Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04186

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04186

Улаанбаатар хот

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг* тоотод оршин суух, * настай, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо *

Нийгмийн даатгал, * шимтгэл төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговорт 12,862,146 төгрөг гаргуулах, хуучин эрхэлж байсан үйл ажиллагааны хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжоо эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч*, хариуцагчийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч* нь хариуцагч Баянгол дүүргийн * төвд холбогдох 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 2024 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 12,862,146 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон * шимтгэл төлүүлж, хуучин эрхэлж байсан үйл ажиллагааны хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжоо эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халагдаж шүүхэд хандсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Баянгол дүүргийн * төвийн статистик эмчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, энэ хугацааны ажилгүй байсан цалин 4,941,444 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан. Баянгол дүүргийн * төвийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар Статистикийн эмчээр эргүүлэн ажиллуулах тушаал гарсан боловч миний хуучин ажиллаж байсан ажлын байр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулаагүй. Миний ажлын байранд өөр хүнийг томилж авсан байсан. Өмнө нь хийж байсан үйл ажиллагааны хүрээнд дүйцэхгүй, өөр чиг үүргийн албан тушаалд томилж өмнө байрлаж байсан объектоос өөр объектод суулгаж ажиллуулан өөр орон тооны ажил тулгасан. Би өмнө ажиллаж байхдаа гүйцэтгэж байсан үйл ажиллагааны дагуу ажиллана гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Би өөрийн чиг үүргийн ажлаа хиймээр байгаа талаар удирдлагад байнга хандаж, Нийслэлийн * газарт хүсэлт гарган шалгуулсан ч үр дүнд хүрээгүй. Гэтэл намайг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халах тушаал гарч би халагдсан. Ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж одоо шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянагдаж байгаа. Иймд 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 2024 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацааны цалинд 12,862,146 төгрөг нэхэмжилж энэ хугацааны нийгмийн болон * даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийлгэнэ. Мөн хуучин эрхэлж байсан үйл ажиллагааны хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжоо эргүүлэн тогтоолгоно гэв.

2. Хариуцагч Баянгол дүүргийн * төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, Давж заалдах шатны магадлалын дагуу*ыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн * төвийн статистик эмчээр эргүүлэн ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нь олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хуучин ажиллаж байсан чиг үүргийн ажилд томилоогүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй маргаанд хамаарах эсэх, ажил олгогч ажилтан хоорондын харилцаа болон хамаарах ажлын байрны тодорхойлолтыг шүүх нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн тодорхойлж батлах боломжтой эсэхийг шүүх анхаарах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ёстой ажил үүргийг шүүхээс тогтоож, тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр биелэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүгийн * төвийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар **ыг ажилд эгүүлэн авах тухай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн карт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар * Шийдвэр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал,

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн * газраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №01/914 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай Баянгол дүүргийн * төвд хүргүүлсэн албан бичгийг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 2024 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон * шимтгэл төлүүлэх шаардлагыг хангаж, олговорт 3,860 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх олговорт нэхэмжилсэн 9,001,671 төгрөг, хуучин эрхэлж байсан үйл ажиллагааны хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжоо эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч* анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлнэ. Ажилд эргүүлэн томилохдоо миний эрхэлж байсан чиг үүргээс өөр албан тушаалд томилсон тул хуучин эрхэлж байсан үйл ажиллагааны хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжоо эргүүлэн тогтоолгоно гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар шүүхийн шийдвэрийг биелүүлж 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс ажилд эргүүлэн томилсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан чиг үүргийн ажилд томилоогүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрлэх шаардлага биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч*ыг тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар * шийдвэрээр Баянгол дүүргийн * төвийн статистик эмчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,941,444 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

*ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар танилцуулан сонсгомогц хүчинтэй болсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

4.3. Хариуцагч Баянгол дүүргийн * төв*ыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар статистик эмчийн ажилд эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 2024 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугцааны олговор, * болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

* дээрх хугацааны олговорт 12,862,146 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар * шийдвэрээр түүний нэг өдрийн цалин 51.473 төгрөг болохыг тогтоож шийдвэрлэсэн тул нэг өдрийн цалинг 51,473 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны 75 хоногийн цалин /51.473х75=3,860,475/ 3,860,475 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн * төвөөс гаргуулж нэхэмжлэгч*д олгож, нэхэмжлэлийн үлдэх 9,001,671 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 2024 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг тооцон нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэлийн хуучин эрхэлж байсан үйл ажиллагааны хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжоо эргүүлэн тогтоолгох шаардлагыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

6. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээнд төлбөр гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн * төвөөс 3,860,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*д олгож, нэхэмжлэлийн үлдэх 9,001,671 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Баянгол дүүргийн * төвд холбогдох хуучин эрхэлж байсан үйл ажиллагааны хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжоо эргүүлэн тогтоолгох нэхэмжлэгч*ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч*ын 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 2024 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн * төвд үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 220,745 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч*д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн * төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 76.718 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА