Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0228

 

 

 

 

 

 

 

     2024         03          13                                    128/ШШ2024/0228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК /РД:/, гүйцэтгэх захирал М.Т,

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Э” ХХК-ийн нягтлан бодогч Б.А /РД:/,

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Э” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ө /РД:/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.А

Тус шүүх хуралдаанаар: “Татварын улсын байцаагч Ц.М, М. нарын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай”  дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн хяналт шалгалтаар илрүүлсэн гэх зөрчлүүдийн 1,2,3,4 дэх хэсгийг хүчингүй болгуулах” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.А, Б.Ө, хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалтгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М М.О нарт холбогдуулан “...татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

       2. Том татвар төлөгчийн газартай харилцдаг, “Э” ХХК (РД:)-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2122501535 дугаар томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-хэсэгчилсэн шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд татварын улсын байцаагч Ц.М, М.О нар хийж гүйцэтгэснээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нийт 1,811,397,477 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

       3. Нэхэмжлэл гаргагч нь маргаан бүхий актыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар гомдлыг нь хэлэлцэн хангахаас татгалзаж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталснаар 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гардан авсан байна.

4. Улмаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд /1-д заасан/ нэхэмжлэл  гаргасан ба нэхэмжлэгч “Э” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, М.О нар манай компанийн 2018, 2019, 2020, 2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, 19,067,300,575.95 төгрөгийн зөрчлийг илрүүлж, нийт 1,811,397,477.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн HA- дугаар нөхөн ногдуулалтын актаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

4.1. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2018 онд 2,559.5 тонн, 2019 оны 01 дүгээр улиралд 415.83 тонн, нийт 2,975.33 тонн жоншийг экспортлохдоо 2018 онд 1,304,845,502.73 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр улиралд 270,881,570.40 төгрөгийн, нийт 1,575,727,073.13 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2. “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна”, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү”, 47.4. “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна”, 47.5. “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно”, 47.8. “Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг зөрчсөн нийт 3,151,454,146.26 төгрөгийн зөрчилд 171,592,766.00 төгрөгийн нөхөн татвар, 51,477,831.00 төгрөгийн торгууль, 34,318,554.00 төгрөгийн алданги, 257,389,151.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн (2006 оны) 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.3, 47.12 дахь заалтыг хэрэгжүүлээгүй.

           4.1.а. Ашигт малтмалын тухай хуулийн (2006 оны) 47 дугаар зүйлийн 47.2. “Энэ хуулийн 47.12-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.3 “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” 47.12.“Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 5-д экспортод гаргасан хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийг тогтоохдоо Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) баримтлахаар тусгасан байх бөгөөд олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг бус БНХАУ-ын Тяньжин боомт дах FOB нөхцөлийн үнийн мэдээллийг нийтэлдэг цахим хуудсыг үндэслэн ашигт малтмал ашигласны төлбөрийг ногдуулж, Ашигт малтмалын тухай хуулийн (2006 оны) 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.3, 47.12 заалтыг тус тус зөрчиж нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан.

           4.1.б. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд: “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн “аргачлалыг” гэснийг “тайлагнах, төлөх журмыг” гэж, мөн зүйлийн “47.12” дахь хэсгийн дугаарыг “47.14” ...” гэж зааснаар өөрчилсөн бол 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд: “... Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дахь хэсгийн “47.1” гэснийг “47.16” гэж, 47.5 дахь хэсгийн “47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно” гэснийг “47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж ..., 47.14 дэх хэсгийн “биржийн нэрийг” гэснийг “биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг” гэж тус хуульд олон улсын зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Засгийн газар нийтэд зарлахаар шинээр тусгаж өгсөн.

Иймд экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог Засгийн газрын нийтэд зарласан зах зээлийн үнийн эх сурвалжийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжих 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

           4.2. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд (ТТ-15 маягт) 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 6,204.34 тонн, 2020 онд 6,629.58 тонн, 2021 онд 7,426.42 тонн, нийт 20,260,34 тонн жоншийг экспортлохдоо 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 3,851,722,385.75 төгрөгийн, 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн, 2021 онд 170,535,668.62 төгрөгийн, нийт 7,956,423,642.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2. “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”,

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд (ТТ-15 маягт) 2019 оны 2,3,4 дүгээр улиралд..., 2020 онд..., 2021 онд ... жоншийг экспортлохдоо 2019 оны 2,3,4 дүгээр улиралд ... 2020 онд ..., 2021 онд ...борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/ 47.5. “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8. “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн 1,033,621,913.00 төгрөгийн нөхөн татвар, 348,726,235.00 төгрөгийн торгууль, 170,129,711.00 төгрөгийн алданги, нийт 1,552,477,859.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэхдээ 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2 заалт, уг зүйл заалттай холбоотой Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт, 04 дугаар тогтоол болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хэрэгжүүлээгүй.

4.2.а. Татварын улсын байцаагч нар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлдээ Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн.

            4.2.б. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1. “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмал ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө” гэсэн заалтыг 47.1. “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү” гэсэн заалтыг, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, ... арилжааны банканд худалдсан алтанд энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү” гэж тус тус өөрчлөн найруулсан.

            4.2.в. 2008 онд батлагдсан тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд 12.2. Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно гэж заасан. Ашигт малтмалын тухай (2006 оны) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр заасан бөгөөд уг хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авагч тал нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх тухай хуулийн заалт байхгүй байсан болно.

            4.3. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолын ҮНДЭСЛЭЛ-д 1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3.“... Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэж заажээ. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй байна.

3. Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг баталсан байх бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газраас тус маргаанд холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгасан хэмээн дурдсан боловч тус тогтоолыг Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнээд 1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн хэмээн хүчингүй болгож, 2 дах заалтаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

            4.3. Дээрх хүчингүй болсон хуулийн заалтыг Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд: Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг: 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд.....2/47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэг 47.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна... 47.3.3. энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь гэж өөрчлөн найруулж, 2019 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон тохиолдолд татвар төлөх үүрэг дуусгавар болохоор хуульчилсан байна.

4.4. Нөхөн ногдуулалтын актын ТЭМДЭГЛЭХ НЬ: хэсэгт "...Албан татвар ногдуулалт, төлөлтийн талаар: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар (АМНАТ тусгай зөвшөөрөл эзэмшигч-ТТ-15 маягт) Дундговь аймгийн татварын хэлтэст 2020 онд 804,149,819.37 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 69,119,649.75 төгрөгийн... төлбөр ногдуулж төлөхөөр, (АМНАТ-тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгч ТТ-15 маягт) тайлангаар Нийслэлийн татварын газарт... 2020 онд 564,139,435.78 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 52,531,689.82 төгрөгийн төлбөр ногдуулж төлөхөөр тус тус тайлагнаж цахим тайлангийн /e-tax.mta.mn/ системд илгээн баталгаажуулж... төгрөгийг төлсөн байна...” гэж тусгасан атлаа тус актын хавсралт болох "Эм Жи Би” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн 2020 оны тооцоонд зөвхөн Дундговь аймгийн татварын хэлтэст 2020 онд 804,149,819.37 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 69,119,649,75 төгрөгийн төлбөр ногдуулж төлөхөөр тайлагнасан хэмээн Нийслэлийн татварын газарт тайлагнасан 564,139,435.78 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 52,531,689.82 төгрөгийн төлбөр ногдуулсан дүнг хасаж тооцоо хийснээр 52,531,689,82 төгрөгийн төлбөрийг давхардуулан ногдуулж, түүнд 21,012,675.93 төгрөгийн торгууль, 10,506,337.96 төгрөгийн алданги нийт 84,050,703.71 төгрөгийн төлбөрийг илүү тооцож ногдуулсан.

5. Иймд дээр дурдсан үндэслэлээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, М.От нарын хууль эрх зүйн үндэслэлгүй, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.7. “...татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасныг зөрчин ногдуулсан 2022 оны №НА- 21220000077 дугаартай нөхөн ногдуулалтын актын хяналт шалгалтаар илрүүлсэн гэх зөрчлүүдийн 1,2,3,4 дэх хэсгийн 19,064,301,431.28 төгрөгийн зөрчилд холбогдох 1,809,867,010.00 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаж байгаа зүйл нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д заасантай холбоотой татварын ногдуулалттай холбоотой л асуудлууд байна. Түүнээс биш бид алданги, торгуулийг хугацаанд нь төлөгдөөгүй гэдэгтэй маргаагүй. Энэ маргааны хувьд 47.1 дэх заалт нь 2018 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрийнхөө тусгай зөвшөөрөлтэй талбайгаас өөрсдөө олборлох, эсвэл бусдаар олборлуулсан тохиолдолд ашигт малтмалынхаа төлбөрийг тайлагнаж төсөвт төлдөг. Ийм хуульчилсан зохицуулалт хуульд байдаг. Энэ талаар Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны 200 дугаар тогтоолд тодорхой тайлбарлаад өгчихсөн байдаг. Энэ дагуу “Эм Жи Би” компанид тайлангаа өгөөд худалдаж авсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүйгээр өөрсдийнх нь  талбайгаасаа тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа олборлож худалдсан үедээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувьд төлөөд явдаг байсан байгаа. 2019 онд гаргасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Ашигт малтмалын тухай хуулийн 47-д өөрчлөлт орсноор 47.1 дэх заалт өөрөө олборлосон буюу тусгай зөвшөөрөлтэй ч, зөвшөөрөлгүй ч олборлосон, ашигласан байх юм бол нийтдээ татвар төлөхөөр ингээд хуульчлаад орчихсон байсан. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар Үндсэн хуулийн цэцээс энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарсан. Энэ хуулийг Улсын Их Хурал өөрсдөө авч үзэхдээ зөрчөөгүй гэсэн тайлбараа гаргаж өгөөгүй. Үндсэн хуулийн цэцийн дээд шатны дараагийн хурлаар Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг нь баталгаажаад Улсын Их Хурлаас 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцсэн хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шинэчилж оруулж өгсөн байгаа. Энэ хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн хэсгийн залруулаад 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж мөрдөхөөр оруулж өгсөн. Ийм л хууль байгаад байгаа.

Тэгэхээр “Э” компани 2018, 2019 оноос 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хэрэгжсэн хуулийн дагуу худалдаж авсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжсэнээс хойш “Э” компани худалдаж авсан ашигт малтмалдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй юм байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ хуультай холбогдуулаад шүүх, Дээд шүүх болон шүүхийн бүх шатандаа Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэхгүй гээд заачихсан. Дээд шүүхийн заалт байна. Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн дөрөвт шүүхийн эрх мэдэл хэсгийн 50 дугаар зүйлийн 1.3 Улсын Дээд шүүх бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй, 5 дугаар бүлгийн 66 дугаар зүйлийн 4. хууль, зарлиг, Улсын Их Хурал, түүнчлэн Засгийн газрын шийдвэр Монгол Улсын олон улсын гэрээ, Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж шийдвэр хүчингүй гэж заасан. Ийм учраас 10 дугаар сарын 30-ны өдрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Э” компанид ноогдуулах нь 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна. Үүн дээр бид маргах ёсгүй юм байна. Тэрнээс өмнө худалдаж авсан жоншиндоо нөөц ашигласны төлбөрийг татварын улсын байцаагчид ногдуулж байгаа нь хууль бус байна гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, тэр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлантай холбоотой асуудал түрүүчийн хэлэлцүүлэг дээр ярьж байсан. Үүнийг татварын байцаагч нар манайхаас гаргаж өгсөн үндсэн баримт, татварын улсын байцаагч нарынхаа акт дээр үндэслээд, үндэслэлтэй байна гэж үзээд 87 сая төгрөг давхардуулж ногдуулсан нөхөн торгууль төлбөрийн 84,050,703.71 төгрөгийн төлбөр хасаж тооцохоор үндэслэлтэй байна гэсэн. 10 дугаар сарын 30-ны өдрөөс худалдаж авсан жонш дээр ногдуулсан 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх холбоотой татварын улсын байцаагчийн ногдуулсан нийт 564,139,435 төгрөг 78 мөнгөний борлуулалтын үнэлгээнээс 52,531,689.82 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Энэнтэй холбогдуулаад энэнд нь 21,012,675.93 төгрөгийн торгууль 10  506,337 төгрөг 96 мөнгөний нийт торгууль, алданги байна. 10 дугаар сарын 30-ны өдрийнх дээр 270,476,190.05 төгрөгийн нөхөн төлбөр 81,142,857.02 төгрөгийн торгууль, 54,095,238.01 төгрөг, нийтдээ 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх худалдаж авсан жоншинд нь ноогдуулсан 405,714,285 төгрөг 08 мөнгөний татвар, торгууль алдангийн төлбөрийг ногдуулах нь хууль бус байна гэдэг тооцооллыг гаргаж, үүнийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Үндсэн хууль зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй гэдэг заалтыг анхаарч үзнэ үү гэв.

7. Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Мөнхтуяа, М.Отгонтуяа нараас  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №НА-21220000077 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

7.1. Ашигт малтмалын тухай /2006 он/ хуулийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох олон лусын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана”, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 дахь хэсгийн “аргачлалыг” гэснийг “тайлагнах, төлөх журмыг” гэж, мөн зүйлийн “47.12” дахь хэсгийн дугаарыг “47.14” гэж, “47.13” дах хэсгийн дугаарыг “47.15” гэж тус тус өөрчилсүгэй гэж заасан байдаг. Сангийн яамны цахим хаягт Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд Засгийн газрын тогтоолын хавсралтад дурдсан www.indmin.mn цахим хаягийг бүртгэлийн мэдээллийг нийтэлсэн байдаг. Тус компани нь татварын албанд ирүүлсэн тайланд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнэлгээг дутуу тооцож ирүүлсэн байсан.

7.2. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулахгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөцийг худалдахаар ачуулсан, экспортлосон этгээд АМНАТ төлөгч болж тайлагнаж, төлөх үүрэгтэй болсон. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №3 тогтоолоор “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим заалтуудыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлж, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим заалтыг хүчингүй болгож энэ шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болохоор заасан байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа нь АМНАТ тайлагнах, төлөх үүргээс чөлөөлөөгүй байна.

7.3. Ашигт малтмалын тухай /2006 он/ хуулийн 47.4-т “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна”, 47.5. “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг мөн Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд” 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн  бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3-т “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар тус тус батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-д заасныг тус тус зөрчсөн.

7.4. Татварын ерөнхий хуулийн 28.1. “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.10. “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй” гэж заасны дагуу татварын ногдлоо өөрөө тодорхойлох үүрэгтэй.

8. Иймд татвар төлөгчийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий хуулийн 41.1.“Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэсний дагуу хяналт шалгалт хийж, “Э” ХХК-д 2022 оны 09 сарын 23-ны өдрийн № дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,205,214,679.00 төгрөгийн нөхөн татвар, 400,204,068.00 төгрөгийн торгууль, 204,448,265.00 төгрөгийн алданги, нийт 1,809,867,010.00 төгрөгийн төлбөрийг ногдуулсан...” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт ороод Үндсэн хуулийн цэцээс энэ нь хүчингүй болоод 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт ороод үүний дагуу дагаж мөрдөх журмын тухай хууль 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Энэ хуулийн хэрэгжилтийн хугацааг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулж өгсөн байгаа. Үүнд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд энэ хууль үйлчилнэ гэж заасан. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлт нь хамгийн гол агуулга нь эхний удаа ашигт малтмал тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэдэг үг 2006 оны хууль дээр байсан. Дараагийн хууль дээр эзэмшигч гэдэг үгийг хасаж ашигт малтмал худалдан авсан, ачуулсан, баяжуулсан, мэдүүлсэн гэж оруулсан байгаа. Харин 11 дүгээр сарын 22-ны өдөр худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан гээд бүгдийг нь оруулж ирсэн байгаа. Хуулийн үндэслэлээс харахад тухайн зөрчил маань өөрөө тухайн хугацаанд тасралтгүй хэрэгжиж үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, “Э” компани өөрөө тусгай зөвшөөрөлтэй компани байгаа. Тэгэхлээр ногдохгүй гэсэн ойлголт байхгүй. Ерөнхийдөө 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 11 дүгээр сарын 22-ны өдөр орсон өөрчлөлтийг 10 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөнө гэсэн нь журмын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэг өмнөх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон байгаа. Өмнө нь 2006 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө гэсэн зохицуулалт байгаа. Жоншны холбооны зохицуулалтыг 2013 онд анх нэгдсэн журмаар шалгалт хийгээд үүнтэй холбоотойгоор жоншны холбооныхон маргаж байсан. Холбоо гомдол гаргаад Дээд шүүхийн шийдвэр гарч байсан. Тухайн үед нөхөрлөлүүдээс худалдаж аваад экспортолж байсан үйл баримт тогтоогддог. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой гэж шүүхийн шийдвэрүүд гарч байсан.

Тиймээс нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компани тул хуулийн нэмэлт өөрчлөлт орсноос үл хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа” гэв.

10. Хариуцагч М.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлсэн байгаа. Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор тогтоол гармагц хүчин төгөлдөр болох тухай заасан байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дагаж мөрдөх  журмын тухай хуулиар 2019 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тасралтгүй юм. 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөх зохицуулалттай учир 03 дугаар сарын 26-ны өдрийн хууль 4 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш хэрэгжиж эхэлсэн. Хууль тасралтгүй байх зохицуулалтаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулагдсан байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг дараах байдлаар дүгнэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж, ийнхүү түдгэлзүүлснээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Том татвар төлөгчийн газартай харилцдаг, “Э” ХХК нь улсын бүртгэлийн 901900303 дугаар гэрчилгээтэй, 5018536 дугаар регистртэй, 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, ашигт малтмалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, 145,350,000.00 төгрөгийн дүрмийн сантай, гадаадын хөрөнгө оруулалттай, хязгаарлагдмал хариуцлагатай уг компанийн хувьцааны 50 хувийг ОХУ-ын иргэн К Н Б, 50 хувийг МУн иргэн М овогтой Тө эзэмшдэг, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг, Наймдай-01 нэртэй талбайд ашигт малтмал ашиглах 10596А дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг, тус хуулийн этгээд нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид АМНАТ гэх/-ийн тайланг тусгай зөвшөөрөлтэй татвар төлөгчөөр ТТ-15 маягтаар гаргаж, 2018 онд 491,043,273.57 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 30,534,042.09 төгрөгийн, 2019 онд үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан, 2020 онд 804,149,819.37 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 69,119,649.75 төгрөгийн төлбөр төлж ногдуулахаар Дундговь аймгийн Татварын хэлтэст гаргасан бол, 2021 онд 5,811,895,120.71 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 290,594,756.03 төгрөгийн төлбөр ногдуулж төлөхөөр Том татвар төлөгчийн газарт, АМНАТ-н тайланг тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр ТТ-15 маягтаар гаргаж, 2019 онд 704,430,724.83 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 65,689,633.42 төгрөгийн, 2020 онд 564,139,435.78 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 52,531,689.82 төгрөгийн төлбөр ногдуулж төлөхөөр Нийслэлийн татварын газарт тус тус тайлагнаж, цахим тайлангийн системд илгээн баталгаажуулж, 2018 онд 21,737,125.70 төгрөг, 2019 онд 7,091,324.00 төгрөг, 2021 онд 135,221,323.24 төгрөг нийт 164,049,772.94 төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.

3. Хариуцагч, татварын улсын байцаагч нараас татварын хяналт шалгалт хийх тухай 2122501535 дугаар томилолт, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн  хяналт шалгалтыг гүйцэтгэж,

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй холбоотой татварын удирдлагын нэгдсэн систем дэх татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сангаас уг хуулийн этгээдтэй холбоотой 2018-2020 оны хооронд хамаарах гаалийн мэдээ 31,205,303,905.92 төгрөгийн 37 ширхэг мэдээлэл, Эрдэс баялагийн хэлтсээс гаргасан АМНАТ-ын тооцоолол, анхан шатны санхүүгийн баримт зэрэг материалуудыг тулган, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоол, журмын хэрэгжилтийг шалгаснаар,

4.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2018 онд 2,559.5 тн, 2019 оны 01 дүгээр улиралд 415.83 тн, нийтдээ 2,975.33 тн жоншийг экспортлохдоо 2018 онд 1,304,845,503.73 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр улиралд 270,881,570.40 төгрөгийн, нийт 1,575,727,073.13 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,

4.2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2019 онд 20,260.34 тн жоншийг экспортлохдоо 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 3,851,722,385.75 төгрөгийн, 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн, 2021 онд 170,535,668.62 төгрөгийн, нийтдээ 7,956,423,642.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

4.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2018 онд 2,559.5 тн, 2019 оны 1 дүгээр улиралд 415.83 тн, нийт 2,975.33 тн жоншийг экспортлохдоо 2018 онд 1,304,845,502.73 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр улиралд 270,881,570.40  төгрөгийн, нийт 1,575,727,073.13 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,

4.4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд (ТТ-15 маягт) 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 6,204.34 тн, 2020 онд 6,629.58 тн, 2021 онд 7,426.42 тн, нийт 20,260.34 тн жоншийг экспортлохдоо 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 3,851,722,385.75 төгрөгийн, 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн, 2021 онд 170,535,668.62 төгрөгийн нийтдээ 7,956,423,642.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй гэж тус тус үзсэнээр,

5. Нийтдээ 19,064,301,431.28 төгрөгийн зөрчил гарсан гэж үзэж, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1. “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2. “алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно”, 73.2.1. “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 74 дүгээр зүйлийн 74.1. “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 82.1.1. “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2. “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн татварын дүнгийн 40 хувиар” гэж заасныг үндэслэн 1,205,214,679 төгрөгийн нөхөн татвар, 400,503,980 төгрөгийн торгууль, 205,678,818 төгрөгийн алданги нийтдээ 1,811,397,477 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоожээ.

6. Нийт зөрчлөөр авсан дээрх 19,064,301,431.28 төгрөгийн мөнгөн дүн нь зөвхөн нэхэмжлэлийн шаардлага дахь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар” гэсний 1-4-д заасан буюу энэхүү Үндэслэх хэсгийн 4.1-ээс 4.4-д заасан зөрчилд холбогдох нийт зөрчлийн дүн бөгөөд үүний зөрүү буюу 2,999,140.00 төгрөгийн төлбөр нь нөхөн ногдуулалтын актын “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар” гэсний 5, 6-д заасан зөрчилд хамаарах ба эдгээр зөрчлийн талаар анхнаасаа маргаагүйг тэмдэглэж байна.

7. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар заахдаа 47.1. “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан ба уг өөрчлөлт нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1066 дугаарт нийтлэгдсэн бөгөөд хууль хүчин төгөлдөр болох хугацааг нь тодорхой заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилжээ.

8. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1. “дотоод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр ...худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү”, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан ... банканд худалдсан алтнаас бусад ... төлбөрийн доод хэмжээ нь ... бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү”, 47.4 дэх хэсэг: “тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ...ногдуулна”, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгожээ.

9. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг баталж, дараах нэмэлт өөрчлөлт оруулахдаа: 47 дугаар зүйлийн 47.1. “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.1. “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2. “экспортолсон”, “өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж заажээ.

10. Түүнчлэн хууль тогтоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргасан ба мөн хуулийн 1 дүгээр зүйлд. “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.1. “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 1.2. “Ашигт малтмал экспортолсон этгээд”, 1.3. “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж зааж, энэ хуулийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

11. Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт /2019-03-26-ны өдрийн/, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол /03 дугаар дүгнэлт, 04 дүгээр тогтоол/, хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт оруулж, өөрчлөн найруулсан хуулийн заалттай холбоотойгоор Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авч экспортод гаргасан хайлуур жоншны АМНАТ-д ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн нийт 405,714,285.08 төгрөгийн төлбөрийг маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар үндэслэлгүйгээр ногдуулсан, маргаж байгаа нийт зөрчлийн дүнгээс уг төлбөр хасагдах ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбарт шүүхээс дүгнэлт өгч, нэхэмжлэгч хуулийн этгээд, хариуцагч татварын улсын байцаагч нарын хооронд үүссэн татварын маргаанд хамаарах холбогдох хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэснийг,

12. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас татварын улсын байцаагч Ц.М, М.О нарт холбогдуулан “...татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №НА-21220000077 дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага өөрчлөгдөөгүй, харин шүүх хуралдаан дээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн зарим хэсэгт маргаагүйг, тодруулбал, “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжсэнээс хойш “Э” компани худалдаж авсан ашигт малтмалдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй юм байна” гэж байр сууриа  илэрхийлснийг тус тус дурдах нь зүйтэй.

13. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бол АМНАТ-г төлөхөөр...”, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ...нь АМНАТ төлөгч байж, ийнхүү худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бол АМНАТ-г төлөхөөр”, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь, ашигт малтмал экспортолсон этгээд нь АМНАТ төлөгч байх”-аар заасныг агуулгаар нь тодруулбал, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” нь, 2019 оны 3 сарын 26-ны өдрийн хуулиар “ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, эзэмшдэггүйгээс үл хамааран хуульд заасан тухайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд” нь, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнчлэн ашигт малтмал экспортолсон этгээд” нь тус тус АМНАТ-г төлөх төлөгч байхаар заасан байгаа нь 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон, ашигт малтмал ашиглах 10596А дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулалттай, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд аль ч цаг хугацаанд АМНАТ төлөгч байхаар байна.

14. Харин хууль хэрэглээний хувьд, “...хариуцагч нар хүчингүй болсон хуулийг үндэслэсэн, татвар төлөх үүрэг дуусгавар болсон байсан, шүүх бүх шатандаа Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэх эрхгүй, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуульд нийцээгүй гэж шийдвэр гаргасан тохиолдолд зохих хууль, зарлиг, шийдвэр хүчингүй гэж заасан..., тиймээс 2018, 2019 оноос 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хэрэгжсэн хуулийн дагуу худалдаж авсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй гэх” тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

15. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоол гармагц хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн энэхүү маргаан бүхий харилцаанд хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт энэ өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байх бөгөөд хууль тогтоогчийн хууль батлан гаргахтай холбоотой бүрэн эрх хөндөгдөх боломжгүй, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргаснаараа хууль хэрэгжих хугацааны хийдэл огт гараагүй гэж үзэхээр байна.

16. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийг АМНАТ-н тайлангаар 2018 онд 1,304,845,503.73 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр улиралд 270,881,570.40 төгрөгийн, 2019 оны 2,3,4 дүгээр улиралд хамаарах экспортлосон 6,204.34 тн жоншны борлуулалтад 3,851,722,385.75 төгрөгийн, 2021 онд 170,535,668.62 төгрөгийн борлуулалтын үнэлгээг тус тус дутуу тооцсон, 2018 онд 1,304,845,503.73 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр улиралд 270,881,570.40 төгрөгийн, 2019 оны 2,3,4 дүгээр улиралд хамаарах 3,851,722,385.75 төгрөгийн, 2021 онд 170,535,668.62 төгрөгийн нэмэлт төлбөрийг тус тус тооцож ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг ногдуулж, төсөвт төлөөгүй гэх нийт 11,195,970,256.9 төгрөгийн татварын зөрчлийг дээр дурдсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.1. “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2. “экспортолсон”, “өөрийн хэрэгцээнд ашигласан”  гэж өөрчлөлт орсныг хариуцагч татварын улсын байцаагчид нь татварын хяналт шалгалтын дагуух татварын зөрчлийг гаргасан хугацаанд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтыг зөв хэрэгжүүлж,

17. Нэхэмжлэгч хуулийн этгээдийг 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 6,204.34 тн, жоншийг экспортлохдоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнахдаа 3,851,722,385.75 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлтэй, мөн түүнчлэн нийт 11,195,970,256.9 төгрөгийн татварын зөрчлийг хариуцагчаас үндэслэлтэй тогтоосон байна.

18. Түүнчлэн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. “татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бус хэлбэрээр татвар төлнө”, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасны дагуу татварын тайландаа хүлээн зөвшөөрч тайлагнасан бөгөөд ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчийн хувьд хайлуур жоншийг экспортод гаргасан гэж гаалийн мэдүүлэг мэдүүлэн бүрдүүлэлт хийж, гаалийн байгууллагад мэдүүлсэн, энэ байдал нь Гаалийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 327-ны өдрийн 02-22/4290 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтаар хэрэгт авагдсан, үүгээрээ экспортод гаргасан хайлуур жоншийг Сангийн яамнаас сар бүр мэдээлсэн “экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл”-ийг ашиглахгүйгээр хуулиар тогтоосон өсөн нэмэгдэх хувь тооцоогүй нь тогтоогдож байна.

19. Нэхэмжлэгчийн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар давхардуулан ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 52,531,689.82 төгрөг, түүнд ногдуулсан торгууль, алдангийн 31,519,013.89 төгрөг, нийт 84,050,703.71 төгрөгийг төлбөрийг хасаж тооцуулахаар маргасныг шүүхээс дүгнэхдээ, нөхөн ногдуулалтын актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсэгт буюу дээр дурдсан 11,195,970,256.9 төгрөгийн татварын зөрчилд үл хамааруулсан болно.

20. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08/559 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Эм Жи Би” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй татвар төлөгч, ТТ-15 тайлангаар 804,149,819.37 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 69,119,649.75 төгрөгийн төлбөр ногдуулж төлөхөөр тайлагнасан байх бол, тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгч, ТТ-15 тайлангаар 564,139,435.78 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 52,531,689.82 төгрөгийн төлбөр ногдуулж төлөхөөр Нийслэлийн Татварын газарт тайлагнаж илгээсэн нь тус газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/761 дүгээр албан бичгээр тогтоогдох ба маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хавсралт /маягт-ХШ07/02/ “Э” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн тооцоо гэх баримтаар нотлогдож байна.

21. Иймээс, нэхэмжлэгчийн 2020 оны татварын зөрчлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11. “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хянан шалгаж үзэх, тооцооллыг гаргах эрхийг шүүхээс хэрэгжүүлэхэд учир дутагдалтай, тухайн татварын зөрчлийг шалгах эрх бүхий татварын улсын байцаагчид нь татварын зөрчлийн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл 2020 оны ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нийт 7,868,331,176.56 төгрөгийн зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алданги тус бүртээ хэдэн төгрөг болох, татварын зөрчлийн шинжээс хамаарч бодит байдал дээр ямар болох вэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй, энэ талаар шүүхээс захиргааны байгууллагын чиг үүргийн өмнөөс тогтоон шууд шийдвэрлэхгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.

22. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1. “зайлшгүй байх”, 5.1.2. “тодорхой байх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд болон хуулийн хүрээнд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг түдгэлзүүлснийг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, ... татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1.“төлбөл зохих татварын дүнг 50 хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2.“төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж заасныг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хариуцагч захиргааны байгууллага дахин судалж, татварын хууль тогтоомжид заасан холбогдох судалгаа, тайланг шалгаж шинэ захиргааны акт гаргах шаардлагатай болно.

23. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан... нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

24. Шүүх, энэ тохиолдолд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн дүнг буруу тооцож ногдуулсантай холбоотойгоор буюу төлбөрийн хэмжээг багасгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.6/ шийдвэр гаргаагүй, нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа хариуцагчаас татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн 2 дахь хэсгийн 2020 онд хамаарах "ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй", 4 дэх хэсгийн 2020 онд хамаарахашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2020 онд 6,629.58 тн жоншийг экспортлохдоо 3,934,165,588.28 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй" гэсний дагуу нийт 7,868,331,176.56 төгрөгийн татварын зөрчлийн төлбөрт хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийн дүнгээр түдгэлзүүлж /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11/ шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буй асуудал биш боловч маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн нийт 19,067,300,575.95 төгрөгийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагаар маргасан нийт 19,064,301,431.28 төгрөгийн зөрчлөөс 11,195,970,256.9 төгрөгийн татварын зөрчлийг хэрэгсэхгүй болгосон /зөрүү нь 7,868,331,176.56 төгрөг/ нь үлдсэнийг хэрэгсэхгүй болгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.13/ заалтыг удирдлага болгоход байв.

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2019/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, 47.7, Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5, 47.16, Зөрчлийн тухай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэгт шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нарын үйлдсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-21220000077 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн Хяналт шалгалтын зөрчлийн талаар гэж заасны 2, 4-д бичигдсэн татварын зөрчлөөс “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, 2020 онд 6,629.58 тн жонш экспортлохдоо 3,934,165,588.28 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй" гэх 7,868,331,176.56 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 11,195,970,256.9 төгрөгийн зөрчлийн дүнд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага нь дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын дээрх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН