Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             03                                         2022/ДШМ/43

 

 

.........., ..........нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн

                        Шүүгдэгч .........., ..........

                        Шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Г.Ганболд

                        Шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Б.Очбадар /цахим сүлжээгээр/

                        Хохирогч ..........

                        Хохирогчийн өмгөөлөгч Т.Урангэрэл

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч ..........ийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч .......... нарын гаргасан давж заалдсан гомдлуудаар, шүүгдэгч .........., ..........нарт холбогдох эрүүгийн 19340007700286 дугаар хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн

 

.........., ..........нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Номт багт баригдаж байгаа Тагнуулын газрын барилга дээр хамт ажилладаг ..........тай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж ..........ын биед ууцны 6 дугаар нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас .........., ..........нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Байбай овогт Гэлэгпилийн Эрдэнэцолмон, Боржигон овогт Гэлэгпилийн Эрдэнэзаяа нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч .........., ..........нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч .........., ..........нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Хохирогч ..........нь хэлэлцээгүй орхисон 11.962.136 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч ..........ын өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан давж заалдсан гомдолдоо: Шийтгэх тогтоолын хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн хэсэг болон Өршөөлийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон .........., ..........нар нь хохирогчийг огт цохиогүй, зодоогүй, өөрөө газар унасан, нөхөр нь гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэх мэтээр мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд бид гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруу дээрээ маргасан атал шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч нарт хэрэглэх ёсгүй байтал гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч нарт энэхүү хуулийн заалтыг хэрэглэж тэдний хууль бус үйлдлийг өршөөн хэлтрүүлсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцээгүй тул шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулах үндэслэлийг бий болгож байна.

Хохирол хор уршгийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ тооцоолол, хууль хэрэглээн дээр алдаа гаргасан тул шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой 2 ба 3 дах заалтад өөрчлөлт оруулаач гэдэг агуулгатай гомдол гаргаж байна.

Үүнд: 1.Хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу иргэний нэхэмжлэлтэй холбоотой бичгийн нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн өгч хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нь 1 дүгээр хавтас хэргийн 124-152, 239-250, мөн 2 дугаар хавтась хэргинй 1-12 талд тус тус авагдсан ба хохиролтой холбоотой хамгийн сүүлийн баримтуудыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн.

2.Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу эмчилгээ, эм тариа, үзлэг оношлогоонд нийт 1.882.648 төгрөгийг бодитой зарцуулсан “Е” баримт хэрэгт авагдсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдүүдээс шаардсан. Гэтэл шүүх тооцоолол дээр алдаа гаргаж 1.775.712 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул дутууг нэмж гаргуулах саналтай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч нараас 1.835.200 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан бусад зардалд шаардсан боловч анхан шатны шүүх хохирогч Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгч авах эрхтэй тул өмгөөлөгчийн хөлсийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. /Хохирогч ийн өмгөөлөгч миний ажлын хөлсийг шаардаагүй, харин өмгөөлөгч надад бодитой зарцуулсан харилцаа холбоо, бичиг хэрэг, шатахууны зардал зэргийг шаардсан/

 

4.Хохирогч эрүүл мэндийн улмаас мэргэжлийн ажлаа хийх боломжгүй болсон. Тэрээр 2019 оны 10-12 дугаар сард хэвтэрт орсны улмаас үндсэн цалин 800.000 төгрөгөөс листны мөнгийг хасаж суутгуулаад 3 сар дутуу цалин хөлс авсны зөрүүд нийт 1.440.000 төгрөгийг шаардсан ба үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн. Хохирогчийн сарын үндсэн цалин 800.000 төгрөг гэсэн баримт, 3 удаа лист олгосон баримт, Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгал төлсөн баримтууд хэрэгт авагдсан тул хэрэгт байгаа баримтын хүрээнд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зөв байна.

 

5.Хохирогч гэмт хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн улмаас сарын цалин, орлогогүй байгаа тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхийг хуулиар түүнд олгосон тул 2020 оны 1 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сарыг хүртэл 2 жил буюу 24 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 420.000 төгрөгөөр бодож нийт 10.080.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан ба шийтгэх тогтоолд зааснаар ямар, ямар баримт цуглуулж Иргэний журмаар нэхэмжлэх шаардлагатай нь ойлгомжгүй байна. Хохирогч ажил орлогогүй нь нотлогдож байгаа, нэмэлт баримт гаргах боломжгүй тул иргэний нэхэмжлэлийн энэ хэсгийг эрүүгийн хэрэгтэй нэг мөр хамтад нь шийдвэрлэн хангаж өгнө үү.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад гомдолд дурьдсан үндэслэлүүдийг нягтлан шалгаж, зохих шударга ёсны зарчмыг баримтлан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч ..........гаргасан давж заалдсан гомдолдоо: .......... намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгэээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний төрсөн дүү ..........шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон гэм буруугийн хохирол 1.775.712 төгрөгийг төлж барагдуулж хохирогчийн хохирлыг арилгасан.

 

Миний хувьд энэ асуудал анхлан эхэлсэн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өөрийн гэм буруугүй талаар мэдүүлсэн, мэдүүлсээр ирсэн, удаа дараагийн шүүх хуралдаанд би гэмт хэрэг үйлдээгүй, цохьж, зодоогүй, үсдээгүй, харин зууралдсны улмаас хамт газарт унасан талаар хэлж, гэм буруугүй, шаардлагатай бол тухайн үед байсан гэрчээр байцаагдаагүй энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг байцааж өгөхийг хүсэж хөдөлмөр хамгааллын зааварчилга авсан хүмүүсийн баримтыг хүртэл гаргаж өгсөн боловч байцаагаагүй.

 

Өмгөөлөгч Г.Ганболд мөрдөн байцаалтын шатанд 11 зүйл хэсэг бүхий гомдол, хүсэлт гаргасныг мөрдөгч, прокурор нар хангаагүй, шүүгч Т.Батжаргал 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 900 тоот хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 заалт бүхий хүсэлт гаргасан байхад улсын яллагч “шүүгчийн мөрдөн байцаалтанд буцаасан захирамжийн заалтыг зассан” гэж хүсэлтийг авч шийдвэрлээгүй нь хэргийн оролцогч нарын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэснийг мөрдөгч, прокурорууд ахин хангахгүйгээр шүүхэд хэргийг буцаан ирүүлсэн атал нэмэлтээр гэрч нарыг байцаалгаж, ..........г гэм буруугүй болохыг давхар баталгаажуулж, нотлуулах, нотлох баримт бүрдүүлэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр гэм буруутайд тооцож буй нь хуулийн агуулга, зорилго, зорилт, зарчим, хэм хэмжээнд нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгэн нотлох баримтад хохирогч .........., гэрч Ж.Хандсүрэн нарын мэдүүлгээс өөр яллах нотлох баримт байхгүй. Харин цагаатгах нотлох баримтууд болох гэрч Ү.Энхболд, М.Нямхүү, Т.Уугантөгс, Ж.Хандсүрэн болон шүүгдэгч .........., .......... нарын мэдүүлгүүд байна.

 

Шүүгдэгч нар анхлан хууль сануулж, хуулийн хариуцлага хүлээнэ гэж гарын үсэг зурсан гэрчийн мэдүүлэг, хохирогчийн төрсөн эгч Ж.Хандсүрэнгийн хамгийн анхны инженер .......... гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн мэдүүлгүүд байгааг дурьдья.

 

Асуудлыг давахгүйгээр төрийн өршөөлд хамрагдсан, заргалдах нь ядаргаа гээд орхимоор байвч, энэ хорвоод үнэн шудрага ёс байх ёстой, шүүх шударгаар асуудлыг шийдэрлэнэ гэх үзэл минь дийлж та бүхэнд хандаж байна. Миний бие гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй огт хийгээгүй, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хохирогч ..........ын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар нь одоог хүртэл хохирогчоос уучлалт гуйгаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч .........., ..........нарыг гэм буруутайд тооцсон хэдий ч ..........нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдааны шатанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад түүнд холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлсэнтэй санал нийлэхгүй байна. Шүүхээс хохирогч талаас гарган өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтуудыг гарган өгсөн байхад тооцооллын алдаа гарган буруу тооцон зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч өнөөдрийг хүртэл уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн улмаас хүүхдээ ч даахгүй, өвчтэй, ажлаа хийж чадахгүй байгаа тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон өдрийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэм хорын хохирол гаргуулан, гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх ч боломжтой нөхцөл байдал байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

Шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Г.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт нэр бүхий 7 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг ба тухайн үед зодоон болоход .......... огт оролцоогүй гэж эдгээр хүмүүс мэдүүлсэн. Гэрч Ж.Хандсүрэн нь хохирогчийн төрсөн эгч ба хохирогчийг огцом ууртай талаар мэдүүлсэн байгааг анхаарч үзнэ үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан миний нийт 11 үндэслэл бүхий гомдлыг шалгах ёстой гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг мөрдөгч, прокурор огт биелүүлээгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд ..........гийн ямар үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан гэдэг нь тодорхойгүй байгаа ба мөн түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн буруу бичигдсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг хэрэглэн ..........д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Б.Очбадар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн шийдвэрлэсэн. Хэрэв давж заалдах шатны шүүхээс ..........д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болговол ..........д холбогдох хэргийн зүйлчлэл хөнгөрөхөөр байгааг анхаарч үзнэ үү гэв.  

 

Шүүгдэгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр миний хувьд зодооныг салгах гэж орсон, би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байгаа. Уг хэрэг болох үед байсан гэрчүүдийн мэдүүлэгт намайг хохирогчийг зодсон гэж тусгагдаагүй байгааг анхаарч үзэн надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ..........тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн үйлдсэн хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг 2 ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж зохих гэрчүүдээс мэдүүлэг ав гэсний дагуу холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, Өмгөөлөгч Г.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг учрал буюу зодоон болох үед байгаагүй хүмүүсийг гэрчээр асуулгахаар гомдол гаргасныг хангаагүй. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд гэм буруугүй хүлээн зөвшөөрөөгүй этгээдийн гэм бурууг нь тогтоосны дараа уг хуулийг хэрэглэнэ хэмээн заасан байгаа учир анхан шатны шүүхээс уг хуулийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй гомдол гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч ..........ын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч .......... нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч .........., ..........нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .........., ..........нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Номт багт баригдаж байсан “Тагнуулын газар”-ын барилга дээр хамт ажилладаг ..........тай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж түүний биед ууцны 6 дугаар нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ..........ын хохирогчоор мэдүүлсэн “............. бууж ирээд та нарын асгасан барилгын эмульс, замаскийг арилгах гэж дахиж шалаа өнгөлөх гэж байгаа юм гэж хэлсэн. .......... болон түүний гэр бүлийнхэн хариуцан авсан ажлаа өөрсдөө чанар муутай хийснээ засах гэж байсан, засах үедээ манай бригадын өмнө хийсэн ажлыг муухай болгох, норгох, чанар байдлыг нь алдагдуулах гээд байснаас болж түүнд түүнд уурлаж маргасан. Гэтэл миний өмсөж байсан цамцаар хоолой боогоод би гарыг нь тавиулах гэтэл чадахгүй байсан. Тэр үед түүний төрсөн дүү болох ..........ирээд үснээс зулгаасан. Би хойшоо гэдийхэд .......... хацар руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд манараад байж байтал ..........дугтарч унагаагаад усны гуталтай хөлөөрөө толгой руу нэг удаа, баруун гарын тохой хэсэгт нэг удаа, баруун талын хавирга хэсэг рүү гурван удаа өшиглөсөн. Мөн намайг газар унасан байхад .......... миний нуруун тус газар уулын гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж дэвссэн. Төрсөн эгч дүү хоёр намайг санаатайгаар бүлэглэн зодож гэмтэл учруулсан...”, /хх-ийн 1-р хавтас 5-6-р тал,

“............. намайг өмсөж байсан хувцасны захнаас заамдаж боогоод сэгсрээд толгойгоороо зүүн шанаа тус газарт нэг удаа мөргөсөн, тэр үед дүү гэх ..........нь миний араас үснээс зулгаагаад гараараа биеийн толгой хэсэгт нэг удаа цохиж өшиглөсөн, мөн баруун хавирга тус газар хоёр удаа өшиглөж мөн гарны тохой хэсэгт нэг удаа өшиглөсөн, баруун хавирга тус газар хоёр удаа өшиглөсөн, бөгс, гуя хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. ..........нь уулын гуталтай зүүн хавирга нуруу тус газарт хэд хэдэн удаа өшиглөн зодож эрүүл мэндэд гэмтэл учруулсан...” /хх-ийн 1-р хавтас 7-8-р тал/ гэх,

 

Гэрч Ж.Хандсүрэнгийн “.............хүрч ирээд манай эгчийг ганцаараа гэж бодоод байгаа юм уу та нар гээд ханцуй шамлаж байгаад ..........ын нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод газар унагаасан. Тэгээд газар байхад нь .......... ..........ийг боогоод байсан...” /хх-ийн 1-р хавтас 11-р тал/

 

“............. ..........ийг заамдаж аваад толгойгоороо толгойн тус газар нь нэг удаа мөргөсөн. Гэтэл араас ..........ирээд манай эгч ганцаараа биш шүү гээд ..........ийг араас нь үсдэж унагаагаад нуруун тус газар нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн, дээрээс нь нэмээд .......... ..........ийг нуруун тус газар нь 2 удаа өшиглөсөн. .........., ..........нар газар ноцолдоод хэвтэж байхад нь ....................ийг нэмээд хөлөөрөө нуруун тус газар нь өшиглөөд байсан...” /хх-ийн 1-р хавтас 18-19-р тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Нямхүүгийн “.............нь .......... руу хэл амаараа доромжлоод дайрсан. Гэтэл ..........эгч болох ..........г өмөөрөөд чи миний эгчийг доромжилдог хэн бэ гээд дайртал би ..........г хойш нь гараараа түлхэж хориглосон. Удаагүй дахин хэрэлдэж маргалдаад байсан. Тэгэхэд ..........нь миний хажуугаар гарсан, .......... юм уу ..........нарын нэгэн рүү нь дайрсан. Би салгах гээд ..........ийг татсан, тухайн үед .........., .........., ..........нар нь зууралдаад байсан, нэг мэдэхэд гурвуулаа газар унасан байсан..., ...тухайн асуудал 2-3 минут болоод дууссан...” /хх-ийн 1-р хавтас 20-21-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 654 дугаар “.............ийн биед ууцны 6 дугаар нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 24-25-р тал/ зэрэг хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээр дурдагдсан нотлох баримтууд нь хоорондоо утга, агуулгын хувьд зөрөөгүй, шүүгдэгч .........., ..........нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг хүсч үйлдэн хохирогч ..........ийг нүүр рүү нь цохих, мөргөх, үснээс зулгаан газарт унаган нуруу хэсэг рүү нь өшиглөх зэргээр хохирол, хор уршигт зориуд хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн зүйлийн 2.11-т зааснаар “бүлэглэж” үйлдсэн хэмээн дүгнэж мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч .........., ..........нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хохирогчийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх тул тухайн гэмт хэргийн “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хангасан хэмээн дүгнэн тэднийг тус бүр гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн .........., ..........нарын үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг[1] баталж, уг хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Шүүгдэгч .........., ..........нарын бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч ..........ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн...” гэх цаг хугацаанд хамаарч байгаа ба шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэнэ гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан.

 

Анхан шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдний гэм буруутайд тооцсоны дараа шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлж хуульд заасан шаардлагыг хангасан хэмээн дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .........., ..........нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүх хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжилсэн нийт 15.237.848 төгрөгөөс 1.775.712 төгрөгийг ханган, үлдэх хэсгийн заримыг нь хэрэгсэхгүй болгон, заримыг нь жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Учир нь хохирогч ..........нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцсон, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн харилцаа холбоо, бичиг хэрэг, томилолтын зардал гэж нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн зөв байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураараа сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь хэсэгт зааснаас үзвэл гэмтлийн “Хүндэвтэр” зэрэг нь гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинжээр тодорхойлогддог.

 

Хохирогч  “MED TRAUMA” эмнэлэгт бүсэлхий нурууны MRI дүрс, оношилгоо хийлгэсэн байх боловч энэ нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил 2 сарын дараа болсон үйл баримт байх бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, тухайн хэрэг учрал болсноос хойш өдийг хүртэл эмчийн хяналтад байдаг эсэх, юуны учир нийгмийн даатгалын зөрүү нэхэмжилсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримт болох “Е” баримтуудын огноо, үнийн дүн нь уншигдахгүй хэт бүдэг буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үлдэх 11.968.136 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох ба өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах эрх хуулиар хориглогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хохирогч ..........ийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлт оруулах, шүүгдэгч ..........гийн өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулан цагаатгуулах тухай агуулга бүхий давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй тул хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч ..........ийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч .......... нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                    Г.БОЛОРМАА

 

 

 

[1] Төрийн мэдээлэл 2021 он №26 /1176/