| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00824/И |
| Дугаар | 155/ШШ2024/00865 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00865
| 2024 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00865 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын 6 дугаар багт оршин суух, Гүмбэн Ж.С ,
Хариуцагч: Х аймгийн М сумын * дугаар баг, Х аймгийн Засаг даргын тамгын газрын байр 202 тоотод байрлах, Х аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах 155/2024/00824/и дугаар индекстэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нь тус шүүхэд тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие тус аймгийн Т сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны орон нутгийн сонгуулиар иргэдийн итгэлийг авч төлөөлөгчөөр сонгогдсон.
Шинээр сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдааныг зохион байгуулж уг хурлаас иргэдийн төлөөлөгчдын хурлын даргаар намайг сонгосон юм.
Х аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын сонгуульт үүргийг миний бие нэр төртэй биелүүлж шинээр сонгогдсон дараагийн хурлын дарга сонгогдсоноор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр уг үүрэг дуусгавар болсон.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар засаг захиргаа, нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт зэрэг харилцааг зохицуулахаар тусгаснаас гадна түүнд нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа нь уг хуулийн 78.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан билээ.
Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болсон өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл уг тэтгэмжийг авах хүсэлтийг удаа дараа аймгийн Засаг даргад хандаж гаргасан боловч хариу өгөөгүй бөгөөд ... танд өгөөгүй юмуу... гээд аймгийн Засаг даргын тамгын газраар дамжуулан 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн баримтыг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр надад ирүүлжээ.
Иймд Х аймгийн Засаг даргаас тэтгэмж болох нэг сарын үндсэн цалин 1,175,000 төгрөг, 6 сарын 7,050,000 төгрөгийг гаргуулж Ж.С надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч талаас тухайн мөнгийг гаргуулахаар шаардаж байгаа асуудал биш. Харин хуульд заасан шаардах эрхийнхээ хүрээнд тухайн мөнгийг нэхэмжилж байгаа. 2016 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь сонгуульд оролцож Х аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоны улмаас Иргэдийн Хурлын даргаар сонгогдсон. Ингээд тухайн ажлыг 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаад дараагийн сонгуулиар сонгогдсон Иргэдийн Хурлын Төлөөлөгчид өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга болон Иргэдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүнд түүний 1 сарын цалинтай тэнцэх төгрөгийг 6 сарын хугацаанд тооцож олгох талаар заасан. Энэ нь хуульд заасан нийгмийн баталгаа юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд зааснаар шаардаж байгаа учир ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Бид нар хуулийг хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой. Тухайн үед нэхэмжлэгч уг тэтгэмжийг авах гэсэн боловч та өөр ажилд ажиллаж байгаа учир тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй байна гээд аргацаагаад яваад байсан байдаг. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албанд орчихсон байсан бол уг тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй байж болох боловч нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг эрхлээд явж байсан. Энэ албан тушаал нь сонгуулийн үр дүнд бий болдог учир гаргасан тайлбарт нийцэхгүй байсан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн тухайн үед авч байсан цалингийн хэмжээ буюу 1,032,656 төгрөг ба энэ мөнгийг 6 сараар тооцож 6,300,000 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэж байр сууриа илэрхийлсэн.
Хариуцагч Х аймгийн Засаг дарга П.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, гэж заасны дагуу гомдолд дурдсан асуудлыг судалж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажлыг зохион байгуулсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1 дэх хэсэгт ...Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно... гэж заасан ба тухайн үед уг зардлыг шийдвэрлэхэд дээд шатны төсөв захирагчаас тодорхой судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн, мөн улсын төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан эргээд ажилтай болсон тохиолдолд тэтгэмжийг олгохгүй байхаар тооцож төсөв хянаж ирүүлсэн. Тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сарын 1,052,207 төгрөгийн цалинтай байсан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Тухайн үед Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын цалингийн хэмжээг тогтоосон байдаг. Гэхдээ тогтоол нь 2022 онд хүчингүй болсон. Уг тогтоолоор цалингийн хэмжээг 1,052,207 төгрөгөөр тогтоосон байдаг ба уг мөнгийг 6 сараар тооцоод үзэхэд нийт 6,313,242 төгрөг болж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч нь тэтгэмж авах тухай хүсэлтээ гаргаж байсан боловч Сангийн яамнаас улс төрийн албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн бол тухайн тэтгэмжийн мөнгийг олгохгүй гэх албан яриа гарсан байдаг. Гэхдээ энэ нь яг албан бичгээр ирээгүй. Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засан даргын Тамгын газрын даргын орлогчоор ажилладаг болчихсон учир уг тэтгэмжийн мөнгийг олгоогүй байдаг юм билээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр биш 6,313,242 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс Гүмбэн Ж.С ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/1199 дүгээр албан бичгийн хуулбар, Х аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолын хуулбар, Х аймгийн Т сумын Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолын хуулбарт тус тус Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Х аймгийн Засаг дарга П.Л танаа... гэсэн бичилт бүхий 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болон, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн өргөдлүүдийн хуулбар, тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2531 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Бүртгэлийн дугаар 0551 дүгээр итгэмжлэл зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-10, 30 дугаар хуудас)
Хариуцагчаас хариу тайлбар, Х аймгийн Засаг даргаас 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон 1/1325 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 14, 24 дүгээр хуудас)
Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүхээс нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Х аймгийн Засаг даргад холбогдуулан тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна.
Үүнд: Нэхэмжлэгч нь 2016 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож Х аймгийн Т сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоны улмаас Иргэдийн Хурлын даргаар сонгогдсон. Ингээд тухайн ажлыг 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаад дараагийн сонгуулиар сонгогдсон Т сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга болон Иргэдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүнд түүний 1 сарын цалинтай тэнцэх төгрөгийг 6 сарын хугацаанд тооцож олгох талаар заасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар засаг захиргаа, нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт зэрэг харилцааг зохицуулахаар тусгаснаас гадна түүнд нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа нь уг хуулийн 78.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан.
Тэтгэмжийг авах талаар Х аймгийн Засаг даргад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргасан боловч одоог болтол олгоогүй гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Уг зардлыг шийдвэрлэхэд дээд шатны төсөв захирагчаас тодорхой судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн улсын төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан эргээд ажилтай болсон тохиолдолд тэтгэмжийг олгохгүй байхаар тооцож төсөв хянаж ирүүлсэн гэж тайлбар ирүүлэн маргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын цалингийн хэмжээг тогтоосон байдаг ба уг тогтоол 2022 онд хүчингүй болсон. Дээрх тогтоолоор цалингийн хэмжээг 1,052,207 төгрөгөөр тогтоосон байдаг ба уг мөнгийг 6 сараар тооцоод үзэхэд нийт 6,313,242 төгрөг болж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч нь тэтгэмж авах тухай хүсэлтээ гаргаж байсан боловч Сангийн яамнаас улс төрийн албан тушаалтан чөлөөлөгдсөн бол тухайн тэтгэмжийн мөнгийг олгохгүй гэх албан яриа гарсан байдаг боловч бичгээр албажиж ирээгүй. Нэхэмжлэгч нь Х аймгийн Т сумын Засан даргын Тамгын газрын даргын орлогчоор ажилладаг болчихсон учир уг тэтгэмжийн мөнгийг олгоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр биш 6,313,242 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоол, Х аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолын хуулбарт тус тус Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэл зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ж.С нь Х аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож, тухайн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас) Уг ажлаас чөлөөлөгдсөн боловч үргэлжлүүлэн Х аймгийн Т сумын Засаг даргын орлогчоор үргэлжлүүлэн ажиллажээ.
Хариуцагч Х аймгийн Засаг дарга, түүний төлөөлөгч нь дээрх үйл баримттай маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оноос 2020 оны хооронд сонгуульт ажил буюу Х аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сард сонгуулийн үр дүнд тухайн ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 60.1.5 дахь хэсгүүдэд зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, ...төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, ...аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх гэж,
Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус хуульчилсан тул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж авах эрх нь дээрх хуулийн дагуу үүсэж байх тул нэхэмжлэгч Ж.С нь тэтгэмж гаргуулахаар Х аймгийн Засаг даргаас шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч нь нэг удаад олгох тэтгэмжийн хэмжээг өөрөө тодорхойлж нэг сарын үндсэн цалин 1,175,000 төгрөг, 6 сарын 7,050,000 төгрөгийг гаргуулна гэсэн боловч Х аймгийн Т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх үед мөрдөж байсан цалингийн хэмжээ, шатлалын талаар баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд цалингийн хэмжээг 1,052,207 төгрөгөөр тогтоосон байдаг ба уг мөнгийг 6 сараар тооцоод үзэхэд нийт 6,313,242 төгрөг болж байгаа. Үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй зэргээс шүүх бодитоор тогтоогдоогүй, баримтаар нотлогдоогүй үйл баримтыг үндэслэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд талуудын эвлэрэх, зөвшөөрөх, татгалзах зэрэг нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх зэрэг шаардлагыг хангасан байх учиртай.
Мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт... тухайн үед уг зардлыг шийдвэрлэхэд дээд шатны төсөв захирагчаас тодорхой судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн, мөн улсын төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан, эргээд ажилтай болсон тохиолдолд тэтгэмж олгохгүй байхаар тооцож төсөв хянаж ирүүлсэн гэж маргасан байгаагаас үзвэл энэ талаар судалгаа хийгдсэн олгохгүй байх үндэслэлийг заасан байх ба энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна. Энэ нь тухайн үеийн сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын дарга, засаг дарга нарын тэгш эрхийг хангаж, шударга ёсыг дээдлэх зарчимд үндэслэгдэх бөгөөд нэг сарын цалингийн хэмжээг бодитоор тодорхойлох нөхцөлийг бүрдүүлнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөнийн дараа Х аймгийн Т сумын Засаг даргын орлогчоор үргэлжлүүлэн ажилласан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба нэхэмжлэгчид ажилласан байдалд тасалдал гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга, ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заан нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа болгон хуульчилсан байна.
Хуулийн дээрх зохицуулалтын зорилго нь сонгуулийн үр дүнгээр эрхэлсэн тодорхой ажилгүй болж байгаа тохиолдолд тусламж, дэмжлэг болгон нийгмийн баталгааг нь ханган тэтгэмж олгохоор зохицуулсан заалт байх бөгөөд уг тэтгэмжийг олгохдоо сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн байхыг л хуулиар шаардаж байна.
Өөрөөр хэлбэл энэхүү тэтгэмж нь сонгуульт 4 жилийн хугацаанд албаны үүргээ гүйцэтгэж байсных нь төлөө олгож буй урамшуулал биш, сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдөн, үргэлжлүүлэн өөр ажил эрхлэх боломжгүй тохиолдолд нэгжийн удирдлагаар ажиллаж байсан улс төрийн албан хаагчийг эрсдлээс хамгаалж олгож буй нийгмийн баталгаа юм.
Тэтгэмж гэдэг нь тусламж, дэмжлэг гэсэн утгаар тайлбарлагдаж хэрэглэгддэг болно.
Нэхэмжлэгч Ж.С нь 2006 оны Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд буюу 2016-2020 онд Х аймгийн Т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд шаардах эрхээ 2020 онд шинэчлэн найруулсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуульд зааснаар тодорхойлсныг дурдах нь зүйтэй.
7.Иймд нэхэмжлэгч Ж.С ийн Х аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар Ж.С ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х аймгийн Засаг даргад холбогдох тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН