Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 524

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэрийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, Р.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай “Х*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хүнгүйч-Хэрээ гол” гэдэг газарт 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс ******* дугаартай “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээ олгогдсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай дахь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөхөөс гадна мөн хуулийн 27, 35 дугаар зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг биелүүлсээр ирсэн. 

Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-дахь хэсэгт заасан үндэслэлээр манай компанийн үйл ажиллагаа хязгаарлагдаж ашиглалт явуулах боломжгүй болсон. 

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт орж манай компанийн  ашиглалтын талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүссэн. 

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/1065 дугаартай албан бичгээр манай компанийн ******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-дахь хэсэгт заасан үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цуцалсан болохыг мэдэгдсэн. 

Кадастрын хэлтсийн даргын 977 дугаар шийдвэр нь илтэд хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар цуцалж буй шийдвэрээ тусгай зөвшөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, энэ байдал нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь  хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн, цуцлах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг нь бодит байдалтай нийцээгүй илтэд хууль бус акт болсон гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан талаархи мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу маргаан бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаартай шийдвэрийн “Х*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэжээ.                                      

Хариуцагч Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 101 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хүнгүйч- Хэрээ гол” нэртэй 149 гектар талбайд шинээр  ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг “З*******” ХХК-д анх олгосон. 

Улмаар 2005 оны 236 дугаар шийдвэрээр “Х*******” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Х*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай болон цуцалсан тухай мэдэгдлийг тус компанийн хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба “Х*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг” хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаартай шийдвэр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М 2016 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй. “Х*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хүнгүйч-Хэрээ гол” гэдэг газарт 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс ******* дугаартай “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл” эзэмшдэг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай дахь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөхөөс гадна мөн хуулийн 27, 35 дугаар зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг биелүүлсээр ирсэн. 

Гэтэл 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-дахь хэсэгт заасан үндэслэлээр манай компанийн үйл ажиллагаа хязгаарлагдаж ашиглалт явуулах боломжгүй болсон. 

2015 оны 2 дугаар сарын 18-ний өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт орж манай компаний  ашиглалтын талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүссэн.

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/1065 дугаартай албан бичгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-дахь хэсэгт заасан үндэслэлээр 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цуцалсан болохыг мэдэгдсэн. 

Кадастрын хэлтсийн даргын 977 дугаар шийдвэр нь илтэд хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар цуцалж буй шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, энэ байдал нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь  хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн, цуцлах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг нь бодит байдалтай гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан талаархи мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу маргаан бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой  зөрчиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2016 оны 7 дугаар сарын 18-ний өдөр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Х*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай болон цуцалсан тухай мэдэгдлийг тус компанийн хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба “Х*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг  ” хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаартай шийдвэр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* 2016 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас баталсан  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-дахь хэсэгт заасан үндэслэлээр манай компаний үйл ажиллагаа хязгаарлагдаж ашиглалт явуулах боломжгүй болсон олон компани бий. Засгийн газраас нэг ч компанид нөхөн олговор олгоогүй. 

“Х*******” ХХК-г судалж үзэхэд нөхөн олговор авах материалаа бүрдүүлж өгчихөөд л байж байсан байгаа юм. 2015.2.18-ний өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт орж ашиглалтын талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүссэн тул “Х*******” ХХК-тай ижил нөхцөлтэй компаниудыг манайх мэргэжлийн хяналтын байгууллагатай хамт газар дээр нь очиж хэмжилт хийж, тусгай зөвшөөрлийг нь сэргээж байсан. 

“Х*******” ХХК-ны хувьд ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь хэрэгсэхгүй болгосон байсан тул манайх ажиллагаа хийх боломжгүй байдал үүссэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Х*******” ХХК нь Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2004 оны 7 дугаар сарын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Хүнгүйч-Хэрээ гол” гэдэг газарт орших 150 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын  тусгай зөвшөөрлийг авч 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаартай “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн  гэрчилгээ авсан байна. 

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаж, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийг заагийг хэсэгчлэн тогтоосон байх бөгөөд уг хилийн зааг дотор “Х*******” ХХК-ний ******* ******* дугаартай тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбай нь бүхэлдээ хамрагдсан болох нь уг тогтоол болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.  

“Ашигт малтмалын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь заалтад “тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг" хэлнэ, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж тус тус заасан үүргийг нэхэмжлэгч хэрхэн биелүүлснийг хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх үүргээ хангалттай биелүүлж байсан байх ба хамгийн сүүлд 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрөө төлжээ. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам, Сангийн яамны дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичиг зэргийг баримтлан “Х*******” ХХК нь “нөхөн олговор авах хүсэлтээ нөхөн олговрын журмын дагуу өгч нөхөн олговор авах компанийн жагсаалтад бүртгэгдсэн байна. 

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт орж “Х*******” ХХК-ийн ашиглалтын талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж хэвийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газарт хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Ашигт малтмалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад” хандаж гаргаж байсан хүсэлтүүдээр нотлогдож байна. 

Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 977 дугаар шийдвэрээр “Х*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан болохыг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч тал мэдсэн гэдгийг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална, 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу нэхэмжлэгчид түүний эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл өгөх захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хариуцагч нарын “шүүхэд энэ маргаан гарсанаас хойш “Х*******” ХХК-д тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талаар мэдэгдсэн эсэхийг судалж үзэхэд албан бичиг төлөвлөж байсан болохоос явуулаагүй байсныг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгээр нотолно. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт "...56 дугаар зүйлийн 56.2..."-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж тайлбарласан байхад мэдэгдэх үүргээ зөрчиж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг "Х*******" ХХК-д гардуулж өгөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэл” нь нэг талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгох бөгөөд нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг холбогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулжээ.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, “төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2010 оны 977 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.2, 56.2, 56.7, 56.8-д заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргаснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаартай шийдвэрийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ