Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 190

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох Эрүүгийн 1721000000111 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1958 оны 4 сарын 19-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 21-14б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/ ******* овогт *******,

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 10 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын 21-14б тоотод ******* нүүрэн тус газар гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ******* гэрт орж ирэхээр нь босоод юм яриад сууж байтал ******* “та хоёр юу яриад байгаа юм бэ” гэхэд ******* “энэ архи уучихсан юм уу” гэхээр нь би “харин тиймээ, архи уучихсан байна” гэхэд ******* *******т хандаж “Чи дандаа архи уучих юм, эхнэрээ ийшээ тийшээ яваад ирэх хойгуур нь гэрээ аятайхан сахиад байж чадахгүй” гэж хэлэхэд ******* “Чамд ямар хамаатай юм бэ” гэж босож ирээд ******* жижиг сандлаар цохих гээд далайхад нь ******* сандлыг нь булаагаад авсан. Тэгээд л хоорондоо хэрэлдэж маргалдаад ******* намайг 2-3 удаа алгадахаар нь ******* бид хоёр *******ыг газар унагаад дарж байтал гэнэт л өвдөгөөрөө миний зүүн нүд рүү цохичихсон. Би ч тухайн үед унтлагын хувцастай нүцгэн шахуу байсан ба би чамайг цагдаа дуудаж өгнө гэхэд өгч л байхгүй юу гээд хувцсаа өмссөн. ******* бид хоёр *******ыг дарж унтуулах гэсэн боловч огт дийлдэхгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч 2 цагдаа ирж *******ыг авч явсан. ...*******т гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 587 тоот дүгнэлтэд: “1. ******* биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 22/ гэжээ.

Гэрч Ц.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Ахмадын баяраас *******ын эхнэр 20 цагийн үед гэр рүүгээ харьсан юм. Тэгээд би 22 цагийн үед Зангиатын 21-14б тоотод гэртээ ирэх үед хажуу хөрш *******ын гэрт хүмүүс бахиралдаад байхаар нь би тэдний гэрт ороход ******* гэгч нь согтуу эхнэр рүүгээ сандал бариад далайгаад зогсож байхаар нь би *******ыг цааш түлхэж сандлыг нь булааж авсан юм. Тэгээд *******ын эхнэр нь утсаар цагдаа дуудсан тэр үед ******* хувцсаа өмсөөд би явлаа гээд байсан. Удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

-Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 10 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 21-14б тоотод өөрийн эхнэр хохирогч тай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа болон хөлөөрөө өшиглөсний улмаас зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зүүн сарвууны цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манайд манай гэрийн зүүн талын хөрш болох ******* гэдэг авгай орж ирэхэд “энэ архи уучихсан, надтай хэрүүл хийгээд л байж байна” гэхэд ******* намайг архичин гэх мэтээр хэлээд гэртээ аятайхан байж чаддаггүй юм уу гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гээд би хэвтэж байснаа босоод жижиг сандал аваад ******* руу далайхад ******* надаас сандал булааж авахаар нь би эхнэр рүүгээ уурлаад нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан чинь ******* намайг өөр рүүгээ татаад *******, хоёр намайг газар дараад хэвтээд байхаар нь би тэр хоёрыг түлхэх гэж байгаад санамсаргүй хөлөөрөө эхнэрийнхээ нүдийг цохичихсон юм, би тухайн үедээ мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...******* намайг 2-3 удаа алгадахаар нь ******* бид хоёр *******ыг газар унагаад дарж байтал гэнэт л өвдөгөөрөө миний зүүн нүд рүү цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 587 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч т учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын санаатайгаар хохирогчийн нүүр рүү нь 2-3 удаа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 587 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн/ болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР