Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             24                                         2022/ДШМ/44

 

 

..........холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Оюунцэцэг,

            Хохирогч .........., түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

            Шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Д.Гансүх,

            Нарийн бичгийн дарга Д.Уранчимэг нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч ..........холбогдох 2134000000348 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

 

Шүүгдэгч .......... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг "Дунд худаг" гэх газар ..........ы малын хашааны хажууд ..........тай "манай ямаа танай ямаанд байна" гэх шалтгаанаар муудалцаж, улмаар толгойн тус газарт нь нарийн төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..........ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ..........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......... нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч М........... цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 д хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт нарийн төмөрийг устгахын Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдолдоо: .... Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын үндэслэл, дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дор дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн байдал. Шүүгдэгч .......... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Төв аймгийн Өндөр ширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг "Дунд худаг" гэх газар ..........ы малын хашааны хажууд ..........тай "манай ямаа танай хонинд байна" гэх шалтгаанаар маргалдснаас түүний толгойн тус газарт нь нарийн төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ..........ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж ял эдлэх хугацааг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, ...шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч М........... цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрүүтэй гэх үндэслэлийн тухайд: Шүүх шүүгдэгч ..........эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт харгалзан үзэлгүй шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцпага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлөхүйц зөрүүтэй гэх үндэслэлийг бий болгосон.

Гэтэл тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдлууд буй талаар өмгөөлөгч миний бие шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн билээ. Гэтэл шүүх миний тавьсан хуулийн үндэслэл бүхий саналуудыг үл хэрэгсэн хэт яллах талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой. Үүнд:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн" гэсэн үндэслэлийг шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд тооцох боломжтой. Учир нь .......... ..........ы толгойн цусыг тогтоох зорилгоор бүсээр нь толгойг боосон ба сумын төвд байх өөрийн эхнэр Т.Хишиг-Очир руу эмч яаралтай ирүүлэхийг утсаар мэдэгдэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, мөн хохирогчийг Гэмтэл согог судлалын Үндэсний төв эмнэлэг рүү хүргүүлэхээр эхнэрээ хамт явуулсны зэрэгцээ шаардагдах эм, тариаг авч өгөх зэргээр эмчилгээний тусламж үзүүлсэн нь гэрч О.Хулан, З.Байгалмаа, Х.Олзвой, Т.Хишиг-Очир /хх 39-40 дүгээр хуудас/ нарын мэдүүлэгт авагдсан байна. .......... нь хохирогчийг хагалгаанд орох үед нь 2,800,000 төгрөгийн эм тарианы зардал гаргаснаас 530,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө бэлнээр эхнэр ..........өгсөн ба тухайн үеийн эм тарианы НӨАТ-ын 7 баримт хх-ийн 176 хуудсанд авагдсаныг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судлуулсан болно. Түүнчлэн, хохирогч эм тарианы зардлын 3,700,000 төгрөгийн баримтыг /шүүхийн хэлэлцүүлгийн үед хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөгийн хохирол төлсөн баримтын арын хуудсанд 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хохиролд 3,700,000 төгрөг төлсөн баримт авагдсан/ прокурорын хяналтын шатанд гаргаж өгсний дагуу 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр 3. Байгалмаагийнх нь данс руу шилжүүлснииг хохирогч тал шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байна. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зөвхөн шүүхийн шатанд нэмж нэхэмжилсэн 6,892,910 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсныг тэмдэглээд, харин шүүхээр хэлэлцэгдэхээс өмнө хохирогч талд төлсөн дээрх 6,300,000 төгрөгийн хохирол төлбөрийн дүнг огт тэмдэглээгүй орхигдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхүйц байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан "хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн" гэсэн үндэслэлийг шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Учир нь, .......... "танай хонинд манай имтэй ямаа байна" гэхэд хохирогч .........." танай аав, ээж хоёр чинь намайг хоёр хонь авсан гэж хардсан, Чам шиг муу чацга томрох болоогүй шүү" гээд заамдахаар нь маргалдсанаас тухайн гэмт хэрэгт холбогдсон гэж .......... гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тайлбарласнаас дүгнэвэл тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, энэ нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл шалтгаанд тооцогдох үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр, хохирогч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол гэмт хэргийн улмаас учрах хор аюулын хэр хэмжээг сааруулах боломжтой байсныг ч үгүйсгэхгүй.

3. ..........хариуцлага хүлээлгэхдээ шинэчлэн найруулж 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг харгалзан үзсэнгүй. Энэ хуулиар эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл, хэмжээг өргөтгөн тогтоосон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн этгээдэд хатуу чанга ял өгч цээрлүүлэхдээ гол нь бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэдгээрээ өмнөх Эрүүгийн хуулиас ялгарах онцлогтой. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид "Гэм буруугаа хүлээсэн, хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" /6.7 дугаар зүйл/ талаар тусгайлсан зүйл, заалтуудыг шинээр нэмсэн байдаг. Гэтэл .......... нь мөрдөн байцаалт, шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 13,300,000 төгрөгийн хохирлыг гүйцэд нөхөн төлснийг ч түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээг тогтоохдоо харгалзан үзэх үндэслэлтэй.

4. Монгол улс НҮБ-ийн гишүүн бөгөөд олон улсын гэрээ конвенцыг эрх зүйн эх сурвалж болгодог. ДЭМБ, НҮБ-ийн Хүний эрхийн Дээд комиссарын газраас "Ковид -19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ковидын үед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүний эрх хязгаарлахаас аль болох татгалзах талаар зөвлөсөн уриалгыг гишүүн орнууддаа гаргасан. Уриалгад төр засгийн зүгээс иргэний эрх, эрх чөлөөг хасах, ...явдлыг аль болох багасгах, ..хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ...гэмт хэрэг үйлдсэн хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг өршөөн уучлахыг зөвлөснийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зайлшгүй харгалзан үзэх ёстой.

5. ..........эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнд чин санаанаасаа гэмшсэн, мал аж ахуй эрхэлэн эхнэр, бага насны гурван хүүгийн хамт хэвийн амьдралтай, түүний амьдралын нөхцөл, зан төлөв, хувийн байдлыг харгалзан үзнэ үү.

6........... эд хөрөнгө, санхүү, амьдрал ахуйн нөхцөл байдлын хувьд хуульд заасан торгох ялыг биелүүлэх боломжтой нь ..........ын мал тооллогын А данс, хадгаламжийн дэвтэр, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн тухайд. .......... .......... нар хамт архи уусан бөгөөд .......... ..........ы хүсэлтээр хонийг нь хашилцах, түүнд туслахаар тэдний хотонд хамт мотоцикльтой очсон, хонь хашилцах үед ..........ын нэг ямаа ..........ы хонинд байсныг харж энэ тухай хэлснээс маргаан үүссэн ба түүний хэлснийг эсэргүүцэж хэл амаар доромжилсон зүй бус үйдлийн улмаас .......... малын хашааны дэргэд байсан нарийн төмрийг авч ..........ы толгойн тус газар цохиж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогддог. Энэ нь .......... мөрдөн байцаалтад анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...Энэ зун манай хониноос хоёр хонь алга болохоор нь аав, ээж хоёр ..........ыг хардаж тэднийд хоёр хонь алга болчихлоо гэж очиход манай ээж, аав хоёрыг машинаар дайрч ална шүү гэж хөөсөн /элдсэн/ байсан. ............. ах бид хоёр ямаа хашсаны дараа тэдний хонинд манай ямаа байсан, тэгэхээр нь "энэ манай ямаа байна гэж хэлтэл өөдөөс би мэдэхгүй ээ, энэ ямаа манай дүү Цэнгээгийн хоньтой л хамт ирсэн юм байгаа биз....гэхээр нь би аан тиймүү гэж хэлсэн. Тэгтэл .......... надад " танай аав, ээж хоёр чинь намайг хулгайн хэрэгт гүтгэсэн гэж уурлаад намайг заамдаад авсан...хохирогч ..........ы эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогч түүний мэдүүлгийг үгүйсгээгүй байна. Гэтэл шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг шийтгэх тогтоолд нарийвчлан дүгнээгүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар үйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтыг хангаагүй гэх үндэслэлд хүргэж байна. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцтай ялаас торгох ялыг оногдуулах хуулийн үндэслэлтэй болохыг илэрхийлж буй болно.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд

1.Өмгөөлөгч миний бие эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, дээрх үндэслэлүүдээр ..........хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулах хуулийн үндэслэлтэйг шүүхийн хэлэлцүүлэгт товч, ойлгомжтойгоор илэрхийлсэн ба саналын үндэслэлүүдийг хэрхэн няцаан үгүйсгэснийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нарийвчлан тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэх буюу шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно.

Хохирогчид учирсан хор уршиг арилсан, эсэх баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн түүний өмгөөлөгчийн ял хүндрүүлэхээр өгсөн сөрөг мэдээллийг ач холбогдолтойд үзсэн нь түүнд хорих ял оногдуулах үндэслэл болсныг үгүйсгэхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлөх талаар санаачлага гаргаагүй гэж хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Учир нь хохирогч зардлын баримтуудаа мөрдөн байцаалтын шатанд огт гаргаж өгөөгүй бөгөөд зөвхөн прокурор, шүүхэд хэрэг шилжсэний дараа гаргаж өгсөн нь нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох ба зардлын баримт ирүүлсэн цаг тухайд нь хохирлыг нөхөн төлж байсан. Мөн хохирогчийг хагалгаанд орох үед нь 2,800,000 төгрөгийн зардал гаргасныг өмнө дурьдсан, хохирогч тухайн хугацаанд уулзах, ярилцах, хохирол нөхөн төлөх боломж ..........олгохгүй байсныг ч шүүхийн хэлэлцүүлэгт бид илэрхийлсэн.

..........ын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэнийг шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч "урьд энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлсэн" гэж нийтийн албаны эсрэг гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаатуулан дүгнэсэн нь ял шийтгэлийг сонгон оногдуулахад сөргөөр нөлөөлснийг үгүйсгэхгүй ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: "Эрүүгийн хариуцпага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй" гэсэн заалтад нийцээгүй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад .......... гэхийг "М..........." гэж таашаарч бичсэнийг залруулах шаардлагатай. Товчоор илэрхийлэхэд шүүх ..........эрүүгийн хариуцлга хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг шийтгэх тогтоолд үндэслэл болгон дүгнээгүй нь "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ." гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болно.

Иймд өмгөөлөгч миний давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлүүд, хэрэг гарсан шалтгаан, онцлог нөхцөл, хэрэгтний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан ..........холбогдох Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээртэй шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч .......... давж заалдах гомдолдоо: Би Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Тус хэрэг 2021 оны 8 дугаар сарын 25-нд Өндөрширээт сумын "Салдаг" гэх газар Ууганбаярын гэрээс .......... ах шал согтуу мотоциклоо барьж чадахгүй намайг хамт яваад хонь хашилцаад өгөөч гээд гуйхаар нь хамт хаваржаа руу (Дунд худаг) явсан. Хонь хашиж байхад манай нэг цагаан ямаа тэдний хонинд байсныг би хэлтэл .......... ах уурлаж намайг заамдаж аваад танай аав ээж 2 намайг 2 хонь хулгайлсан гэж хардаж ирсэн чи муу бас юу гээд байгаан гээд миний хоолойг багалзуурдаж боосон, би биеэ хамгаалж ноцолдсон. Би залуу хүний ааг омгоор толгойн тус газарт төмрөөр цохиж гэмтээсэндээ маш их гэмшиж хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Тэр үед .......... ахын толгойг бүсээр боож, сүлжээтэй газар очиж эхнэр /Т.Хишиг-Очир/ руу залгаж түргэн тусламж дуудсан. Лүн сумын эрүүл мэндийн төвөөс яаралтай хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүл гэснээр манай эхнэр .......... ахын машиныг барьж Улаанбаатар хотод эмнэлэгт хүргэж өгсөн. Би мал болон хүүхдүүдээ хараад хөдөө үлдсэн. .......... ахыг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байх хугацаанд тархи толгойны эм тарианы зардал /НӨАТ/ нийт 1,770,000  төгрөгийг мөн эхнэр Байгалмаад хагалгааны зардал 8 дугаар сарын 26-ны өглөө 530,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрч Хулан хамт байсан. Дараа нь эхнэр З.Байгалмаагийнх нь дансанд 500,000 төгрөгийг 9 дүгээр сарын 26 дансанд шилжүүлсэн болно. /2,800,000 төгрөг манай баримтаар гарсан зардал/ Үүнээс хойш прокурорт хэрэг шилсэний дараа НӨАТ-ийн баримтаар 3,700,000 нэхэмжилсэн мөнгийг 2022 оны 1 дүгээр сарын 13-нд эхнэр З.Байгалмаагийнх нь 5743017128 тоот дансанд биеэр очиж уулзаж шилжүүлсэн. Мөнгө өгье, уулзая гэхээр уулздаг тэрнээс бусад үед намайг .......... ахтай уулзуулдаггүй байсан. Шүүх хурал дээр эмчилгээний төлбөр 6,892,910 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдаан 5 хоног завсарлах үеэр 7,000,000 төгрөгийг эхнэр З.Байгалмаагийнх нь дансанд шилжүүлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

Би энэ хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан. Би дахин ийм болчимгүй нөхцөл байдал хэзээ ч гаргахгүй, үргэлж хичээх болно гэдгээ амлаж, хохирогч .......... ах, түүний гэр бүлээс уучлалт гуйж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бага насны 3 охин, өндөр настай аав, ээжий минь сэтгэл зүй, ээж аав минь өндөр настай, надаас өөр мал маллах хүнгүй зэрэг ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, намайг нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа 70% алдсан. Ийм хүн цаашид яаж амьдрах нь эргэлзээтэй. Учирсан гэмтлийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа. Хохирогчийн зүй бус ажиллагаа энэ хэрэгт байхгүй. Манай ямаа танай малд байна гэснээс болж энэ хэрэг гарах болсон гэв.

 

Хохирогч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргээс болж эрүүл мэндээрээ маш их хохирсон. Үнэндээ гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралд гаргасан саналдаа: Нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах гомдол гаргасан. Торгох ял оногдуулбал биелүүлэх боломжтой талаарх баримтаа гаргаж өгсөн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг нь торгох ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгч .......... тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэр, ахуй амьдралыг маань бодоод хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү гэв

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .......... холбогдох 2134000000348 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

Шүүгдэгч ..........холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч .......... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Дунд худаг” гэх газар ..........ы малын хашааны хажууд ..........тай “манай ямаа танай ямаанд байна” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар толгойн тус газарт нь нарийн төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “дух, зүүн талын зулай чамархай, зүүн суурь яс дайрсан цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн чамархайд шарх, толгойн орой хэсэг, хүзүүнд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт бүхий “хүнд” хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч ..........ы “... Тэгээд би Хомбоготой гэр рүүгээ очиж ямаагаа хашхаар явсан, тэгээд бид хоёр манайд очиж ямаануудыг маань хашаанд хийсэн. Хомбого тэр үед манай ямаа танай ямаанд байна гэж хэлэхэд би Цэнгээгийн ямаа өнөөдөр манай ямаанд ирсэн Цэнгээгийхэн бүгдээрээ корона туссан эмнэлэгт хэвтсэн, малаа манайд нийлүүлсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ямаанаас болж маргалдаад малын хашааны үүдэнд заамдалцсан, тэгээд тавиад би эргэж хараад гэр рүүгээ явж байтал миний толгой руу төмрөөр 2 удаа цохисон. Тэгээд би газар ойчсон, толгой их өвдөж толгойноос цус гараад байсан. Хомбого миний дээлийн бүсээр миний толгойны цусыг боож өгсөн. Тэгээд би юу ч санахгүй байна...би бараг эрүүл шахуу байсан. Хомбого буюу Энхбаяр нь намайг Ууганаагийнд очиход пиво уучихсан гээд халамцуу байсан. Гэхдээ надтай маргалдах үед ухаантай байсан. Одоо би толгой өвдөөд ярихад хүндрэлтэй байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” /хх-ийн 17-19/,

Хохирогч ..........ы 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...Энхбаярын барьж байгаад миний толгой руу цохиж гэмтэл учруулсан төмөр манай малын хашааны орчимд байсан байх Энхбаяр надтай айлаас мотоциклтой сундалж ирэхэд ямар нэгэн мод, төмөр барьж ирээгүй юм. Малын хашааны гадас, шон хийх гэж байсан төмөр байх. Энхбаяртай маргалдаж заамдалцаж байхад газар унасан зүйл болоогүй, нэгийгээ заамдалцаж байгаад би малын хашааны амыг уяад цааш явсан, тэгэхэд араас толгой руу юмаар цохисон би ухаан алдсан юм...Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэгт 15 хоног хэвтэн эмчлүүлсэн, мөн одоо хүртэл эмчилгээ хийлгэж байна, цаашид эмчилгээ хийлгэнэ, унаа шатахууны зардал баримтаар гаргаж өгнө” /хх-ийн 20/,

Шинжээч эмч И.Ганболорын “Иргэн ..........ы биед 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Лазер мед” эмнэлгийн толгойн КТГ-д зүүн талын чамархайн ясанд 5.6 см өргөн, 0.9 см дотогш цөмөрсөн тархины эдрүү шигдсэн гавал ясны суурь ясруу хугаралтай. Дээрх гэмтлийг хавраас унаж, ойчих үед үүсэх боломжгүй юм, юмаар цохих үед үүсэх боломжтой юм. Тухайн төмөр дээр унах үед үүсэх боломжгүй” /хх-ийн 51-52/,

Гэрч Х.Олзвойгийн “2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би Төв аймгийн Өндөрширээт сумын Ширээтийн салдаг гэдэг газар өөрийн төрсөн ах Ууганбаярынд байсан...ойролцоогоор 18 цагийн орчимд Ууганбаяр ахынд Энхбаяр ирээд Ууганбаяр, Хулан Энхбаяр гурав 2,5 литрийн хүрэн савтай нэг сав пиво ууцгаасан, пиво ууж дууссаныхаа дараа  Ууганбаяр ах .......... ах руу утсаар залгаад хүрээд ир гэж дуудахад төд удалгүй .......... ах эхнэртэйгээ нэг хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд .........., Байгалмаа, Ууганбаяр, Хулан, Энхбаяр энэ тав Ууганбаярын гаргаж өгсөн 0,5 литрийн 1 шил Хараа архийг хувааж ууцгаасан. Тэгтэл .......... ах мотоциклоо өгчих, харьчхаад ирье гэхээр нь тэгээ тэг гэж хэлтэл .......... ах, Энхбаяр 2 хамт гараад л сундлаад яваад өгсөн. Тэгээд явснаасаа хойш ойролцоогоор 30-40 орчим минутын дараа Энхбаяр миний мотоциклийг унаад ганцаараа ирээд утсаар ярья гэхээр нь яасан гэж асуутал өөдөөс Уламаа ахтай муудалцаад өөдөөс заамдахаар нь үүрээд шидчихсэн чинь төмөр дээр толгойгоор нь унагачихлаа гэхээр нь гайгүй юу тэгээд гэж асуутал өөдөөс газар хэвтэж байгаа толгой нь хагараад толгойноос нь цус гараад байхаар нь бүсээр нь ороочхоод ирлээ гэж хэлсэн... Энхбаяр бид хоёр шууд хонины хашаан дээр очсон, тэгтэл Уламаа ах хонины хашааны баруун хойд талд ойролцоогоор 4-5 орчим метр зайд толгойг нь боосон дээлийн бүс  цус нь нэвтэрчихсэн дээшээ хараад хэвтэж байсан... яг хэвтэж байсан газрынх нь баруун талд 2 орчим метр зайд хайруулын төмөр шиг тийм ч их уртгүй төмөр байсан. Тэр төмрийг Байгалмаа эгч цагдаад өгнө гээд машиндаа хийчихсэн...” /хх-ийн 25-28/,

Гэрч Х.Ууганбаярын “...би унтаж байгаад шөнө 01 цагийн үед сэртэл эхнэр Хулан бөөн юм болсон талаар надад хэлсэн, хэлэхдээ нөгөө Энхбаяр чинь Уламаа ахын толгой түрүүг нь хагалаад хаячихсан байна ш дээ гэж хэлсэн............. манайд ирэхдээ бага зэрэг халамцуу ирсэн...” /хх-ийн 30-31-р тал/,

Гэрч О.Хулангийн “...Уламаа ахынд очтол Уламаа ах малынхаа хашааны баруун талд газар хэвтэж байсан, тэгтэл түүнийг харсан охин Хонгорзул нь “юу вэ аав согтчихсон юм байх даа газар унтаж байна” гэж хэлээд .......... ахын үүдэнд машинаас буугаад аавруугаа гүйгээд тэндээсээ “аав цусаар бөөлжчихсөн байна” гэж хэлэхээр нь бид нар очтол цаанаас Энхбаяр, Олзвой хоёр Энхбаярын портертой ирж таараад бүгдээрээ Уламаа ахыг газраас босгоход Уламаа ахын толгой нил цус болчихсон байхаар нь өөрийнх нь машинд суулгаад Байгалаа эгч машинаа бариад Болдоо ах Оюунчулуун эгч бид тав Лүн сумын эмнэлэг рүү авч явсан. Лүн сумын эмнэлэг дээр очиход Энхбаярын эхнэр нь эмч дуудчихсан эмнэлэгт өрөө бэлдүүлчихсэн байсан. Тэнд байсан эмч нар толгойг нь угааж оёдол тавьж боолт хийгээд яаралтай Улаанбаатар хот руу яв гэсэн. Энхбаярын эхнэр Уламаа ахын машиныг нь бариад Лүн сумын эмч, Байгалаа эгч, Уламаа ах 4 Улаанбаатар хот руу явсан ... Энхбаяр ирээд бидэнд “Уламаа ах бид хоёр ямаа хашиж байгаад манай ямаа эднийд байснаас болоод муудалцаад намайг заамдаад байхаар нь би тонгороод унагасан чинь толгойгоороо төмөр дээр уначихлаа, би түргэн дуудах гээд явчхаад Олзвойг аваад ирлээ гэж хэлж байсан... .......... ах хонины хашааныхаа баруун талд 4-5 метр зайд баруун талаараа харчихсан хэвтэж байсан толгойных нь дээд талд дээлнийх нь бүс цустай байсан толгой байсан хэсэгт нь газар нил цус болчихсон байсан, Уламаа ахын толгойных нь баруун талд 1 метр орчим зайд нэг төмөр байсан ... тэр төмрийг Байгалмаа эгч намайг аваад машинд хийчих наадах чинь нотлох баримт гэж хэлэхээр нь би тэр төмрийг нь аваад машинд нь хийсэн... “Г” үсэг хэлбэртэй нарийхан төмөр байсан, уртаараа 1 метр ч хүрэхгүй төмөр байсан... Энхбаяр, .......... хоёр бараг зүгээр шахуу байсан, дунд зэргийн халаалттай байсан” /хх-ийн 33-34/,

Гэрч З.Байгалмаагийн “Тухайн өдөр буюу 2021 оны 8 дугаар арын 25-ны өдөр саахалт айлын Хулан, Ууганбаяр нар нөхөр .......... бид хоёрыг дуудаад нөхөр бид хоёр очиход гэрт нь Хулан, Ууганбаяр, .......... нар байсан ба тэд нар нэг пиво уусан гээд сууж байсан, тэгээд нөхөр бид хоёрыг ороход 0.5-ын нэг шил Хараа гаргаж задлаад түүнийг нь бид тав хувааж уугаад сууж байгаад гэрийн гадаа гарахад Хулан намайг Төв аймгийн Лүн сум ороод ирье гээд... Хулан бид хоёр Нэргүй Лүн сум явна гэж байсан гээд авах гээд Нэргүйгийн гэрт очоод тэгтэл Нэргүйгийн утас болохгүй Хулан, Оюунчулуун, Нэргүй бид дөрөв хүүхдүүдийн хамтаар манай гэрт утас авах гээд очтол хонины хашааны хажууд .......... хэвтэж байсан тэгээд юу болов гээд хонины хашааны хажууд очиход нөхөр ..........ы толгойноос цус гарсан байдалтай биедээ гэмтэл авсан хэвтэж байсан... бид нар ..........ыг машинд суулгаж байхад Энхбаяр ирээд эмч дуудсан... ..........ы биеэс 1 метр орчим газарт “Г” үсгэн хэлбэртэй төмөр байсан, тухайн төмөр нь үзүүр хэсэг дээрээ цус болсон байсан, тэгэхээр нь би тэр төмрийг нь авч машинд хийсэн юм. ..........ы хэвтэж байсан толгойн хэсэг газарт их хэмжээний цус болсон байсан ...” /хх-ийн 36-37/ гэх мэдүүлгүүд, 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/, Эд мөрийн баримтаар “яллагдагч ..........ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх нарийн төмөр”-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №375 дугаартай “..........ы биед дух, зүүн талын зулай чамархай, зүүн суурь яс дайрсан цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн чамархайд шарх, толгойн орой хэсэг, хүзүүнд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой... хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-47/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч ..........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын үндэслэл, дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр  хэрэг гарсан шалтгаан, онцлог нөхцөл, хэрэгтний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан ..........оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэж,

Шүүгдэгч .......... “ хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би энэ хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм болчимгүй нөхцөл байдал хэзээ ч гаргахгүй, үргэлж хичээх болно гэдгээ амлаж, хохирогч .......... ах, түүний гэр бүлээс уучлалт гуйж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бага насны 3 охин, өндөр настай аав, ээжий минь сэтгэл зүй, ээж аав минь өндөр настай, надаас өөр мал маллах хүн үгүй зэрэг тул ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, намайг нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “хохирогч .......... нь эмчилгээний зардалд баримтаар 3,701,866 төгрөгний хохирол нэхэмжилсэн ба яллагдагч ..........аас хохирол төлөөгүй” гэжээ. /1хх-н 189/

Яллах дүгнэлтэд тусгасан хохиролд  Н.Нэргүй нь 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 3,700,000 төгрөг төлсөн. /1хх-н 225/

Шүүхийн шатанд хохирогч .......... 13 хуудас бүхий 6,892,910 төгрөгийн хохирлын баримт /1 хх-н 205-216, 226-227/ гаргаж өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж хохиролд 7,000,000 төгрөг төлсөн байна. /1хх-н 225/

Анхан шатны шүүх шүүгдэгч .......... нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирол, хохирлоос үүссэн хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Иймд шүүхийн шатнаас өмнө төлөгдсөн хохирлыг орхигдуулсан нь шийдвэр гаргахад нөлөөлсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн гэх үндэслэл хавтаст хэргийн хүрээнд тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж шүүгдэгч .......... мэдүүлдэг ба уг мэдүүлгийг нотлох өөр баримт хэрэг авагдаагүй, мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу түүний мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч ..........Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар шүүгдэгч ..........ыг хохирогч ..........тай “манай ямаа танай ямаанд байна” гэдгээр шалтаглан муудалцаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгуулийн ял оногдуулах” саналыг хүлээн аваагүй үндэслэлээ анхан шатны шүүх “шүүгдэгч .......... нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирол, хохирлоос үүссэн хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзан шүүгдэгч ..........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” гэж дүгнэсэн байна.

Үүнээс үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч ..........эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2т-т заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна. 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад .......... гэхийг М........... гэж овгийн үсгийг буруу бичсэн нь байх боловч энэ нь техникийн шинжтэй алдаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч ..........ын цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........ын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                             Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ