Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч Д.Ганзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маам овогт Долгорсүрэнгийн Ганзулд холбогдох эрүүгийн 1721000000085 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорнод Их Сургуульд слесарь ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 19-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЯ91112537/ Маам овогт Долгорсүрэнгийн Ганзул,

Шүүгдэгч Д.Ганзул нь 2017 оны 9 сарын 25-ны шөнө 00 цагийн орчим хохирогч Х.Ариунцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь тархи доргилт, хуйхны баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун талын цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ганзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Х.Ариунцэцэг мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Д.Ганзул нь 2017 оны 9 сарын 25-ны өдрийн орой 23 цагийн үед ажлаасаа тарчихаад ажлынхаа 2 эгчтэй “Люкс” пабын хажууд явж байхад Д.Ганзул нь өөрийнхөө “Аллион” маркийн 53-63 ДОА дугаарын машинтай ирээд намайг авч явсан ба цуг явж байсан ажлын хоёр эгчийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр гэр рүүгээ явах гэж байгаад “чи намайг тоохгүй байгаа биз дээ, чи өөрөө өөр хүнтэй болчихсон биз дээ, би чиний явдаг хүний утсыг мэднэ, би залгана, тэр охиноо надтай уулзуулчих” гэж хэлэхэд Ганзул уурлаад машинтайгаа тэр чигээрээ хойшоогоо давхиад хуучин хорихын хашааны ойролцоо машинтайгаа очиж зогсоод намайг ард сууж байхад миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн ба би нүүрээ хамгаалаад гараараа таглахад үснээс зулгааж толгой руу цохиод байсан. Мөн над руу хутга бариад чамайг алчихаад шоронд явна гээд айлгаад дарамталж байгаад хутгаа цааш нь хийсэн. ...Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 565 тоот дүгнэлтэд: “1. Х.Ариунцэцэгийн биед тархи доргилт, хуйхны баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун талын цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, хүзүүний цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт нь дангаараа, хуйхны баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун талын цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, хүзүүний цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун гуяны цус хуралт нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 17/ гэжээ.

-Шүүгдэгч Д.Ганзулын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.Ганзул нь 2017 оны 9 сарын 25-ны шөнө 00 цагийн орчим хохирогч Х.Ариунцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, хуйхны баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун талын цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Ганзулын яллагдагчаар  өгсөн “...Би гэрээсээ хойшоо хуучин хорихын хашааны ойролцоо очиж зогсоод машин дотроо эхнэртэйгээ ярилцах гэсэн боловч Ариунцэцэг нь согтуу орилж бахираад ... байхаар нь би уурандаа гарыг нь цааш нь түлхэж нүүр рүү нь цохисон. Тухайн үед хэдэн удаа хаана нь цохисон болохыг санахгүй байна. Мөн би машинд байсан жижиг тонгорог хутгыг бариад Ариунцэцэгийг айлгах гэж өөрийнхөө баруун гарны бугалга, шуу хэсгийг хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, түүнийг давхар нотолсон хохирогч Х.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Ганзул уурлаад машинтайгаа тэр чигээрээ хойшоогоо давхиад хуучин хорихын хашааны ойролцоо машинтайгаа очиж зогсоод намайг ард сууж байхад ирж миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн ба би нүүрээ хамгаалаад гараараа таглахад үснээс зулгааж толгой руу цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 565 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Х.Ариунцэцэгт учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Ганзулын санаатай үйлдлээр хохирогчийн нүүр болон толгой, гар руу цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой, гэм буруутай үйлдэл байна.

Шүүгдэгч Д.Ганзулд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Д.Ганзулын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 565 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ганзул нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЯ91112537 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Маам овогт Долгорсүрэнгийн Ганзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Долгорсүрэнгийн Ганзулд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.       

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзулын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Д.Ганзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ91112537 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ганзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР