Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0226/з |
Дугаар | 221/МА2017/0830 |
Огноо | 2017-11-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2017/0830
“Х х т х э ү с” ТББ-уудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.А, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 688 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х х т х э ү с” ТББ-уудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 688 дугаар шийдвэрээр: Хүүхдийн эрхийн тухай 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1999 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар конвенцийн 7 дугаар зүйлийн 2.а, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасныг тус тус баримтлан “Х х т х э ү с” ТББ-уудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 2, 3 дугаар заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч нараас гаргасан “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны хэргийн анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Дүнжингарав хурдан морины уралдаан нь захиргааны актын үндсэн шинж болох захирамжилсан шинжийг өөртөө агуулаагүй байна. Засгийн газрын зүгээс Дүнжингарав уралдааныг заавал биелэгдэх шинж чанартай, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэхээр зохицуулаагүй байх тул ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж...” холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 63 дугаар тогтоолыг захиргааны акт биш гэж үзсэн. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан ба энэхүү маргаан бүхий акт нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, заавал биелэгдэх шинжтэй буюу уг уралдааныг зохион байгуулах ажлыг аймгийн Засаг дарга, Морин спорт уяачдын холбоонд даалгасан байгаа нь захирамжилсан байх шинжийг агуулж байна гэж үзэж байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШТ2017/0206 дугаар тогтоолын хянавал хэсгийн 2-т “үүгээрээ маргаан бүхий захиргааны акт тухайн өдрөөр нийтэд илэрхий болсон байх тул гомдлын энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж захиргааны акт гэж дүгнэсэн ба мөн 3-т “хурдан морины уралдааны тов тогтоосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний акт биш байна” гэж дүгнэсэн байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргаан бүхий актыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1643 дугаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн, мөн энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж хуульд нийцсэн байна гэж тус тус дүгнэсэн нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бусад тогтоол, захирамжаа зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх шийдвэртээ “Дүнжингарав уралдааныг заавал биелэгдэх шинж чанартай, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэхээр зохицуулаагүй байх тул” гэж дүгнэсэн нь мөн хуульд нийцэхгүй. Эерэг үйлчлэлтэй захиргааны актыг ч захиргааны байгууллага гаргадаг ба энэ төрлийн актад албадлага хэрэглэх үндэслэл байдаггүй, харин тодорхой нэг этгээдэд үүрэг болгодог шинжээрээ бидний маргаж буй 63 дугаар тогтоолын шинжтэй адилхан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд уг 63 дугаар тогтоолыг захиргааны акт гэж дүгнэсэн байхад шүүх эцэслэн шийдвэрлэхдээ захиргааны акт биш гэж байгаа нь нэгэнт тогтоогдсон үйл баримтад дахин дүгнэлт хийсэн үйлдэл тул энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй юм. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно гэж зааснаар уг уралдаан тэмцээнд оролцож байгаа уяачид улсын хэмжээний цол олгодог нь эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа, заавал биелэгдэх шинжтэй байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээрээ 63 дугаар тогтоолыг захиргааны акт гэж үзсэний нотолгоо юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн өөр нэг шаардлагыг дүгнэхдээ маргаан бүхий 63 дугаар тогтоолын нэгдүгээр хэсгийг хууль бус байсныг тогтоосон нь захиргааны акт гэж үзэж хянасан байгаа юм. Иймээс маргаан бүхий 63 дугаар тогтоолтой холбоотой 2 өөр агуулгын зөрөөтэй шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй юм. Хэрвээ захиргааны акт биш гэж үзсэн бол бидний гаргасан “63 дугаар тогтоолыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх ёсгүй байсан юм. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 2-т өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн удаах шаардлага болох “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь захиргааны хэргийн анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж нэхэмжлэгчдийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчдийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй буцаасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1.1 дэх хэсэг нь нэгэнт батлагдсан байгаа захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Иймд батлагдаагүй байгаа, ирээдүйд морь унаач хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж шинээр захиргааны хэм хэмжээний акт гаргахтай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод зааснаар нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалж нэхэмжлэл гаргаж буй этгээдээс ирээдүйд зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалж нэхэмжлэл гаргаж болохоор зөвшөөрсөн байгаа хэдий ч Захиргааны хэргийн аль шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг нарийвчлан заагаагүй тул улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт шинээр гаргахыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засгийн газарт даалгах боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 1 дэхь заалтыг хууль бус байсан болохыг тогтоон, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч “захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Тодруулбал,
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд “Дүнжингарав” уралдааныг захиргааны акт гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл захиргааны акт зөвхөн захиргааны байгууллагаас гарсан байх шаардлагатай бөгөөд “Дүнжингарав” уралдааныг захирамжилсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэх боломжгүй, аливаа уралдаан нь хувийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг /Иргэний хуулийн 197 дугаар зүйл/, уралдааныг зохион байгуулагч болон уралдаанд оролцогчдын хүсэл зоригийн илэрхийллээр хэрэгждэг, харилцан эрх тэгш талууд оролцдог шинжээрээ хувийн эрх зүйн харилцаанд хамаардаг болно.
Иймд захиргааны хэргийн шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолыг захиргааны акт гэж үзээд 1 дэхь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад “63 дугаар тогтоолыг захиргааны акт биш гэж үзсэн болон үүнтэй холбоотойгоор гаргасан давж заалдах гомдол” ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Харин “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх маргаан” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.
Төрийн эрх мэдэл хуваах онолын дагуу зөвхөн хууль тогтоогч /Улсын Их Хурал/ хууль батлан гаргах бөгөөд хуулиар бүхий л харилцааг нарийвчлан тодорхойлох боломжгүй тул хууль тогтоох эрх мэдлийн зарим хэсгийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шилжүүлснээр эрх олгогдсон захиргааны байгууллагаас эрх зүйн хэм хэмжээ батлах боломжтой болдог.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шийдвэрийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллагад хуульчилсан акт буюу захиргааны хэм хэмжээний акт гаргах онцгой эрх рүү нь халдаж, хэм хэмжээний акт гаргахыг даалгах нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго, чиг үүрэгт нийцэхгүй.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүх гаргахаар хуульчилсан бөгөөд “хэм хэмжээний акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах” шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс гаргах боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлд хамаарна.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй тул уг шаардлагатай холбогдуулан давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 688 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Дүнжингарав уралдаан хууль бус болохыг тогтоох” гэсний дараа “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” гэж нэмж, 3 дахь заалтыг хасч, 4, 5 дахь заалтыг 3, 4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН