Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 673

 

Г.Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н гийн хариуцагч Б.Л д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Н ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Б.Л гийн хамаарал бүхий “У” ХХК, “Д” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд бариулсан Хан-Түшээ хорооллын орон сууц зуучлан борлуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах зэрэг хэргүүдэд 3 жил гаран хугацаанд ажиллаж байна. Б.Л нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хятад улсын хөрөнгө оруулалттай М ХХК, “И” ХХК, “Д” ХХК, мөн Б.Л гийн өөрийнх нь эрх ашигтай холбогдолтой иргэний хэргүүдэд түүний хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан. Гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, түүнийг ноцтой хохироосон гэх Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184ШШ2018/00445 дугаар шийдвэр захирамж нь Б.Л гийн хувьцаа эзэмшигч компаниас 24 тэрбум төгрөг бүхий барилга болон газрыг “Монжанхэр” ХХК шилжүүлсэн шийдвэр байсан. Энэ шийдвэр захирамжийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/2018/03884 шүүхийн захирамжаар хүчингүй болгоход түүний өмнөөс эрх ашгийг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Б.Л өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээний 4.2-т зааснаар үндсэн төлбөрт 30 000 000 төгрөг, түүний алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Голден адвокэйтес хуулийн фирм-д ажиллаж байхдаа бид Б.Л Ч.Б нарын 80 000 000 төгрөгийн маргаан шийдвэрлэгдсэн ба хэн хэнийх нь хүсэлтийг үндэслэн талуудад ашигтайгаар шүүхээр хэргийг зохигчийн эвлэрэхэд тусалсан нь үнэн. Үүнийг хожим мушгиж хэн 1 талд ажилласан мэтээр ойлгуулах нь ямар 1 зорилго агуулжээ гэж ойлгож байна. Харин хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдийн хувьд өөр асуудал юм. Түүний манай найзаас надаар зуучлуулан байр авсан, үнэгүй явж дуусгана гэдэг худал, түүний хүү Б.З-гийн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Д ХХК дээр Б.Л, Ч.Б нарын хувьцаа эзэмшдэг И ХХК -ийн ашиглах эрхтэй Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг шилжүүлснээр Б.Л, Ч.Б нар нь тус газар дээр баригдах Хан түшээ хороолол төслөөс хувьцааны хэмжээгээр ашиг олох зорилго бүхий эрх ашигт нь нийцүүлэн газар шилжүүлэхтэй холбогдсон хууль зүйн туслалцааг тухайн үед манай хуулийн фермаас үзүүлсний 100 сая төгрөгийн хөлс авахаар гэрээгээр харилцан тохиролцсон харилцаа юм. Харин газар “Д” ХХК-ийн нэр дээр шилжиж Б.Л, Ч.Б нар 8 тэрбум төгрөгийн ашиг олсноос хожим Ч.Б гэх хувьцаа эзэмшигчээ 3 тэрбум 200 сая төгрөгөө өгөхгүй хохироосон нь илэрч эхэлсэн тул би Б.Л түүний хамаарал бүхий компаниудад хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж эхэлсэн юм. Манай фермийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өмгөөллийн хөлсөнд авах төгрөгийн урьдчилгаанд 15 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл 85 сая төгрөгийг өгөхгүй байсан тул Б.Л гийн “Уран ган” ХХК-ийн ажилчдын байранд 2 өрөө байр тооцон авсан. Уг байр 102 сая төгрөгийн үнэлгээтэй гэсэн тул 85 сая төгрөг дээр байрны доор 1 машины зогсоолын хамт би 27 сая төгрөгийг нэмж өгч авсан. Шийдвэр гүйцэтгэл гээд 500,000 төгрөг нь “У” ХХК-иас “У” ХХК-д холбогдох 1 тэрбум 400 сая төгрөг гаргуулах иргэний хэрэгт Нүхтийн аманд байрлах 400 сая төгрөгийн үнэтэй 2 хаус нэмж битүүмжлэхэд төлсөн шийдвэр гүйцэтгэлийн зардал хураамж юм. 2016 оны урьдчилгаа 50, 30 сая төгрөг нь “У” ХХК, “У” ХХК-д холбогдох хэргийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний төлбөрийн урьдчилгаа юм. Хан-Уул дүүргийн 11 хорооны П.Г нарын нэр бүхий 6 хүний нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох захиргааны хэрэгт оролцож хэрэгсэхгүй болгосон тул өмгөөллийн хөлсөнд 15 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийн чек өгсөн. Хариуцагчаас тайлбартаа хавсаргасан баримтын жагсаалтын хашаа, өмгөөллийн хөлс, зээл гэсэн бусад төлбөрийг би өмнө нь сонсож дуулаагүй, хэргийн өмгөөллийн хөлсийг ийм байдлаар цувуулж төлсөн төлбөр гэж ойлгож байна. Б.Л гээс ямар ч Ренжровер машин аваагүй, 28 000 000 төгрөгийн Дисковери маркийн лүүкээр нь ус орсноос комьпютер нь шатсан автомашиныг төлбөрт тооцож авч, уг автомашиныг буцааж аваагүй тул 8 000 000 төгрөгөөр засварлаж 5 000 000 төгрөгөөр зарсан. Хариуцагчийн тайлбарт байгаа 200 000 000 төгрөгийг н.Г гэх хүнд авч өгсөн нь бас үндэсгүй бөгөөд би байрны мөнгийг нь нэхдэггүй байсан гэсэн зэрэг нь манай найзын байрыг авсан гэсэн өмнөх тайлбараа үгүйсгэж байх тул үндэслэлгүй гэдгийг ойлгож болно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 00445 захирамж нь Б.Л гийн хувьцаа эзэмшигч компаниас 24 тэрбум төгрөгийн барилга болон газрыг “Монжанхар” ХХК-д шилжүүлсэн шийдвэртэй хэрэгт би хууль зүйн туслалцаа үзүүлж оролцохдоо шүүгчийн туслахад удаа дараа хүсэлт тавьж, Б.Л г дагуулан шүүгчтэй уулзаж, цааш шүүх хуралдаанд оролцсон байхад уг захирамж хүчингүй болсон талаар Г.Н мэдээгүй, хэрэг ингэж дууссан тул төлбөр төлөхгүй болсон гэдэг нь худал юм. Иймд Иргэний хуулийн 359.1-д зааснаар хөлс 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь 2007 онд миний нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Ч.Бээжинхүүгийн өмгөөлөгч хийж байхдаа надад урван ирж үйлчлүүлэгчийнхээ эсрэг шийдвэр гаргуулж, манайд ашигтай шийдвэр гаргаж өгье, 10 000 000 төгрөг өгчих гэснийг нь би үл зөвшөөрч 4 000 000 төгрөг өгч уг шийдвэр гарч байснаар анх танилцсан. Үүнээс хойш надаар зуучлуулан манай найзын байрнаас 20,0 сая төлөөд танай хэрэгт үнэгүй явж байгаад төлөөд дуусгана гэснээр манайд ажиллах болсон. Энэ хугацаанд манай хэрэгт ажилласан ч байрны мөнгөө төлөлгүй байсаар уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ надад байсан. Г.Н үл хөдлөхийн гэрчилгээг надад байгааг мэдсээр байж үрэгдүүлсэн гэж шинээр гэрчилгээг гаргуулан улмаар байраа цааш нь зараад зугтсан юм. Бас дээд шүүхэд танил талтай манай н.Г ах дээд шүүхийн тамгын газар байдаг, бүх шүүгчийг атгадаг шийдвэр гаргуулахад шүүгчид нь юм өгөхгүй бол ялна гэж байхгүй, нөгөө талаасаа илүү юм өгч байж л ялна гэж намайг хуурч мэхлэн залилан 200 гаран сая төгрөг авсан. Би энэ бүхэнд нь итгэж явсан бас байрны мөнгийг нь нэхдэггүй байсан. Ингээд түүнийг өмгөөлөгчийн нэр ашиглан шүүгчид өгнө гэж залилсан мөнгө, бас бусдын 2 өрөө байрыг залилан зарж их хэмжээний хохирол учруулсан хэргээр БГД-ийн Цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Гэтэл И ХХК  болон манай компаниудын хэрэгт Г.Нямдалайг явуулах шаардлага гарсан. Уг хэрэг нь миний хамаарал бүхий И ХХК -ийн захирал Ч.Б нь “Мэй юань” ХХК-ийн нэхэмжлэж байсан 1,6 тэрбум төгрөгийг зөвшөөрч оронд нь БОЯ-ны аялал жуучлалын зориулалттай 2.5 га газрыг өгөхөөр эвлэрсэн гэрээ хийсэн байсан. Энэ хууль бус эвлэрлийн гэрээг ХУД-ын шүүхийн шүүгч Т.Б нь баталгаажуулан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр захирамж гаргасан. Энд ямар ч 24 тэрбумын асуудал байхгүй 1,6 тэрбумын нэхэмжлэл байсан. Тэгээд уг шүүгч өөрийн гаргасан захирамжийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон байсан. Харин Г.Н нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийсэн атлаа миний эрх ашгийг хамгаалж огт яваагүй, энэ хэргийг шийдвэрлэгдэхэд огт оролцоогүй хаясан байсан. Аргаа бараад би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед шүүгч Т.Б дээр өөрөө орж уг захирамжийн талаар асуухад хүчингүй болгосон гэж хэлсэн. Тэгээд энэ хэрэг шийдвэрлэгдсэн болохыг би олж мэдсэн. Г.Н хэрэг ингэж шийдсэнийг огт мэдээгүй бөгөөд энэ хэргийн талаар ямар ч гомдол санал шүүхэд гаргаж миний эрх ашгийг огт хамгаалаагүй. Би хэрэг дууссаныг Г.Н д хэлсэн. Хэрэг ингэж дууссан тул би төлбөр төлөх шаардлагагүй боллоо гээд гэрээг дуусгавар болгоё гэхэд тэгье гэсэн ч нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Н жагсаалтаар нийт 276 700 000 төгрөг авсан. Нэхэмжлэгч ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 361.1-д зааснаар татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг баримтлан Их-Ончууд овогтой Бат-Очирын Л-д холбогдох, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Дамбил овогтой Галсандоржийн Н-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэгсийг зөрчсөн. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1, 43.8.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн үед шүүхийн ажилтан байсан хэрэгт ач холбогдол бүхий бүхий байдлыг мэдэх шүүгчийн туслах Н.Азбилэгийг оролцуулах нэхэмжлэгч Г.Н гийн хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн эрх ашигийг ноцтой зөрчсөн. /хх 87/

2. Г.Н гийн нэхэмжлэлтэй Б.Л д холбогдох энэ хэрэгт хариуцагч Б.Л гээс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хариу тайлбартаа “...Г.Н нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийсэн атлаа миний эрх ашгийг хамгаалж огт яваагүй, энэ хэргийг шийдвэрлэхэд огт оролцоогүй...” гэсэн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхгүй. Харин 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлцэл хийгдсэн талаар маргаагүй нотолж байна. /хх 27/ Шүүх дээрх гэрээний дагуу “...хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан ажилласан, шүүхэд түүний эрх ашгийн үүднээс хүсэлт гаргаж байсан буюу ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн нь баримтаар нотлогдохгүй байна..., урьдчилгаа хөлс төлөөгүй байдал зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байх тул...” гэж хэргийн материалд авагдсан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй И ХХК -д холбогдох шүүх хуралдааны шийдвэр зэрэг эрх зүйн актуудад Б.Л гийн итгэмжлэгдэн төлөөлөгчөөр Г.Н нь биечлэн оролцсон тухай эргэлзээгүй баримт байхад тэдгээрийг үнэлж дүгнээгүй байна. /хх 5-8/

3. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1-1.4 дэх заалтуудад “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй И ХХК -д холбогдох иргэний хэрэг гуравдагч этгээдээр 00445 дугаар захирамжийг хүчингүй болгох, И ХХК -ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус тус оролцоно“ гэж бичмэл хэлбэрээр гэрээний нөхцөлөө тохирсон. /хх 4/ Үүний дагуу нэхэмжлэгч нь Г.Н нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс тухайн үед Т.Б шүүгчийн туслахаар ажиллаж байсан Н.А-т гуравдагч этгээдээр оролцох болон уг шийдвэр нь И ХХК -ийн хувьцаа эзэмшигч Б.Л гийн эрх ашгийг хөндөж байгаа талаар удаа дараа тайлбар, хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр оролцох эрх зүйн боломж нээгдэж 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хууль зүйн туслалцаа үзүүлж шүүх хуралдаанд Б.Л г төлөөлөн шүүхээс нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн зэргээр гэрээний үүргээ биечлэн гүйцэтгэсэн байна. /хх 7 /.

4. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гомдол хэлэлцсэн тухай шүүх хуралдааны тогтоолыг би хоёр жилийн дараа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б.Л гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгөхөд мэдсэн бөгөөд энэ талаар үйлчлүүлэгч Б.Л надад огт мэдэгдэж байгаагүй юм. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1-д заасан “...шаардлагатай мэдээ, мэдээллийг зохих хугацаанд нь өмгөөлөгчид мэдэгдээгүйн хариуцлагыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна” гэж бид гэрээгээр тохиролцсон тул өмгөөлөгч үүнд үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэж үзэх үндэсгүй юм. /хх 84/

5. Мөн үндэслэх хэсэгт хариуцагчаас гаргаж өгсөн бариммтыг дүгнэхдээ “...шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04119 дугаар шүүгчийн захирамжаар И ХХК -ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Н нь хариуцагчийн итгзмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байгаа боловч 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр буюу хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа Б.Лхагвасүрэнтэй энэхүү хэрэгт оролцож хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй юм” гэжээ. Энэ хэргийн талаар нэхэмжлэгчээс шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00791 дугаар шүүхийн шийдвэрийг мөн нотлох баримтаар хавсаргаж өгсөн, уг хэрэгт би 3 жил Б.Л-гийн хүсэлтээр түүний хүү Л.Золбоогийн “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож ирсэн ч тэрээр энэ хэрэгт ямар нэгэн өмгөөллийн хөлс төлөөгүй тул үүний хөлсийг төлөх талаар ярилцаж 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх. гэрээнд нэмж бичиж тооцоогүй болсон юм. /хх 72-81х/ Шүүхийн энэ дүгнэлт нь хэтэрхий нэг талын нотлох баримтыг дангаар үнэлсэн дүгнэлт болсон байна. Эцэст нь хариуцагч Б.Л гийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тайлбар нь шүүх байгууллага, өмгөөллийн нэр хүндийг хөндөж байх тул түүний эдгээр тайлбарыг худал болохыг нотлох баримттайгаар тус бүрт нь няцаасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Л д холбогдуулан “2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2018/03884 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгоход түүний эрх ашгийг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлсөнд 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч нь хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэрээ байгуулсан эрх ашгийг хамгаалаагүй, хэргийг шийдвэрлэхэд огт оролцоогүй” гэх үндэслэл заан маргажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл Г.Н , Б.Л нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, И ХХК -д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож 00445 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, И ХХК -ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус тус өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч нь үйлчилгээ үзүүлсэн төлбөр 30 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээхээр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний огноо засвартай буюу “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр” гэснийг “2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр” гэж засварласан гэх бөгөөд хариуцагч тайлбартаа уг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэргийн 5 дахь талд авагдсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2018/03884 шүүгчийн захирамжаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38.4, 39.1.1-д заасныг зөрчсөн эвлэрлийг баталсан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184ШШ2018/00445 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэхэд нэхэмжлэгч Г.Н оролцоогүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, И ХХК -д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00445 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах үүргээ биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд тухайн тохиолдолд дээрх иргэний хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгоогүй байна.

Дээрх иргэний хэрэгт гэрээний 3.2-т зааснаар хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажилласан, шүүхэд түүний эрх ашгийн үүднээс хүсэлт гаргаж байсан буюу ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн нь баримтаар нотлогдохгүй байна. Иймээс хөлсөөр ажилласан буюу ажил үүргийг гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.

Мөн хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2017/04119 дугаар шүүгчийн захирамжаар И ХХК -ийн нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүх хуралдаанд Г.Н нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон боловч маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа Б.Лхагвасүрэнтэй гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсний дараа хөлсөө шаардах эрхтэй бөгөөд тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн нь нотлогдоогүй, нөгөө талаас урьдчилгаа хөлс төлөгдөөгүй байсан зэргээр нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2012 оноос хойш Б.Л гийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой маргаанд оролцохдоо тухай бүр гэрээ байгуулсан байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрлэгдсэн хэрэгт оролцохоор хөлс тохиролцсон гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч Г.Н нь “...гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд биечлэн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласаар байхад тэдгээрийг үнэлж дүгнээгүй” гэх гомдол гаргасан боловч гэрээнд заасан үүргээ биечлэн гүйцэтгэсэн, шүүх хуралдаанд оролцсон зэрэг байдлыг нотолсон баримтгүй учир хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ