Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Г.М-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Б.Б

                        Хохирогчийн хууль ёсны

                       төлөөлөгчийн өмгөөлөгч                                 Г.Э

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Н.Э

                        Шүүгдэгч                                                          Г.М

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч П.Г, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Мд холбогдох 2012000000278 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Яргайт гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.М

 

Шүүгдэгч Г.М нь 2018 оны хавар, 2019 оны 02, 07 дугаар саруудад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 12-21б тоотод бага насны хүүхэд буюу 11 настай хохирогч О.Шгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харилцаанд орохыг завдсан гэмт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Г.М-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 /нэг зуун арван ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч Г.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.М-ын гаргасан давж заалдах гомдолд: Хоригдогч Г.М миний бие 2021 оны 01 дүгээр сарын 08-нд болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Архангай аймгийн Ихтамир суманд аав, ээж, 2 дүүгийн хамт мал маллаж амьдардаг. Манайх дундаж амьдралтай. Миний бие Архангай аймгийн 3 дугаар сургуульд 9 дүгээр анги төгссөн. Мөн Булган мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үсчин мэргэжлээр 2 жил суралцсан. Миний бие аав, ээжийнхээ мал маллах арга ухаанаас суралцаж, олондоо сайн малчин болох зорилготой. Иймд миний бие хүний эрх зөрчиж, маш буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж гутарч байна. Миний бие гэм буруугаа ухаарч ойлгож байгаа тул та нар минь миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг минь хөнгөлж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа дахин дахин хэлмээр байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх зүйлийг дурдсан байдаг. Үүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж чанар,  учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон гэмт хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдсан. Шүүгдэгч Г.М-ын үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Г.М-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж  гэмт хэргийг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай хэрэг юм. Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо хувийн байдлыг харгалзан үзэх талаар дурдсан байна. Г.М үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Энэ нөхцөлөөс харахад хувийн байдлыг харгалзан үзэх нөхцөл байна. Гэхдээ тухайн гэмт хэргийн зүйлчлэл нь 12-20 жилийн хорих ялаар шийтгэгдэх буюу бүх насаар нь хорих ялтай зүйл анги юм. Г.Мд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь анхан шатны шүүхээс түүний хувийн байдлыг харгалзан үзэж бага хэмжээний ялыг оногдуулсан байна.Тэгэхээр Г.Мд үүнээс доош хэмжээгээр ялыг багасгаж оногдуулах боломжгүй юм. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.М-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нөхцөлийг харахад анхан шатын шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Г.Мд холбогдох хэргийг хохирогч хүүхдийн насны байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний  үйлдсэн гэмт хэргийн шинж чанартай тохирсон байна. Өмгөөлөгч миний хувьд гэмт хэргийн шинж чанар, хор уршгийн шинжийг харгалзан үзэхэд Г.Мд оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр  сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэл оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Г.М нь  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээрээ маргаагүй. Тэрээр гэмт хэргийнхээ үйлдэл холбогдлыг ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаараа анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг. Г.М нь давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд өөрийн хувийн байдлын талаараа сайн ярьж байна. Шүүгдэгчийн зүгээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл, ангийн хорих ялын доод ялын хэмжээг оногдуулж, түүний ял эдлэх дэглэмийг бууруулан  нээлттэй хорих байгууллагад ялыг нь эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.М-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.М нь  2018 оны хавар, 2019 оны 02, 07 дугаар саруудад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 12-21б тоотод бага насны хүүхэд буюу 11 настай хохирогч О.Ш-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харилцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Г.М-ын  хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүчиндэхийг завдсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зөв байна.

 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь...миний бие хүний эрх зөрчиж, маш буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж гутарч байна. Миний бие гэм буруугаа ухаарч ойлгож байгаа тул та нар минь миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг минь хөнгөлж өгнө үү... гэж гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтаар тогтоогдсон, гомдолд дурдсан үндэслэл нь оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Г.М нь 52 хоног цагдан хоригдсон тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь  оруулан тооцох нь үндэслэлтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                              

                                

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхтулгын цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц