| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 1912005410006 |
| Дугаар | 2021/ДШМ/03 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ДШМ/03
|
|
Прокурор Б.Б
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч С.С
Хохирогчийн өмгөөлөгч М.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Нт холбогдох 1912005410006 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Сайрт- Ухаа гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Н
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Мыг зодож, эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан тархины хатуу бүрхүүл, хальсан доорх цусан хураа, тархины аалзавч бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хүнд зэргийн няцралт, 2 уушгины няцралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Н.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд дараах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Мын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Маажиг буюу А.Г миний цээжинд хөлөөрөө 2 удаа дэвссэн. Харин миний толгойд бол Н.Н цохисон...” /2 хх-ийн 34-35 ху/ гэх мэдүүлэг, Гэрч Х.Б-ийн “Би дуудлагад ирсэн гэх цагдаатай нь биечлэн уулзаж ярилцахад тухайн цагдаад үлдсэн гэх залуу нь өөрийгөө Э.С гэж өөрийнхөө нэрийг хэлээд хамт явсан хүмүүсийг М, М гэж хэлсэн байсан. Тэгээд юу болсон талаар тэр цагдаа Э.С-аас асуухад дараах зүйлсийг ярьсан гэж надад цагдаа хэлсэн. Э.С нь Х.Мыг Маажиг нь боож унагаагаад өшиглөсөн гэж л хэлсэн... 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн газарт би өөрийн дүү болох Х.Д-ийн хамт очиж Н.Нтай уулзаж ярилцахад надад хандаад би Х.М нь надад агсраад байхаар нь би нэг удаа л цохисон, харин намайг цохихоос өмнө машины цаана Х.М болон Маажиг ах хоёр зөндөө их ноцолдоод байсан ба Маажиг ах Х.М ахыг хоолойноос нь заамдаж аваад хэд хэдэн удаа өргөж шидээд байсан гэж хэлсэн. Түүний дараа яг ямар үйлдэл болсны дараа Х.М ухаан алдаж унасан юм бэ гэхэд Н.Н нь яг хэзээ ухаан алдсан гэдгийг нь хэлэхгүй ээрч муураад янз янз болоод байсан. Тэгснээ М ах намайг нэг цохисныхоо дараа хоёр удаа өшиглөсөн гэж цагдаад хэлээрэй гээд байна, намайг ингэж танд ярьсан талаар М ахад битгий хэлээрэй надад бас аюул учирч магадгүй гээд айдастай надад ярьж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36-38хуу/, шүүгдэгч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт “... Г намайг чи М-ыг хоёр удаа өшиглөсөн гэж хэлээрэй, тэгэхгүй бол өмнөх хэдийн мэдүүлэг зөрнө гэж надад хэлсэн бөгөөд би өөдөөс нь юм дугараагүй. Тэгээд би М иймээ тиймээ болчих юм бол хэрэг нь над дээр тусна гэж хэлэхэд Г миний өөдөөс юм яриагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-77 хуу/ тус тус хэрэгт авагдсан байна.
Тухайн үйл баримтын талаар хохирогч Х.М нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрөө нэр зааж тодорхой мэдүүлсэн буюу мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан байхад А.Гг уг хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймд А.Г нь энэхүү хэрэгт хэрхэн оролцоотой эсэх зэргийг нарийн шалгах нь зүйтэй байна.
2. Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гүрбазар нь 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд “...Харин дараа нь Х.М, А.Г хоёр барилдаад байсан. Мөн бас Х.М, Н.Н хоёр хоорондоо нэгэндээ ахархаад түүнээсээ болоод маргалдаад нэгнийгээ хоолойноос нь заамдалцаад Х.М нь Н.Ныг хэдэн удаа цохиж байсан. Н.Н нь Х.Мтай маргалдсаны дараа биед ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл тэр үед дүү Д бид гурав явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-51хуу/, гэрч М.Г-ын дахин өгсөн “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. А.Г, Х.М хоёр нь бол хоорондоо маргалдсан, зодолдсон зүйл бол байхгүй, харин зүгээр хоорондоо барилдаж байгаад зүгээр сууцгаасан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52 ху/, гэрч М.Г-ын дахин өгсөн “...Миний өмнө нь өгсөн мэдүүлгийн хагас нь үнэн, хагас нь худал. Би бол тухайн маргаан болоод цаашлаад Н.Н, Х.М нар маргалдаад зодолдох үед нь бол байсан ба тухайн хоёр маргалдаж эхлээд Х.М нь Н.Ныг мөргөж унагаагаад 2-3 удаа гараараа цохиж аваад байсан. Түүний дараа Н.Н нь буцаад Х.Мын толгойны хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Х.М хойшоо газар толгойгоороо саваад унасан. Тэгсэн Х.Мын цээжин дээр 1 удаа Н.Н нь дэвссэн харин А.Г бол Х.Мыг цохиж зодсон зүйл бол болоогүй. Би айсандаа зарим зүйлийг худал мэдүүлэг өгсөн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 53 ху/ зэрэг мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. Гэрч М.Г-т мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчид эрх үүргийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан гарын үсэг зуруулсан байхад өөр өөр мэдүүлсэн, түүнчлэн миний мэдүүлгийн зарим нь үнэн, зарим нь худал мэдүүлсэн гэсэн байхад үүнийг шалгаагүй байна. Иймээс гэрч М.Г-ыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн 1912005410006 дугаартай хэрэгт дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, эдгээр мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв гээд
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох эрүүгийн 1912005410006 дугаартай õýðгийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1233 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Мыг зодож, эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан тархины хатуу бүрхүүл, хальсан доорх цусан хураа, тархины аалзавч бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хүнд зэргийн няцралт, 2 уушгины няцралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Ныг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:
1. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Мын “...Маажиг буюу А.Г миний цээжинд хөлөөрөө 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-ийн өгсөн “...юу болсон талаараа тэр цагдаа Э.С-аас асуухад Х.Мыг М нь боож унагаагаад өшиглөсөн гэж хэлсэн. ... Н.Н нь ... М ах намайг нэг цохисныхоо дараа 2 удаа өшиглөсөн гэж цагдаад хэлээрэй гээд байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Нын өгсөн “...Г намайг чи М-ыг 2 удаа өшиглөсөн гэж хэлээрэй. Тэгэхгүй бол өмнөх хэдийн мэдүүлэг зөрнө гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан байна. Тухайн үйл баримтын талаар хохирогч Х.М нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрөө нэр зааж тодорхой мэдүүлсэн буюу мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан байхад А.Гг уг хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймд А.Г нь энэхүү хэрэгт хэрхэн оролцоотой эсэхийг нарийн шалгах нь зүйтэй байна.
2. Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Г нь 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд түүнд гэрчийн эрх, үүрэг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан гарын үсэг зуруулсан байхад өөр өөр мэдүүлсэн, түүнчлэн миний мэдүүлгийн зарим нь үнэн, зарим нь худал мэдүүлсэн гэсэн байхад үүнийг шалгаагүй байна. Иймээс гэрч М.Г-ыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн 1912005410006 дугаартай хэрэгт дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, эдгээр мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:
1. Хохирогч Х.М нь 2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө шүүгдэгч Н.Нт зодуулж, биед нь хүнд гэмтэл учирсны улмаас ухаан алдаж, улмаар 2020 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд ухаан ороогүй байсан төдийгүй, түүний биеийн байдал одоо ч хүнд байгаа талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Гэтэл хохирогч Х.Мыг ухаан орсны дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр түүнээс мэдүүлэг авахад “...Би болсон үйл явдлын талаар санахгүй байна. Маажиг буюу А.Г миний цээжинд хөлөөрөө 2 дэвссэн. Харин Н.Н бол намайг цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна...” гэснийг шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх бөгөөд хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал болон дээрх мэдүүлгийн утга, агуулгын зөрүүтэй байдлыг зөв үнэлж дүгнээгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотолгооны ач холбогдолтой мэдүүлэг гэж үзэх боломжтой юм.
Гэтэл түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан гэрч М.Г, М.Г, А.Г, Э.С, А.М, Б.Э нарын мэдүүлгүүд болон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 415 дугаартай дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 473 дугаартай нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул түүний мэдүүлгийг үнэлэн аливаа шийдвэрийн үндэслэл болгох, улмаар дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй байна.
Мөн гэрч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Юу болсон талаар тэр цагдаа Э.С-аас асуухад ...Х.Мыг М нь боож унагаагаад өшиглөсөн гэж хэлсэн” гэж мэдүүлсэн боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлгийн үед “...Хэргийн талаар асуухад Ч.Э гэх цагдаа надтай уулзсан. Би Э.С гэх залуутай уулзсан, тэмдэглэл хөтөлсөн гэж тэмдэглэлээ надад үзүүлсэн. Тэмдэглэлийн доод хэсэгт М боосон, өшиглөсөн гэх утгатай зүйл бичсэн байсан” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч Э.С, Ч.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед М буюу А.Гг хохирогч Х.Мыг боосон, өшиглөсөн талаар хэн нэгэнд хэлээгүй гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдийг өгсөн байна. Иймд А.Гг хохирогч Х.Мыг зодсон эсэхийг дахин шалгах шаардлагагүй байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Г 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр 3 дахь мэдүүлэгтээ “...Миний мэдүүлгийн зарим нь үнэн, зарим нь худал мэдүүлсэн гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлгүүдийг харьцуулан судлахад тэрээр эхний 2 мэдүүлэг өгөхдөө “...би их согтсон байсан, хэргийн газраас явсан байсан...” гэх зэргээр хохирогч Х.М, шүүгдэгч Н.Н нарын маргалдсан, зодолдсон талаар тодорхой зүйл мэдээлээгүй байх бөгөөд харин 3 дахь удаа мэдүүлэг өгөхдөө өөрийн өмнө хэлсэн зүйлийн зарим нь буюу үйл явдлыг бүрэн хараагүй, санахгүй байна гэсэн мэдүүлгээ худал юм гэдгийг хэлж болсон үйл явдлыг тодорхой мэдүүлжээ. Энэ тохиолдолд түүний өмнө өгсөн 2 удаагийн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх бус харин мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн байна гэж дүгнэх нь тохиромжтой.
Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1233 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид заасан 2 үндэслэл нь хуульд заасан нотлох баримтад үндэслээгүй байсан учраас прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тухайн цаг хугацаанд ямар үйл явдал болсон бэ гэдэг нь тодорхой болсон. Мөн хохирогчийн биед ямар гэмтэл учирсан бэ гэдэг нь тодорхой болсон. Хэдийгээр хоёр өөр хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой хоёр өөр хүнд гэмтэл учирсан байгаа боловч шүүгдэгч Н.Н нь ганцхан удаа цохисон үйлдэл хийсэн гэсэн мэдүүлэг нь худлаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Н.Н нь хохирогчийг зодохдоо хэд хэдэн удаагийн үйлдлээр цохисон бөгөөд өөрөө ч гэсэн цохиулсан байдаг. Хохирогчийг ганцхан өшиглөснөөс ухаан алдсан биш, харин өмнө нь хохирогчийг цохиж, дэвсээд хүмүүс салгасан үйл явдал болсон болох нь бүрэн тогтоогддог. Харин хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон Н.Нын өөрийнх нь мэдүүлэгт н.Гүндсамбуу хохирогчийг унагаагаад дэвссэн гэсэн нэг ч үг байхгүй. Уушгины гэмтлийг эзэнгүй орхиод байна гэж байна. Энэ нь зодоон болсны үр дүнд бий болсон гэмтэл юм. Хохирогч Х.Мын биед учирсан хоёр гэмтлийг шүүгдэгч Н.Н нь учруулсан байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг бүгдийг нь худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймээс хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Н.Нт холбогдох хэргийг буцаагаад мөрдөн байцаалтын шатанд шилжүүлж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын зүгээс зодооны үр дүнд бий болсон гэж хэллээ. Шүүгдэгч Н.Нын нэг удаа цохисон гэсэн мэдүүлгүүд тогтвортой байгаад байгаа учраас хэрвээ зодооны үр дүн гэж байгаа бол ямар ямар хүмүүсийн зодооны үр дүнд тухайн гэмтэл бий болсон юм бэ гэдгийг тогтоох ёстой. Тэгэхээр энэ үйл явдлыг тогтоогоогүй тул дутуу шалгасан гэж үзэж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай шүүгчийн захирамжаар буцаасан гурван үндэслэлийг яах ч аргагүй шалгаж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлэг буюу н.Г гэдэг хүний мэдүүлэгт н.Г, Н.Н нарыг таван удаа шахуу барилдсан гэдэг. Гэтэл н.Г барилдсан тухай ерөөсөө хэлээгүй. Харин н.С нь нэлээд хэдэн удаа барилдсан гээд хэлээд байдаг. н.Мөнх-Эрдэнэ гэдэг гэрч ерөөсөө барилдаан болсон талаар хэлээгүй. Тэгэхээр нэр бүхий гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахаар шүүгчийн захирамжид нэмэлт заалт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэн нэгэн этгээдийг хэрэгт холбогдуулан шалгах, татах, шүүхэд шилжүүлэхийг даалгаж хэргийг прокурорт буцаах нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас хандаж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг дүгнэж, буруутай бол шийтгэх, буруугүй бол цагаатгах гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах нь хуульд нийцнэ.
Мөн хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй гэж шүүх үзвэл шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлгийн зөрүүг арилгах, зөрүүтэй мэдүүлгийн аль нь бусад нотлох баримттай шалтгаант холбоотой эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг шүүхэд очтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Н.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД Д.Б
В.Ц