Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч Д.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Дашдондогийн Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 1721000000107 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1978 оны 3 сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 02 сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ................ регистрийн дугаартай, Цахар овогт Дашдондогийн Түвшинжаргал.

 

Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь 2017 оны 10 сарын 14-ний өдрийн орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын хавцал” гэх газар иргэн Г.Пүрэвжаргалыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна

Хохирогч Г.Пүрэвжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Төрөө машинаас бууна гээд байхаар нь би буулгахгүй гээд заамдаад авсан, түүнээс болж бид хоёр маргалдаад ... байж байтал Түвшинжаргал ах бууж ирээд чи замын хүнтэй маргалдлаа гээд нүүр рүү маань гараараа хоёр удаа цохьсон. ...Түвшинжаргал ах намайг цохисноос болж уруул хавдаж, баруун нүд хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Намайг Түвшинжаргал ах 2 удаа л цохисон. ...Надад Түвшинжаргал ахад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, архи уугаад үгэнд нь орохгүй байснаас ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

Гэрч Н.Гантулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Машин зогсонгуут л Жаргаа, Төрөө хоёр маргалдаад байсан. ... Түвшинжаргал нь бууж очоод Жаргааг хүнтэй муудалцлаа гээд нүүр рүү нь гараараа цохьсон. Тэгэхэд харуй бүрий болж байсан бөгөөд би тэр үед нь Төрөөг бариад зогсож байсан юм. Учир нь Төрөө бууж зугтаачих гээд байсан юм. Төрөөгийн ил харагдах нүүр ам нь тухайн үед зүгээр байсан. Харин Жаргаагийн нүд, уруул нь Түвшинжаргалд цохиулснаас болж хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 618 тоот дүгнэлтэд: "1. Г.Пүрэвжаргалын биед нүүр, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 19/

-Шүүгдэгч Д.Түвшинжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь 2017 оны 10 сарын 14-ний өдрийн орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын хавцал” гэх газар хохирогч Г.Пүрэвжаргалыг зодож, түүний нүүр, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Пүрэвжаргал, Энхтөр хоёр маргалдаж машины араар орж барьцалдаад байхаар нь би Пүрэвжаргалыг загнаад нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон...“ гэж /хх-ийн 25-26/, түүнийг давхар нотолсон хохирогч Г.Пүрэвжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Төрөө бид хоёр машинаас бууж заамдалцаад байж байтал Түвшинжаргал ах бууж ирээд чи замын хүнтэй маргалдлаа гээд нүүр рүү маань гараараа хоёр удаа цохьсон...” гэж /хх-ийн 5-6/, гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “...Жаргаа, Төрөө хоёр маргалдаад байж байхад Түвшинжаргал нь бууж очоод Жаргааг хүнтэй муудалцлаа гээд нүүр рүү нь гараараа цохьсон...” /хх-ийн 15/ гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 618 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Г.Пүрэвжаргалын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Түвшинжаргалын хохирогчийн нүүр рүү 2 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Д.Түвшинжаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Түвшинжаргал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Түвшинжаргалын ....................регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч Цахар овогт Дашдондогийн Түвшинжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Дашдондогийн Түвшинжаргалд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, Д.Түвшинжаргалд оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Түвшинжаргалын ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Түвшинжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР