Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2017/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             03                                         2022/ДШМ/39

 

 

..........д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

            Прокурор П.Даваасүрэн,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/497 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч ..........д холбогдох 21340003940105 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

 

Шүүгдэгч .......... нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Багахангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг “Атар-13” гэх газар асфальтан зам дээр ..........улсын дугаартай Хондо фит маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй үед жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, өөрийн машинд зорчиж явсан ..........ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн 21340003940105 дугаартай, 1 хавтас хэргийг прокурорт буцааж,

 

Хэрэг Прокурорын газар очтол шүүгдэгч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ “Хавтас хэргийн 12-р хуудсанд хохирогч ..........ын өгсөн "2021 оны  11 дүгээр сарын 01-ний өдөр би хамт ажилладаг .......... гэх хүнтэй хамт нэг шил архи хувааж уучхаад ..........гийн ..........УБЗ улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгсэлтэй .......... барьж Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед жолооч .......... согтуу нэлээн хурдтай яваад байсан." гэх мэдүүлгээр шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь тогтоогдож байхад улсын яллагч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: ... Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч ..........д холбогдох 21340003940105 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд... зүйлчлэлийг зөвтгүүлэхээр шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Мансууруулах   эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг   шалгахдаа стандартын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглана. Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэжээ.

 

Түүнчлэн хэрэгт гэрч М.Мэнд-Амар мэдүүлэхдээ:...Төв аймгийн Багахангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 01-нд болсон зам тээврийн осолд дуудлагаар намайг очиход жолооч болон зорчигч нар эмнэлгийн тусламж авахаар Улаанбаатар хот явсан байсан... согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь мэдээгүй, шалгаагүй талаар /хавтаст хэргийн 25-рт/ мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч .......... согтуу тээврийн хэрэгсэл жолоодож явсан эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг болсон цаг хугацаанд тогтоогоогүй нөхөн гүйцэтгэх боломжгүй шүүхийн захирамжинд заасан ажиллагааг биелүүлэх боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч .......... нь гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүхийн шийдвэрт хохирогчийг гомдол гаргах эрхийг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/497 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дан ганц хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Шүүгчийн захирамж хуульд заасан үндэслэлээр гараагүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..........д холбогдох 21340003940105 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор П.Даваасүрэнгийн гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

 

Шүүгдэгч .......... нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Багахангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг Атар-13 гэх газар асфальтан зам дээр ..........улсын дугаартай Хондо фит маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан "харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн машинд зорчиж явсан ..........ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх 21340003940105 дугаартай эрүүгийн гэмт хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж шийдвэрлэхээр заасан.

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ хохирогч .......... нь зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Тухайлбал 2021оны 11 дүгээр сарын 18-ны өдөр .......... хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: 2021оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би хамт ажилладаг .......... гэх хүнтэй хамт нэг шил архи хувааж уучихаад ..........гийн ..........УБЗ улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгсэлтэй .......... жолоо барьж Улаанбаатар хот руу явсан юм. Лүн сумаас гараад “Атар-13”-ын тэнд явж байгаад урд талын машинаа гүйцэж түрүүлэхэд урдаас том машин гарч ирсэн. Тэгэхэд жолооч шууд замын хашлага руу дараад замын хашлага мөргөөд чигээрээ замаас гараад онхолдсон. Жолооч .......... надтай нэг шил архи хувааж уусан. Нэг их согтоогүй байсан байх” /хх-н 12/, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дахин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Миний бодож байгаагаар жолооч .......... тухай осол болох үед машиныг 100 км хурдаас дээш хурдтай жолоодож яваад байсан. Би жолооч ..........ийг хурдаа хас гэж хэлж байсан юм. Хурд хэтрүүлснээс болж осол болсон гэж бодож байна. Осол болохын өмнө жолооч .......... архи, согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан” /хх-н 15-16/ гэж шүүгдэгч ..........ийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлжээ.

 

Анхан шатны шүүх хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч ..........ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт мөрдөгч нь хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар заасан. Шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэрэгт түүний согтуурлыг шалгах мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Хэрэгт шүүгдэгч ..........ээс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан, тогтоосон эсэх нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч ..........ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийж прокурорыг яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн шүүгдэгч ..........д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөн “шүүхийн шийдвэрт хохирогчийг гомдол гаргах эрхийг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаасан тул шүүгдэгч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/497 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон, шүүгдэгч .......... холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор П.Даваасүрэнгийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ