Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2024/00537

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр баг, Х гудамжны 4307 тоотод оршин суух, утас ****, Ш  овогт Хийн Б;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын***-р багт оршин суудаг, Ж ХХК-нй захирал ажилтай Д овогт Аийн Б;

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А.Бд холбогдуулан Худалдсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2022 оны 9 дүгээр сард хариуцагч А.Бгээс Тоёото хайлукс загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг А.Бгийн Х банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн өгсөн юм.

1.2.Гэтэл худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл болох 6,300,000 төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч А.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар худалдсан тээврийн хэрэгслийг өөрөө буцааж авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар Эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай маргаан бүрэн шийдвэрлэгдсэн байгаа юм.

1.3.Гэвч А.Б нь худалдсан тээврийн хэрэгслийг шүүхийн журмаар буцааж авсан мөөртлөө миний 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн урьдчилгаанд авсан 4,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 3,550,000 төгрөгийг элдэв шалтаг, шалтгаан тооцож өгөхгүй байна.

1.4.Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Х.Б надад 3,550,000 төгрөгийн өглөгтэй болох нь хариуцагч А.Бгийн бичиж өгсөн 4,000,000 төгрөг төлж өгөхийг илэрхийлсэн баримт, тээврийн хэрэгсэл хүлээж авсан баримт, банкны депозит дансны хуулгаар болон шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтаар батлагдаж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дугаар зүйлийн 249.1-д зааснаар А.Бгээс худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х.Бгээс 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Учир нь, миний бие Өлгий сумын 4 дүгээр багт Ж үйлчилгээний төвийг ажиллуулдаг бөгөөд тээврийн хэрэгслийн худалдаа наймаа эрхэлдэг. Х.Б нь нөхөр болох Х.Т хамт А.Бгээс ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр худалдан авсан ба 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 6 сая төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хувааж төлж өгөхөөр болж харилцан тохиролцсон. Х.Б, Х.Т нар тээврийн хэрэгслээ надаас 2022 оны 12 дугаар сарын эхээр худалдан авчхаад үлдэгдэл төлбөрөө төлөх чадваргүй юм байна гэхээр нь бие өөрийнхөө тээврийн хэрэгслээ буцааж авч, надад өгсөн 4 сая төгрөгийг буцаан төлсөн гэсэн баримтыг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичиж өгсөн байсан. Тэгээд хоёр хоногийн дараа Х.Б, Х.Т нар миний гэрт ирж, надаас гуйж би үлдэгдэл төлбөрөө баталгаатай өгнө, банкны зээлийг хаахад 300,000 төгрөг хэрэгтэй байна гэж 300,000 төгрөг нэмж зээлж аваад машинаа авч явсан.

2.2.Нэхэмжлэгч Х.Б нь бодит байдлаа бичихгүйгээр шүүхийг төөрөгдүүлээд, намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Шүүхэд Х.Б нь тээврийн хэрэгсэл эвдэрсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж тайлбар ирүүлсэн. Тэгээд шүүх хурал болохоос өмнө Х.Бөлбөпе нь миний өмгөөлөгчид удаа дараа хүсэлт гаргаж эвлэрлийн гэрээ байгуулсан ба шүүхээс бидний эвлэрлийг баталгаажуулсан. Тодруулбал, Х.Б нь ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон бичиг баримтуудыг 2023 оны 9 дүгэр сарын дотор буцааж өгөхөөр болж тохиролцож, А.Б нь Х.Бгээс нэхэмжилж буй 6,300,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж харилцан тохиролцсон. Учир нь, Х.Б нь уг ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн кроп болон бөгсийг эвдэж Цэнгэл суманд орхисон байна.

2.3.Нэхэмжлэгч Х.Бгээс уг тээврийн хэрэгслийг дахиж янзалж чадахгүй, дээрээс нь чамд өгөх үлдэгдэл төлбөрийг мөн төлж чадахгүй боллоо гэж эвдэрсэн машиныг надад буцааж өгч, би түүнийг засварлаж авахаар болсон. Гэтэл Х.Б нь уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж албадан гүйцэтгэх журмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж Х.Бгээс уг тээврийн хэрэгслийг том оврын ачааны тээврийн хэрэгслээр ачиж манай засварын төвд аваачиж өгсөн. Би Х.Бгээс авчиж өгсөн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлахад ажлын хөлсөнд 500,000 төгрөг төлж, кропыг 2 сая төгрөгөөр, бөгсийг нь 1 сая төгрөгөөр тус тус янзлуулсан.

2.4.Иймд энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэсэн байхад дахин тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд дахин хандах эрхгүй юм. Би нэг асуудлаар дахин дахин өмгөөлөгч авч, мөн цаг хугацаагаар хохирч байна. Иймд Х.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичсэн Б.Бгийн гарын баримт, мөн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бичсэн Б.Бгийн гарын баримт, Х банкны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, З.Бгийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас тус шүүхийн 130/ШШ2023/00735 дугаартай хэргээс хуулбарлан өгсөн Х.Т, Х.Б нарын бичсэн Баримт, тус шүүхэд Х.Бгийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан тайлбар, тус шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Х.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Х банкны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

5.Нэхэмжлэгч Х.Бгийн хариуцагч А.Бгээс худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч Х.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2022 оны 9 дүгээр сард хариуцагч А.Бгээс Тоёото хайлукс загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг А.Бгийн Х банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн өгсөн юм. Гэтэл худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл болох 6,300,000 төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч А.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар худалдсан тээврийн хэрэгслийг өөрөө буцааж авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар Эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай маргаан бүрэн шийдвэрлэгдсэн байгаа юм. Гэвч А.Б нь худалдсан тээврийн хэрэгслийг шүүхийн журмаар буцааж авсан мөөртлөө миний 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн урьдчилгаанд төлсөн 4,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 3,550,000 төгрөгийг элдэв шалтаг, шалтгаан тооцож өгөхгүй байна. Иймд худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг хариуцагч А.Бгээс буцаан гаргуулахыг хүссэн байна.

7.Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х.Бгээс 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Учир нь, Х.Б нь нөхөр болох Х.Т хамт А.Бгээс ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр худалдан авсан ба 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 6 сая төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хувааж төлж өгөхөөр болж харилцан тохиролцсон. Х.Б, Х.Т нар тээврийн хэрэгслээ надаас 2022 оны 12 дугаар сарын эхээр худалдан авчхаад үлдэгдэл төлбөрөө төлөх чадваргүй юм байна гэхээр нь бие өөрийнхөө тээврийн хэрэгслээ буцааж авч, надад өгсөн 4 сая төгрөгийг буцаан төлсөн гэсэн баримтыг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичиж өгсөн байсан. Улмаар Х.Б нь ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон бичиг баримтуудыг 2023 оны 9 дүгээр сарын дотор буцааж өгөхөөр болж тохиролцож, А.Б нь Х.Бгээс нэхэмжилж буй 6,300,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж харилцан тохиролцсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Миний бие Х.Бгээс буцааж авсан ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлахад ажлын хөлсөнд 500,000 төгрөг төлж, кропыг 2 сая төгрөгөөр, бөгсийг нь 1 сая төгрөгөөр тус тус янзлуулсан. Иймд энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэсэн байхад дахин тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул Х.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А.Бгээс 2022 оны 9 дүгээр сард хариуцагч А.Бгээс Тоёото хайлукс загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг А.Бгийн Х банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн өгсөн байна.

Худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл болох 6,300,000 төлөгдөөгүй байхад А.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар худалдсан тээврийн хэрэгслийг өөрөө буцааж авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар Эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж байна.

8.2.Нэхэмжлэгч Х.Б нь Х банк дахь эзэмшлийн ***** тоот харилцах данснаас 2022 оны 09 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот 4,000,000 төгрөгийг ****** машины үнэ гэж шилжүүлсэн болох нь Х банкны 2022 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар нотлогдож байна.

8.3.Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичсэн Б.Бгийн гарын баримтад: Миний бие 2022 оны 12 дугар сарын 17-ны өдөр Нilux машинаа бүрэн хүлээж авлаа. Машины мөнгө олох 4 сая төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцов гэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар Эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид нэхэмжлэгч Х.Бгийн урьдчилгаанд төлсөн 4,000,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгагдаагүй байна.

8.4.Мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамж гарсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бичсэн Б.Бгийн гарын баримтад: Миний бие А.Б 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нilux машинаа бүрэн бүтэн хүлээж авлаа гэсэн байна.

Үүгээр хариуцагч А.Бгийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Бгээс хүлээн авахад эвдэрсэн байсан, тээврийн хэрэгслийг засварлахад ажлын хөлсөнд 500,000 төгрөг төлж, кропыг 2 сая төгрөгөөр, бөгсийг нь 1 сая төгрөгөөр тус тус янзлуулсан гэсэн нь үгүйсгэгдэж байна.

8.5.Хариуцагчаас гаргаж өгсөн А.Бгийн Х банк дахь эзэмшлийн ******* тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн jorga хуулгын агуулга гэж 250,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулганы агуулга jorga гэж 300,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулганы агуулга jorga ajlin hols гэж 200,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуулганы агуулга jorga selbeg гэж 1,850,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулганы агуулга jorga selbeg гэж 491,000 төгрөг гэж тус тус шилжүүлсэн мөнгийг маргаан бүхий Тоёото хайлукс загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг завсарлахад зарцуулсан гэснийг шууд тогтоож чадахгүй ба холбогдох хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

8.6.Хариуцагч талаас бүрлүүлж өгсөн тус шүүхийн 130/ШШ2023/00735 дугаартай хэргээс хуулбарлан өгсөн Х.Т, Х.Б нарын бичсэн Баримт, тус шүүхэд Х.Бгийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан тайлбар, тус шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Х.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул түүнийг дахин нотлохгүй болно.

9.Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Х.Б нь 2022 оны 9 дүгээр сард хариуцагч А.Бгээс Тоёото хайлукс загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг А.Б Х банк дансаар шилжүүлэн өгч, үлдэгдэл мөнгийг дараа хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байгаа тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч (худалдагч) А.Б нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч (худалдан авагч) Х.Б нь худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар Эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Х.Б нь ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон бичиг баримтуудыг 2023 оны 09 дүгээр сарын дотор нэхэмжлэгч А.Бд буцааж өгөхөөр болж, А.Б нь хариуцагч Х.Бгээс нэхэмжилж буй 6,300,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Үүгээр талууд худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан болох нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205-1-д зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй болно.

10.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бгээс тээврийн хэрэгслийн урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71750 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 71750 (далан нэгэн мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч А.Бгээс тээврийн хэрэгслийн урьдчилгаанд төлсөн 3,550,000 (гурван сая таван зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71750 (далан нэгэн мянга долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Бгээс 71750 (далан нэгэн мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК