Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             03                                         2022/ДШМ/42

 

 

..........т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

            Прокурор Г.Энхбат

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр /цахим сүлжээгээр/

            Хохирогч ..........

            Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ..........гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч ..........т холбогдох эрүүгийн 2234000000118 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

.......... нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Шар дэл” гэх газар 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ..........г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Батхаан овогт Цэндбаярын Басбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар .......... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч .......... нь энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Хохирогч .......... гаргасан давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасанчлан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй” гэх дор дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: .......... нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газар иргэн Л.Болдынд намайг “...ахыгаа битгий дээрэлхээд байгаарай...” гэх шалтгаанаар миний нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж 7 шүдийг цөм цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн юм. Шүүх шүүгдэгч ..........ыг гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус болохыг ухамрсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

1. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүгдэгч ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасаныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцах хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-тай нийцэхгүй байна.

2. Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.2-т заасан “...Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан...” гэж үзэж 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 61 тоот прокурорын тогтоол үйлдсэн нь хохирогч надад учирсан 7 шүдний хохирол, болон нааш, цааш явсан зардал мөнгийг тооцолгүй зөвхөн шүүгдэгчийн хүсэлтээр мөн шүүгдэгч ..........ын 2000 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын шүүхийн 123 тоот шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байхад шийтгэх тогтоолын хуулбарыг хавтас хэргийн материалд хавсаргахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 61 тоот прокурорын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ энэ зүйлийн 4.5 дахь заалтыг огт авч үзсэнгүй гэж үзэж байна. Шүүгдэгч .......... нь “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч ..........гийн буйлыг эдгэхээр нь шүд хийлгэж өгөхөөр тохиролцсон тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт, мөн “...хохирогч ..........д учруулсан хохирлоо баримтаар тогтоогдсон хэмжээнд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт бичиж өгсөн боловч надтай хохирол барагдуулах талаар юу ч яриагүй, надад хохирол төлбөр барагдуулах талаар илэрхийлсэн зүйл огт байхгүй, миний хохирлыг барагдуулсан талаар юу ч байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан хохирогчийн эрхийг хангаж өгсөнгүй.

Иймд би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу гомдол гаргаж байна. Би энэ хүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байгаа, энэ хүн хүний урамд надаас уучлаарай гэж хэлж чадаагүйд би түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж огт үзэхгүй. Одоо би энэ хүнээс болж юм идэж чадахгүй, гоо сайханы хувьд их хохиролтой байна. Үүдэн 7 шүд байхгүй болохоор юм идэж болохгүй, хүнтэй юм ярьж болохгүй, өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй мөнгө төгрөггүй болохоор эмнэлэгээр явж эмчлүүлэхэд хэцүү байна.

Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй болохоор энэ хүнээс энэ мөнгө төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлж авах гэхээр надад их хүндрэлтэй байгаа. .......... нь миний хохирлын мөнгийг төлж өгөх боломжтой хүн байгаа юм. Хохирогч миний хувьд энэ хуулийн хүмүүс хохирсон хүнд үйлчилдэг юм уу аль эсхүл хөрөнгө мөнгөтэй, хэрэг хийсэн хүний талд түүнд ашигтайгаар шийдвэр гаргадаг юм уу гэж боддог. Энэ хүнээс болж сэтгэл санаа, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, ахуй амьдралаараа их хохирч байгаад миний хувьд маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр 500.000 төгрөгөөр ..........т ял оногдуупсан нь хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээнд нийцээгүй, ял шийтгэл хөнгөдсөн гэх гомдолтой байгаа учраас шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч ..........гийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 21.000.000 төгрөгийн хохирол учирсан тул үүнийг барагдуулан авмаар байна. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч ..........т торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хохирлыг баримтын дагуу нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийг шийдвэрлэсэн байгаа. Хохирогчоос гарган өгсөн баримт нь эргэлзээтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч ..........ын өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн зүгээс хохирогчид одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байгаа, цаашид эмчилгээ болон шүдээ хийлгэсэн нөхцөл баримтыг нь үндэслэн хохирлыг нь нөхөн төлөхөө илэрхийлдэг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ..........ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .......... нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Шар дэл” гэх газар, иргэн Л.Болдын гэрт хохирогч ..........гийн уруул хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж 11, 12, 21, 22, 31, 41, 42 дугаар шүднүүдийн булгаралт, дээд уруулд шарх, буйланд нь хаван буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ..........гийн хохирогчоор өгсөн “...Улаанбаатар хотод байгаа гэр рүүгээ залгах гээд тэдний гэрийнх нь баганын баруун талаар хоймор руу шахаж гарах гэж байгаад Баска ахыг өвдгөө татчих гэж хэлээд өвдгөөрөө би өвдгийг нь түлхээд Баска ахын зүүн гар талд нь буюу дээд талд суутал Баска ах баруун гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгтэл миний уруул, амнаас цус гарч үүдний 7 шүд унасан, дээд талын 4 шүд, доод талын 3 шүд унасан...” гэх, /хх-ийн 7-9-р тал/

Гэрч Л.Болдын “............. ..........ыг хөлөө ав би дээр чинь сууна гэхээр нь би ..........ыг хүндлээд ..........г миний дүү доор нь суучих гэтэл .......... дээр нь гараад буюу зүүн гар талд нь суусан. Тэгтэл .......... баруун гараараа уруул руу нь нэг цохитол .......... гурван ширхэг шүд амнаасаа аваад манай ширээн дээр тавьсан...” гэх, /хх-ийн 14-15-р тал/

Ө.Уртнасангийн “...би галд аргал хийгээд хартал .......... сандал барьчихсан Баскагийн араар орохдоо Баскаг яасан том алцайдгийн гээд хөлийг нь түлхэж ёвроод дээр нь гараад суутал .......... ..........г баруун гараараа нэг цохих шиг болоход .......... шүд уначихлаа гээд хэдэн шүд манай ширээн дээр тавьж харагдсан...” гэх, /хх-ийн 17-18-р тал/

Г.Гансүхийн “...манай нөхрийг өдсөн шинжтэй яасан их алцайж суудгийн энэ тэр гээд бас манай нөхрийг сууж байхад араар нь гарч суухдаа нөхрийг араас хөлөө ав гээд хөлийг түлхэж ёвроод дээр нь зүүн гар талд нь гарч суусан. Тэгтэл манай нөхөр тэр ..........г чи намайг дээрэлхээд байгаа юм уу гэж хэлэхэд өөдөөс нь би араа даадаг хүн гэж хэлэх шиг болтол манай нөхөр суугаагаараа тэр ..........г баруун гараараа нүүр рүү нь нэг цохичих шиг л болсон...” гэх /хх-ийн 20-р тал/ мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаар “.............-н биед 11, 12, 21, 22, 31, 41, 42 дугаар шүдний булгаралт, дээд уруулд эдгэрч буй шарх, буйланд хаван гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд, нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.4-т зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 25 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/, шүүгдэгч ..........ын мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас ..........ын дээрх гэмт үйлдлийг “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах...” гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч ..........ын үйлдсэн гэмт хэргийн талаар “...гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй...” хэмээн дүгнэж гэм буруутайд тооцон, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний хүрээнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, хохирогч нь энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хохирогч ..........гаас шүүгдэгч ..........т оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, ял шийтгэл хөнгөдсөн, прокурор хохирлоо барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдлыг талаарх зарим баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн шүүгдэгчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг харгалзан үзээгүй, хохирол барагдуулах талаар хохирогч надад илэрхийлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан хохирогчийн эрхийг хангаж өгөөгүйд гомдолтой гэх агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан.

 

Хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-ны арын хэсэгт шүүгдэгч .......... нь 2000 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 1 жилийн хугацаатай тэнсэн, харгалзагдаж байсан хэмээн бичигдсэн, хэдийгээр уг шийтгэх тогтоол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалд авагдаагүй хэдий ч түүнийг тэнсэн харгалзсан дээрх хугацаа ..........ыг хохирогч ..........гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх үед дууссан байх тул энэ нь цаашид шүүхээс түүнд хуульд заасан хүрээнд ял оногдуулахад шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй юм.

 

Шүүх, шүүгч ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон /императив/ хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон /диспозитив/ зарчмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг учиртай.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний алийг нь сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал.

 

 “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” нь шүүхэд эрх олгосон заалт учир гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар тодорхойлогддог болно.

 

Мөн хохирогчийн биед учирсан шүдний гэмтэл нь шүүгдэгч ..........ын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, хохирлыг хариуцах үүрэгтэй этгээд юм.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ..........гаас “Багануур дент” эмнэлэгт 7 шүд хийлгэхэд гарах зардлын нийт 21.000.000 төгрөгийн нэхэмжлэх /хх-ийн 55-р тал/ гарган өгсөн хэдий ч уг эмчилгээгээ анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх үед ч хийлгээгүй, хийлгэж эхлээгүй байх тул анхан шатны шүүхээс дээрх зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхин шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн прокуророос яллагдагч ..........ын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн тогтоол гарган түүнд оногдуулах ялын төрөл хэмжээний саналаа яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулан яллах дүгнэлт үйлдэн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүхээс хуульд заасан хугацааны дотор хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасантай нийцсэн байна.       

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч ..........гийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч ..........гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                Г.БОЛОРМАА