Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Х.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           С.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Х.Бд холбогдох 2012001060291 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 03-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Б

 

Яллагдагч Х.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 46 дугаар байрны доод гражид нууцаар, хууль бусаар нэвтэрч Б.Вын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Х.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн яллагдагч Х.Бд холбогдох 2012001060291 тоот эрүүгийн хэрэгт “мөрдөгч нь 2020 оны 03 дугаар сард Х.Бийг дагуулж аймгийн хогийн цэг гэх Онгоны ам, онгоцны буудлын урд хэсэгт очиж, үзлэг хийж гэрэл зураг авсан” гэж яллагдагч Х.Б, түүний өмгөөлөгч С.П нар мэдүүлдэг, мөн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 удаагийн тогтоолд “яллагдагч Х.Бийн аймгийн төвөөс хяналтын камеруудыг шүүлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч танилцаад хэргийн газрын үзлэгт хяналтын камерууд ажиллахгүй байсан” гэж тус тус үндэслэл болгосон, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч С.П “2020 оны 03 дугаар сарын 20-нд Х.Бийг гэрчийн мэдүүлэг өгсний дараа 2020 оны 02 дугаар сарын эхээр Х.Бийн хуучин онгоцны буудлаас аймгийн төв рүү орж ирэх зам дагуух ОБХ, АРА засварын газар, сэлбэгийн дэлгүүр зэрэг газруудын камерыг шалгаж Х.Бийн явсан гэх маршрут, хогийн цэг гэх газарт үзлэг хийж өгөх, мөн Мааньтын энгэр дэх камерыг шалгуулах зэрэг хүсэлт бичгээр гаргасан юм. Гэтэл энэ хүсэлт ч авагдаагүй, дээрх ажиллагаа хийгдээгүй байна. Иймд дээрх ажиллагааг хийж өгнө үү. Мөн 2020 оны 03 дугаар сард энэ хүсэлтийн дагуу хогийн цэг гэх онгоцны буудлын урд байдаг газарт Х.Бийг дагуулж очиж үзлэг хийж, зураг авч бэхжүүлсэн гэх боловч энэ баримт нь хэрэгт байхгүй байна” /хх-ийн 113 хуу/ гэх хүсэлтийг, мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “2020 оны  03 дугаар сарын 20-нд Х.Б нь дахин мэдүүлэг өгч, өмгөөлөгч авах хүсэлт, өмгөөлөгчийн мэдэгдэл, аймгийн төвийн камеруудыг шалгах хүсэлт өгсөн, энэ дагуу ажиллагаа хийж байна гээд Х.Бийг Э.Б нь дагуулж явж мотоциклийн эд анги байсан газрыг заалгаж, зураг авч баримтжуулсан гэдэг. Мөн өмгөөлөгчийн мэдэгдэл, хүсэлт, Х.Бийн өмгөөлөгч авах хүсэлт зэрэг цагдаагийн  ажилтанд өгсөн бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Иймд энэ баримтуудыг хавсаргуулах хүсэлттэй” /хх-ийн 144 хуу/ гэсэн хүсэлтийг тус тус хэргийн материалтай танилцаад гаргасан байгаа боловч яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримт, камеруудад хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, өмгөөлөгчийн мэдэгдэл, хүсэлт, Х.Бийн өмгөөлөгч авах бичгээр өгсөн хүсэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт огт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1-д заасан “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана”, 6-д “Энэ зүйлд заасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хангасан, хангахаас татгалзсантай холбоотой баримт, шийдвэрийг эрүүгийн хавтаст хэрэгт тусгана” гэх заалт, 28.2 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч дараах мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу-дүрсийн бичлэгээр бэхжүүлнэ: 1.2-д хэргийн газрын үзлэг хийх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн ба 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Х.Бөөс гэрчээр мэдүүлэг авахдаа байцаалтад өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан байхад байцаалтыг үргэлжлүүлэн мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг, өмгөөлөгч С.Пгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар өөрт нь мэдэгдээгүй, хариуг хүргүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг тус тус хязгаарласан байна.

            Иймд яллагдагч Х.Бд холбогдох 2012001060291 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно гээд

Яллагдагч Х.Бд холбогдох 2012001060291 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн, 2 талдаа ногоон өнгөөр Мустанг-5 гэсэн бичигтэй мотоциклийн банк 1 ширхэг, хар өнгийн суудлын бүрээс 1 ширхэг, саарал өнгийн мотоциклийн таг 2 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж, Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурор С.Бичинхүү би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Х.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-28-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн 46 дугаар байрны доод гражид нууцаар, хууль бусаар нэвтэрч Б.Вын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Х.Б-д холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 34 дугаартай захирамж гаргасан бөгөөд захирамжид:

“2020 оны 03 дугаар сард Х.Бийг дагуулж аймгийн хогийн цэг гэх Онгоны ам, Онгоцны буудлын урд хэсэгт очиж үзлэг хийж, гэрэл зураг авсан” гэж яллагдагч Х.Б, түүний өмгөөлөгч С.П нар мэдүүлдэг, мөн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 удаагийн тогтоолд “яллагдагч Х.Бийн аймгийн төвөөс хяналтын камеруудыг шүүлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч танилцаад хэргийн газрын үзлэгт хяналтын камерууд ажиллахгүй байсан” гэж тус тус үндэслэл болгосон. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч С.П “2020 оны 03 дугаар сарын 20-нд Х.Бийг гэрчийн мэдүүлэг өгсний дараа 2020 оны 02 дугаар сарын эхээр Х.Бийн хуучин онгоцны буудлаас аймгийн төв рүү орж ирэх зам дагуух ОБХ, АРА засварын газар, сэлбэгийн дэлгүүр зэрэг газруудын камерыг шалгаж Х.Бийн явсан гэх маршрут, хогийн цэг гэх газарт үзлэг хийж өгөх, мөн Мааньтын энгэр дэх камерыг шалгуулах зэрэг хүсэлт бичгээр гаргасан юм. Гэтэл энэ хүсэлт ч авагдаагүй, дээрх ажиллагаа хийгдээгүй байна. Иймд дээрх ажиллагааг хийж өгнө үү. Мөн 2020 оны 03 дугаар сард энэ хүсэлтийн дагуу хогийн цэг гэх онгоцны буудлын урд байдаг газарт Х.Бийг дагуулж очиж, үзлэг хийж зураг авч бэхжүүлсэн гэх боловч энэ баримт нь хэрэгт байхгүй байна” /хх-113 хуу/ гэх хүсэлтийг, мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “2020 оны  03 дугаар сарын 20-нд Х.Б нь дахин мэдүүлэг өгч, өмгөөлөгч авах хүсэлт, өмгөөлөгчийн мэдэгдэл, аймгийн төвийн камеруудыг шалгах хүсэлт өгсөн, энэ дагуу ажиллагаа хийж байна гээд Х.Бийг Э.Б нь дагуулж явж мотоциклийн эд анги байсан газрыг заалгаж, зураг авч баримтжуулсан гэдэг. Мөн өмгөөлөгчийн мэдэгдэл, хүсэлт, Х.Бийн өмгөөлөгч авах хүсэлт зэрэг цагдаагийн  ажилтанд өгсөн бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Иймд энэ баримтуудыг хавсаргуулах хүсэлттэй” /хх-ийн 144 хуу/ гэсэн хүсэлтийг тус тус хэргийн материалтай танилцаад гаргасан байгаа боловч яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримт, камеруудад хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, өмгөөлөгчийн мэдэгдэл, хүсэлт, Х.Бийн өмгөөлөгч авах бичгээр өгсөн хүсэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт огт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1-д заасан “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана”, 6-д “Энэ зүйлд заасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хангасан, хангахаас татгалзсантай холбоотой баримт, шийдвэрийг эрүүгийн хавтаст хэрэгт тусгана” гэх заалт, 28.2 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч дараах мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу-дүрсийн бичлэгээр бэхжүүлнэ: 1.2-д хэргийн газрын үзлэг хийх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн ба 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Х.Б-өөс гэрчээр мэдүүлэг авахдаа байцаалтад өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан байхад байцаалтыг үргэлжлүүлэн мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг, өмгөөлөгч С.Пгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар өөрт нь мэдэгдээгүй, хариуг хүргүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг тус тус хязгаарласан байна.

Иймд яллагдагч Х.Бд холбогдох 2012001060291 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй байна” гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалтын явцад Э.Б нь гэрчээр мэдүүлэхдээ “хх-ийн 136 хуу/-т “... мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулаагүй. Үүнийг явуулах гэсэн боловч Х.Б нь дуудсан цагт ирээгүй, утас нь холбогдохгүй алга болсон. Х.Бийн өмгөөлөгч С.Пгээс удаа дараа Х.Бийг хаана байгааг асуухад би мэдэхгүй, утас нь холбогдохгүй байна. Холбогдоогүй удаж байгаа гэж хэлсэн. Би Х.Бийг дагуулан явж, зураг авсан зүйл байхгүй. Х.Бийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 03-10 тоотод оршин суух гэрт нь очиход гэр нь цоожтой байсан. Мөн түүний төрсөн дүү болох Х.Д-ийн 80464404 дугаарын утас руу залгаж, ах Х.Бийн хаана байгааг тодруулахад мэдэхгүй, хаана байгааг нь мэдэхгүй байна. Хөдөө байж магадгүй гэж хэлсэн. Би Х.Бд холбогдох хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулаагүй учир надад материал байхгүй” гэж, яллагдагч Х.Бийн дахин өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 142 хуу/-т “...Миний асуудлыг шалгаж байсан мөрдөгч н.Б нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулан тэмдэглэл, материал дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Харин газар дээр нь очиж зураг авсан...” гэж тус тус мэдүүлсэн. Мөн гэрч М.Д нь тухайн үед түүний явсан гэх зам дагуух хяналтын камерууд ажиллахгүй байсан талаар тодорхой мэдүүлсэн байх тул тухайн эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явагдаагүй болох нь тогтоогдож байна. Мөн Х.Б-өөс өмгөөлөгч авах тухай бичгээр өгсөн хүсэлт, өмгөөлөгчийн тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох тухай мэдэгдэл нь хавтаст хэргийн 97-98-р хуудсанд хавсаргагджээ. Иймд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1, 6, 28.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдохгүй буюу захирамжийн заалтууд илт үндэслэлгүй байна.

2. Мөн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Х.Б-өөс гэрчийн мэдүүлэг авахдаа байцаалтад өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан байхад байцаалтыг үргэлжлүүлэн мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн байх боловч тухайн мэдүүлэгт буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэгт өмгөөлөгч С.Пг оролцуулсан нь хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан байдлаас тодорхой харагдаж байна. Үүнээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарласан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

3. Өмгөөлөгч С.Пгээс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар өөрт нь мэдэгдээгүй, хариуг хүргүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн байх боловч хавтаст хэргийн 113, 127 дугаар хуудсанд хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол хавсаргагдсан байгаа бөгөөд хүсэлтийн хариуг мэдэгдээгүй, хүргүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд яллагдагч Х.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Илтгэгч шүүгчийн зүгээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг уншиж танилцууллаа. Тухайн үед мөрдөгч Э.Б нь Х.Б болон түүний өмгөөлөгч нарыг дагуулж яваад хэргийн газар дээр шалгах ажиллагаа явуулсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй гэж ярьдаг. Тухайн үед  дагуулж яваад хэргийн газар дээр шалгасан гэх мөрдөгч Э.Баас гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхэд мөрдөгч Э.Б нь хэргийн газар дээр шалгах ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдүүлсэн. Мөн шүүгчийн захирамжид Х.Бөөс тухайн хэрэгт өмгөөлөгч авах тухай бичгээр гаргасан хүсэлт хавтаст хэрэгт авагдаагүй гэж  дурдсан байдаг. Энэ ажиллагаа нь хавтаст хэргийн 96, 97 дугаар хуудсанд авагдсан байгаа. Мөн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан,  өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Яллагдагч Х.Б-өөс 03 дугаар сарын 19-20-ны өдөр 2 удаа мэдүүлэг авахад түүний өмгөөлөгч нь гарын үсэг зурсан байсан. Яллагдагч Х.Бийн өмгөөлөгч С.Пгийн гаргасан хүсэлтэд тухай бүрд нь хариу өгсөн. Энэ нь хавтаст хэргийн 120, 124 дүгээр хуудсанд хүсэлтийг хангахаас татгалзсан болон хангасан тухай прокурорын тогтоолыг хавсаргасан байгаа. Үүнд оролцогчийн эрхийг хангахаас татгалзсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад камерын бичлэгийн тухай ярьсан байдаг. Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд камерын бичлэгийг сэргээх боломжтой гэсэн зүйл хэлдэг. Тухайн үед мэргэжлийн хүнд хууль сануулж, мэдүүлэг авахад камерын бичлэгийг сэргээх боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр мөрдөгч нь Х.Б-өөс гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх мэдүүлэгт өмгөөлөгч оролцуулсан байхад анхан шатны шүүх өмгөөлөгч оролцуулаагүй Х.Бийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу байна.

 

Мөн Х.Бд холбогдох хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явагдаагүй, тухайн үед түүний явсан гэх зам дагуух хяналтын камерууд ажиллахгүй байсан  талаар гэрчүүд болон шүүгдэгч мэдүүлсэн байх тул захирамжид заасан дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг буцаах нь хэрэгт ач холбогдолгүй юм. 

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж хэрэг шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д хэрэг шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                    В.Ц