Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 542

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.С*******о

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: А.Э*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Л*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.С*******о 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.С*******о би “Л*******” ХХК-ийн 60 хувийн хувьцаа буюу 143 ширхэг хувьцааг 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу эзэмшиж, үүнийг баталсан тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, тогтоол гарч, компанийн дүрмийг боловсруулан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ийнхүү “Л*******” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр А.Э*******, 60 хувийн хувьцаа зээмшигчээр Ц.С*******о би тус тус 2009 онд бүртгэгдсэн болно. Гэтэл “Л*******” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр А.Э******* надад мэдэгдэлгүйгээр, хуурамч бичиг баримт үйлдэн компанийн бичиг баримтад өөрчлөлт оруулан, Ц.С*******о миний эзэмшлийн 60 хувийн хувьцааны 10 хувийг А.Э******* өөртөө шилжүүлэн авсан гэж хууль бус улсын бүртгэл хийлгэсэн байна. Өөрийгөө А.Э******* 50 хувийн хувьцаа эзэмшигч болгосон “Л*******” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл үйлдэхдээ 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэсэн огноотой хийжээ. Харин А.Э******* “Л*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.С*******о нь өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцаагаа А.Э*******ад шилжүүлж, А.Э******* нь 50 хувийн хувьцаа эзэмшигч болсныг баталсугай” гэсэн “Л*******” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол хийхдээ 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноотой хийжээ. Өөрөөр хэлбэл нэг өдөр үйлдсэн гэх хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоолыг өөр өөр огноотой үйлдсэн нь илэрхий алдаатай харагдаж байгаа юм. Улмаар Ц.С*******о намайг 50 хувийн хувьцааг, А.Э******* өөрийгөө 50 хувийн хувьцааг эзэмшихээр болсон гэж 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Л*******” ХХК-ийн дүрмийг хуурамчаар үйлдэж, уг дүрэмдээ 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн жинхэнэ дүрмийн 5, 6 дугаар хуудсууд буюу миний гарын үсэг бүхий хуудсыг ашиглан хавсаргаад, дүрмийн 1, 3 дугаар хуудаст өөрчлөлт оруулан, хуурамч компанийн дүрэм хийсэн байна. Тэгээд эдгээр буруу зөрүү огноотой, миний гарын үсгийг зарим баримтад дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол, дүрмээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг Ц.С*******о би 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн газраас лавлагаа авснаар мэдлээ. Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-д “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа мөн хуулийн 11.5.3-д “энэ хуулийн 11.5.3-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар хуульчилсан байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т заасныг зөрчсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Л*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******* 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Анх 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А.Э******* нь “Г*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн. 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Л*******” ХХК болгосон байна. Иргэн А.Э******* нь “Л*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас 60 хувийн хувьцааг шилжүүлээд хоёр үүсгэн байгуулагчтай болсон. 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц.С*******о нь 60 хувийн хувьцаанаас 10 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч А.Э*******ад шилжүүлсэн. Уг бүртгэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд мэдэгдэх шаардлагатай гэсэн үүргийг бүрэн биелүүлсэн. Холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэл хийсэн. Бүртгэл хийхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гурав. Гуравдагч этгээд А.Э******* 2014 оны 5 дугаар сарын 02-ний  өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л*******” ХХК-ийн 238 ширхэг хувьцааг А.Э******* нь 100 хувь эзэмшдэг байсан. Тэрээр компанийхаа 60 хувийн хувьцааг буюу 143 ширхэг хугацааг Ц.С*******од үнэ төлбөргүй шилжүүлэх бэлэглэлийн гэрээг 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулан, нотариатаар батлуулсан. Үүний дараа А.Э*******ын өмчлөлд компанийн нийт хувьцааны 40 хувь буюу 95 ширхэг хувьцаа үлдсэн.Улмаар гэрээнд заасны дагуу 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Э******* нь Ц.С*******ыг “*******” ХХК-ийн хувьцааны 60 хувийн эзэмшигчээр нэмж бүртгүүлэхээр бүртгэх байгууллагад өргөдөл гарган бүртгүүлсэн.Үүний дараа буюу 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А.Э*******, Ц.С*******о нар нь “*******” ХХК дахь хувьцааны эзэмшлийн хэмжээгээ өөрчлөх талаар гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Уг гэрээгээр хувьцааны талаарх дараах нөхцлүүд буюу гэрээний 2.1-д зааснаар Ц.С*******о нь 143 ширхэг хувьцааныхаа 24 ширхэгийг буюу компанийн нийт 238 ширхэг хувьцааны 10 хувийг ашиг сонирхлын хамт А.Э*******ад шилжүүлэхээр тохирсон. Түүнчлэн уг гэрээтэй хамт хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулан, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, компанийн дүрмийг баталж, талууд гарын үсэн зурсан байна. Улмаар 2010 оны 05 дугаар сарын 10-нд өөрчлөлтийг бүртгүүлэхээр А.Э******* нь бүртгэх байгууллагад өргөдөл гаргасан байдаг. Өргөдөлд хувьцаа шилжүүлэх гэрээ, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, шинэчилсэн дүрмийн хамт хавсаргасан. Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноо байгаа нь шивэлтийн буюу техникийн алдаа болсон. Компанийн хувьцааг 60/40 болгох хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол нь ч мөн 2009 оны 10 дугаар сарын 13 гэсэн огноотой ба энэ нь ч мөн шивэлтийн буюу техникийн алдаа юм. Учир нь 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А.Э*******аас Ц.С*******од компанийхаа 60 хувийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, нотариатаар батлуулсан байдаг.  Нэхэмжлэгч А.Э******* нь компанийн дүрмийн 5, 6 хуудсан дахь Ц.С*******ын гарын үсэгтэй хуудсыг, шинэчилсэн дүрэмдээ хавсаргаад шинээр бүртгүүлсэн гэх тайлбарыг гаргажээ. Энэ нь хуурамч, худлаа тайлбар байна. Уг хоёр дүрмийн сүүлийн хуудсан дахь Ц.С*******ын гарын үсгийн байрлалыг энгийн нүдээр харахад хоёр өөр байрлалтай зурагджээ. Өөрөөр хэлбэл Ц.С*******о нь А.Э*******ыг гүтгэсэн байна. А.Э******* нь “*******” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхдээ хуульд заасан дээрх баримтыг бүрдүүлсэн баримт бичгийг бүртгэх байгууллагад хүргүүлсэн гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд А.Э******* гэдэг хүн ирээд Хятад, Япон улсаас хөрөнгө оруулалт авсан Монголд ирсэн байгаа гэж хэлсэн. Ц.С*******о нь “Монгол 3000” ХХК-ийн захирал байгаа. Монголд ганцхан жонш олборлодог компани байгаа. Тухайн үед А.Э******* лицензийн 40 хувийг шилжүүлбэл хөрөнгө оруулагчид надад итгэнэ, 60 хувь таны нэр дээр байна гэж хэлсэн. А.Эрдэнбат гэдэг хүн тохиролцсоны эцэст 40 хувийг эзэмшихээр болсон. 16 сая долларын хөрөнгө оруулалт авсан гэж тайлбарладаг. Улсын бүртгэлийн газарт хандаад хувьцаагаа харахад тэнцүү хувьцаатай болсон. Тухайн үед компаниас маш олон албан бичиг явуулж байсан. Тухайн үед хийж байсан гэрээний голын хуудсыг ашиглаад 50 хувь болгосон. Эрүүгийн хэрэгт шалгагдсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

Тав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Анх 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А.Э******* нь “Г*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн. 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Л*******” ХХК болгосон байна. Иргэн А.Э******* нь “Л*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас 60 хувийн хувьцааг шилжүүлээд хоёр үүсгэн байгуулагчтай болсон. 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ц.С*******о нь 60 хувийн хувьцаанаас 10 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч А.Э*******ад шилжүүлсэн. Уг бүртгэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1-д заасны дагуу үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд мэдэгдэх шаардлагатай үүргийг бүрэн биелүүлсэн. Холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэл хийсэн. Бүртгэл хийхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С*******о нь “Л*******” ХХК-ний хувьцаа эзэмшигч А.Э******* нь мэдэгдэлгүйгээр, хуурамч баримт бичиг үйлдэн компаний бичиг баримтанд өөрчлөлт оруулан, миний эзэмшлийн хувьцааны 10 хувийг өөртөө  шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэнийг  хууль бус гэж маргажээ.

2005 оны 4 дүгээр  сарын 18-ны өдөр А.Э******* нь “Г*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2008 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр “Г*******” ХХК-ний оноосон нэрийг өөрчлөн “Л*******” ХХК болгож, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл, тогтоолын дагуу Ц.С*******од “Л*******” ХХК-ний 60 хувийн хувьцааг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох  “Л*******” ХХК-ний  дүрэм /2009.10.14/, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол /2009.10.13/, хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл  зэргээр тогтоогдож байна.

Харин 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Л*******” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар  тус компаний 60 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С*******о нь өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцаагаа А.Э*******ад шилжүүлэхээр шийдвэрлэж хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гарч, хувьцаа шилжүүлэх гэрээгээр “Л*******” ХХК-ийн хувьцааны 10 хувь буюу 24 ширхэг хувьцааг А.Э*******ад шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж  “Л*******” ХХК-ний 40 хувийн хувьцаа эзэмшигч А.Э******* нь надад мэдэгдэлгүйгээр хуурамч бичиг баримт үйлдэж,   “... Л******* ХХК-ний хувьцаа эзэмшигч Ц.С*******о нь өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцаагаа А.Э*******ад шилжүүлэн А.Э******* нь 50 хувийн хувьцаа эзэмшигч болохыг баталсугай” гэж. “Л*******” ХХК-ний хувь нийлүүлэгчдийн тогтоол үйлдэхдээ 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноотойгоор улмаар намайг 50 хувийн хувьцаа, А.Э******* өөрийгөө 50 хувийн хувьцаа эзэмшихээр болсон гэсэн 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Л*******” ХХК-ний дүрмийг хуурамчаар үйлдэж, уг дүрмэндээ 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүрмийн 5,6 дугаар хуудсанд байгаа миний гарын үсэг бүхий хуудсыг ашиглан хавсаргаад, дүрмийн 1, 3 дугаар хуудсанд өөрчлөлт оруулсан болохыг би 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн газраас лавлагаа авснаар мэдсэн...” гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд  2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “хувь нийлүүлэгчдийн хурал”-аар Ц.С*******о нь “Л*******” ХХК-ний 10 хувийн хувьцаагаа А.Э*******ад шилжүүлэх шийдвэр гаргаж үүнийг үндэслэн 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн  хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гарч, “хувьцаа шилжүүлэх тухай” гэрээ хийгдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн  бүртгэлээр “Л*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгэсэн байна. 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Л*******” ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол /2010.4.13-ны өдрийн/ “хувьцаа шилжүүлэх тухай” гэрээ /2010.4.13/, компаний дүрэм / зэрэгт  Ц.С*******о нь гарын үсэг зурсан байна. Харин 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл” гэсэн баримт дээрх гарын үсгийн Ц.С*******о зураагүй болохыг тогтоогджээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9-д “... компанийн хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг, эхийн нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээр, 11 дүгээр зүйлийн 11.5.5-д мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийх бүрэн эрхийг улсын бүртгэгч хэрэгжүүлэхээр, 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглохоор, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3-т компанийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд энэ талаарх шийдвэр, өөрчлөгдсөн дүрмийг хүсэлтдээ хавсаргаж ирүүлэхээр заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Ц.С*******о нь  хувьцаагаа бусдад шилжүүлэх нь өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл байх бөгөөд иргэн Ц.С*******о А.Э*******ад “Л*******” ХХК-ний 10 хувийн буюу 24 ширхэг хувьцааг шилжүүлээгүй гэж 2013 оноос хойш маргаж, 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “хувь нийлүүлэгчдийн хурлын” тэмдэглэлд зурсан гарын үсэг Ц.С*******ынх биш болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоож , 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болсон гэх “Л*******” ХХК-ний  хурал дээр Ц.С*******о, А.Э******* хувьцаа шилжүүлэх тухай  хүсэл зоригоо яаж илэрхийлсэн болох  нь хурлын тэмдэглэлд тусгагдаагүй зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2014 оны 5 сарын 2-ны өдөр гуравдагч этгээд А.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* нар “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гаргасан байна.

Гуравдагч этгээд А.Э*******ад мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч, хариуцагч нар гуравдагч этгээдийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан Ц.С*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Л*******” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ