Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        А.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                           Б.Б

                        Хохирогчийн хууль ёсны

                                               төлөөлөгч                                 М.Б

                        Өсвөр насны шүүгдэгчийн

                                                өмгөөлөгч                                Г.Э

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б-д холбогдох 2012000000328 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн 41 дүгээр байрны 34 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А.Б

 

            Өсвөр насны яллагдагч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд насанд хүрээгүй хохирогч Д.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор: Өсвөр насны шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бд ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Өсвөр насны шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Л.Даас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ды гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор миний ач хүү А.Быг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Ингэж шийдвэрлэхдээ хохирогч Д.Сид цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хариуцагч Л.Даас нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Л.Д намайг цагдаагийн мөрдөн болон прокурор, шүүх аль нь ч иргэний хариуцагч гэж тогтоогоогүй бөгөөд энэ талаар эрх, үүрэг юу ч танилцуулаагүй. Би шүүх хурал болтол өөрийгөө хууль ёсны төлөөлөгч гэж ойлгож байсан. Харин шүүх тогтоол уншихдаа намайг иргэний хариуцагч гэж тогтоолоо уншсан. Иймээс намайг шууд иргэний хариуцагч гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хариуцагчаар надад эдлэх ёстой эрх, гүйцэтгэх ёстой үүргийг тайлбарлаж өгөх ёстой байх. Энэ талаар ямар нэгэн тогтоол гарсан байх болов уу гэж ойлгож байна. Иймээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг хасаж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-ын хамт оролцоно гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор А.Быг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэмт буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Ингэж шийдэхдээ хохирогч Д.Сид цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хариуцагч Л.Даас нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн ба шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэн хэргийг бүхэлд нь хянуулж, 14 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 5 дугаар заалтыг хасуулахаар гомдол гаргаж байна. Л.Дыг иргэний хариуцагч гэж мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гараагүй тул иргэний хариуцагч гэж үзэхгүй болно. Шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие биечлэн оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг 2021 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.  Ингэж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  хохирогчид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Л.Даас нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь алдаатай болсон. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын алдааг давж заалдах шатны шүүх засаж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрхтэй гэж өөрчлөх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь өсвөр насны шүүгдэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа. Иргэний хуульд хохирол, гэм хорыг гэм хор  учруулсан этгээд хариуцахаар зааж өгсөн байдаг. Энэ үүргийг хариуцах хуульд заасан үндэслэл байгаа учраас  шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг яагаад хасуулах санал гаргаж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Би анхан шатны шүүх хуралдаанд цар тахал намжихаар Улаанбаатар хот руу хүүхдээ эмчилгээнд авч явна гэдгээ хэлсэн. Миний хүүхдийн эмчилгээтэй холбогдон гарах зардлыг А.Баас нэхэмжлэхгүй бол өөр хэнээс нэхэмжлэх юм. Хүү минь одоо хүртэл хоол идэхдээ амт мэдрэхгүй байгаа. Иймд буруутай хүнээр хүүхдийнхээ эмчилгээний зардлыг гаргуулна гэв.  

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдол гаргасан шалтгаан нь өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр Л.Д оролцож байсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Л.Дыг иргэний хариуцагчаар тусгасан. Хуульд зааснаар иргэний хариуцагч нь шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс өөр эдлэх эрх, хүлээх үүрэгтэй байдаг. Иргэний хариуцагчаар татсан тохиолдолд мөрдөгч, прокурорын тогтоол, шүүгчийн захирамж гарах ёстой байдаг. Шүүгчийн захирамж гарснаар тухайн хүн иргэний хариуцагчаар тогтоогдох бөгөөд түүнд эрх, үүргийг тайлбарлах ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаа зөрчигдсөн. Мөрдөгч, прокурорын хэн нь ч Л.Дыг иргэний хариуцагчаар татаагүй. Мөн шүүгчийн захирамж гарч иргэний хариуцагчаар татаагүй хэр нь тогтоолд иргэний хариуцагчаар дурдсан нь буруу болсон. Манай зүгээс зөвхөн шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагчаар Л.Дыг дурдсан хэсэгт гомдол гаргасан. Харин  ял шийтгэл, хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх ёстой. Шүүхийн шийтгэх тогтоолд алдаатай гарсан гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Өмгөөлөгч миний хувьд шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хасуулах саналаа дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд насанд хүрээгүй хохирогч Д.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан өсвөр насны шүүгдэгч А.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зөв байна.

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг Л.Даас гаргуулахдаа түүнийг иргэний хариуцагч  гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Л.Д нь өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байхад түүнийг иргэний хариуцагч гэж үзсэн нь буруу болжээ.

Өсвөр насны шүүгдэгч А.Б нь бусдын эрүүл мэндэд санаатай үйлдлээр гэм хор учруулсан болох нь тогтоогдсон тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хуулиар хүлээсэн тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг өсвөр насны шүүгдэгч насанд хүртэл түүний хууль ёсны төлөөлөгч Л.Д, өсвөр насны шүүгдэгч насанд хүрсэн тохиолдолд өөрөө буюу А.Б хариуцах нь үндэслэлтэй.

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь...шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хасаж өгнө үү гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Л.Д хэдийгээр иргэний хариуцагчаар тогтоогдоогүй ч гэсэн өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон тул түүний үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахаар хуульд заасан байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                        

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “иргэний хариуцагч Л.Даас” гэснийг “өсвөр насны шүүгдэгч А.Б болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даас” гэж өөрчлөн тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц