Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Бт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           С.Б

                        Хохирогч                                                          Ж.Ц

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Ц.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Ц, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бт холбогдох 1912003730336 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 39-р байрны 302 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б

 

  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл АУУ ХХК-ийн тэмдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 302 тоотод зориуд нуусан,

    мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Булган уулын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Ж.Цыг Төрийн банкнаас 600.000.000 төгрөгийн төслийн зээл авах гэж байгаа, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүүгийн хамт буцаан төлж барагдуулна хэмээн хууран бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Цоос 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-г байгууллагын тэмдгийг зориуд нуусан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Бийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан сиди хоёр ширхгийг хэргийг хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч Ж.Цын нэхэмжлэлээс 96.000.000 /ерэн зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн “Ар Ус Ундарга” орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлын тэмдгийг тус байгууллагад буцаан олгож, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ж.Цын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргах нь:

Иргэн Ж.Ц миний бие 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Бт өөрийн хадгаламжаа барьцаалан 80 сая төгрөгийг түр зээлдүүлсэн юм. Б.Б нь Төрийн банкнаас төслийн зээл авах гэж байна, урьдчилгаа дансандаа байршуулах шаардлагатай тул 80 сая төгрөг түр зээлдүүлж туслаач, зээлээ гарангуут буцаагаад өгнө гэж хэлээд авсан юм. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөнгөө авах гэтэл 300 сая төгрөгийн зээл гарлаа, үлдэгдэл 300 сая төгрөгийг ажлын гүйцэтгэл харж байгаад банк өгнө, тэгэхээр нь чамд өгье гэж хэлсэн. Мөнгөө авах гэж хэсэг хугацааны дараа уулзахад зээлийнхээ талаар ярихаа больсон. “ЭГИ” ХХК-ийн захирал н.Ө-аас мөнгө авна, газар зарна, цалингийн зээл аваад өгнө гэх мэтээр худлаа ярьж, урт удаан хугацаанд иргэн намайг олон сая төгрөгөөр хохироож бодит байдлыг гуйвуулж, төөрөгдөлд оруулж, түүнд өгсөн итгэл үнэмшлийг далимдуулан худал хэлж, хууран мэхэлж явсаар байна. Харин анхан шатны шүүх Б.Бийг гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шамшигдуулан залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж шийдвэрлэсэн боловч харин миний хохирол, хор уршгийг шийдвэрлээгүй. Ж.Ц миний банкнаас авсан зээлийн хүүг хохирол, гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар, хор уршигт тооцох боломжгүй юм гэж дүгнэсэн нь буруу юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэрэгт хор уршигт тооцох болно. Иймд шүүгдэгч Б.Бээс 80  сая төгрөгт 3 жил буюу 36 сарын хугацаанд банкинд төлсөн хүү болох 57.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох болно гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч В.Г нарын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгуулах.

Гомдлын агуулга: Миний бие Б.Б нь тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

            Миний бие Б.Б нь орон нутгийн өмчит “АУУ” ХХК-ийн захирлын албан тушаалд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын захирамжаар анх томилогдон ажиллаж эхэлсэн.

            Энэ албан тушаалд ажиллаж байх хугацаанд буюу 2016-2019 оны хооронд нийтдээ 4 удаа ажлаас халагдаж, эхний 2 удаад нь намайг ажлаас халсан тал буюу хариуцагч тал шийдвэрээсээ буцаж, намайг буцаан уг ажилд томилсноор тухайн асуудал шийдэгдэж байсан. Үүнээс хойш мөн 2 удаа миний бие уг ажлаас халагдсан хууль бус шийдвэрийг сонсож байсан бөгөөд тухай бүрд нь буюу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжид тус тус шүүхийн журмаар гомдол гаргасан. Тухай бүр уг маргаан Монгол Улсын Дээд шүүхийн шат хүртэл үргэлжилж, Монгол Улсын Дээд шүүхийн 2 удаагийн тогтоол /2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаартай тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай тогтоол/ гарч Б.Б намайг хууль бусаар ажлаас халагдсан байна гэж шийдвэрлэж, тухай бүр намайг ажлаас халж байсан аймгийн Засаг даргын ... тоот захирамжуудыг хүчингүй болгож, “АУУ” ХХК-ийн захирлын албан тушаалд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулах шийдвэр гаргасан болно.

            Улсын дээд шүүхийн эхний тогтоол гарсны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын захирамж гарган Б.Б намайг “АУУ” ХХК-ийн захирлын албан тушаалд буцаан томилж байгаа мэт Дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн дүр үзүүлсэн. Шийдвэр гарсан бөгөөд үнэн хэрэгтээ компанийн тамга тэмдгийг өгөхгүй, цалин хөлсийг олгохгүй, ажил хэргээ хууль ёсоор болон жинхэнэ утгаар явуулах боломж олгохгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарч дахин намайг ажлаас халсан. Энэ захирамжид миний бие шүүхийн журмаар дахин гомдол, нэхэмжлэл гаргаснаар уг маргаан 3 шатны шүүхийн журмаар дахин шийдвэрлэгдэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай тогтоол гарч, Монгол Улсын Дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрээр миний бие одоо уг ажилдаа буцаан томилогдож, ажил үүргээ хэвийн явуулж байх ёстой боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй, миний бие ажилдаа буцаан томилогдоогүй байна.

            Улсын Дээд шүүхийн Б.Б намайг буцаан ажилд томилох тухай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаартай эхний тогтоол гарсны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн Архангай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу миний бие ажил үүргээ хагас дутуу хүлээн авсан байдалтай байхад орон нутгийн өмчит “АУУ” ХХК дээр орон нутгийн өмчийг шамшигдуулсан, хөрөнгө завшсан, санхүүгийн материалыг үрэгдүүлсэн, хууль бусаар бүрдүүлсэн, нууц материалыг алга болгосон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүссэн байсан тул уг байдлыг миний бие Архангай аймгийн хууль хяналтын байгууллага болох Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс зэрэгт бичгээр гомдол гаргаж мэдээлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан ер нь миний оронд томилогдсон байсан тус компанийн удирдлага, аймгийн Засаг дарга, түүний орлогч  нар нь дээрх хууль бус үйлдлээ нуун дарагдуулах, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах зорилгоор Б.Б намайг дахин ажлаас халсан.

Миний бие Б.Б нь тагнуулын байгууллагын хууль тогтоомж, журмын дагуу орон нутгийн өмчит “АУУ” ХХК дээр нууцын асуудал хариуцсан ажилтан байсан бөгөөд Архангай аймаг дахь Тагнуулын хэлтсээс намайг нууцын ажилтнаар томилсон шийдвэр байгаа болно.

Нэгэнт тус компани дээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байсан бөгөөд үүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байсан. Мөн нууцын ажилтны хувьд, мөн компанийн захирлын хувьд орон нутгийн өмчит “АУУ” ХХК-ийн хөрөнгийг хамгаалах, нууц мэдээллийг хамгаалах ажил үүргийн хувьд цаашид уг гэмт үйлдлийг гаргасан хүмүүст кампанийн тамга тэмдгийг өгч болохгүйн үүднээс зохих хууль хяналтын байгууллагад нь компанийн тамга тэмдгийг хамгаалалтад авхуулахаар өгсөн боловч аймгийн Тагнуулын хэлтсээс манай байгууллага үүнийг хадгалах чиг үүрэггүй байна гэж хэлээд буцаан өгсөн тул арга буюу өөртөө авч явсан болно. Миний бие холбогдох буюу тухайлбал надаас тамга тэмдгийг нэхэж байсан, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хүмүүст компанийн тамга тэмдгийг өгөх боломжгүйгээ хэлж, хууль хяналтын байгууллагад удаа дараа энэ байдлаа үнэн зөвөөр надад тамга тэмдэг байгаа, би дээр дурдсан гэмт хэрэгт холбогдсон хүмүүст тамгыг өгөх боломжгүй байна гэж ил тодоор хэлж байсан бөгөөд үүнээс өөр байдлаар компанийн тамга тэмдгийг хууль бусаар, зориудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруутай үйлдэл гаргаагүй, нийгэмд хор уршиг учруулаагүй болно.

Дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэх нэг үндэслэл болсон Б.Б намайг ажлаас халсан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 тоот захирамжид миний дахин шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан бөгөөд нэг ижил агуулга, шаардлага бүхий маргааны хувьд Монгол Улсын шүүхийн байгууллагын 2 дахь удаагийн шийдвэр гарч, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд одоо энэ шүүхийн шийдвэр биелэгдэх цаг үеэл хүлээж байгаа болно.

Эдгээр нөхцөл байдлыг болон хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хөдөлбөргүй шинжлэн судлах хуулийн шаардлагыг анхан шатны шүүх бүрэн дүүрэн хангаж, үнэлэлт дүгнэлт гаргаагүй бөгөөд энэ байдал нь шүүх хуралдааны үед шүүгдэгчийн төлөөлөгчийн зүгээс шинжлэн судлуулахаар өгсөн баримтуудыг судлаагүй, энэ талаар огт тусгагдаагүй байдлаар уг шийтгэх тогтоол бичигдсэн байдлаас үзэж болно.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

Миний бие Б.Б нь иргэн Ж.Цоос 80 сая төгрөгийг хүү, хугацаа тохиролцон зээлж авсан бөгөөд энэ зээлийн хүүд 4 сая болон 5 сая төгрөгийн хүү төлсөн. Зээлээ хүүгийн хамт төлөх болохоо илэрхийлэн 4 удаагийн баталгааг баримтаар гаргаж өгч байсан /3 дугаар хавтаст хэргийн 18-21 дэх талууд/. Зээлийн төлөлт удааширсан үед газар шилжүүлэх байдлаар уг зээлийг хаах зэрэг нөхцөл байдлуудыг зээлдүүлэгч Ж.Цтой харилцан тохиролцож байсан зэрэг байдлууд хэрэгт авагдсан байдаг бөгөөд энэ зээл авсан үйлдэл маань Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг биш бөгөөд зээлдүүлэгч бидний хооронд хүү, хугацаагаа тохирч, зохих хэмжээнд хүүгээ төлж , буцаан төлөх нөхцөл байдлаа тохиролцож явсан иргэд хоорондын шинжтэй, иргэний эрх зүйн харилцаа бөгөөд иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх асуудал юм.

Энэ үйлдэл дээр дээр дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн зүгээс бүрэн дүүрэн үнэлж, дүгнээгүй бөгөөд дан ганц хохирогч талын мэдүүлэг дээр үндэслэж шийдвэр гаргасан нь Б.Б миний эрхийг зөрчсөн, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр хамгаалуулах, хэргээ шударгаар шийдвэрлүүлэх эрхийг минь зөрчсөн үйлдэл болсон.

3. Дээр дурдсан 2 гэмт үйлдлийг үйлдсэн гэх энэ хэргийн тухайд:

Миний бие үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн гэсэн итгэм үнэмшил, зарчмаа дагаж ажиллаж байсны хувьд эрх баригч намын зарим гишүүдийн, тухайлбал “АУУ” ХХК-ийн удирдлага, аймгийн Засаг дарга нарын зүгээс хууль бус үйлдлээ нуун дарагдуулах, үзэл санаа, шударга ёсны зарчмыг баримталсан нэгнийг нухчин дарах, ямар ч аргаар хамаагүй хохироох хууль бус үйлдлийн хомрогд өртсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд хүнийг үндэс угсаа, нас хүйс, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол зэрэг байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэсэн шударга ёсны зарчим, гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол, мөн хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэх гэм буруугийн зарчмууд хуульчлагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцад дээрх нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана. Хэргийн бодит байдлыг тогтоохдоо нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж  тус тус зааж хуульчилсан хуулийн зарчим, зохицуулалтууд зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б надад холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бийг байгууллагын тэмдгийг зориуд нуусан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд 57.600.000 төгрөгийг банкинд төлсөн байна. Энэ мөнгө бол бага мөнгө биш бөгөөд би 2 өрөө байрны мөнгөөр хохироод байна. Би үндсэн зээл 80.000.000 төгрөгөөс 57.600.000 төгрөгийг банкинд өгч хохироод байна. Б.Бт зээлсэн мөнгөнөөс зөвхөн хорин хэдэн сая төгрөг л надад ирж байгаа гэсэн үг юм. Миний хувьд 4 жил шахуу хугацаанд эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар маш их хохирч байна. Б.Бийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Дээд шүүхэд хүн таньдаг гээд намайг дарамталж, сэтгэл санааны хувьд дарамт үзүүлж байсан. Одоо Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэх зүйл гэвэл миний нэхэмжилж буй 57.600.000 төгрөгийг Б.Бээс гаргуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолын хохирогч Ж.Цын хор уршигтай холбоотой заалтад өөрчлөлт оруулж, харин шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан явуулахаар тогтоосон. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргаж, түүнийхээ нотлох баримтыг хавсарган шүүхэд ирүүлсэн тул шүүх тэдгээрийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

Мөн шүүгдэгч шинээр нэмж өмгөөлөгч авах, шүүгдэгчийн өмгөөлөгч өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, түүний нотлох баримт болох өмнөх гаргасан ажлаас чөлөөлөх эмнэлгийн магадалгааг 2020 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан баримт ирүүлсэн тул шүүх тэдгээрийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь онлайн хэлбэрээр зайнаас шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул шүүх хүсэлтийг хангаж түүнийг онлайн хэлбэрээр шүүх хуралдаанд оролцуулах бүх боломжийг хангасан ба шүүгдэгч нь нэмж өмгөөлөгч авах хүсэлтээсээ татгалзаж байгаагаа бичгээр мэдэгдсэн.

 

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч өвчний учир шүүх хуралдаанд онлайн хэлбэрээр  оролцох боломжгүй, хэргийн материалтай дахин сайн танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар дурдаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь хуульд заасан шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дах хэсэгт...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно...гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь өмнө нь өвчтэй гэсэн үндэслэлээр хоёр удаа шүүх хуралдаан хойшлуулсан, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэд өвчтэй талаар нотлох баримт байхгүй, хэрэгт цугларсан нотлох баримттай хуульд заасан журмын дагуу танилцсан болох нь хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлээр тогтоогдсон, анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар маргаагүй, шүүх хуралдаанд онлайн хэлбэрээр оролцох нөхцөл бололцоог шүүх хангасан боловч татгалзсан зэрэг нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд оролцохгүй хүндэтгэн үзэх ямар нөхцөл байгаа нь тодорхойгүй, энэ талаар баримт шүүхэд ирүүлээгүй, өмгөөлөгч оролцохгүй талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн нь ойлгомжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Ж.Ц, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Г нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн орон нутгийн өмчит “АУУ” ХХК-ийн тэмдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 302 тоотод зориуд нуусан,

мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Булган уулын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Ж.Цыг Төрийн банкнаас 600.000.000 төгрөгийн төслийн зээл авах гэж байгаа, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүүгийн хамт буцаан төлж барагдуулна хэмээн хууран бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Цоос 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Б.Бийг байгууллагын тэмдгийг зориуд нуусан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Б.Бийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар журамлан Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.500.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...гэж хуульчилжээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Цт 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг 80.000.000 төгрөгийн хохирлоос үүссэн үр дагавар нь энэ гэмт хэргийн хувьд хор уршиг болно.

 

             Хохирогч нь хор уршиг болох 57.600.000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч ямар эх үүсвэрээс өгсөн, түүний хор уршиг хэдэн төгрөг болох талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтыг бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

             Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нар...Миний бие холбогдох буюу тухайлбал надаас тамга тэмдгийг нэхэж байсан, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хүмүүст компанийн тамга тэмдгийг өгөх боломжгүйгээ хэлж, хууль хяналтын байгууллагад удаа дараа энэ байдлаа үнэн зөвөөр надад тамга тэмдэг байгаа, би дээр дурдсан гэмт хэрэгт холбогдсон хүмүүст тамгыг өгөх боломжгүй байна гэж ил тодоор хэлж байсан бөгөөд үүнээс өөр байдлаар компанийн тамга тэмдгийг хууль бусаар, зориудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруутай үйлдэл гаргаагүй, нийгэмд хор уршиг учруулаагүй, зээлдүүлэгч Ж.Цтой харилцан тохиролцож байсан зэрэг байдлууд хэрэгт авагдсан байдаг бөгөөд энэ зээл авсан үйлдэл маань Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг биш бөгөөд зээлдүүлэгч бидний хооронд хүү, хугацаагаа тохирч, зохих хэмжээнд хүүгээ төлж , буцаан төлөх нөхцөл байдлаа тохиролцож явсан иргэд хоорондын шинжтэй, иргэний эрх зүйн харилцаа бөгөөд иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх асуудал учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах замаар өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалуулах эрх нь түүнд хуулиар олгогдсон байна.

 

Гэтэл шүүгдэгч нь өөрийн эрх ашгийг байгууллага, хамт олны болон нийтийн эрх ашгаас илүүд үзэж төрийн болон байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмыг зөрчин байгууллагын тэмдгийг зориуд нуусан үйлдэл хийсэн байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Ж.Цоос 80.000.000 төгрөг авахдаа банкнаас 600.000.000 төгрөгийн зээл аваад өгөх талаар хэлсэн нь иргэний эрх зүйн харилцаа мэт  боловч уг зээл олгогдсон үеэс хохирогчид мөнгийг бүгдийг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хохирогчийг хүнээс мөнгө авах ёстой, түүнийгээ авахаар өгнө, газар зарахаар өгнө гэх мэтчилэн төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн, итгэлийг эвдэх үйлдлүүдийг хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “хохирогч Ж.Ц-ын нэхэмжлэлээс 96.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг “хохирогч Ж.Ц нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц