Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Д.Б, Б.Б нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Б.Б

                        Хохирогч                                                          Ж.А, О.Б

                        Шүүгдэгч нарын өмгөөлөгч                             Н.Э

                        Шүүгдэгч                                                          Д.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Б, Б.Б нарт холбогдох 1912007420152 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цагаан ус гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Д.Б

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цагаан ус гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б

 

  Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай хээр морь, дал цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Б-г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэг заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Баас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулагийн 10-12 тоотод оршин суух хохирогч Ж.А-д, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Чулуун хороо гэх газар оршин суух хохирогч О.Б-т, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Хужиртын үзүүр гэх газар оршин суух хохирогч А.А-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж,  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 25.000 /хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулагийн 10-12 тоотод оршин суух хохирогч Ж.А-д, 25.000 /хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Хужиртын үзүүр гэх газар оршин суух Б.Т-т тус тус олгож, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Н.Э миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Б нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.А, О.Б нарын 2 тооны адуу хулгайлан тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар үргэлжилсэн болон давтан үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн тогтоох хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.Бийн 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой байтал цаг хугацааны хувьд 2, 3 жилийн зайтай үйлдлүүдийг үргэлжилсэн, давтан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон гэж үзэж байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШТ/19 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Уг шүүх хуралдаанаар Д.Бийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Харин шүүгдэгч Б.Быг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн талаар прокурорын зүгээс тайлбартаа хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний 1 тооны үхрийг нядалж байхад нь харсан гэрч байхад уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж  ярьж байна. Манай үхрийг айлын үхрээс тууж явахыг нь харсан гэрч байна. Мөн би өөрөө хүртэл биеэрээ очиж үзсэн. Шүүгдэгч Д.Б миний үхрийн оронд үхэр өгнө гэхээр нь би дуугүй орхисон байсан. Түүнээс хойш өгнө гэдэг боловч өдийг хүртэл өгөөгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй байна. Би гомдолтой байна гэв.

 

Хохирогч О.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний алдсан адуу соёолон насны адуу, харин нөгөө хүний алдсан адуу нь хязаалан насны адуу байгаа юм. Гэтэл хязаалан адуу нь  шинжээчийн дүгнэлтээр өөр гараад байгааг сайн ойлгохгүй байна. Миний адууны толгой бол биш байсан. Нөгөө хүний адууны толгойг хөлдүү байсан болохоор сайн таниагүй. Хэрэв хязаалан насны адуу байсан бол шинжээчийн дүгнэлтээр гарах байсан. Шинжээчийн дүгнэлтээр миний алдсан адуутай нас хүйс нь таарсан бол би гомдолтой. Харин шинжээчийн дүгнэлтээр таараагүй учраас гомдолтой гэж хэлэхэд хэцүү  байна гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь шалгаж тогтоосны эцэст бусдыг гэм буруутайд тооцохоор хуульчилсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Бийг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эргэлзээгүй нотлогдсон нотлох баримтыг үндэслэсэн гэхэд өрөөсгөл юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас гаргасан гомдлоо дэмжиж байна. Давж заалдах гомдол болон өмнөх тайлбараа дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлт хүртэл эргэлзээтэй байдлаар гарсан. Хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зөрүүтэй нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгч нь гэм буруугүй гэдгээ  анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хүртэл үүнийгээ хэлж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчилсан.  Гэтэл прокурорын зүгээс энэ байдлыг тайлбарлаж, анхан шатны шүүх үүнийг үндэслэн яллах талыг барьж шийдвэрлэсэн. Хохирогч шүдлэн насны морио алдсан гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн алдсан адууны нас зөрүүтэй гардаг. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс шүүгдэгчийн  нядалсан гэх 7 настай адуу нь өөр адуу байсан гэдгийг хэлдэг. Энэ асуудлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн хэлж байна. Дээрх үйлдлийг давж заалдах шатны шүүх бүх талаас нь харж шийдэх нь зүйтэй байх. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокурорын 159 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Бийг 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт түүнийг машин механизм ашигласан гэж яллах дүгнэлтэд дүгнэснээс зөрүүтэй тайлбарласан.

 

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх тухайн үйлдэлд машин механизм ашигласан эсэхийг тогтоох шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгчийг прокурор машин механизм ашигласан гэж үзэж буй тохиолдолд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг олж тогтоох, битүүмжлэх, үнэлгээ гаргуулах, тээврийн хэрэгсэл нь биет байдлаар байхгүй болсон бол түүний үнийг тогтоолгох зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай, дээрх ажиллагааг хийлгэх нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хэрэг прокурорт очтол шүүгдэгч Д.Бт цагдан хорих, шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

           

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Д.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц