Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

   2022         06             03                                         2022/ДШМ/38

 

 

 

.........., .........., ..........нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ

            Яллагдагч ..........

            Яллагдагч ..........ийн  өмгөөлөгч П.Гансүх, Б.Батцэнгэл нар

            /цахим сүлжээгээр/, М.Мэндсүрэн,

            Яллагдагч ..........ын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Энхтуяа, Д.Чинзориг   

            /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/490 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлээр яллагдагч .........., .........., ..........нарт холбогдох эрүүгийн 2134000000299 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

.........., .......... нар нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн ....................тай согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж зодож алсан,

 

.......... нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Баянхайрханы 2 дугаар гудамжны .... тоотод ..........тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

..........нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн .......... хороо, Баянхайрханы ..........тоотод Н.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..........т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар,

 

..........-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч ..........ийн өмгөөлөгч П.Гансүх, Б.Батцэнгэл, М.Мэндсүрэн, яллагдагч ..........ын өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Энхтуяа, яллагдагч .........., .......... нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг шүүх бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгч, прокурорын эрх зүйн актууд эх хувиараа байж тамга дарагдсан байх хуулийн шаардлагыг хангаагүй зэргээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэв.

 

Амь хохирогч .......... нь гавал ясны баруун чамархай, дагз, суурь ясны шугаман хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн дух, баруун, зүүн зулай, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархай, дагзны хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчинд цус хуралт, 8, 9 дүгээр хавирга, 11, 12 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, баруун чихний дэлбэн, зүүн гуя, шилбэнд шарх, дух, хүзүү, баруун шуу, өвдөг, ахар сүүл, зүүн өгзөгт зулгаралт, эрүү, хүзүү, баруун эгэм, хавирганы нум дагуу, тохой, сарвууны ар хэсэг, ташаан толгой, өгзөг, гуя, шагай, тавхайн дээд хэсэг, зүүн эгэм, хөх, хавирганы нумын дагуу, шуу, хэвлий, цавь, өгзөг, гуянд цус хуралт бүхий олон тооны гэмтлүүд авсан байх бөгөөд эдгээрийн аль нь шинэ хуучин гэмтэл байсныг тогтоох, дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг, үхэлд хүргэх гэмтэл аль нь байсныг тодруулах шаардлагатай.

 

Өмгөөлөгч нарын ..........талийгаачийн толгой руу өшиглөөд тийрсэн, талийгаач савж унасан гэсэн байхад ямар ч оролцоогүй гэж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Сувд-Эрдэнэ 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргий улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтаан нөхцөл, зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.

 

Учир нь: .......... .......... нар нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Энхтайваны 15-13 тоотод ..........тай согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн түүнийг бүлэглэн зодож алсан гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл журмын дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай тогтоосон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба ямар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх талаар тодорхой тусгаагүй байгаагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хүсэлтийг бүрэн хүлээн авах боломжтой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

 

Яллагдагч .........., .......... нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт нь мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх талаар дурдаагүй, хэрэг нотлогдоогүй, ..........ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх утга агуулгатай байсан бөгөөд энэ ч талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэтэрхий ерөнхий хүүрнэсэн байдалтайгаар байр сууриа илэрхийлэн оролцож байсан.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтэд Улсын Ерөнхий прокурорын газраас батлагдсан шүүхэд төрийг төлөөлөх аргачилсан зааварт заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаа хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримт, оролцогчдын гаргасан хүсэлт гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан асуудлын талаар нэгтгэн дүгнэлт хийж санал гаргасан боловч энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байна.

 

Түүнчлэн шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж дүгнэлт хийх ёстой атал ямар нотлох баримт нь хэний ямар үйлдлийг үгүйсгэж байгаа, нэмж ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж ямар нөхцөл байдлыг тогтоож, тодруулах гэж байгаагаа тодорхой, ойлгомжтой бичээгүй байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллагдагч .........., ..........нарт холбогдох хэрэгт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон мөрдөгчийн зарим нэг шийдвэр нь эх хувиараа байж тамга дарагдсан байх хуулийн шаардлагыг хангаагүй зэргээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй ба шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримт биш юм.

 

Учир нь: Улсын Ерөнхий прокурорын газраас эрүүгийн 2108014641758 дугаартай хэргийг 21340000000299 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар харъяалал тогтоон ирүүлсэн бөгөөд хэрэг эх хувиараа прокурорын хяналтад ирж, улмаар хэргийг нэгтгэн шалгасан болно. Өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан болон шүүгчийн захирамжид заагдсан заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхгүй юм.

 

Яллагдагч .......... нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад галын дэгээ төмөр, хөх өнгийн тавчиг зэргийг эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд хүргүүлсэн байхад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Мөн прокурор яллагдагч .........., .........., ..........нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байхад яллах дүгнэлтэд тусгагдаагүй .........., Б.Мөнх-Од, ..........нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж , хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: .........., .......... нарын үйлдлийн улмаас талийгч Доржпагма нас барсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шинжээчийн дүгнэлт тодорхой гарсан. Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэй санал нэг байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагчийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үхэл хүргэсэн гэмтэл нь тодорхой эзэн холбогдогчийн үйлдэлтэй тогтоогдвол үйлдлийг хэний үйлдлээс учирсан гэдгийг тогтоосны дараа тэдгээр хүмүүсийг эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалт хэсгээр нь тохирох боломж бүрдэнэ. Ийм зүйл байхгүй учраас шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс ерөнхий байдлаар ингэж дүгнэсэн асуудал үндэслэлтэй гэж үзэж захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан, эргэлзээ үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Ийм нөхцөл байдал үүссэн учир дахин мөрдөн байцаалтад буцаасан нь хуульзүйн үндэслэлтэй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжинэ гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоож хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал болон болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад .........., .........., ..........нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь эх хувиараа бус хуулбарлагдсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх талаар тэмдэглэл үйлдэх, мэдээллийг тусгасан дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс  хэв, хээ буулгаж авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр хавсаргасан байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тухайн хэсэг үндэслэл бүхий болжээ.

 

Мөн прокурорын шатанд хохирогч .......... нь хэний, ямар үйлдлийн улмаас амь хохирсныг бүрэн гүйцэд тогтоож, тухайн хэрэг учрал болох үед байсан этгээдүүдийн үйлдэл холбогдлуудыг нь эргэлзээгүйгээр ялган, зааглаж чадаагүй атлаа Д.Ууганбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Амь хохирогч ..........ын цогцост хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, түүний үхлийн шалтгаан болон биед нь учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, түүнийг анх зодох болсон шалтгаан зэргээс үзвэл тухайн хэргийн холбогдогч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц хүндрүүлэх шинжүүдийн аль нь байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоолгүйгээр .........., .......... нарыг яллагдагчаар татан, үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс талийгаачийн биед учирсан гэх гавал ясны баруун чамархай, дагз, суурь ясны шугаман хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн дух, баруун, зүүн зулай, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархай, дагзны хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчинд цус хуралт, 8, 9 дүгээр хавирга, 11, 12 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, баруун чихний дэлбэн, зүүн гуя, шилбэнд шарх, дух, хүзүү, баруун шуу, өвдөг, ахар сүүл, зүүн өгзөгт зулгаралт, эрүү, хүзүү, баруун эгэм, хавирганы нум дагуу, тохой, сарвууны ар хэсэг, ташаан толгой, өгзөг, гуя, шагай, тавхайн дээд хэсэг, зүүн эгэм, хөх, хавирганы нумын дагуу, шуу, хэвлий, цавь, өгзөг, гуянд цус хуралт бүхий олон тооны гэмтлүүдийн аль нь шинэ, хуучин гэмтэл болохыг тогтоох, дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргэсэн гэмтэл аль нь байсныг тодруулах зорилгоор дахин шинжээч томилуулахаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасантай нийцсэн, үндэслэлтэй зөв болжээ.

 

Харин шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийнхаа “Тодорхойлох нь” хэсэгт яллагдагч ..........ийн нэрийг ..........гэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн... зүйлгүй гэж техникийн шинжтэй алдаа гаргасан, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн тухайн хэсэг үндэслэл бүхий байх хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй болно.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/490 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                М.МӨНХДАВАА