Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1232

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01016 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж ” ХХК-д холбогдох

 

Үйлчилгээний төлбөрт 2 674 170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмээ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД46 байрны хэрэглээний халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгалын үйлчилгээг хариуцан ажилладаг. “Ж ” ХХК нь 46 дугаар байрны 703 тоот, 124.4 м.кв дөрвөн өрөө орон сууцыг зээлдээ тооцон худалдан авч өмчлөх болсон. Тус 703 тоот айл 2018 оны 01 дүгээр сараас эхлээд сар бүрийн төлбөрөө төлөөгүй байдаг. Удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцны халаалт, цэвэр, бохир ус, ариутгалын ашигласан төлбөрийг төлөх, үүрэгтэй. Тус байгууллага худалдан авсан орон сууцныхаа өр төлбөртэй эсэхийг нягтлах үүрэгтэй. Хэрэв нягтлах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр худалдан авсан бол өмнөх өрийг төлөх үүрэгтэй. Иймд “Ж ” ХХК-аас уг орон сууцны 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн цэвэр, бохир ус, халаалтын үйлчилгээнд нийт 2 674 170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч орон сууцыг авахдаа гараашийг аваагүй гэж тайлбарлаж байх тул гарааштай холбоотой зардлыг хасч тооцоход татгалзахгүй. Бид сар бүрийн төлбөрийг эрх бүхий байгууллагаас баталсан тарифийн дагуу тооцсон болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018, 2019 оны төлбөрийг нэхэмжилсэн байна. Байрны өмнөх өмчлөгч манай байгууллагаас зээл аваад төлж чадаагүй тул авсан. Манай хувьд 2019 оны 5 дугаар сард уг байрны өмчлөгч болсон тул энэ хугацаанаас хойших төлбөрийг төлнө. Гэхдээ алданги тооцсон болон гараашийн төлбөр нэмсэнг зөвшөөрөхгүй. Учир нь манайх гарааш худалдаж аваагүй болно. Иймд 2019 оны 5-12 дугаар сарын төлбөрөөс гарааш, алдангийг хасч 438 663 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

Нэхэмжлэгч нь СӨХ-ийн төлбөр нэхэмжлээгүй, харин цэвэр, бохир ус, халаалт, дулааны зардал буюу Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан зардлыг шаардсан байгаа. Энэ хуулиудад дээрхтэй адил өмнөх өрийг хариуцах тухай хуулийн зохицуулалт байхгүй болно. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “тухайн хувь орон сууц өмчлөгчдийн ашигласан халуун, хүйтэн, цэвэр, бохир устай холбоотой төлбөр болон дундын өмчлөлийн буюу СӨХ-ны төлбөр гэсэн хоёр янзын төлбөрийг хуульчилсан. Нэхэмжлэлийн шаардлагад хувь өмчлөгчийн хэрэглэсэн ус, дулаан, халуун, хүйтэн усны төлбөрийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч болон манай компани хоёрын хооронд хууль болон дүрэмд зааснаар гэрээ байгуулагдаагүй тул бусдын хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг шаардах нь гэрээ болон хууль зүйн хувьд үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Ж ” ГХОХХК-иас 1 623 772 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, үлдэх 1 050 398 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 40 930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх, Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх гэсэн 2 төрлийн төлбөрийг хуульчилсан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19, 28.1, 28.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.13, 13.1, 13.2, 13.3, 15.1.2, 15.1.3 дахь заалтуудад дээрх Хэрэглэгч, хангагч болон хэрэглэгч нарын хооронд үүссэн харилцаа, ус, дулаан ашиглалтын гэрээ, гэрээ байгуулагдсан эсэхийг маш тодорхой тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд дээрх хууль болон аж ахуйн харилцааны дүрэмд дурдсан ус болон дулаан ашиглах гэрээ байгуулагдаагүй, гэрээний эрх, үүргийн харилцаа үүсээгүй. Дээрх ус, дулааны ашиглалт, төлбөр тооцоотой хамаарах хууль, дүрмийн зохицуулалтад үндэслэвэл, үүссэн өр төлбөрийг тухайн орон сууцны контортой гэрээ байгуулж цэвэр, бохир усаар хангуулах үйлчилгээ авч байсан гэрээний нэг тал буюу өмнөх өмчлөгч төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд СӨХ-ийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасантай адил агуулга бүхий хуулийн зохицуулалт байхгүй буюу худалдан авсан хөрөнгийн өмнөх өр төлбөрийг магадлах үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах үүрэг хуулиар ногдуулаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав гэж хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг дутуу дүгнэжээ. Хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаачлан, хариуцагчийн татгалзлын буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн тайлбарт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан үүрэг нь хуулийн системчлэлийн зүгээс авч үзсэн ч тухайн орон сууцны барилгын “дундын өмчлөлийн эд хөрөнгө холбоотой үүрэг" болно гэж тодорхой тайлбарласан байдаг ба өөрөөр хэлбэл хувь оршин суугчийн ашигласан ус, дулааны төлбөртэй холбоотой үүрэг уг заалтад үл хамаарна гэдэг нь туйлын тодорхой байна. Учир нь, хувь оршин суугчийн ашигласан ус, дулааны төлбөр нь тусдаа бие даасан хууль, аж ахуйн харилцааны дүрэм, гэрээний үндсэн дээр зохицуулагддаг.

Анхан шатны шүүх СӨХ-ийн тухай хуулийн 13.2.4, 13.2.6-т заасан заалтуудыг хэрэглэх ёсгүй байхад хэрэглэсэн, мөн эдгээр заалтуудыг буруу тайлбарласан. Эдгээр заалтууд нь дээр дурдсан Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хангагч, хэрэглэгч нарын хоорондын гэрээгээр ус дулааны төлбөр төлөх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарах заалт. СӨХ-ийн тухай хуулийн 13.2.4-т заалтын дагуу ус дулаан, цахилгаанаар хангах гэрээтэй сууц өмчлөгч нь өөрийн сууцтай холбогдох үйлчилгээний бүх зардлыг хариуцах зохицуулалт бөгөөд уг заалтын дагуу төлбөр төлөх үүргийг хариуцагчийн өмнөх буюу хуучин өмчлөгчтэй холбогдуулж хүлээлгэх үүрэг болно. Хариуцагч компани өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулснаас үүссэн өр төлбөрийг хариуцах эсэх асуудал нь маргааны зүйл биш. Өөрөөр хэлбэл, одоогийн өмчлөгч болох хариуцагч компани өөрийн орон сууцаа өөр нэг этгээдэд эзэмшүүлж, ашиглуулсны улмаас үүссэн өр төлбөрийг одоогийн өмчлөгч хариуцах уу, үгүй юу гэдэг дээр, эсвэл хариуцагчийн өмнөх буюу хуучин өмчлөгч өөр этгээдэд орон сууцаа эзэмшүүлж, ашиглуулснаас үүссэн өр төлбөрийг тухайн хуучин өмчлөгч хариуцах уу, эс хариуцах уу гэдэг дээр уг заалтын хэрэглээ гарч ирэх болохоос бус, энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаанд дээрх заалтууд үл хамаарах байтал анхан шатны шүүх хэрэглэсэн байгаа нь үндэслэлгүй. Дээрх 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрээр “Ж ” ГХОХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 1 623 772 төгрөгөөс 1 185 109 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан үйлчилгээний төлбөрт 2 674 170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 438 663 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Т ” ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон нь 00263 тоот  гэрчилгээгээр тогтоогдсон. /хх 6/

 

Дээрх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад маргаан бүхий 46 дугаар байр бүртгэгдсэн, энэ талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч “Ж ” ХХК нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/ хд-46 байр 703 тоотод байрлах 124.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. /хх 69/

 

703 тоот орон сууц нь төвлөрсөн дулаан хангамжаар хангагддаг тул хэрэглэгч, хангагч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар мөрдөгдөж байгаа тарифийн дагуу үнийг тооцно.

 

Хариуцагч “Ж ” ХХК нь сууц өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй, дулааны төлбөр төлөгдөөгүй доголдолтой эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан тул доголдлын талаар өмнөх өмчлөгчид гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийг өмчлөгч гэж тодорхойлоогүй тул эд хөрөнгөтэй холбоотой өмчлөгч солигдоход эрчим хүч хангагчийг буруутгах боломжгүй. Иймд уг орон сууцны дулааны төлбөрийг хариуцагч талах үүрэгтэй.

 

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас алданги шаардах эрхтэй, алданги мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлагдах юм.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь хэргийн 59-62 дугаар талд авагдсан Төлбөр төлөх хэрэглэгчийн мэдээлэл гэх баримтаас дүгнэвэл 2018 оны 01 дүгээр сард 57 224 төгрөг + 10 000 төгрөг, мөн оны 2 дугаар сард 57 224 төгрөг + 10 000 төгрөг, 3 дугаар сард 62 946 төгрөг + 11 000 төгрөг, 4 дүгээр сард 62 946 төгрөг + 11 000 төгрөг, 5 дугаар сард 31 473 төгрөг + 11 000 төгрөг, 6 сард 10 000 төгрөг, 7 сард 10 000 төгрөг, 8 сард 10 000 төгрөг, 9 дүгээр сард 28 612 төгрөг+ 10 000 төгрөг, 10 дугаар сард 57 224 төгрөг + 10 000 төгрөг, 11 дүгээр сард 57 224 төгрөг +10 000 төгрөг, 12 дугаар сард 57 224 төгрөг + 10 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 57 224 төгрөг + 10 000 төгрөг, мөн оны 02 дугаар сард 57 224 төгрөг + 10 000 төгрөг, 3 дугаар сард 57 224 төгрөг + 10 000 төгрөг, 4 дүгээр сард 57 224 төгрөг+ 10 000 төгрөг, 5 дугаар сард 28 612 төгрөг + 10 000 төгрөг, 6 сард 11 000 төгрөг, 7 сард 11 000 төгрөг, 8 сард 11 000 төгрөг, 9 дүгээр сард 31 473 төгрөг+ 11 000 төгрөг, 10 дугаар сард 62 946 төгрөг + 11 000 төгрөг, 11 дүгээр сард 62 946 төгрөг + 11 000 төгрөг, 12 дугаар сард 62 946 төгрөг + 11 000 төгрөг 1 136 916 төгрөг бөгөөд алдангийг 50 хувиар хязгаарлаж нийт 1 705 374 төгрөгийн төлбөр байна.

 

Харин Хот суурин ус хангамж, ариутгал, татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар цэвэр ус, бохир ус, татаж дамжуулах үйлчилгээ нь орон сууцны хэрэглэгчид хамааралтай, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн ашиглалттай шууд хамаарч гарах зардал юм. Иймд өмчлөгч болсноор уг орон сууцны цэвэр ус, бохир усыг хэрэглэж эхлэх тул 2019 оны 01 сард 9828 /2480+1880+2968+2500/ төгрөг, 2019 оны 2 сард 2500 төгрөг, 2019 оны 3 сард 2500 төгрөг, 2019 оны 4 сард 2500 төгрөг, 2019 оны 5 сард 2500 төгрөг, 2019 оны 6 сард 2500 төгрөг, 2019 оны 7 сард 2500 төгрөг, 2019 оны 8 сард 10 924 /2840+2320+3264+2500/ төгрөг, 2019 оны 9 сард 12 214 /3 550+2900+3264+2500/ төгрөг, 2019 оны 10 сард 10 924 /2840+2320+3269+2500/ төгрөг, 2019 оны 11 сард 10 924 /2840+2320+3264+2500/төгрөг, 2019 оны 12 сар 2500 төгрөг, нийт 72 314 төгрөг болж байна.

 

Дээрхээс дүгнэвэл нийт төлбөл зохих төлбөр 1 777 688 төгрөг /1 705 374 + 72 314/ төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийг 1 623 772 төгрөгийн хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тал талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээв.

 

Харин Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан төлбөрийг төлөх журмыг тодорхойлсон заалт нь шаардах эрхийг олгохгүй бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолт мөн энэ ойлголтод хамаарах тул хууль хэрэглээний хувьд алдааг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар” гэснийг “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31.3, 31.4, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 992 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                       ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                              Э.ЗОЛЗАЯА