Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0819

 

“Ю Р” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

 

   даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Г.Г, Ж.М, хариуцагч Ш.Х, П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ю Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын татварын улсын байцаагч Ш.Хашхүү, П.Отгонсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д заасныг тус тус баримтлан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Ш.Хашхүү нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар 648,168,981.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 64,816,898.10 төгрөгийн албан татвар ноогдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Ю Р” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Шүүхийн шийдвэр дотор миний хэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт буцаан авах эрхтэй гэснийг “хайгуулын үйл ажиллагаа эрхлэгчид хамааралгүй, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай зохицуулалт” гэж тайлбарлаж дүгнэсэн байх ба энэ талаарх хуулийн тайлбар, жишиж болохуйц шийдвэр юу ч байхгүй байна. Шүүгч хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан. Үндсэн хуульд заагдсан тэгш эрхээ эдлэх асуудлыг хөндсөн. Шүүх “татварын улсын байцаагчийн хууль буруу хэрэглэсэн асуудал нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл бидний хууль бус мэдээллээр тухайн жилд 57 хайгуулын лицензтэй байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хийгээд 11 байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хийгдээгүй байна. Бид нотлох баримт олж чадахгүй, байгууллагууд бидэнд өгөхгүй, татварын алба өгөхгүй. Шүүх “Буцаан авалт хийгдсэн байгууллагын жагсаалтыг гаргаж өгсүгэй” гээд шийдсэн бол хариуцагч гаргаж өгөх л байсан. Хэрэв тэр 57 байгууллага хууль бусаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалт хийгдсэн бол шалгаж хянасан байцаагч нар Авлигатай тэмцэх газар шалгагдах ёстой. Тэр 57 хууль зөрчөөгүй бол нөгөө 11 бас хууль зөрчөөгүй байж таарна. Үүнийг Үндсэн хуульд заасан тэгш эрх гэж үзнэ. Иймд хаана ч бичигдээгүй хуулийн тайлбар буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт заагдсан заалтад хуулийн тайлбар хийж шийдсэн, буцаан авалт хийгдсэн үйлдлийг хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Ш.Хашхүү нар нь “Ю Р” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт  шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар 648.168.981 төгрөгийн зөрчил илрүүлэн 64.816.898 төгрөгийн албан татвар ногдуулж, уг дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч “Ю Р” ХХК дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үндэслэлээ “ашигт малтмалын хайгуулын ажилд зориулан 650.800.800 төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авалт хийснээ тайлагнасан, энэхүү худалдан авалтад төлсөн 65.080.080 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах эрхтэй” гэж маргасан.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ашигт малтмал хайх”  гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх” гэж тодорхойлсон бөгөөд үүнээс үзэхэд хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш, нэхэмжлэгч нь хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч болохын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1 “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.1.2 “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж зааснаар хасалт хийх боломжгүй, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 13 дугаар зүйлээр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх харилцааг, 14 дүгээр зүйлээр нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх харилцааг тус тус зохицуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгч байгууллага 650.800.800 төгрөгийн худалдан авалтад төлсөн 65.080.080 төгрөгийн татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайландаа “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа ажил үйлчилгээ” гэсэн хэсэгт тусгасан, 64.816.898 төгрөгийг хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хасч тооцон буцаан авах эрхтэй гэж маргаж байгаа атлаа  хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар гомдол гаргасан нь ойлгомжгүй, маргаан бүхий акттай логик уялдаа холбоогүй байна.

Гэвч нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт өгөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт заасныг шүүх зөв тайлбарласан байх ба дээрх хуулийн зохицуулалт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр хуулийг гагцхүү шүүгч тайлбарлах эрхтэй тул “хуулийн тайлбар, жишиж болохуйц шийдвэр юу ч байхгүй байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх заалтад хаана ч байхгүй хуулийн тайлбар хийж шийдсэн” гэх гомдол үндэслэлгүй, 57 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хийгдэж, 11 байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хийгдээгүй талаархи үйл баримт нь маргаан бүхий Татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актыг хууль бус болохыг нотлох нотолгоо болж чадахгүй, түүний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул “Үндсэн хуульд заагдсан тэгш эрхээ эдлэх асуудлыг хөндсөн” гэх гомдлыг хангах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Д.БАТБААТАР

                                            ШҮҮГЧ                                    Ц.САЙХАНТУЯА 

                                             ШҮҮГЧ                                    О.НОМУУЛИН