Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000096 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1970 оны 3 сарын 04-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 7-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/, ******* овогт ******* *******,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1971 оны 3 сарын 22-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, ээж, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүрийн 5-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:/, ******* овогт ******* *******,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 18-ны өдөр Истана маркийн УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон бараа болох 25.5 кг үхрийн мах, 8.5 кг хонины махыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 18-ны өдөр Истана маркийн УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон бараа болох 18.3 кг зэсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 сарын 18-ны өдөр Алтан-Эмээл руу явсан юм. ******* нь надаас жаахан зэс аваад явчуул гайгүй байгаа гэж надаас асууж байсан. Тэгэхээр нь гайгүй байлгүй дээ гэсэн чинь машины суудлын ард байсан багажны төмөр хайрцганд зэсийг хийсэн байсан. Ингээд хавирга боомт дээр очоод гаалийн хяналт шалгалтаар ороход нөгөө зэс нь илэрсэн. Мөн манай машинаас үхэр болон хонины мах гарч ирсэн. Би нөхрөөсөө хонь, үхрийн махыг ямар учиртайг асуухад гэрт байсан махыг авсан юм, түлшний мөнгөнд хэрэглэх гээд авсан юм гэж хэлэхэд нь л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гаалийн улсын байцаагч нь 2017 оны 9 сарын 18-ны өдөр Хавирга хилийн боом дээр хилээр нэвтэрч буй машинуудад үзлэг шалгалт хийж ажиллаж байхад УНЭ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд хяналт шалтгалт хийж,  тус тээврийн хэрэгслийг шалгаж 25.5 кг үхрийн мах, 8.5 кг хонины мах, 18.3 кг зэс илрүүлж холбогдох материалыг бүрдүүлж харьяаллын дагуу шилжүүлсэн байсан. ...Гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

-Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл /хх-ийн15/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-20/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 59/

-Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/

-Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 53-55, 56-58/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 18-ны өдөр “Хавирга” хилийн боомтоор “Истана” маркийн УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 25.5 кг үхрийн мах, 8.5 кг хонины махыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 18-ны өдөр “Хавирга” хилийн боомтоор “Истана” маркийн УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 18.3 килограмм зэсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 9 сарын 18-ны өдөр Алтан-Эмээл хот руу явах болсон. Ингээд тээврийн хэрэгслийн түлшинд нэмэрлэх мөнгө хэрэгтэй гээд өөрийн гэрт байсан 25.5 кг үхрийн мах, 8.5 кг хонины махыг машиндаа ачсан. Би махыг багаж хийдэг төмөр саванд хагасыг нь, мөн арын хоёр суудлын завсар үлдсэн махыг хийгээд явсан юм. ...Ингээд Хавирга хилийн боомт дээр очоод гаалийн үзлэг шалгалтаар ороход махыг маань хилийн байцаагч хилээр гаргахгүй гээд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 9 сарын 18-ны өдөр найз ******* Алтан-Эмээл хот руу явах гэж байгаа гэхээр нь урьд шөнө нь “Шү”р зах дээрээс хүнээс зэс авсан байсныг хил рүү гаргах зарах санаатай *******ийн машины ард байсан багажны төмөр саванд хийгээд явсан. ...Ингээд Хавирга боомт дээр очоод гаалийн үзлэг шалгалтаар ороход бидний машинаас үхэр, хонины мах болон миний авч явсан зэс илэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/, түүнийг давхар нотолсон гэрч , иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахгүйгээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийг тус тусад зүйлчлэн ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Энэ хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25,5 килограмм үхрийн мах, 8,5 килограмм хонины махыг устгаж, шүүгдэгч *******гийн 18.3 килограмм зэсийг хурааж, харин шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УНЭ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийн өмчлөлийнх мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа боловч гэмт хэрэг үйлдэхийн өмнө “Фүжи Холдинг ББСБ” ХХКомпанийн өмчлөлд шилжүүлэн барьцаанд тавьж зээл авсан байх бөгөөд энэ зээлийг төлж дуусаагүй болох нь нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг өмчлөгч “Фүжи Холдинг ББСБ” ХХКомпанийн эзэмшилд нь үлдээж, түүний үнэ болох 3000000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн эзэмшлээс УНЭ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч “Фүжи Холдинг ББСБ” ХХКомпанид, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай, шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ******* *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******гийн 18,3 килограмм зэсийг хурааж, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УНЭ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3000000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  25,5 килограмм үхрийн мах, 8,5 килограмм хонины махыг устгаж, шүүгдэгч *******ийн эзэмшлээс УНЭ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч “Фүжи Холдинг ББСБ” ХХКомпанид, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай, шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР