Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             03                                         2022/ДШМ/41

 

 

 

.........., .......... нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ

            Шүүгдэгч .........., ..........

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 316 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч .........., .......... нарт холбогдох эрүүгийн 2134002320345 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

.........., .......... нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэн Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ..........ын эзэмшлийн 168 толгой алдуул малаас 10 тооны ишигтэй ямаа /нийт 20 толгой/ малыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас .........., .......... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т “...гэмт хэргийг хэн үйлдсэн...”, мөн зүйлийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр...”, мөн зүйлийн 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...”, мөн зүйлийн 1.6-д “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” гэж заасан ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар нарийвчлан шалгах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч .......... “...манай мал орой хотлуулчхаад унтаад өглөө босоход гэрийнхээ ойр орчмоор бэлчээд байж байдаг. Тухайн өдрийн орой малаа хотлуулчхаад унтаж байхад шөнө 24 цагийн үед нохой хуцаад байсан. Тэгэхээр нь гарч малаа эргэж тойроход манай мал байхгүй байсан. Гэрийнхээ ойр орчмоор 500 метр орчим газар мотоциклийн гэрэл тусгаж харахад гэрийн ойр орчмоор манай мал байхгүй байсан. Ер нь манай мал гэрийнхээ ойр, орчмоос нэг их холдоод байдаггүй, тэгээд ч тухайн шөнө тэнгэр муухайрч, хур тунадас орж шуурсан нөхцөл байдал байгаагүй, бага зэрэг салхитай ердийн шөнө байсан. Ийм шөнө манай мал ор сураггүй алга болно гэж байхгүй...” гэсэн мэдүүлгийг өгсөн.

 

Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд тогтмол байнга бэлчээрлэдэг бэлчээрээс тухайн газар нутаг бэлчээртээ дасан зохицсон мал нэг шөнийн дотор бэлчээрлэдэггүй 20-30 километр газар руу бэлчээр сэлгэж яваад байгаа талаар ерөөсөө шалгаагүй орхигдуулсан байна хэмээн дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот эсэргүүцэлдээ: Шүүгдэгч .........., .......... нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэн Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ..........ын эзэмшлийн 168 толгой алдуул малаас 10 тооны ишигтэй ямаа /нийт 20 толгой/ малыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч .........., .......... нар нь прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авч, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийн зүйлчлэл, тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулан шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар нарийвчлан шалгах шаардлагатай, хохирогч ..........ын мэдүүлгээс дүгнэхэд тогтмол байнга бэлчээрлэдэг бэлчээрээс тухайн газар нутаг, бэлчээртээ дасан зохицсон мал нэг шөнийн дотор бэлчээрлэдэггүй 20-30 километр газар нутаг бэлчээр сэлгэж яваад байгаа талаар ерөөсөө шалгаагүй орхигдуулсан тул мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр нь буцаах нь зүйтэй гэж дүгнэн прокурорт буцаажээ.

 

Дээрх прокурорт буцаасан шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шиидвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэхээр байна.

 

Учир нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад дахин эдгээр асуудлыг шалгах гэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэснийг зөрчиж хохирогчийн мэдүүлэгт дүгнэлт хийн “...тогтмол байнга бэлчээрлэдэг бэлчээрээс тухайн газар нутаг, бэлчээртээ дасан зохицсон мал нэг шөнийн дотор бэлчээрлэдэггүй 20-30 километр газар нутаг бэлчээр сэлгэж яваад байгаа талаар ерөөсөө шалгаагүй орхигдуулсан...” гэж хийсвэр дүгнэлт хийснийг хүлээн авах боломжгүй бөгөөд уг дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6-д заасан нөхцөл байдлыг хянаж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан байхад шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэн шалгуулахаар прокурорт буцаасан нь тэдний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

Мөн шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй, гэм буруугийн талаар маргаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6-д заасан заалтын аль нэгэн заалт хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй байна.

 

Шүүгчийн захирамжид “хохирогч”-ийг гомдол гаргах эрхээр хангаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж хэт ерөнхий, ойлгомжгүй, цаашид юуг хэрхэн нарийвчлан шалгах талаар тодорхой заагаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын алдуул мал завшсан гэдэг нь тогтоогдсон байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч .........., .......... нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, хохирогч малаа хулгайд алдсан гэдгээ нотолж чадаагүй байхад хэргийг “Мал хулгайлах” гэмт хэргээр шалга гэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хохирогч .......... мөрдөн байцаалтын шатанд “...2021 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө малаа алдсан..., ...манай хонь ямаанууд бүгд ижилхэн хоёр чих хоёулаа урдаасаа ухам имтэй, хондлой дээгүүрээ цэнхэр өнгийн будагтай, ямаанууд нь буруу талынх нь эвэр цэнхэр өнгийн будагтай байсан...” гэх,

 

.......... нь “...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Х.Уламбаярт зарсан арван ишигтэй ямаанаас өөр нэг ч хонь, нэг ч ямаа зараагүй, манайх гэртээ ч идэх хонь, ямаа хийгээгүй...” гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн байдаг.

 

Гэтэл шүүгдэгч .......... нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хонь 120кг, ямаа 90кг буюу “хоёр чих ац имтэй” 6 хонь, 6 ямааг Улаанбаатар хот “Хүчит шонхор” захад худалдан борлуулах Meg782215 дугаар бүхий “Мал эмнэлгийн гэрчилгээ” авсан /хх-ийн 85-р тал/ байх ба шүүгдэгч .......... нь 2021 оны 8 дугаар сарын 10-дийн үеэр Улаанбаатар хот руу хонины мах зарж борлуулахаар явна, ажилдаа очиж амжихгүй гээд өөрийн ажилладаг дэлгүүрийн эзэнд хонины гулууз мах өгч хагас мөнгийг нь бэлнээр аваад үлдэх 100.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар 17-ны өдөр 5748038198 тоот данснаас өөрийн 5748105032 дансаар “mahnii mungu” гэх утгаар шилжүүлэн авсан талаар гэрч Б.Норжинсүрэн мэдүүлжээ.  

 

Дээрх мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч .........., .......... нар нь хэдийд Улаанбаатар хот руу юугаар явж хэний хэдэн тооны малыг зарж борлуулсан, тэдний өөрсдийн мал нь ямар имтэй болох, дээрх Мал эмнэлгийн гэрчилгээнд тусгагдсан малын им нь ..........ын болон хохирогч ..........ын малын имтэй таарч байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тодруулалгүй орхигдуулсан нь буруу байна.

Мөн шүүгдэгч нар хохирогчийн 10 тооны ишигтэй ямааг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бусдад худалдан борлуулсан байхад прокурор яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх болон тогтоох хэсэгт .........., .......... нарыг 2021 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ..........ын 10 тооны ишигтэй ямааг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдаг, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэх хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх бөгөөд энэ талаар дурдан, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” буюу мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-т “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх...” гэх заалтыг шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй нь прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй тохирсон эсэхийг нарийвчлан шалга гэсэн буюу өөрөөр хэлбэл шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх /императив/ зарчим буюу хэм хэмжээ бөгөөд хэрэв шүүхээс хэргийн бүрдэл хангагдаагүй байна гэж үзвэл хэргийг ердийн журмаар шийдвэрлэх эрх олгосон буюу /диспозитив/ зарчмыг хэрэглэхийг мөн зүйлийн 2 дахь хэсгээр шүүхэд олгосон заалт учир анхан шатны шүүхээс хуулийг зөрчин хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамждаа хохирогчийн гомдол гаргах эрхийг дурдалгүй орхигдуулсан техникийн шинжтэй алдаа гаргасан, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн тухайн хэсэг үндэслэл бүхий байх хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй болно.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 316 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

 

М.МӨНХДАВАА