Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 109/ШШ2024/0010

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б

            Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, М.Т ын эцгээр Б.А ыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Ж.Б , Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хооронд “М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, М.Т ын эцгээр Б.А ыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах- маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ж.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б  миний бие Б.А тай 2006 онд танилцаж улмаар хамтран амьдарч байсан ба гэрлэлтээ батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ аваагүй. Улмаар би жирэмсэн болж 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Т ыг төрүүлсэн. Тухайн үедээ охин Т ыг эх Б   надаар овоглож төрсний гэрчилгээ авсан. Б.А  бид хоёрын харилцаа муудаж тусдаа амьдарч эхэлсэн учраас би хариуцагчийн оршин суугаа газрын шүүх болох Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 723 дугаар шийдвэрээр Б.Т ын эцгээр Б.А ыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулсан. Одоо тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Би уг үйл явдлаас хойш 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Л. М тай албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ авсан. Тэр даруй сумын улсын бүртгэгч охин М.Т ыг хойд эцэг Л. М аар овоглосон. Тухайн үед би сумынхаа улсын бүртгэгчид М.Т ыг эцгээр Б.А ыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үзүүлж төрсөн эцгээр нь овоглож бүртгүүлмээр байна гэтэл гэрлэлтээ албан ёсоор батлуулсан учраас заавал Л. М аар овоглох ёстой, харин 16 нас хүрээд өөрийн төрсөн эцгээрээ овоглох боломжтой гэж тухайн үеийн улсын бүртгэгч ажилтай Э.О г хэлэхээр түүнд итгэсэн. Одоо охин М.Т  нь 16 нас хүрч, цахим иргэний үнэмлэх авах нас болсон, өөрөө хойд эцэг  М аар овоглохоосоо татгалзсан, хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар өргөдөл өгөхөд 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр эцэг тогтоосон бүртгэл хийгдсэн учраас Б.А ыг охины эцгээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаар албан бичгээр өгсөн.  Иймд М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, М.Т ын эцгээр Б.А ыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Ж.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиныхоо аав Б.А тай 2006 онд танилцсан 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охиноо төрүүлсэн байгаа. Тэр үед хоёулаа залуу байсан. Хамт амьдрах талаар ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд хөдөө ирээд аавыгаа асарч байгаад очтол бидний  харилцаа хандлага муудаж эхэлсэн. Охиноо 2012 онд төрүүлчхээд амьдрал ахуйгаа шийдье гэж ярилцсан. Тэр дагуу хүлээж авч харилцан ярилцаад ойлголцохгүй байсан учраас би салах шийдвэр гаргаж 2009 оны 6 сард Орхон аймгийн шүүхэд эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тэр дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. 2009 оны 8 сард Орхон аймагтаа амьдрах боломж нөхцөл байхгүй учраас Архангай аймгийн Ихтамир суманд ирсэн. Орхон аймагт  байхдаа шүүхийн шийдвэрийг авч очоод улсын бүртгэлийнх нь газарт охин Т аа овоглуулах талаар асуухад одоогоор боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд дараа нь Архангай аймгийн Ихтамир суманд ирээд улсын бүртгэгч Э.О той уулзаж  шүүхийн шийдвэрийн дагуу миний охин Т ыг эцэг А аар нь овоглоод өгөх боломжтой юу гэсэн хүсэлтийг тавьж уулзсан. Тэр үед Э.О  аймгийн төвөөс асууж мэдэх хэрэгтэй байна гэдэг хариултыг өгсөн. Дараа нь дахин орж уулзаад юу болж байгаа талаар асуухад миний дүү аймаг орох гэж байгаа бол аймгийн улсын бүртгэл рүү ороод энэ асуудлаа тавиад сураглаж үзэж болно гэдэг хариултыг өгсөн. Тэр дагуу асуусан, гэхдээ тухайн үед ямар хүн байсныг сайн санахгүй байна. Тэр хүн хэлэхдээ удаан хугацаа өнгөрсөн болохоор шийдвэрийн дагуу хүүхдийг овоглох боломжгүй байна, мөн тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байдаг. Тиймээс сумын байцаагчдаа энэ хүсэлтээ тавиараа гэсэн. Тэгээд сумын Э.О  байцаагчтай уулзаад уг асуудлаа тавиад 2-3 удаа асууж сурч хөөцөлдөж явсан. Тэгээд 2010 онд Л. М  гэдэг хүнтэй танилцаж 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хурим найраа хийж гэр бүлээ батлуулаагүй хамтран амьдарч эхэлсэн. Учир нь охин Т ыг төрсөн эцэг Б.А аар овоглуулах хүсэлттэй байсан. Үүнийгээ ямартай ч биелүүлчхээд гэр бүлээ батлуулъя гэж бодсон. Тэгээд 2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр  М ын А г төрүүлсэн. Ингээд ам бүл дөрвүүлээ амьдарч байгаад 2018 оны 5 дугаар сарын 9-нд нөхөр гэр бүлээ батлуулах талаар ярьж эхэлсэн. Тэгээд улсын бүртгэгч Э.О д Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг авч очоод Б.А ын охин Т ,  М ын охин А  байгаа юм гэж хэлсэн. Мөн Л. М тай гэрлэлтээ батлуулна гэдгээ хэлж хүсэлтээ өгөөд эмнэлгийн шинжилгээ, бүх бичиг баримтыг тухайн өдөр цуглуулж, хүүхдүүдийнхээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг шинэчлэх шаардлага гарч байна гэсэн. Тэгээд улсын бүртгэгч н.О  гэдэг хүн бүртгэхдээ цэвэр цаасны доод талд гарын үсэг зуруулаад энд гарын үсэг зураад тэгж бич гэж хэлээд бичүүлж, бүртгэлийн хураамжийг тушаалгасан. Тэгсэн охин Т ыг гэрлэлтээ батлуулсан  М ын нэр дээр бүртгэж өгсөн. Тэгээд үгүй ингэж бүртгэхгүй ийм учиртай гэж хэлэхэд 16 нас хүрч иргэний үнэмлэх авахад нь төрсөн эцэг Б.А аар нь овоглуулах боломжтой гэж хэлсэн. Тэгээд энэ оны 12 дугаар сард охин минь 16 нас хүрсэн. Улаанбаатар хотод сурдаг, амралтынх нь үеийг тааруулаад иргэний үнэмлэхийг хөөцөлдөж сумын улсын бүртгэгч н.М тай уулзсан. Энэ хүнд учир байдлаа тайлбарлаж охиныг 16 нас хүрэхээр нь эцгээр нь овоглож болно гэж хэлсэн гээд шүүхийн шийдвэр, төрсний гэрчилгээ, охиныхоо иргэний үнэмлэхийн хуулбарыг өгсөн. Тэгсэн уг бүртгэл нь алдаатай бүртгэл байна. Учир нь охин чинь хойд эцгээрээ овоглосон байна. Хойд эцгээр овоглох тохиолдолд Засаг даргын захирамж гарч хойд эцэгтээ үрчлэгдэж очиж овоглох ёстой байтал шууд гэрлэлт батлуулаад шилжсэнээр буруу бүртгэл хийгдсэн. Тийм учраас охиныг эцэг Б.А аар бүртгэх боломжгүй байна. Энэ бүртгэлээ цуцлуулаад улсын хяналтын байцаагч У.Б-тай очиж уулз гэсний дагуу уулзаад охин Т ыг эцэг Б.А аар овоглуулах хүсэлттэй байна гэж хэлэхэд бүртгэлийг цуцалж өгөхгүй, боломжгүй гэсэн. Иймд 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдөр Л. М аар овоглосон бүртгэлийг цуцлуулж, төрсөн эцэг Б.А аар овоглуулах талаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б ийн хувьд, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өөрийн харьяат нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн байцаагчид нөхөр Л. М тай гэрлэлт бүртгүүлэхтэй холбоотой харилцаа үүсгэхээр очиж өргөдөл өгч, гэрлэлт бүртгүүлэхтэй холбоотой хүсэл сонирхол илэрхийлж очсон үйл баримт нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбараар тогтоогдож байна. Гэтэл улсын бүртгэгч хуульд заасан хуулиар олгогдоогүй эрх, хуулиар олгогдоогүй үүргийг хэрэгжүүлж, эхээрээ овоглочихсон байсан 2 хүүхдийг зайлшгүй эцгээрээ овоглолоо гэсэн шаардлагыг тавьж тухайн эцэг тогтоолтын бүртгэл хийгдсэн. Улсын бүртгэлийн ажилтан хуульд заасан эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн. Улсын бүртгэгч гэрлэлт бүртгэлтэй байгаа учраас Л. М аар эцэг тогтоосон бүртгэл хийгдэнэ гэж тухайн хүний өргөдөл хүсэлтийг хүлээж аваагүй гэж тайлбар өгч байгаа.  Хоёрдугаарт эцэг тогтоосон бүртгэлийг 16 нас хүрэхээр төрсөн эцгээрээ овоглох боломжтой гэсэн төөрөгдүүлсэн шинжтэй нөхцөл байдлыг хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв зээ ингэж хэлсэн байгаа тохиолдолд хэлсэн гэж үзэж нэхэмжлэгч хүүхдийг 16 нас хүртэл буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд тухайн бүртгэлийг хүчингүй болгуулах талаар ерөөсөө албан ёсоор мэдээгүй байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны байгууллагад хандах эрх нь нээгдээд, урьдчилан шийдвэрлүүлж, харьяаллын дагуу Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан.  2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь хэсгийн 5.3-д зааснаар хүүхэд нь эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ хэн нэгнээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд тэдгээр хүмүүстэй байнгын харилцаатай байх ийм эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д зааснаар хүүхдийн эцэг эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтооно гэж заасан. Тэгэхээр захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоохоос өмнө 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс өмнө 2009 онд тухайн хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоочихсон байхад уг шийдвэрийг улсын бүртгэлийн ажилтан хэрэгжүүлээгүйн улмаас хүүхдийн эцгээрээ овоглогдох эх нь зөрчигдөж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд  “хүүхэд төрөөд эцгийн нэрийг авна” гэж заасан. Эцгийг захиргааны журмаар болон шүүхийн журмаар тогтоодог. Гэхдээ шүүхийн журмаар буюу 2009 онд төрүүлж тогтоогдсон эцгийнхээ нэрийг авах эрхтэй байгаа. Гэтэл уг эрхийг нь улсын бүртгэлийн ажилтан хэрэгжүүлээгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 24.4-т “гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Б , Б.А  хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан нь үнэн. Эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагуудын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна  гэж байгаа юм. Гэтэл М.Т  төрснийхөө дараа эхийнхээ ч нэрийг авах ёсгүй байсан байна. Энэ хуулийн зохицуулалтаар эцэг Б.А ынхаа нэрийг авах ёстой байсан байна. Яагаад гэхээр энэ хоёр гэрлэлтээ батлуулаагүй боловч тухайн хүүхдийн эцгээр Б.А ыг тогтоосон эрх бүхий байгууллагын буюу шүүхийн шийдвэр гарчихсан байгаа тохиолдолд энэ хүүхэд эцгийнхээ нэрийг авах эрхтэй байтал уг нөхцөл байдал биелэгдээгүй байна. 24.6-д уг маргаан шүүхийн журмаар хянан шийдвэрлэх маргаан мөн юм уу гэдэг асуудалд хүүхдийн  овог нэр, эцэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах ёстой., эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу л тогтоогдох ёстой.  Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөгдсөн. 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр ямар хууль үйлчилж байсан юм бэ гэдэг нөхцөлийг харахад 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний бүртгэлийн тухай хууль хэрэгжиж байсан. Тухайн үед бүртгэл хийхэд уг хууль хэрэгжиж байсан. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “эцэг тогтоосны бүртгэлийг оршин суугаа газрынхаа эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа болон урьд сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж албанд гаргаж шүүхийн шийдвэрийг хавсаргаж өгнө”  гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль энэ хуулийн 17 дугаар зүйл дээр эцэг тогтоосны бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан байгаа юм. Мөн хуулийн 17 дугаар зүйлээс харахад Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр байгаа болов түр оршин сууж байсан нутаг болох Ихтамир сумын улсын бүртгэлийн хэлтэстэй хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Мөн тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг харж байхад 17 дугаар зүйлийг ерөнхийдөө харж байхад шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд заавал одоо эцгийн буюу Б.А ын зөвшөөрөл шаардахгүй байх ийм нөхцөл байдал харагдаад байгаа юм аа. Иргэний бүртгэлд хөтлөх журам байгаа. Уг журам дээр ч гэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэнэ ээ гээд шүүхийн шийдвэрийг эцгийн зөвшөөрлийн хамт үндэслэнэ ээ гэсэн зохицуулалт огт байхгүй байгаад байгаа юм. Хүүхдийн эцэг эхийн зөвшөөрөл байх ганц юм нь ерөөсөө шүүхийн шийдвэргүй, хэрэгт бүртгэлгүй тохиолдолд эцэг эхийн зөвшөөрөл зайлшгүй байх ёстой ийм хуулийн зохицуулалттай юм. Хуулиар олгогдоогүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн ийм нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Иймд Архангай аймгийн Ихтамир сумын улсын бүртгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 24 дугаартай эцэг тогтоосон бүртгэлийг хүчингүй болгож, М.Т ын эцгээр Б.А ыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэний баримтын архив дахь  М ын Т ын ИУБ-14 маягт, эцэг тогтоосны бүртгэлийн дэвтэр, Л. М , Ж.Б  нарын эцэг тогтоолгох тухай өргөдөл зэрэгт “Нөхөр бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсны улмаас охин Т ыг эх Ж.Б ээр овоглож бүртгүүлсэн тул миний охин Т ыг Л. М аар овоглож өгнө үү” гэж гарын үсэг зурсан, мөн Т ын өөрийн гаргасан өргөдөл гэх мэт нотлох баримтууд байна. Нотлох баримтад 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 723 дугаар шийдвэр байхгүй, иргэдийн өргөдөл, хүсэлтээр 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр эцэг тогтоосны бүртгэлд бүртгэсэн байна. 2023 оны 12 дугаар сард иргэн Ж.Б  өөрийн биеэр ирж гомдол гаргахад нь иргэний баримтын архив дахь нотлох баримтаар 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 24 тоот бүртгэл үнэн, зөв тул шүүхийн шинжилгээгээр биологийн эцгийг тогтоолгох боломжтой тухай зөвлөгөө өгсөн. Иймд иргэн Ж.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус хэлтэс хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б  түүний охин Т тай холбоотой өргөдөл гомдолтой холбоотой Э.О  бүртгэгчийг авчирч уулзсан. Тэгэхэд Орхон аймгийн шүүхийн шийдвэрийг авч ирээгүй, гэрлэлтээ батлуулах гэж орж ирээд гэрлэлтээ батлуулаад 2 хүүхдээ эцгээр овоглох тухай хүсэлт гаргасан гэсэн тайлбарыг өгсөн. Э.О  бүртгэгч 1992 оноос хойш Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад 2023 оны 11 сард тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг авчирч өгөөгүй гэдэг. Төрсөн эцэг Л. М аар овоглуулж өгнө үү гэсэн өргөдөл хүсэлт гаргасан нотлох баримт манай архивд байгаа. Тэр өргөдөл хүсэлтийн дагуу эцэг тогтоолыг хийсэн гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Мөн нотлох баримтад үндэслэснээр охин М.Т  өөрөө хүсэлт гаргаж хүсэлт дээр гарын үсэг зурж баталгаажсан байгаа тул манай бүртгэл үнэн зөв гэдэг үүднээс манайх бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байгаа. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр мөн шүүхийн шийдвэрээр бүртгэлийг хүчингүй болгохоор заасан. Хяналтын улсын байцаагч манай бүртгэл үнэн зөв учраас бүртгэлийг хүчингүй болгуулах боломжгүй. Тийм болохоор шүүхэд ханд гэсэн тайлбарыг өгсөн байгаа гэв.

7. Гуравдагч этгээд Б. М  шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр Б.Б  тэй 2010 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2012 онд охин М.А  төрсөн, эхнэр бид гэрлэлтээ батлуулахгүй байж байгаад 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ авсан. Тэр үед Ихтамир сумын улсын бүртгэлийн ажилтан Э.О  гэдэг хүн байсан. Тухайн үед гэрлэлтээ батлуулсан учраас охин М.Т ыг нь хойд эцэг Л. М  надаар овоглох ёстой гээд овоглож гэрчилгээ гаргаж өгсөн. Тэгээд сая охин М.Т  16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авах гэтэл эцэг тогтоосон бүртгэлийг буруу бүртгэл гэж тооцно гэж одоо ажиллаж байгаа сумын улсын бүртгэгч н.М  хэлсэн. Би түүний дараа охин М.Т тай утсаар холбогдож шүүхэд өгсөн нэхэмжлэлийн талаар асууж түүнтэй ярилцахад би төрсөн эцэг Б.А ын нэр дээр шилжмээр байна, би утсаар байнга холбогдож уулзаж байгаа гэсэн. Иймд охин М.Т ын үзэл бодлыг хүндэтгэж охиныг төрсөн эцгээр нь овоглохыг Л. М  миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.

8. Гуравдагч этгээд Б.А  шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Б  Улаанбаатар хотод амьдардаг байсан ба ирэн очин байсан бөгөөд энэ хүний ярьсанчлан 1 гэрт хамт удаан амьдраагүй залуу насны болсон. Тэгээд тусдаа байсан бөгөөд хүүхэдтэй болсноо хэлж тухайн үедээ шүүхийн шинжилгээ энэ тэр болж яваагүй гэр ажил дээр хүүхдээ орхиод явчихдаг байснаас хэрүүл мандаж Орхон аймгийн шүүхэд хандаж шүүх 2009 оны 06 сард эцэг нь мөн гэж тогтоож шүүхийн шийдвэр гарсан. Энэ үес эхэлж хуулийн дагуу төлбөр төлж эхэлсэн одоо ч төлж байгаа ажил төрөлгүй нэг хэсэг байснаас жаахан хуримтлал үүссэнээс бусдаар төлөхгүй гэж зугтааж байсан удаагүй. Одоо энэ хүнтэй нэгэнт амьдраад овоглоод өдий хүрсэн тул эдгээр хүмүүсийн амьдралд сэв суулгаад яахав гэж бодож байна. Овог солиод энэ хүүхдийн амьдралд ямар нэгэн муу зүйл болохыг хүсэхгүй байгаа болно. Өөрсдөө дундаасаа хүүхэдтэй учир дахин нэг хүүхэд битгий өнчрөөсэй элэг бүтэн амьдраасай гэж хүсэж байна. Мөн намайг байхгүй хойгуур ажлын газар луу ч хүртэл залгаж янз бүрийн юм ярьсан нь миний хувьд ажил дээр их хүнд байна. Иймд Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ж.Б ийн нэхэмжлэлээс татгалзаж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Иргэн Ж.Б  2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Т ыг төрүүлж, охин М.Т  нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 насанд хүрсэн, эх Ж.Б  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. дахь хэсэгт “Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, .... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална.” гэж зааснаар төлөөлөх эрхтэй байна. (Хавтаст хэргийн 6 дахь тал)

1.2. Улмаар М.Т ыг төрсөн эцгээр овоглох талаар 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж, тус өргөдлийн дагуу Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дүгээр албан бичгээр иргэн Ж.Б ийн өргөдлийг хангах боломжгүй талаар тайлбар гаргаж, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 9, 61-68 дахь тал)

1.3. Ийнхүү иргэн Ж.Б ээс 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:

2.1. Иргэн Ж.Б , Б.А  нар нь 2006 онд танилцаж (нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар), охин Т ыг төрүүлэхдээ гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ.

2.2. 2009 онд иргэн Ж.Б ээс Б.А д холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 723 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-1-д зааснаар Б гийн А ыг 2007 оны 12 сарын 12-нд төрсөн охин Б  ийн Т ийн эцгээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Т ыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.А аар тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Энэхүү шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр байна. (Хавтаст хэргийн 71-99 дэх тал)

2.3. Үүний дараа Ж.Б  нь Л. М тай хамтран амьдарч байх хугацаандаа 2 дахь охин А г төрүүлжээ.

2.4. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. “Гэрлэлтээ  бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд энэ хуулийн 12.2.3.-т заасан гэрчилгээг шаардахгүй.” гэж заасаар  2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Т , 2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн охин А  нарыг эх Ж.Б ээр овоглосон байна. (Хавтаст хэргийн 48 дахь тал)

2.5. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.2. дах хэсэгт зааснаар 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр иргэн Ж.Б , иргэн Л. М  нар нь гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлийг холбогдох бичиг баримтын хамт Архангай аймгийн Ихтамир сумын улсын бүртгэгчид гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн *********** дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. (Хавтаст хэргийн 47, 54 дэх тал)

2.6. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөө Архангай аймгийн Ихтамир сумын улсын бүртгэгчид М.Т аас “ ... Б   овогтой Т  би 2007 онд төрсөн. Аав ээж хоёр маань гэр бүлээ батлуулаагүй байсан учраас би ээжээрээ овоглосон. Би өөрийн төрсөн ааваараа овоглох учраас  М ын Т  болгон бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү” гэх өргөдлийг; иргэн Л. М , Ж.Б  нараас “ ... Ж.Б  би 1979 онд төрсөн, 2006 онд Л-н  М тай танилцан хайр сэтгэлтэй болж хамтран амьдарч байгаад 2007 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, 08 тоот гэрчилгээ авсан. 2007, 2012 онд нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсны улмаас охин Т , охин А  нарыг эх Ж.Б ээр овоглож бүртгүүлсэн тул миний охин Т , А  нарыг Л овогтой  М аар овоглож, гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргаж, гарын үсгээ зуржээ. (Хавтаст хэргийн 32, 49 дэх тал)

2.7. Ийнхүү 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эцэг тогтоосны бүртгэлийн 24-т  Б.Т ын эцгээр Л. М ыг тогтоож бүртгэл хийгдсэн байна. (Хавтаст хэргийн 29, 35, 55-56 дахь тал)

2.8. Гэвч охин М.Т  нь 16 нас хүрсний дараа өөрийн төрсөн эцэг Б.А аар овоглох талаар эх Б тэй ярилцсан бөгөөд эх Б  нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  өргөдөл  гаргасны улмаас дээрх маргаан үүсжээ. (Хавтаст хэргийн 61-68 дахь тал)

2.9. Тодруулбал, нэхэмжлэгчээс “ ... 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Л. М тай албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ авсан. Тэр даруй сумын улсын бүртгэгч охин М.Т ыг хойд эцэг Л. М аар овоглосон. Тухайн үед би сумынхаа улсын бүртгэгчид М.Т ыг эцгээр Б.А ыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үзүүлж төрсөн эцгээр нь овоглож бүртгүүлмээр байна гэтэл гэрлэлтээ албан ёсоор батлуулсан учраас заавал Л. М аар овоглох ёстой, харин 16 нас хүрээд өөрийн төрсөн эцгээрээ овоглох боломжтой гэж тухайн үеийн улсын бүртгэгч ажилтай Э.О г хэлэхээр түүнд итгэсэн ...” гэж,  хариуцагчаас “ ... иргэний баримтын архив дахь  М ын Т ын ИУБ-14 маягт, эцэг тогтоосны бүртгэлийн дэвтэр, Л. М , Ж.Б  нарын эцэг тогтоолгох тухай өргөдөл зэрэгт “Нөхөр бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсны улмаас охин Т ыг эх Ж.Б ээр овоглож бүртгүүлсэн тул миний охин Т ыг Л. М аар овоглож өгнө үү” гэж гарын үсэг зурсан, мөн Т ын өөрийн гаргасан өргөдөл гэх зэрэг нотлох баримтууд байна.  2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 723 дугаар шийдвэр байхгүй, иргэдийн өргөдөл, хүсэлтээр 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр эцэг тогтоосны бүртгэлд бүртгэсэн,  бүртгэл үнэн, зөв ...” гэж тус тус тайлбарлаж маргаж байна.

3. Хууль зүйн үндэслэлийн талаар:  “М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаар бүртгэлийг хүчингүй болгох” шаардлагын тухайд,

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тухайн нэхэмжлэл, хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг.

 

3.2. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан.

3.3. Нэхэмжлэгч Ж.Б ийн хувьд, “Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, М.Т ын эцгээр Б.А ыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий Б.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 24 дугаартай бүртгэл нь хууль бус, хууль  зөрчсөн эсэхэд  дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

3.4. Тухайн үед үйлчилж байсан 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум .. улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ:, 12.2.1. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, ...:, 12.2.2. эцэг, эхийн иргэний үнэмлэх:,12.2.3. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ, 12.3. Гэрлэлтээ  бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд энэ хуулийн 12.2.3.-т заасан гэрчилгээг шаардахгүй.” гэж заасны дагуу Архангай аймгийн Ихтамир сумын хүүхдийн төрсний бүртгэлийн 06-рт Ц,  Б   Т  2007 оны 12 дугаар сарын 12-нд бүртгэж, улмаар 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдөр охин Т ыг эх Б  ээр овоглож, РД:********** дугаартай төрсний гэрчилгээ авчээ. (Хавтаст хэргийн 41-43, 48 дахь тал)

3.5. 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: 3.1.4.-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5.-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 5.3. хэсэгт Иргэний улсын бүртгэл дараахь төрөлтэй байна: 5.3.5.-д “эцэг тогтоосны” гэж;

 

3.6. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэгт “Сум, .. улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан иргэний бүртгэлийг эрхлэн хөтөлж, холбогдох тайлан, мэдээг гарган зохих журмын дагуу аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албанд хүргүүлнэ.”, Иргэний бүртгэлийн ажилтны эрх, үүргийг 8 дугаар зүйлийн 8.2.-т Иргэний бүртгэлийн ажилтны дараахь эрх эдэлнэ:, 8.2.1.бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээр гаргуулан авах:, 8.3.-т Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ: 8.3.1. бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах;, 11 дүгээр зүйлийн 11.2. дахь хэсэг Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл нь дараахь төрөлтэй байна: 11.2.6.-д “эцэг, эх тогтоосон тухай”, 17 дугаар зүйлийн 17.1. Эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, .... түүнчлэн эцэг тогтоосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тус тус үндэслэн бүртгэнэ., 17.3. дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, нэр төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр, өөрчлөгдөх эсэхийг дурдсан байна/ үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.”, 17.5. дахь хэсэгт “Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 17-д заасан баримт бичгийг хүлээн авч эцэг тогтоосныг бүртгэж, төрсний гэрчилгээг шинэчлэн олгоно.” гэж;

 

3.7. 2015 оны Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 1.2.-т “Эрх бүхий улсын бүртгэгч /цаашид “улсын бүртгэгч” гэх/ нь мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн иргэний улсын бүртгэлийг хөтлөхдөө иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, иргэний улсын бүртгэлийн маягт /цаашид “ИУБ маягт” гэх/, төрсний, гэрлэсний гэрчилгээг хэвлэж, бүртгэлийн дэвтэр болон бусад гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/-нд асуулгын дагуу бүрэн бичилт хийнэ.”, 1.3.-т “Улсын бүртгэгч ИУБ маягт, бүртгэлийн дэвтэр, гэрчилгээнд гарын үсэг зурж, гарын үсгийн тайллыг бичиж, улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулна.”, 1.4.-т “Иргэнээр ИУБ маягт, бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг зуруулж, гэрчилгээг иргэнд олгоно.”,  7.1.-д “Улсын бүргэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу эцэг тогтоосны бүртгэлийг хөтөлнө.”, 11.1.-д “Улсын бүртгэгч гэрчилгээг дахин олгохдоо анхны бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй.” гэж тус тус зохицуулсан хууль, журмыг Ихтамир сумын улсын бүртгэгч зөрчөөгүй байна.

3.8. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, эх Б нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байхдаа анх охин Т ыг өөрийн /эх/-ийн нэрээр овоглож  захиргааны журмаар тогтоосон байна.

3.9. Улмаар  2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэн Л. М тай гэрлэлтээ бүртгүүлэхээр Ихтамир сумын улсын бүртгэгчид өргөдлөө хамтран гаргаж, иргэний үнэмлэх хуулбарууд, эрүүл мэндийн хуудас, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг баримтуудыг хуулбарлан өгч гэрлэлтээ бүртгүүлжээ.

3.10. Тухайн өдрөө нэхэмжлэгч Ж.Б , гуравдагч этгээд Л. М  нар нь дээрх хуульд зааснаар охин Т ын эцгээр тогтоолгох тухай өргөдлийг хамтран гаргасан, охин Б.Т  нь Л. М аар овоглох тухай өргөдлийг тус тус Ихтамир сумын улсын бүртгэгчид гаргаж, холбогдох бүртгэлд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсний дагуу Б.Т ын эцгээр Л. М ыг тогтоож, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гэрчилгээ олгожээ.

3.11. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, тухайн үед хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн Ж.Б , Л. М , М.Т  нарын гаргасан хүсэлтийн дагуу Б.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 24 дугаартай бүртгэл хийгдсэн, хууль бус гэж тус бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.12. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс “ ... Тухайн үед би сумынхаа улсын бүртгэгчид М.Т ыг эцгээр Б.А ыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үзүүлж төрсөн эцгээр нь овоглож бүртгүүлмээр байна гэтэл гэрлэлтээ албан ёсоор батлуулсан учраас заавал Л. М аар овоглох ёстой, харин 16 нас хүрээд өөрийн төрсөн эцгээрээ овоглох боломжтой гэж тухайн үеийн улсын бүртгэгч ажилтай Э.О г хэлэхээр түүнд итгэсэн ...” гэж тайлбарлажээ.

3.13. Гэрч Э.О  шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ “ ... Шүүхийн шийдвэрийг надад үзүүлээгүй, хэрэв шүүхийн шийдвэр байсан бол эцгээр нь л тогтооно ., бүхэл бүтэн шүүхийн шийдвэрийг би юу гэж тэгэх вэ ... энэ шийдвэрийг надад үзүүлээгүй, хэрэв үзүүлсэн би юу гэж тэгэх вэ. Үзүүлсэн бол энэ бол бидний үүрэг хариуцлага байгаа, өөр хүнээр бүртгэл хийх эрх байхгүй .... 16 нас хүрэхэд нь Б.А аар овогло гэж хэлэхгүй. Л. М тайгаа хоёулаа орж ирээд л хоёр хүүхдээ Л. М ын нэрэн дээр болгоё л гэж хэлсэн ....” гэх тайлбар өгсөн байна. (Хавтаст хэргийн 112-114 дэх тал)

3.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3., 32.4. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан дээрх үйл баримттай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, “....16 нас хүрээд өөрийн төрсөн эцгээрээ овоглох боломжтой гэж тухайн үеийн улсын бүртгэгч ажилтай Э.О г хэлэхээр түүнд итгэсэн “ гэх тайлбар болон бүртгэлийг дур мэдэн хийсэн,  хууль бус үйлдэл  нь  нотолсонгүй.

3.15 Нэхэмжлэгч Ж.Б  нь охин Б.Т ыг иргэн Л. М аар овоглох талаар хүсэл зоригоо захиргааны байгууллагад илэрхийлсэн, улмаар 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дээрх иргэдийн хүсэлтийн дагуу эцэг тогтоосны бүртгэл хийгдсэнийг захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй.

3.16. Иймд маргаан бүхий М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаар бүртгэлийг /1999 оны/ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт “Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн ,..... шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно.” гэж зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

3.17. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   Б-н А ыг 2007 оны 12 сарын 12-нд төрсөн охин Б  ийн Т ийн эцгээр тогтоож, Б.Т ыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.А аар тэжээн тэтгүүлэх талаар шийдвэрлэсэн.

3.18. Гуравдагч этгээд Б.А  нь шүүхэд гаргасан тайлбартаа “ ... Ж.Б ийн нэхэмжлэлээс татгалзаж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна ...” гэх тайлбар ирүүлсэн байна.

3.19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар Б гийн А ыг 2007 оны 12 сарын 12-нд төрсөн охин Б  ийн Т ын эцгээр тогтоосон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

3.20. 2018 оны 5 дугаар сарын 09-нд охин Т ын эцэг тогтоож Л. М аар овоглож бүртгүүлэх үед мөрдөгдөж байсан 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. дахь хэсэгт “Хүүхдийн эцгийг шүүхээс тогтоосныг бүртгүүлэх тухай өргөдлөө хүүхдийн эх, эсхүл эцэг, 16 нас хүрсэн хүүхэд өөрөө оршин суугаа газрынхаа, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн оршин суугаа болон урьд сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж шүүхийн шийдвэрийг хавсаргана.” гэж зааснаар тухайн үед Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 723 дугаартай шийдвэрээ гаргаж өгөх, эцэг тогтоосон шийдвэр байгаа талаар мэдэгдэх, бүртгэлд гарын үсэг зурахгүй байх, зөвшөөрөхгүй байх болон тухайн улсын бүртгэгчийн үйлдэлд нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх эрхтэй байсан бөгөөд иргэний гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага, албан тушаалтан хууль, журмын дагуу биелүүлжээ.

3.21. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2. дахь хэсэг Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: 26.2.2.-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж зааснаар охин М.Т ыг тэжээн тэтгэж байгаа талаар нэхэмжлэгч Ж.Б , гуравдагч этгээд Б.А  нарын тайлбар, охин М.Т ын эцгээрээ тэжээн тэтгүүлэх эрх зөрчигдөөгүй байна.

3.22. Охин М.Т  16 нас хүрсэн, эцэг Б.А аар тогтоох бүртгэлд бүртгүүлснээр түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, ямар эрх ашиг сонирхол нь сэргээдэх гэж байгаа талаар нэхэмжлэгч Ж.Б  нь үндэслэл бүхий тайлбар, баримтыг гаргаагүй болно.

3.23. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу гуравдагч этгээд Л. М , Б.А  нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр татсан, тэдгээрээс нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан.

3.24. Гуравдагч этгээд Б.А нь 2009 оны 7 дугаар сарын 17-нд Ч.А-тай  гэрлэлтээ бүртгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү А.Т, 2009 оны 11 дүгээр сарын 18-нд охин А.Б, 2011 оны 10 дугаар сарын 04-нд хүү А.Т нарыг төрүүлж гэр бүл болж амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. (Хавтаст хэргийн 57-60 дэх тал)

3.25. 2018 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээд Б.А  нь Б.Т ын эцгээр тогтоох бүртгэл хийхийг хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч Ж.Б  шүүхэд мэдүүлэх боловч Б.А  нь охин Т ыг бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, энэ талаар холбогдох баримтыг хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлээгүй болно.

3.26.  2018 оны “Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйл. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл 12.1. Иргэн, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх болон дараахь баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ:” 2018 оны Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 13.1. “Улсын бүртгэгч овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтална.” гэж тус тус заажээ.

3.27. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “..охин М.Т  нь  овог, нэр өөрчлөх хүсэлт гаргаж болно.” гэж тайлбарласан бөгөөд охин М.Т  өөрөө захиргааны байгууллагад овог, нэр өөрчлөх талаар хүсэлт гаргаж шийдвэрлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв..

3.28. Одоо мөрдөгдөж байгаа Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт зааснаар маргаан бүхий М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан буруутай үйлдэл нь нотлогдохгүй байх тул М.Т ын эцгээр Б.А ыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.29. Иймд нэхэмжлэгч Ж.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4., 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б ээс Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “М.Т ын эцгээр Л. М ыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, М.Т ын эцгээр Б.А ыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА