| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00727/И |
| Дугаар | 155/ШШ2024/00870 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00870
| 2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00870 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 3 дугаар баг 19 дүгээр гудамжнй 11 тоотод оршин суух, Б.Ж ,
Хариуцагч: Х аймгийн М сумын 1 дүгээр багт байрлах, Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төв,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий 155/2024/00727/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х , түүний өмгөөлөгч Ч.Б ,
Хариуцагчийн төлөөлөгч Н.Х , түүний өмгөөлөгч Б.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ж нь Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оноос 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сэргээн засах, уламжлалт тусламж, үйлчилгээ хариуцсан бага эмчээр ажиллаж байсан билээ.
Гэтэл Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 42 дугаар зүйлийн 42.2.12, байгууллагын дотоод журмын 1.5.2, 1.5.2.10, 1.9.8, 1.9.12, 2.1.11, удирдлагын багийн хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн намайг сэргээн засах, уламжлалт тусламж, үйлчилгээ хариуцсан бага эмч үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор хуульчилсан байна.
Миний хувьд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсан удаагүй, мөн түүнчлэн байгууллагын дарга нь тушаалдаа хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөний улмаас миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй байна.
Иймд намайг ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй байх тул Б.Ж намайг Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засах, уламжлалт тусламж, үйлчилгээ хариуцсан бага эмч ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ж аас надад олгосон итгэмжлэлийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Ж нь Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажилд анх орсон. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэргээн засахын бага эмчээр томилогдсон. Э өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Н.Х гийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 тоот тушаалаар Б.Ж ыг ажлаас чөлөөлөх хүртэлх хугацаанд ажилласан байдаг. Хариуцагч Э өрхийн эрүүл мэндийн төв Б.Ж ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 42 дугаар зүйлийн 42.2.12, Байгууллагын дотоод журмын 1 1.5.2, 1.5.1.10, 1.9.10, 1.9.12, 2.1.11, удирдлагын багийн хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хуульчилсан байна. Хариуцагч Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалд нэхэмжлэгч Б.Ж ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөөд байгаа юм уу, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөөд байгаа юм уу, гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ж ыг хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.8-д заасан заалтыг зөрчсөн гэж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа бичиж ирүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.8-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ бусдаас авлигал, хээл хахууль авсан нь тогтоогдсон, хууль бусаар эмчилгээ хийсэн нь зохих журмаар нотлогдсон, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, мэдээ тайлан буруу гаргасан, дураараа аашлан бусдад хохирол учруулсан гэх үндэслэлүүдийг дурдсан байна. Нэхэмжлэгч Б.Ж ыг дээрх сахилгын зөрчлийн алийг нь зөрчсөн гэж үзээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаад байгаа нь ойлгомжгүй. 6.1.8-д заасан бүх зөрчлийг гаргасан гэж үзээд ажил хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгаад байгаа юм уу, тэр нь тодорхойгүй. Энэ 6.1.8-д дурдагдаад байгаа дээрх сахилгын зөрчлүүд нь агуулгын хувьд өөр өөр ойлголттой сахилгын зөрчлүүд байгаа. Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын нэхэмжлэгч Б.Ж тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж байгаа тушаал нь өөрөө эрх зүйн акт. Аливаа эрх зүйн акт нь хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа, түүний үр дагаварт нөлөөлсөн нотлох шинжтэй мэдээллийг заавал агуулсан байх шаардлагатай. Дээрх тушаал нь өөрөө энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Хариуцагч байгууллагын хариу тайлбартаа бичиж ирүүлсэн нэр бүхий 3 иргэнд нэмэлт үйлчилгээ үзүүлсэнтэй нэхэмжлэгч талаас маргадаггүй. Тухайн өрхийн эрүүл мэндийн харьяалах иргэддээ үзүүлэхээр заасан эмчилгээ, үйлчилгээнд байхгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлснээ зөвшөөрдөг. Тэр үйлчилгээг үзүүлэхдээ нэр бүхий 3 иргэний өөрсдийнх нь хүсэлтээр өрхийн эмнэлгийн үзүүлэх уламжлалт сэргээн засах эмчилгээний төрөлд байхгүй төрлөөр буюу бүтэн биеийн бариа хийсэн байдаг. Бүтэн биеийн бариа хийсэн үйлчилгээнийхээ хөлсөнд дээрх нэр бүхий 3 иргэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр авснаа ч зөвшөөрдөг. Үүнийгээ ч гэсэн ажлаас чөлөөлөх тушаал дээр үндэслэл болгосон удирдлагын багийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Ж нь хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч байгууллагаас түүнийг нь дахин тодруулж шалгалгүйгээр шууд ажлаас нь халсан шийдвэр гаргасан байдаг. Энэ нь өөрөө хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гэдэг нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгч Б.Ж нь сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Иймд Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засахын бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Н.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б. Ж ын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Ж ын ажлаас хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Х аймгийн М сумын Энх үйлс Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан даатгалаас гүйцэтгэлээрээ 100 хувь санхүүждэг эрүүл мэндийн байгууллага юм. Даатгуулагч буюу иргэнд анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Гэтэл Б.Ж нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн Б.С-д уламжлалт, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн дансаар 75,000 төгрөгийг нэмэлтээр авсан, мөн иргэн Л.Н-д уламжлалт сэргээн засах тусламж үзүүлэхдээ өөрийн дансаар 75,000 төгрөг нэмж авсан, иргэн Ш.А-д уламжлалт сэргээн засах тусламж үзүүлэхдээ бэлэн мөнгөөр 75,000 төгрөг нэмэлтээр тус тус авсан. Үүнтэй холбоотойгоор дээрх иргэд гомдол гаргасан ба 3 иргэний өргөдөл гомдол, дансны хуулгаар нотлогдсон.
Иймд манай байгууллага нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр удирдлагын багийн 4 гишүүний хурлын шийдвэрээр тус эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5 Ж-г 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Ажлаас чөлөөлөх үндэслэл нь:
1. Б.Ж тай 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хедөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн.
Б.Ж тай байгуулсан гэрээний 6.1-д заасан сахилгын зөрчил гаргасан ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг үндэслэн дараах тохиолдлыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан ба тус гэрээний 6.1.8-д Эмнэлгийн тусламж үзүүлэхдээ бусдаас авилгал, хээл хахууль авсан нь тогтоогдсон, хууль бусаар эмчилгээ хийсэн нь зохих журмаар нотлогдсон, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, хуурамч бичиг, баримт үйлдсэн, мэдээ тайлан буруу гаргасан, дураараа аашлан бусдад хохирол учруулсан бол гэж заасан. Иймд Б.Ж ын гаргасан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах гол үндэслэл болсон.
Мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг дурьдсан ба үүнд:
1.5.2. Ажилтан дараахь үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
1.5.2.10. Өөрийн эмнэлгийн байранд ажил олгогч зөвшөөрснөөс бусад байгууллагын эрхэлж буй үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхцсан ижил төрлийн аливаа ажил, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно, иргэнээс нэмэлт төлбөр авахыг чанд хориглоно. /Үүргээ зөрчсөн/
1.9.8 Дараах хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцална.
1.9.8.1 Өөрийн буруутай үйл ажиллагаагаар үйлчлэх хүрээний хүн амын дунд явуулах эмчилгээ үйлчилгээний алдаа доголдол гаргасан, дээд байгууллагатай байгуулсан гэрээний үзүүлэлтийг бууруулахад нөлөөлсөн, байгууллагын эрх ашигт харшлах үйлдэл хийсэн бол,
1.9.8.2 Үйлчлүүлэгчид, эмчлүүлэгчдийн харилцаанд хүнд суртал гаргаж, чирэгдэл, хохирол учруулсан, ажилтан эрх мэдлээ давуулан ашигласан, эмнэлгийн тусламж үзүүлэхдээ бусдаас авилгал, хээл хахууль авсан нь тогтоогдсон, хууль бусаар эмчилгээ хийсэн нь зохих журмаар нотлогдсон, шударга бусаар ялгавартай хандсан бол,
1.9.8.3 Өөрийн байгууллагын эрхэлж буй үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхцсан аливаа ажил, үйлчилгээ эрхлээгүй байх, үйлчлүүлэгчээс нэмэлт төлбөр аваагүй байх, дураараа аашлан бусдад хохирол учруулсан бол,
2.1.11 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг үндэслэхийн зэрэгцээ байгууллагын ажлын онцлогоос харгалзан дараах тохиолдлуудад ажил олгогчийн санаачлагаар цуцална гэж Хөдөлмөрийн гэрээний заалтыг Хөдөлмөрийн Дотоод журамдаа мөн тусгасан байдаг.
2.1.11.6. Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлсэн, ашигласан, байгууллагын үйл ажиллагаанд саад болсон, иргэнд чирэгдэл, хохирол учруулсан бол,
2.1.11.11 Үйлчлүүлэгч нарыг эрхэмлэн дээдлэх, шударга бус харьцах, үйлчлүүлэгчээс өрхийн эрүүл мэндийн төвийн стандартад заагаагүй нэмэлт төлбөр авах ноцтой зөрчил гаргасан зохих хэмжээнд нотлогдсон бол гэж тус тус заасан.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан Б овогтой Ж-г ажлаас чөлөөлсөн. Мөн
1. Ж нь эрх мэдлээ ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ 2 иргэнээс дансаар, нэг иргэнээс бэлэн мөнгө авсан нь өөрийн дансны хуулгаар нотлогдсон, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 100 хувь санхүүждэг, байгууллагын гэрээнд харшлах үйлдэл гаргаж, даатгуулагчаас нэмэлт төлбөрийг өөрийн цалингийн дансаар авсан нь тогтоогдсон, /дансны хуулгын баримтаа иргэн нь өргөдлийн хамт өгсөн болно/,
2. Эмнэлгийн байранд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зөвшөөрсөн уламжлалт сэргээн засах тусламж үйлчилгээтэй ижил төрлийн үйлчилгээг дүрэм журамгүй, дураараа аашлан хийсэн, тус ажилтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул эрүүл мэндийн төв нь удирдлагын багийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хуралдуулж, Б.Ж ын буруутай үйлдлийн талаар хэлэлцэн өөрөөс нь учир шалтгааныг тодруулан амаар тайлбар авсан ба Б.Ж нь өмнө ч эрүүл мэндийн тусламж үзүүлэхдээ иргэнээс мөнгө авж болдог байсан, одоо ч мөн авсан, болохгүй зүйлгүй гэх хариултыг өгсөн. Энэ нь хурлын тэмдэглэлд бичигдсэн болно. Иймд Б овогтой Ж нь Х Э Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан хедөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, байгууллагын дотоод журмыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно гэв.
Нэхэмжлэгчээс Б.Ж ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаартай Б.Ж ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01/521 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/39 дүгээр тушаал, Б.Ж ын төрүүлсэн хүү Н.Б төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э өрхийн эмнэлгээр өөрийн хүсэлтээр бүтэн биеийн бариа хийлгэсэн нь үнэн. Тус эмчилгээг хийлгэсэндээ гомдолгүй гэсэн бичилт бүхий баримт, Миний бие Б овогтой С би 2024 оны 5 дугаар сарын 19 Э өрхийн эмнэлгээр өөрийн хүсэлтээр бүтэн биеийн бариа хийлгэсэн. Тус эмчилгээ хийлгэсэндээ би гомдолгүй. Өргөдөл гаргасан Б.С , 1-25-23, 88229129 гэсэн бичилт бүхий баримт, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Х Э ӨЭМТөв дарга Н.Х , Сэргээн засах бага эмч Б.Ж нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, (хавтаст хэргийн 3-60, 65, 109-115 дугаар тал),
Хариуцагч байгууллагаас 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэн Б.С , Л.Н , Ш.А ийн өргөдөл, дансны хуулгыг хавсаргав. Тус бүр 75к. Дансыг хянан үзэхэд *** Хаан банк Б.Ж цалингийн данс нотлогдсон. Эрүүл мэндийн тухай хууль, НДЕГазраар 100% санхүүжиж, анхан шатны бүх тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Гэтэл ноцтой байдлаар зөрчсөн. 3 иргэн өргөдөл гомдол, иргэн дансны авчирч өгсөн хуулгыг хамт хавсаргав. Бусад холбоотой баримтыг хавсаргав гэсэн бичилт бүхий, Сэргээн засах бага эмчид 15-19 нд бариа заслаар 5 хоног эмчилгээ хийлгэсэн 75,000 төгрөгний төлбөр төлсөн нь үнэн. 2024.5.1, 88229129 дугаараас мөнгө авъя гэж утасдсан. 1-25-23 Б.С ... гэсэн бичилт бүхий, Уламжлалын сувилагчид. 04-24 Сэргээн засах эмчилгээнд 5 хоног бариулаад 75,000 өгсөн үнэн. 1-29-4 тоот. 88509939, Л.Н гэсэн бичилт бүхий, Өргөдөл 1924 он Сэргээн засахын бага эмчид 2024.4.24 15-19 ны хооронд сэргээн засах эмчилгээнд орсон 1 өдрийн мөнгө 15-г авсан, 5 өдрийн 75 мянган төгрөг өгсөн. 1-44-4 Утас: 86814545 гэсэн бичилт бүхий баримтууд, *** Б.Ж ын цалин данс гэсэн бичилттэй Х аймгийн Э ББН гэх тэмдэг дарагдсан гүйлгээний баримтууд, Хурал тэмдэглэл №1... гэх баримт, Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №..., Э өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмчийн албан тушаалын тодорхойлолт, Х Э ӨЭМТөв дарга Н.Х , Сэргээн засах бага эмч Б.Ж нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтын хуулбарууд, Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай Албан тушаал өөрчлөн томилох тухай тушаалын Х аймгийн Эрүүл мэндийн газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан, Уламжлалт сэргээн засах эмчилгээний хуваарь, Сэргээн засах эмчилгээний картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 14-55, 87-98, 117-136 дугаар тал) тус тус шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвөөс Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай Албан тушаал өөрчлөн томилох тухай тушаалын Х аймгийн Эрүүл мэндийн газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан, Уламжлалт сэргээн засах эмчилгээний хуваарь, Сэргээн засах эмчилгээний картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ХААН банк хувьцаат компанийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5890/559 дүгээр ... *** тоот данс нь Б-ийн Ж ын эзэмшдэг данс байна. Тус дансны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлэв гэх албан бичиг, түүний хавсралт депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг (хх-ийн 65, 87-97, 116-136, 144-204 дүгээр тал) шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгч томилж оролцох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Э.Х г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба дээрх төлөөлөл нь хуулийн шаардлага хангасан байна. (хх-ийн 59-р хуудас)
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ...158.2.2 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч нь Х аймгийн М сумын Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан боловч дээрх хороо хуралдах боломжгүй байгаа талаар хариу албан бичгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х д хүргүүлснээр тэрээр шүүхэд хандсан нь хуулийн дээрх шаардлагад нийцэж байна. (хх-ийн 5 дугаар хуудас)
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 42 дугаар зүйлийн 42.2.12, байгууллагын дотоод журмын 1.5.2, 1.5.2.10, 1.9.8, 1.9.12, 2.1.11, удирдлагын багийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн намайг сэргээн засах, уламжлалт тусламж, үйлчилгээ хариуцсан бага эмч үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор хуульчилсан байна.
Миний хувьд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсан удаагүй, мөн түүнчлэн байгууллагын дарга нь тушаалдаа хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөний улмаас миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй байна.
Иймд намайг ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй байх тул Б.Ж намайг Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засах, уламжлалт тусламж, үйлчилгээ хариуцсан бага эмч ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж тайлбар гарган мэтгэлцсэн.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Х аймгийн М сумын Энх үйлс Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан даатгалаас гүйцэтгэлээрээ 100 хувь санхүүждэг эрүүл мэндийн байгууллага. Даатгуулагч буюу иргэнд анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Гэтэл Б.Ж нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн Б.С-д уламжлалт, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн дансаар 75,000 төгрөгийг нэмэлтээр авсан, мөн иргэн Л.Н-д уламжлалт сэргээн засах тусламж үзүүлэхдээ өөрийн дансаар 75,000 төгрөг нэмж авсан, иргэн Ш.А-д уламжлалт сэргээн засах тусламж узүүлэхдээ бэлэн мөнгөөр 75,000 төгрөг нэмэлтээр тус тус авсан. Үүнтэй холбоотойгоор дээрх иргэд гомдол гаргасан ба 3 иргэний өргөдөл гомдол, дансны хуулгаар нотлогдсон.
Иймд манай байгууллага нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр удирдлагын багийн 4 гишүүний хурлын шийдвэрээр тус эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5 Ж-г 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Ажлаас чөлөөлөх үндэслэл нь:
1. Б.Ж тай 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хедөлмөрийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн.
Б.Ж тай байгуулсан гэрээний 6.1-т заагдсан сахилгын зөрчил гаргасан ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг үндэслэн дараах тохиолдлыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан ба тус гэрээний 6.1.8-д Эмнэлгийн тусламж үзүүлэхдээ бусдаас авилгал, хээл хахууль авсан нь тогтоогдсон, хууль бусаар эмчилгээ хийсэн нь зохих журмаар нотлогдсон, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, хуурамч бичиг, баримт үйлдсэн, мэдээ тайлан буруу гаргасан, дураараа аашлан бусдад хохирол учруулсан бол гэж заасан. Иймд Б.Ж ын гаргасан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах гол үндэслэл болсон гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус төвд сэргээн засахын бага эмчээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаартай тушаалаар сэргээн засах, уламжлалт тусламж үйлчилгээ хариуцсан бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/39 дугаартай Б.Ж ыг ажилд авах тухай, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай Албан тушаал өөрчлөн томилох тухай 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаартай Б.Ж ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар зэргээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 4, 66 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар тус төвийн сэргээн засах, уламжлалт тусламж үйлчилгээ хариуцсан бага эмчээр томилогдон ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан ажилтны эрх үүргийг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүүрэг болох Өрхийн эрүүл мэндийн төвийн MNS5292-2017 стандарт, анхан шатны тусламж үйлчилгээний багцын дагуу хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг батлагдсан стандарт удирдамж, эрүүл мэндийн сайдын тушаал бусад холбогдох хууль, дүрэм, журам зааврын дагуу мэргэжлийн түвшинд чанартай тэгш хүртээмжтэй үзүүлэх, байгууллагын зохион байгуулалттай холбоотой ажил үүргийг хавсрах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллажээ.
Улмаар нэхэмжлэгч Б.Ж нь Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/9 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба хариуцагч Э өрхийн эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 42 дугаар зүйлийн 42.2.12, байгууллагын дотоод журмын 1.5.2, 1.5.2.10, 1.9.8, 1.9.12, 2.1.11, Удирдлагын багийн хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн сэргээн засах, уламжлалт тусламж үйлчилгээ хариуцсан бага эмчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан, /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол,
Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтныг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохыг,
Байгууллын дотоод журмын 1.5.2-т ажилтны хүлээх үүрэг, 1.5.2.10-т өөрийн эмнэлгийн байранд ажил олгогч зөвшөөрснөөс бусад байгууллагын эрхэлж буй үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхцсан, ижил төрлийн аливаа ажил, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно, иргэнээс нэмэлт төлбөр авахыг чанд хориглоно.
1.9.8-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах,
1.9.12 ажилтан сахилгын зөрчил гаргаж, энэ журмын 1.5.2-1-16-д заасан биелүүлээгүй тохиолдолд захиргааны санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах,
2.1.11 Хөдөлмөрийн гэрээг МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг үндэслэхийн зэрэгцээ байгууллагын ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдлуудад ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг тус тус заасан байна. (хавтаст хэргийн 4, 111-115, 122-136 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Б.Ж нь хууль болон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг хэрэгжүүлж, мөрдөж ажиллах үүрэгтэй ба тэрээр энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, байгууллагын дотоод журамд заасан ажил олгогч зөвшөөрснөөс бусад байгууллагын эрхэлж буй үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхцсан, ижил төрлийн аливаа ажил, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно, иргэнээс нэмэлт төлбөр авахыг чанд хориглоно гэх заалтыг зөрчсөн болох нь:
Хэрэгт авагдсан Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ...Б.Ж нь уламжлалт сэргээн засах тусламж үзүүлэхдээ 2024-04-15 2024-04-19-ний хооронд иргэн даатгуулагч Б.С гаас 75к өөрийн цалингийн дансаар нэмж авсан. Л.Н-д эрүүл мэндийн тусламж үзүүлэхдээ мөн 75к дансаар нэмж авсан, иргэн Ж.А аас бэлэн 75к тус тус авсан. Уг иргэний гомдол дансны хуулгаар манай ӨЭМТ дээр ирсэн. ...Асуулт: Дарга Н.Х иргэнд анхан шатны тусламж үнэ төлбөргүй үзүүлдэг ямар шаардлагаар иргэнээс мөнгө авсан бэ? Б.Ж өөрийн амаар хариулна уу? Хариулт: Б.Ж өмнө ч авдаг байсан одоо ч авсан болохгүй зүйл юу байна. Наад 3 хүн нь урьд надаас тусламж үйлчилгээ авч байсан тэгээд даатгал нэхэмжлэхээс өөр бариа хийж бүтэн биеийн бариа хийсэн. Өмнө байсан байдлаас эмчилгээг хийхдээ дордуулаагүй сайжирсан өөрийн дансаар авсан үнэн шалгаж болно. ... гэх бичилт бүхий хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 117-121 дүгээр хуудас)
ХААН банк ХК-ийн Х салбараас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 5890/559 дугаартай албан бичиг, харилцагчийн нэр гэх хэсэгт Б Ж гэх бичилттай *** дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 147-207 дугаар хуудас) зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол мэдээлэл гаргасан нэр бүхий 3 иргэнд тухайн өрхийн эрүүл мэндийн харьяалах иргэддээ үзүүлэхээр заасан эмчилгээ, үйлчилгээнд байхгүй буюу бүтэн биеийн бариа хийж төлбөр авсныг ноцтой зөрчилд тооцсоныг зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган мэтгэлцжээ.
Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд эмчилгээ, оношилгооны үйл ажиллагаандаа дагаж мөрдөх эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүдийг MNS 4621:2008 стандартаар журамласан байна.
Үүнд ...3. Бариа засал. Суваг хэрдэсийн дагуу илэх, нухах, үрэх чичиргээж доргиох аргаар арьс, арьсан доорх өөхлөх эд булчин шөрмөс, хөлс тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэг, бичил цусны эргэлт, тунгалагийн зангилгаагаар дамжуулан тайвшруулах, цусны эргэлтийг сэргээх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарах, өвдөлтийг намдаах...зорилгоор бариа заслын эмчилгээг хийх стандартыг тогтоосноор дээрх эмчилгээ, үйлчилгээг Өрхийн эрүүл мэндийн төв үзүүлдэг болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь бүтэн биеийн бариа хийж үйлчилгээг ажлын байран дээр төлбөртэйгээр явуулсныг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Ж ын Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засах уламжлалт тусламж үйл ажиллагаа хариуцсан бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ж ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох Х аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засах уламжлалт тусламж үйл ажиллагаа хариуцсан бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН