосон нас барагчийг нас барахад түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчийг буруу тодорхойлж өгснөөс болж нотариатч миний бие иргэн Л.Д д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатчийн буруутай үйл ажиллагаатай холбогдолгүй байгааг шүүхээс тогтоолгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Я  нь хариуцагч С.М , Л.Д  нарт холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.:Д  эс зөвшөөрч Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Г.Я  өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч С.М  үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Г  нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, тэрээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрыг эзэмшиж байна.

 

Д.Г  гэрээслэл үйлдээгүй тул түүнийг хууль ёсны өвлөгч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар төрсөн эх Л.Д , төрсөн охин Г.Я  нар болно.

 

Өвлөгч Л.Д  нь Баянгол дүүргийн нотариатч С.М д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан. /хх 20/

 

Нотариатч С.М  нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан Д.Г  нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо АОС48 байр 2-2 тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр эх Л.Д  нар хамтран амьдарч байсан” гэх тодорхойлолт, /хх 21/

Д.Г ийг нас барсныг бүртгэсэн 0000213899 тоот гэрчилгээ, /хх 22/

Д.Г эд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 209 м.кв газрыг төмрийн захын зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхийг олгосон 000681331 тоот гэрчилгээг, /хх 23-24/

Улсын бүртгэлийн төв архивын газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Л.Г , Б.А  нар Баянгол дүүргийн 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 804 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан талаарх бүртгэлийн лавлагаа /хх25/

гэх баримтуудыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Л.Д д ГД:000681331 бүхий БГД, 20 хороо дахь 209 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ.

 

Гэрч Д.Г  “манай талийгаач ах Д.Г  ганцаараа амьдардаг байсан тул ээж хамт амьдарч хоол, цайг нь хийж өгч, тусалж, нас барах хүртэл нь хамт амьдарсан. 2013 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцаа зарахаас нь өмнө жил гаруй хамт амьдарч байгаад тэр байрыг зарснаас хойш байнга хамт амьдарч байсан” гэж мэдүүлжээ.

 

Иймд Л.Д  нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй байх тул өвийг хүлээн авсан гэж дүгнэнэ.

 

Нэхэмжлэгч Г.Я  нь Бүгд Найрамдах Солонгос улсад амьдарч байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сөүл дэх ЭСЯ-ны консулын хэлтэст цахим шуудангаар хүсэлт гаргаж, Б.Б , Ш.Б  нарт итгэмжлэл олгосныг тус консул баталсан,  уг итгэмжлэлээр Б.Б , Ш.Б  нарт Д.Г ийн эд хөрөнгө газрыг өвлөн авах тухай хүсэлтийг зохих байгууллага, нотариатын танхим, нотариатчид бүртгүүлэх, хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээг авах, өв нээлгэхтэй холбоотой бүхий л хүсэлт гаргах, хүсэлтийн хариу авах, гарын үсэг зураг эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.

 

Б.Б , Ш.Б  нар дээрх итгэмжлэлийн дагуу Монголын нотариатчдын танхимд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.Г ийн өвийг Г.Я  хүлээн авах тухай хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Г  нь 17 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. /хх123-128/

 

Б.Б , Ш.Б  нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан хугацаанд Г.Я-гийн  өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай өргөдлийг гаргасан байх боловч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн газрын нотариатчид гаргаагүй харьяалал зөрчжээ.

 

Иймд Г.Я  Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авсан гэж дүгнэхгүй юм. Энэ үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүй хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зарчимтай. Л.Д  нь хуульд заасан арга журмын дагуу өвлөх эрхийг өвлөн авсан, түүний эрх зөрчигдөөгүй тул иргэний эрх зүйн хамгаалалт шаардлагагүй юм. Г.Я  нь өв хүлээн авах журмыг зөрчсөн өв хүлээн авах боломжгүй тохиолдолд түүнийг өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэх шаардлагагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь маргааны үндэслэлд хамаарах тул шаардлага болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар Л.Д , С.М  нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай Г.Я-гийн  нэхэмжлэл, Г.Я д холбогдох Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Г.Я  өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай Л.Д  сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Д  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч С.М  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                         

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА