| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00188/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1721000000071 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1968 оны 7 сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт замчин ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг “Хөх нуур” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/ ******* овогт *******,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30 дугаар байрны гадна 11 настай ******* хүүхэд зодсон гэх шалтгааны улмаас зодож биед нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 9 сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд өөрийн гэр болох Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны гадаа найзуудын хамтаар гадаа тоглож байхад 30 дугаар байранд байдаг ******* гэдэг хүүхэд бид нарыг хөзөр тоглоод сууж байхад хажууд ирээд заагаад байхаар нь би *******т хандан чи цаашаа бай гээд цээж рүү нь түлхэхэд над руу муухай харж зогсож байснаа уйлаад гэр рүүгээ орсон. Тэгээд удалгүй 40 гаран насны эрэгтэй хүн намайг дуудахаар нь очиход чи яагаад манай хүүг зодсон гэж хэлэхээр нь би зодоогүй гэж хариу хэлэх гэж байхад миний гэдсэн тус газарт буюу элэг рүү 5 удаа цохиход тухайн үед би амьсгаа авч чадахгүй газарт хэвтэхэд миний дээрээс бөөрөн тус газарт мөн хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би арай гэж босоод 30 дугаар байрны урд талын мухлагны хажууд сууж байхад ахин араас ирээд миний нүүр рүү 2 удаа цохисон. Тухайн үед би гэртээ ороод нүүр гараа угаагаад болсон асуудлын талаар өөрийн ээж болох хэлж өнөөдөр танай байгууллагад гомдол гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд 30 дугаар байрны хамгийн урд талын орцны гадна бид хоёр хөзөр тоглоод сууж байхад гэж дууддаг ******* нь хажууд ирээд ын хажуунаас нь хөзөр заагаад байхад нь би өөрөө мэднэ, чи цаашаа бай гээд гэдэс рүү нь нэг удаа цохиход тэрээр уйлаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа *******ын аав нь гарч ирээд ыг дуудаж “чи яахаараа хүүхэд зоддог юм” гээд элэг рүү нь цохиж, хацар руу нь гараараа нэг удаа алгадаж, газарт суухад нь хөлөөрөө өшиглөсөн, газарт уйлаад суухад нь доороос нь нүүрэн тус газарт нь гараараа өлгөөд цохисон. Тэгээд *******ын аав яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 17-ны өдрийн 525 тоот дүгнэлтэд: “1. *******ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 27/ гэжээ.
-Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30 дугаар байрны гадна 11 настай ******* “хүүхэд зодлоо” гэх шалтгааны улмаас зодож биед нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...ыг 30 дугаар байрны урд талын дэлгүүрийн гадна байхаар нь очиж, яагаад хүүхэд зодоод байгаая гээд баруун гарын бугалга орчим нэг удаа, нүүрэн тус газар нь гарын алганы ар хэсгээр нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, түүнийг давхар нотолсон насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд удалгүй 40 гаран насны эрэгтэй хүн намайг дуудахаар нь очиход чи яагаад манай хүүг зодсон гэж хэлэхээр нь би зодоогүй гэж хариу хэлэх гэж байхад миний гэдсэн тус газарт буюу элэг рүү 5 удаа цохиход тухайн үед би амьсгаа авч чадахгүй газарт хэвтэхэд миний дээрээс бөөрөн тус хэсэгт хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би арай гэж босоод 30 дугаар байрны урд талын мухлагны хажууд сууж байхад ахин араас ирээд миний нүүр рүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, насанд хүрээгүй гэрч , , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 17-ны өдрийн 525 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч *******т учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын хохирогчийн нүүр болон толгой руу 2-3 удаа цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч , , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 17-ны өдрийн 525 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн/ болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР