| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00184/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1721000000075 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1954 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Буйрын 4-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1978 оны 02 сарын 24-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, /РД:*******/, ******* овогт *******,
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Буйрын 4-03 тоотод байх өөрийн гэртээ 2017 оны 9 сарын 19-ний өдөр охин ******* баруун гар руу төмрөөр цохисны улмаас ******* эрүүл мэндэд ”баруун богтос ясны далд зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч С. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 сарын 19-ний өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг Буйрын 4-03 тоотод байрлах хойд эцэг ******* гэрт очсон. Тэднийд очоод дүү нартаа болон ээждээ жаахан уурлаж аашилсан юм. Тэрээр дүү ******* зурагтаа надад өгчих гэхэд миний өөдөөс уурлаад хэрэлдээд байсан, би ч мөн уурлаж жаахан хашгирсан. Тэгтэл хойд аав нь намайг зайл, юундаа хэрүүл хийгээд байгаа юм гэхэд нь би өөдөөс нь таньд хамаагүй гээд өөдөөс нь хэрэлдэхэд төмөр труба аваад миний гаран тус газар цохисон. Тухайн үед миний гар маш хүчтэйгээр өвдсөн. Эмнэлэгт очоод үзүүлэхэд хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “... эгч орж ирээд надад хандан “чи зурагтаа надад өгчих, би гэртээ тавимаар байна” гэхэд нь би “үгүй” гэж хэлэхэд тэрээр уурлаж хашгираад ээж, аавыг загнаад, эмнэлгээс дөнгөж гарсан байсан элдвээр хэлж загнаад байхаар нь аав уурлаж “чи яах гэж байнга хэрүүл хийдэг юм” гэж уурлахад “хуц, чамд ямар хамаатай юм” гээд аавын өөдөөс уурлахад аав түүнийг пийшин дээр байсан төмөр трубаг аваад цохиход гаран тус газарт нь оносон. Тэгээд нь улам уурлаж ...цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 550 тоот дүгнэлтэд: “1. ******* биед баруун богтос ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-ийн 27/ гэжээ.
-Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/
-Эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-8/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Буйрын 4-03 тоотод байх өөрийн гэртээ 2017 оны 9 сарын 19-ний өдөр өөрийн охин С.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар пийшин дээр байсан труба төмрийг авч ******* баруун гар руу цохиж биед нь ”баруун богтос ясны далд зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “..207 оны 9 сарын 19-ний өдөр ямар нэгэн шалтгаангүй уурлаж, ээж дүү нараа загнаад байхаар нь миний уур хүрч пийшин дээр нэг богино төмөр труба байхыг аваад түүнийг цохиход гаран тус газар нь оносон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Хойд аав намайг зайл, юундаа хэрүүл хийгээд байгаа юм? гэхэд нь би өөдөөс нь таньд хамаагүй гээд хэрэлдэхэд төмөр труба аваад миний гаран тус газар цохисон. Тухайн үед миний гар маш хүчтэйгээр өвдсөн. Эмнэлэгт очоод үзүүлэхэд хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 550 тоот дүгнэлт, гэрч , нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч С.д учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******гийн хохирогчийн гар руу нь шууд санаатайгаар труба төмрөөр цохисон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 550 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 45 см урттай, 3 см өргөнтэй 1 /нэг/ ширхэг труба төмрийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогч С. нэхэмжлэх зүйлгүй гэсэн/ болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 45 см урттай, 3 см өргөнтэй 1 /нэг/ ширхэг труба төмрийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР