Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00360 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б ны хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 100 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн Ю Би Гранд /UB grand/ зочид буудалд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зочин угтах албанд Хаалгач-ачаа зөөгч гэсэн албан тушаалд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин 550 000 төгрөг байсан. Ажилд орсноос хойш ажлаас халагдах хүртлээ ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б/1912/03 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчоосоо намайг яагаад ажлаас халж байгаа талаар асуухад “...чиний гардаг ээлжийн ресепшн компанийн орлогоос завшсан байна. Тийм учраас н.Э ресепшний гардаг ээлжийн бүх албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байна гэсэн хариуг өгсөн. “С” ХХК-ийн захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-т хэсгийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан үүрэг бол зочдыг угтах, үдэх, захиалсан өрөөнд нь хүргэж өгөх, зочдын ачаа тээшийг өрөөнд нь оруулах, зөөвөрлөх, боох, баглах, хадгалах, машины зогсоолын талбайг хянах үүрэгтэй. Гэтэл миний ажил албан үүрэгт огт хамааралгүй ресепшн компанийн орлогоос завшсаны төлөө хаалгач намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг удаа дараа зочдын ачаа тээшийг оруулж өгөөгүй, гомдол гарсан гэдэг худлаа. Нэг удаа лифт хүлээгээд зочинтой буруу ойлголцсон зүйл байгаа. Миний хувьд зочдын ачаа тээшийг оруулж өгөөгүй удаа байхгүй. Надад хандан буудлаар үйлчлүүлсэн зочдоос бичгээр гомдол гарч байгаагүй. Ганц нэг удаа согтууруулах ундаа уусан зүйл байгаа. Гэхдээ удаа дараа байнга согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг худлаа. Манай байгууллага гурван ээлжээр гардаг гурван хаалгачтай. 2019 оны наадмын өмнө нэг хаалгач ажлаас гарч үлдсэн хоёр хаалгач 24 цагаар ээлжлэн ажиллаж байсан. Тэр үед миний бие өвдөөд хэд хоног ажилд очиж чадаагүй нь үнэн. Энэ тухайгаа захиралдаа утсаар тухайн үед мэдэгдэж байсан. Ээлжилж гардаг учраас өглөө хэдэн минут хоцрох явдал байсан. Үүнийг удаа дараа ажил тасалсан, байнга хоцордог гэж тайлбарлаж байна. Надад өмнө нь энэ шалтгаануудын улмаас хоёр удаа сануулах арга хэмжээ авсан. Мөн сүүлд 2019 оны 10 дугаар сард цалинг 10 хувь буууруулах шийтгэл ногдуулсан гээд цалин хасч өгсөн. Намайг ажлаас халах болсон гол үндэслэл нь дээр дурдсан асуудлууд биш харин хамт ажилладаг ресепшин мөнгө идсэн асуудал юм. Энэ тухай тушаал гарсны дараа надад амаар хэлж байсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.100.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ХГ/19/04-05 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан “С” ХХК-д хаалгачийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. “С” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-т заалтуудыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б/1912/03 тоот ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал гарч “С” ХХК-ыг ажлаас чөлөөлсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг баримталсан нь буруу болсон. Нэг ээлжийн ресепшин мөнгө идсэн асуудал нэхэмжлэгчид хамааралгүй, тушаалын үндэслэл болоогүй, техникийн алдаа юм. Харин Х.Б тус компанид ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хоёр үндэслэл хоёулаа бүрдсэн гэж үзэж захиргааны санаачилгаар гэрээг цуцалсан болно. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн. Х.Батсайхантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан. Нэхэмжлэгч удаа дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 27-нд, мөн 11 дүгээр сарын эхээр ажлын байранд архи уусан болох нь гэрч Б.М, О.Э нарын мэдүүлгүүдээр нотлогдоно. Мөн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийг гүйцэтгэх захирал өөрөө үзсэн байдаг. Энэ бичлэг одоо байхгүй тул гаргаж өгөх боломжгүй байгаа. Иймд энэ зөрчлийг ноцтойд тооцсон. Нэхэмжлэгч гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн. “С” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7, хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т зааснаар нэхэмжлэгч ажлын байранд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч ирдэг, ажил тасалдаг үйлдлүүд гаргасан. Хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болох ажлын байрны тодорхойлолтод зочдын ачаа тээшийг өрөөнд нь оруулах үүрэгтэй ч уг үүргээ биелүүлээгүй, оруулахгүй гэж хэлсэн үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмын 9.6.12-т заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн талаар удаа дараа үйлчлүүлэгчдээс гомдол ирж байсан. Ажлын байранд хувийн зохион байгуулалттай ариун цэвэрч байх хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д заасан үүргээ биелүүлээгүй ажлын дүрэмт хувцсыг маш бохир өмсдөг, өмд нь байнга уранхай явдаг, үс засуулдаггүй гэх мэт үйлдлүүд нь зөрчлийн актаар нотлогдож байна. Нэхэмжлэгч удаа дараа ажлаас хоцорч, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн тул 2019 оны 07 дугаар сарын 29-нд, 2019 оны 09 дүгээр сарын 23-нд тус тус сануулах шийтгэлийг түүнд зөрчлийн актаар ногдуулсан. Тушаал гаргаагүй, харин хэрэгт баримтаар өгсөн зөрчлийн актаараа сахилгын арга хэмжээ авсан гэж үзсэн. 2019 оны 10 дугаар сарын 22-нд мөн зөрчлийн актаар цалинг 10 хувь хасах санал гаргасан ч цалин хөлсийг хасаагүй болно. Эдгээр зөрчлүүдийг удаа дараа давтан гаргасан гэж үзсэн болно. Иймд тус “С” ХХК нь Х.Батсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлийн дагуу цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “С” ХХК-ыг “С” ХХК-ийн хаалгачаар эгүүлэн тогтоож, “С” ХХК-аас  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “С” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 30 950 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитой үнэлээгүй. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Б.М, О.Э нарын гэрчийн мэдүүлгийг дэмжих бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэжээ. Б.М, О.Э нарын гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, нэхэмжлэгч ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж байсан талаараа шүүх хуралдааны явцад "хоёр удаа ажлын байран дээр архи хэрэглэсэн” гэж мэдүүлсэн ба тус сахилгын ноцтой зөрчлийг үйлдсэнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн, ажлын байран дээр архи уусан үйл баримтын талаар талууд маргаагүй нөхцөл байдлыг шүүх харьцуулан дүгнээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн ХГ/19/04-05 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д заасны дагуу зөрчлийг гаргасан эсэх талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1912/03 “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэснээр байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 100 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“С” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/1903/07 дугаар захирлын тушаалаар “С” ХХК-ыг зочид буудлын хаалгачийн ажилд туршилтын 1 сарын хугацаагаар томилж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ажил олгогчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1912/03 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэргийн 1-2, 4, 5-6, 10 дугаар тал дах баримтаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч “С” ХХК-ыг ажлаас чөлөөлсөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1912/03 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримталсан боловч ажлаас чөлөөлсөн талаар ямар үндэслэлээр тушаалд тодорхой заагаагүй байна.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...Х.Б нь ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн” тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын болон ноцтой зөрчлийг гаргасан, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5-д заалт хамаарахгүй” гэх тайлбарыг гаргажээ.

 

Хэргийн 22 дугаар тал дах 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн зөрчлийн акт гэх баримтад “Х.Б ажилд байнга хоцорч ирдэг ба олон удаа давтагдсан, хувцаслалтад анхаарах, дүрэм хувцас зөв өмсөх” гэсэн агуулгатай, мөн хэргийн 23 дугаар тал дах 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зөрчлийн акт гэх баримтад “Х.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурал тасалсан, ажилд байнга хоцорч ирдэг, хувцаслалтад анхаарах, дүрэм хувцас зөв өмсөх” гэсэн агуулгатай байх бөгөөд уг актуудыг Х.Б д танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

 

Дээрх баримтаас үзвэл Х.Б нь сахилгын зөрчлийг 2 удаа гаргасан. Уг зөрчлийг хариуцагч байгууллага шалган тогтоосон гэж үзнэ. Энэ талаар хэн аль маргасангүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илэрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан боловч нэхэмжлэгчид хариуцагч байгууллага дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргаагүй байна.

 

Хэргийн 5-6 дугаар талд хөдөлмөрийн гэрээ авагдсан байх ба уг гэрээний 4.1.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчлийг нэрлэн заахдаа “ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ...хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийг хариуцагч байгууллага нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын эхээр ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг гэрч Б.М, О.Э нарын мэдүүлгээр тогтоогдсон гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн байна.

 

Гэрч О.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 11 дүгээр сарын эхэн үеэр байсан байх... нэг давхарт ээлж солигдох үед нэг удаа архи үнэртүүлсэн байсан” гэж, мөн гэрч Б.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажил дээр ирэхэд урьд өдөр нь өрөөнүүд бол ашигласан байсан, камернаас шалгах паспортыг авсан... манай нэг хаалгагч 2 цагийн үед стаканд шингэн зүйл хийж Х.Б д аваачиж өгсөн, ...нэг л удаа шингэн зүйл ууж байхыг нь бичлэгээс харсан” гэж тус тус мэдүүлжээ. /хх-74-75/

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь “С” ХХК-ыг ажлын байран дээр, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл архи уусан болохыг шууд нотлоогүй, эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн, хариуцагч байгуулагаас нэхэмжлэгч “С” ХХК-ыг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байран дээрээ архи уусан ноцтой зөрчлийг гаргасан болохыг тухайн үед нь илрүүлж шалган тогтоосон баримтыг гаргаж өгөөгүй, шүүхэд бүрдүүлж нотлох баримтаар ажилтан гаргасан гэх зөрчлийг хожим тогтоохгүй. Иймээс нэхэмжлэгч “С” ХХК-ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч “С” ХХК-ийн зочид буудлын хаалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг “С” ХХК-д даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                            ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ