Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 189

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч  П.Насанбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарай овогт Пүрэвийн Насанбатад холбогдох эрүүгийн 1721000190023 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1968 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто кино механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг “Хошуу” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, /РД:ЖВ68112011/ Шарай овогт Пүрэвийн Насанбат,

Шүүгдэгч П.Насанбат нь 2017 оны 6 сарын 24-ний өдрийн орой Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ Б.Түвшинжаргалын хүзүүний ар доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Насанбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Түвшинжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гадуур явж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад Насанбат ахыг юу хийж байгаа бол гэж бодоод хоол унд хийж өгье гээд гэрт нь очиход Насанбат ах гэртээ ганцаараа ширээн дээрээ талыг нь уучихсан 0.75 гр “Ерөөл” нэртэй архи тавьчихсан сууж байсан. Тэгээд би ширээнийх нь тэнд очоод сууж байтал Насанбат ах миний ар талд орон дээрээ сууж байгаад удалгүй босч ирээд миний шилэн хүзүү хэсэг рүү хутгалчихсан. Тухайн үед миний биед нэг их өвдөлт мэдрэгдээгүй, жирэс гээд явчихсан. Ингээд цус гоожихоор нь би хутгалуулсан байна гэдгээ мэдсэн. Тухайн үед харахад Насанбат ах цагаан иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Насанбат ахад хандаж “та яаж байна аа, хүн алах нь байна, намайг мэдээгүй байхад ар нуруунаас хутгалчихдаа яахав дээ” гэхэд Насанбат ах “би өшөө хүн алмаар байна” гэж орилоод байсан. Ингээд би Насанбат ахад алуулаад яахав гээд гэрээс нь гарч гүйгээд Хорлоо эгчийн гэрийн гадаа очоод Хорлоо эгчийг дуудаж байгаад л ухаан самуурсан байсан. Сүүлд нь сонсож байхад Хорлоо эгч цагдаад мэдэгдэж, эмнэлэгт хүргэсэн юм шиг байна. ...Би эмчилгээ хийсэн 36900 төгрөгөө нэхэмжилж байна. Миний хувьд өөр гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-25/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 376 тоот дүгнэлтэд: “1. Б.Түвшинжаргалын биед хүзүүний ар доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 31/ гэжээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 46 тоот дүгнэлтэд: “1.Пүрэвийн Насанбат нь гэмт хэрэг үйлдэгдэх үед тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний болон төрх үйлийн бусад органик эмгэгүүд, зүүн талын саа шинж тэмдгийн уналт таталт зэрэг сэтгэцийн болон мэдрэлийн голомтот өвчин эмгэгтэй байсан байна. 2 П.Насанбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна. 3.П.Насанбат нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна.” гэжээ./хх-ийн 64-65/

-Эд мөрийн баримтыг хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/

-Гэрч Э.Оюунбаатарын мэдүүлэг /хх-ийн 26-27/

-Шүүгдэгч П.Насанбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч П.Насанбат нь 2017 оны 6 сарын 24-ний өдрийн орой Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Түвшинжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хүзүүний ар доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Насанбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2017 оны 6 сарын 24-ний орой 21 цаг өнгөрөөгөөд Түвшинжаргал ганцаараа манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би гэрт байсан 1 шил 0.75 граммын “Их монгол” нэртэй архи гаргаж ирээд бид хоёр хувааж уугаад дуусгасан. Ингээд бид хоёр юм яриад сууж байтал Түвшинжаргал надад хандаж “баруун гарын таван хурууг чинь хуга мушгина, чамайг хошногодоно” гэж хэлээд л миний баруун гарыг мушгихаар нь би сандал дээр байсан цагаан өнгийн хутгыг аваад Түвшинжаргалын шилэн хүзүүн дээрээс нь атгаж доош тонгойлгож дарж байгаад нэг удаа хатгасан чинь Түвшинжаргал гэрээс гүйгээд гарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ширээнийх нь тэнд очоод сууж байтал Насанбат ах миний ар талд орон дээрээ сууж байгаад удалгүй босч ирээд миний шилэн хүзүү хэсэг рүү хутгалчихсан. Тухайн үед миний биед нэг их өвдөлт мэдрэгдээгүй, жирэс гээд явчихсан. Ингээд цус гоожихоор нь би хутгалуулсан байна гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 376 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Түвшинжаргалд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч П.Насанбатын санаатайгаар хохирогчийн хүзүүн тус газарт 1 удаа хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай байна.

Шүүгдэгч П.Насанбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч П.Насанбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 376 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Насанбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Шүүгдэгч П.Насанбат нь шүүх хуралдаанд хохирогчид эмчилгээний зардалд 36900 төгрөгийг төлсөн гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх мөнгийг хохирогчид өгсөн болох нь нотлогдохгүй байх тул шүүгдэгчээс эмчилгээний зардал 36900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Түвшинжаргалд олгох нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуй болон бариултай, ажлын хэсэг 9.5 см, бариул хэсэг нь 10 см, нийт 19.5 см урттай 1 ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ68112011 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Шарай овогт Пүрэвийн Насанбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвийн Насанбатыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Насанбатын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч П.Насанбат нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуй болон бариултай, ажлын хэсэг 9.5 см, бариул хэсэг нь 10 см, нийт 19.5 см урттай 1 ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ68112011 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Насанбатаас гэм хорын хохиролд 36900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Түвшинжаргалд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Насанбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР