Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 728

 

 

 

 

 

 

Т.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бү рэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00558 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д-ийн хариуцагч Г.Т т холбогдуулан Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 365 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Хариуцагч: Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн гаргасан тайлбартаа: Б.Г жолоодож, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт тээврийн товчооны зүүнээс баруун тийш чиглэлд Т.Д миний эзэмшлийн Land Cruiser 200 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явах үед Г.Т ын 75-79 УБӨ улсын дугаартай Nissan Wingroad маркийн тээврийн хэрэгслийг жолоодон төв замын тээврийн хэрэгслийг өнгөрөөхгүй туслах замаас орж ирж автотээврийн осол гаргасан. Уг тээврийн осол нь Б.Г ийн буруутай үйлдлээс биш, 75-79 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Т ын буруутай үйлдлээс болж миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2 365 000 төгрөгний хохирол учирсныг Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн тасгийн ахмад Н.Б, хошууч Ч.Г, Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний актаар нотлогдсон. Уг хохирлын мөнгөн төлбөрийг Г.Т нь өөрийн бололцоогоор төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл мөнгө өгч хохирол барагдуулаагүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Цагдаа дээр хохирол төлнө гэсэн боловч төлөөгүй. Өөрөө автомашинаа янзлуулсан. Иймд бидний хохирол болох 2 365 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгний хохирлын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед намайг мөргөж автомашин эвдэж хохирол учруулаад хэзээ хойно 2-3 сарын дараа манай гэрийн хүн харвалт өгч ам хамар нь мурийгаад би жил гаран эмнэлэг хөөгөөд өнөөдөр би өөрөө 2 чих шуугиад юм дуулах муутай болсон. Би тэтгэврийн хүн. 30 сарын зээл авч эхнэрээ эмчлүүлээд өөрийгөө эмчлүүлж явна. Тухайн үед би хүний хүүхдийн мууг үзээд яахав гэж бодоод би юм хэлээгүй. Миний бие болон эхнэрийн биеийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрөө хохирсон. Ослоос 3 сарын дараа эхнэр харавсан. Миний чих шуугиад байгаа. Жил гаруй эмнэлгээр явсан. Нэхэмжлэгчид 500 000 төгрөг өгөөд эвлэрэх санал тавьсан. Эвлэрэх боломжгүй гэсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Т аас зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 2 365 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52 790 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 17 410 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 9 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Мандах наран дэлгүүрийн үүднээс хөдлөөд гэртээ харихаар явах гэж зам хөндлөн гарч яваад 200 маркийн автомашинтай намайг хөндлөн хажуу талаас мөргөж, хойш явж байсан автомашин урагш нь хартал мөргөөд би тэр үед түр зуур манарсан. Манай эхнэрт чи яагаад хараагүй юм гэхэд хараагүй гэж хэлсэн байгаа юм. Над нөхөр чинь дөрвүүлээ явсан, бүхэл бүтэн автомашин гарч байхад автомашины маань 70-100 хувь өнгөрч байсан тэгэхэд ирж мөргөсөн. Үүнээс болж 2 сарын дараа эхнэр маань харвалт өгч ам, хамар нь мурийж эмчилгээ хийлгээд байтал би өөрөө 2 чих шуугиад 1 талын чих юм дуулахгүй болсон. Манай ар гэрийн байдал би 60 гарсан, эхнэр 58 настай, би хөгжлийн бэрхшээлтэй, нэг хүүхэд байгаа. Одоо бид айлын гэр түрээсэлж, амьдарч байна. Энэ хүнд би юм хэлээгүй өдий хүрсэн байхад энэ надаас автомашины төлбөр 2 365 000 төгрөг нэхэж байгаа учир би гомдолтой давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Г.Т т холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 365 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Т нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчооны замд Вингруд маркийн 75-79 УБӨ дугаарын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж нэхэмжлэгч Т.Д-ийн Ланд 200 маркийн  дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасанд тэрээр гэм буруутай болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 590 тоот шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдсон байна. /хх-10, 11/

 

Дээрх хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн Ланд 200 маркийн  дугаарын автомашины урд их хоёр гэрэл, урд гупер, урд сетк, копут, урд хоёр нэмэгдсэн гэрэл эвдэрсэн болохыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаангүй. /хх-6-7/

 

Хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн “өөрийгөө гэм буруугүй, нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай” гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь дээрх зам тээврийн ослыг эрх бүхий байгууллага шалгаж байхад тэрээр уг зам тээврийн осол гарахад гэм буруугүй талаар маргаагүй, харин түүнийн гаргасан энэ зөрчилд нь Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс захиргааны шийтгэл ногдуулж 100 000 төгрөгөөр торгосныг зөвшөөрч уг торгуулийг биелүүлсэн байна.

 

Зам тээврийн ослоос үүссэн хохирлыг тогтоолгохоор 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-иар Ланд 200 маркийн  улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэлд үнэлгээ хийлгэсэн байх ба уг үнэлгээнээс үзвэл 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй улсын дугаарын суурь, улсын дугаарын хүрээ, радиаторын хүрээ, радиаторын дээд хуванцар наалт зэргийг нэмж үнэлснийг шүүх гаргуулсан нь буруу байна. /хх-22/

 

Анхан шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-иар хийлгэсэн үнэлгээн дэх 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон тухай тодорхойлолтод байгаагүй улсын дугаарын суурины үнэ 30 000 төгрөг, улсын дугаарын хүрээний үнэ 10 000 төгрөг, радиаторын хүрээний үнэ 160 000 төгрөг, радиаторын дээд хуванцар наалтны үнэ 120 000 төгрөг, шууд бус зардал 50 000 төгрөг нийт 370 000 төгрөгийг хасч тооцож 1 995 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00558 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...2 365 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д д олгосугай.” гэснийг “...1 995 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 370 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “...52 790 төгрөг” гэснийг “46 870 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ